| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/04122/И |
| Дугаар | 184/ШШ2022/00085 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2022/00085
| 2022 оны өдөр | 01 сар 03 р 184/ШШ2022/00085 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р овогт Х.О /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хилчин тоот
Хариуцагч: Д овогт А.Г /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, тоот
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О, хариуцагч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд А.Г-тэй танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.О төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 10 сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү Г.О миний асрамжид өсөж торниж байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хүү маань эцгээрээ овоглодог. Хүү Г.О энэ жил 1 дүгээр ангид сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл бусад зардлууд өсөж байгаа тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуалдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Х.О-той танилцаж улмаар 2020 оны 9 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан. 2015 онд хүү Г.О төрсөн. Сар бүр хүүгийнхээ нэр дээр хуримтлал үүсгэж 50,000 төгрөг дансруу нь хийсэн. Ээж нь 20,000 төгрөг данс руу нь хийдэг. Энэ жилээс би хүүдээ 150,000 төгрөг дансанд нь хийж байгаа. Х.О нь 2020 оны 9 дүгээр сард миний Хаан банкны картыг надад мэдэгдэлгүй авч яваад 420,000 төгрөг авсан байсан. Түүнээс болж маргаан үүсч тусдаа амьдрах болсон. Тухайн үед усанд яваад ирэх хооронд гэрийн хамаг эд хогшил аваад явсан байсан. Эргээд хүрээд ир гэж хэд хэдэн удаа гуйсан боловч ирээгүй. Хүүхдийн эцэг мөн эсэх талаар эргэлзээ маргаан байхгүй, тэтгэлэг гаргуулахыг шаардлагыг зөвшөөрч байна.
Хавтаст хэрэг авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн сургалтын менежерийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, 111600 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч А.Г-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зохигчид 2011 оноос 2020 оныг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан, 2015 оны 10 дугаар сарын 11-нд хүү Г.О /РД: /-ыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хүү Г.О-г иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг А.Г-р овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байх тул хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Хүү Г.О нь эхийн асрамжид, эрүүл бойжиж, сургуульд сурч байгаа нь өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сургалтын менежер, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байна.
Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас хүү Г.О төрснөөр эцэг А.Г хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн ба тэтгэлгийн хэмжээний тухайд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй болно.
Иймд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Оюунбаатар /РД: УТ15301110/-ыг эх Х.О-н асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, cap бүр эцэг А.Г-с гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.О-г эх Х.О-н асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан хүү Г.О-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Г-с cap бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 37,865 төгрөг гаргуулан улсын орлого /100200900941/-д оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ