Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/03423

 

 

 

 

 

 

 

       2021 оны дөр

       12 сар       20  р                     184/ШШ2021/03423

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М овогт Г.Б /РД:/. Хаяг: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Гэгээ хотхон 39 дүгээр байр, 32 дугаар орц 104 тоот

Хариуцагч: “З” ОНӨААТҮГ /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээл 8 дугаар гудамж, 1 тоот

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.                                                                                                                           

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б тус компанид 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр б/1336 тоот тушаалаар автобусны жолоочоор ажилд орсон. Тус байгууллагад ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Гэтэл “З” ОНӨААТҮГ нь хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчиж ажил хийлгэхгүй байсан. Би өрх толгойлсон эцэг 2 настай хүүхдээ асрангаа ажлаа хийж амьдардаг байсан. Тус байгууллага нь намайг ажлаа хийх гэсэн чинь ажил хийлгэхгүй байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “З” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, төлбөр нэхсэн нэхэмжлэл мөн ажлаас халсан шийдвэр ирсэн. Би шүүхэд өгсөн нэхэмжлэлийг гардан авахдаа 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн б/95 тоот тушаалаар намайг ажлаас халсныг мэдэж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Г.Б намайг ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны мөнгийг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн менежер нь тушаал гарсан тухай Г.Б-д утсаар мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчийн ээж нь манай байгууллагад шалгагч хийдэг бөгөөд ээжид нь хэлж байсан тул тушаалыг мэдээгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, удирдлагаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилд гаргаагүй, 2021 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд надад холбогдуулан 4,108,860 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар ажлаас халагдсан болохоо мэдсэн гэж тайлбарласан. 

Нэхэмжлэгч нь 2015 онд “З” ОНӨААТҮГ-т автобусны жолоочоор ажилд орсон, тус нэгтгэлийн гуравдугаар баазыг 2018 оны 8 дугаар сарын 21-нээс “З” ОНӨААТҮГ болгон шинээр зохион байгуулж, нэр бүхий 369 ажилтан албан хаагчийг /нэхэмжлэгч/ шинээр байгуулсан “З” ОНӨААТҮГ-ын мэдэлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нэгтгэлийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дугаар тушаал, түүний хавсралтаар тогтоогдох бөгөөд талууд энэхүү үйл баримтын тухайд маргахгүй байна. /хх-ийн 53/

“З” ОНӨААТҮГ-ын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/10 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг 9 дүгээр сарын 3-ны өдрийн А/13 тоот тушаалаар байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус тус баталсан, мөн нэхэмжлэгч Г.Б-тэй 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр  хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. /хх-ийн 48, 50, 55, 56/

Хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Б-г “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6 дугаар зүйлийн 6.12.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан  байна. /хх-ийн 36/

Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан тушаалыг танилцуулаагүй, халагдсан  болохоо мэдээгүй гэх  тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч байгууллагын тушаал хүлээлгэн өгсөн бүртгэлийн 2019 оны 24 дугаарт 2019 оны 4 дүгээр сарын 3-нд ярьсан, актад гарын үсэг зураагүй, тушаалыг аваагүй талаар тэмдэглэжээ.  /хх-ийн 28, 29, 30/

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэх, ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч ажлаас буруу халагдсан гэх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, эрхээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын  хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАТСҮХ