Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 191

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар магадлалтай, 201626022925 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1949 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаан толгойт овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Цагаантолгойт овогт Б.Б-г хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Цагаантолгойт овогт Батчулууны Банзрагчийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 12 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 9 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын “... зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо: “...Би гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. ...Хохирогч нь миний халтар мана хөөрөг, мөнгөн аяга, зөөврийн компьютер, үлдэгдэл мөнгө, өвлийн хувцас зэргийг ихэд сонирхож байсан ба хөөрөгний даалинд мөнгөө хийгээд ширээний нүд рүү хураах зуур миний зүүн нүд, хамар, нүүр рүү 3 удаа цохьсон. Намайг шалан дээр унахад гэдсэн дээр сууж багалзуур шахсан. ...Миний бие 70 настай, биеийн эрүүл мэнд муу, ялангуяа уг хэргийг үйлдсэн үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлтэй огт таарахгүй байгааг харгалзан үзнэ үү. Харин миний үйлдэл Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлтэй тохирч болох юм. Би хохирогчид цагдаа болон эмнэлгийн тусламж дуудаж тусламж үзүүлсэн, хохирогчид 9.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Э.Ганбат, Д.Энхцэцэг нарын хэлсэн санал үндэслэлтэй. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зүүн нүд 100 хувь сохорч, зүүн чих сонсголгүй, зүүн шүдний доод хэсэг мултарч унасан, зүүн мөр, зүүн сүвээ таяггүй явж болохгүй байгаа. Мөн өтгөн шингэн холилддог болоод нэг жил болж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл болгож өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд нотлогдон тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Бийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоотод Д.Жаандоржийг хутгалж, баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэн санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Б.Б-ийн үйлдэлд “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэсэн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй талаар хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх Б.Б-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Д.Жаандоржтай хамт архи ууж, согтуурсан үедээ түүнтэй маргалдан, улмаар хутгалж санаатай алсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй зөв тогтоосон бөгөөд Б.Б нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчилж тогтоох, дүгнэх эрхгүй болно.  

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч, хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН