Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0217/з |
Дугаар | 221/МА2016/0726 |
Огноо | 2016-11-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0726
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцуулан Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, гуравдагч этгээд О.*******, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд О.*******ын гаргасан давж заалдах гомдлоор Х.*******ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Х.******* 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
“...Ертөнцийн зүгээр Х.*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгах, хариуцагчийн орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Х.*******ийн эзэмшил газрын орц, гарц гаргах шийдвэр гаргахыг хариуцагчид тус тус даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч нийслэлийн Засаг дарга Х.*******ийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоон, Х.*******ийн эзэмшил газрын орц, гарцыг гаргасан шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг ...ертөнцийн зүгээр Х.*******ийн эзэмшлийн хашааны зүүн талаас 11 метр сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд О.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...нэхэмжлэгч Х.*******ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох орц, гарцыг шийдвэрлэхийг даалгах тухайд иргэн Х.*******ийн эргэн тойрон орчимд газар эзэмшиж буй бусад иргэн, аж ахуй нэгжүүдийн эрх үүрэг зэрэг хөндөгдөж байна гэж үзээд дан ганц иргэн Х.*******ийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрт гомдолтой байна.
Иймд үндэслэлгүй гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд О.*******ын өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч 2003 онд 700 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан атлаа гуравдагч этгээдийн ээж нь “...энэ газрыг манайд өгнө” гэж байсан гэж ярьдаг. Үүнээс үүдэлтэй нэхэмжлэгч тал гуравдагч этгээд нарын газартай холбогдуулж, мөн Л.Гэрлээд холбогдуулж маргаан үүсгэсэн.
Явцын дунд нөхцөл байдлууд тогтоогдсоноор нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, орц гарцын асуудлаа шийдвэрлүүлэхийн хамтаар гуравдагч этгээдийн газраас 11 м.кв газрыг авах ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийг харвал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт О.*******, О.Халиун нарын газраар гарц гаргахыг даалгасан агуулга харагддаггүй. Гэхдээ ийнхүү дүгнэлт хийх болсон үндэслэл хэсэгтээ газрын алба гуравдагч этгээд нарт орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдэж байжээ гэдэг.
Тиймээс гуравдагч этгээд О.******* нь энэ шүүхийн шийдвэр бидэнд чиглэсэн, миний эзэмшиж буй газарт халдсан шийдвэр болжээ гэж үзэн гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэлийг тодруулж хэлэхэд, нэхэмжлэгчийн орц гарцын асуудлыг шийдвэрлэх нь холбогдох захиргааны байгууллагын үүрэг боловч яагаад заавал гуравдагч этгээдийн газраас орц, гарц гаргахаар чиглэж байна вэ гэдэг юм. Тухайн үед анх энэ газрыг авч байхад бусад газар хоосон байсан, мөн манайх газраа авсны дараа 24 сая төгрөгөөр хашаагаа босгож байсан гэж гуравдагч этгээд мэдүүлдэг.
Гэтэл анхан шатны шүүх бусад нөхцөл байдлуудыг дүгнэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гуравдагч этгээд О.*******ын ээж Л.Гэрлээ нь 2003 онд энэ газрыг авсан ба 2008 онд газраа нэмэгдүүлж авсан байдаг. Харин эргэн тойрон дахь бусад газрууд нь үүнээс хойш олгогдсон байдаг. Х.******* бусдын газраар гуйж байж өөрийн газартаа ордог гэж байсан учир О.******* тухайн газар ямар байдалтай байгааг харах гэж өөрийн биеэр очиж үзсэн. Хэрвээ нэхэмжлэгчийн орц гарц хаагдсан бол энэ нь манай үйл ажиллагаанаас болоогүй юм. Үүнийг шүүх яагаад анхаарч үзсэнгүй вэ гэдэгт гомдолтой байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт заасан нөхцөл байдал яаж хэрэгжих нь тодорхойгүй байна. Мөн шүүх ямар баримтыг үндэслэж гуравдагч этгээд нарын газар нэхэмжлэгчийн орц гарцыг хааж байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй байдаг. Тиймээс гуравдагч этгээд орц, гарц хаасан гэх шүүхийн дүгнэлт хэсэгт гомдол гаргасан” гэжээ.
ХЯНАВАЛ:
Орц, гарц гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 дугаар захирамжаар анх эзэмшүүлсэн, 2008 оны 351 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай 750 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгч Х.******* одоог хүртэл эзэмшиж байгаа, харин зэргэлдээх газрыг эзэмшигч Л.Гэрлээд мөн Засаг даргын 2008 оны 380 дугаар захирамжаар өмнө нь эзэмшиж байсан 10874 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн нийт 23311 м.кв газрыг эзэмшүүлэх болсноос хойш нэхэмжлэгчийн орц, гарц хаагдсан, энэ талаар нэхэмжлэгчээс удаа дараа нийслэлийн Засаг даргад хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, тухайлбал нийслэлийн Өмчийн газраас Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн 2014 оны 5/3273, гуравдагч этгээд О.*******, О.Халиун нарт хүргүүлсэн 2014 оны 5/6075 дугаар албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/810 дугаар захирамжаар байгуулагдсан Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах ажлын хэсгийн мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурал болон уг ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан хүсэлт зэргээс үзэхэд Л.Гэрлээгийн газар эзэмших эрхийг нэмэгдүүлснээс шалтгаалан нэхэмжлэгчийн орц, гарц хаагдсан, өөрөөр хэлбэл ийнхүү нэмэгдүүлэхээс өмнө энэ талаар ямар нэгэн маргаан байгаагүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлэхэд тухайн орчимд газар эзэмшиж буй бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрх зэрэг хөндөгдөнө гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх талаар бодитой арга хэмжээ аваагүйгээс гадна орц, гарц нь хаагдсан болохыг ч гуравдагч этгээд үгүйсгэдэггүй тул Х.*******ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, орц, гарц гаргасан шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, түүнчлэн уг шийдвэрийг хэрэгжих байдлын хувьд тодорхойгүй гарсан гэж үзэх үндэслэлгүй.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2015 оны зургийг 2007, 2010-2013 оны агаарын болон сансрын зурагтай давхцуулсан зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшил бүхий 750 м.кв газрын эргэн тойрон дахь бусдын эзэмшил, түүний дотор гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил хязгаарын өөрчлөлтүүд болон нэхэмжлэгчийн орц, гарц хэрхэн хаагдсан болох нь тус тус тусгагдсан, шүүхийн үзлэгээр ч энэхүү нөхцөл байдал тогтоогдсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд О.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН