Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 443

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Ц.М, Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс болон татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0398 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0584 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0398 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.13, 14.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нарт холбогдуулан гаргасан “П” ХХК-ийн 2010-2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 250000006 тоот акт, “П” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал шалгаж 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 250007096 тоот актыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан “П” ХХК-ийн 2010-2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах шаардлага бүхий “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0584 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.13... гэснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.4.3... гэж, 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 гэж тус тус өөрчлөн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “П” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нарын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 250007096 дугаар актаар тогтоосон 9.680.160 төгрөгийн торгууль төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006) (цаашид хууль гэнэ)-ийн 14.4.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид НӨАТ гэнэ)-г төсөвт төлөх татвараас хасч тооцохоор заажээ.

  1. Татвар төлөгч нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хасалтаа хийлгэдэг бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан гурван тохиолдолд л хязгаарлалт байхад хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг шингэсэн бараа бусдад борлуулаагүй, ажил үйлчилгээ эрхлээгүй тул газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн татвар нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох зохицуулалтад хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.” гэж заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласан бол хасч тооцохоор байгаа болон хасч тооцохгүй байх нөхцөл буюу 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхцөл байдал тусгагдаагүй байтал хуулийг дутуу, буруу хэрэглэж дүгнэсэн байна.
  2. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 зөвхөн хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэсэн заалт, мөн “эрх зүйн маргааныг нарийвчлан зохицуулсан хууль байхад буюу нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой маргааныг газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрээлэгч газрын тосыг үр ашигтай олборлож эхэлсэн тохиолдолд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсан зардлаа нөхөж авах эрхтэй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Товчхондоо зардал, татвар нь хоёр өөр ойлголт болно.
  3. Захиргааны хэргийн шүүх нь “П” ХХК-д татварын хяналт шалгалт хийх томилолтын байдлыг шинжлэхдээ нотлох баримтыг гүйцэт дүгнээгүй ба өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 30.1.1-д заасан “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” тухай заалтыг хариуцагч зөрчсөн байна. Тус томилолтын 6 дахь хэсэг хэсэг буюу Татварын хяналт шалгалтын хэсэгт “НӨАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулах” гэж бичсэн байдаг. Харин 250007096 тоот акт нь НӨАТ-ийн илүү төлөлтийг баталгаажуулах бус харин татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт ба тухайн томилолттой огт хамааралгүй байна. Эдгээрээс  дүгнэж  үзвэл  маргаан  бүхий  хоёр  акт нь хоёул томилолтгүйгээр үйлдэгдсэн ба энэ нь дангаар актыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НӨАТ-ийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 13.1.26 буюу НӨАТ-өөс чөлөөлөгдөх барааны жагсаалтад “газрын тос” гэж байхгүй юм. Гэтэл татварын байцаагч нар 2010-2012 оны асуудлыг шийдэхдээ НӨАТ-ийн хуулийг буцаан хэрэглэж газрын тосыг НӨАТ-өөс чөлөөлөгддөг хэмээн акт үйлдсэн. Ийнхүү маргаан бүхий захиргааны акт нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаа НӨАТ-өөс чөлөөлөгддөг эсэх тухай хуулийн зохицуулалтад үндэслэгдсэн байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “П” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 250000006 тоот, мөн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 250007096 тоот актуудыг хүчингүй болгуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нар “П” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж,

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 250000006 тоот актаар ”П” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын төсвөөс буцаан авах 426,408,300 төгрөгийн үлдэгдлийг бууруулж, 0 төгрөгөөр баталгаажуулж,

мөн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 250007096 тоот актаар мөн хугацааны тус компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж 4,586,754,900 төгрөгийн төлбөрт төлсөн 458,675,490 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтаас хасч төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнан 426,408,300 төгрөгийн илүү төлөлт үүсгэсэн нь үндэслэлгүй гэж үзэн 322,672.000 төгрөгийн зөрчилд  32,267,200 төгрөгийн нөхөн татвар, 9,680,160 төгрөгийн торгууль, нийт 41,947,360 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Манай компани худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хасалт хийж тайлагнасан нь үндэслэлтэй. ...НӨАТ-ын хасалт хийхийг хязгаарласан зохицуулалтад тус компанийн худалдан авалтууд хамаарахгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;” 4.1.8-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, мөн 14.4-т худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй бараа, үйлчилгээг нэрлэн заасны дотор 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ”-г хасч тооцохгүй гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “П” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан 2010-2012 онуудад, “МЦХ” ХК, “НИК Зүүн бүс” ХХК, “Петровис” ХХК, “Хэт” ХХК гэх мэт компаниудаас нийтдээ 4,586,754,900 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл тус компанийн худалдан авсан дээрх бараа, үйлчилгээг  үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй тул тус компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг түүний төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох үндэслэлгүй байна. Иймд татварын улсын байцаагчийн 250000006 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын төсвөөс буцаан авах 426,408,300 төгрөгийн үлдэгдлийг бууруулж, 0 төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй, энэ үндэслэлээр шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна.

Мөн татварын улсын байцаагчийн 250007096 тоот актаар 322,672.000 төгрөгийн зөрчилд 32,267,200 төгрөгийн нөхөн татвар, 9,680,160 төгрөгийн торгууль, нийт 41,947,360 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгч “П” ХХК газрын тосны үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтанд төлсөн нийт 4,586,754,900 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлангийн худалдан авалтаас хасч төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил илэрсэнд 458,675,490 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар гарсан төсвөөс буцаан авах илүү 426,408,300 төгрөгийг хасч 32,267,200 төгрөгийн нөхөн татвар, 9,680,160 төгрөгийн торгууль, нийт 41,947,360 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэстэй байна. 

Анхан шатны шүүх маргаан бүхий актуудад үндэстэй дүгнэлт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу татварын улсын байцаагчийн 250007096 дугаар актаар тогтоосон 9,680,160 төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулаагүй нь буруу бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байна.

Мөн, хариуцагч татварын улсын байцаагч нар нь  татварын хяналт шалгалтыг явуулахдаа 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 25150600345 дугаар томилолтын дагуу хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30.1.1-д заасныг зөрчсөн” гэсэн гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0584 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА