Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Б.Батдорж, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Батдоржид холбогдох эрүүгийн 201625014300 дугаартай, 105/2017/0256/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Төв аймгийн Баян сум, 3 баг, Цавчир хоолт 2 гудамж 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Болдбаатарын Батдорж, /РД:НВ91032916/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Батдорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ш.Наранбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Ариунбат, Нууцболд нартай бааранд орсон. Бид нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд Нууцболд гараад явсан. Ариунбат бид хоёр бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Бүжиглэж байхдаа хохирогчтой маргалдсан. Хохирогч найз охинтойгоо явж байсан. Би найз охиныг нь бүжгэнд урьж бүжиглэх гэхэд хохирогч миний хөл дээр гишгэж, мөрлөсөн. Тэгэхээр нь би зүүн гараараа цохисон. Тэгээд бид хоёр газар унахад хамгаалагч ирж салгасан. Би баарнаас гараад гэр рүүгээ явсан. Маргааш нь босоод ирэхэд миний шуу хөхөрсөн байсан. Зодооноос болж миний шуу хөхөрсөн. Би хохирогчид хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан. Би маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Б.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бааранд бүжгийн талбай дээр үл таних залуутай маргалдаж улмаар нэг удаа зүүн гараараа тэр залуугийн нүүр хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг. /хх 44-46, 81-82 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бааранд хамт бүжиглэж байсан охиныг хардаж Батдоржийг биеэрээ хаагаад түлхээд зогстол Батдорж миний хөл дээр гишгээд намайг мөрлөсөн. Бид хоёр маргалдахад тэр залуу миний зүүн нүд рүү гараараа цохисон. Би нүүрээ дараад доош унасан бөгөөд дээрээс цохисон. Тухайн үед би Батдоржийг явуулахгүй гэж зуурсан санагдаж байна...” гэх мэдүүлэг. /хх 7-10, 64-65 дугаар хуудас/,

Гэрч Т.Ариунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг залуу Батдоржийг мөрлөх шиг болсон. Батдорж тэр залууг тэврээд газар унасан бөгөөд дээр нь Батдорж байсан. Нөгөө залуу Батдоржийн хөлнөөс бариад цохих гэж дайраад байсан. Тэр залуу газар унаад нэг нүдээ дараад орилоод байсан...” гэх мэдүүлэг. /хх 11-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Маралгуагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Болдбаатарын Батдорж нь миний төрсөн ах байгаа. Б.Батдорж нь 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, айлын том хүү байгаа юм. Манай ах нь 9-р анги хүртлээ Төв аймгийн Баян суманд суралцаж 10, 11-р ангийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийг төгссөн. Тэрээр эхнэр хүүхэдгүй, сургуулиа төгсөөд хоёр жил хөдөө байж байгаад үүнээс хойш хотод бааранд хамгаалагчаар ажилд орсон. Цайзын ойролцоо байр хөлсөлдөг байсан, би тэр байрыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 25-26 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹15842 дүгнэлтэд “Наранбаатарын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн этмойд хөндийд цус хуралдалт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 31 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “Хохирогч Наранбаатарын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх мэдүүлэг. /хх 34 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Батдорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ш.Наранбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар эрх чөлөөнд халдан, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Батдоржид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Хохирогч Ш.Наранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...охинтой бүжиглэж байтал тэр охиныг Батдорж буюу намайг зодсон залуу хоргоогоод байсан. Тэгэхээр нь би тэр охиныг хардаж Батдоржийг биеэрээ хаагаад түлхээд зогстол Батдорж миний хөл дээр гишгээд намайг мөргөсөн. Тэгээд бид хоёр маргалдсан. Гэтэл тэр залуу миний зүүн нүд хэсэг рүү гараараа цохисон” гэж мэдүүлжээ /хх 64/. Шүүгдэгч Б.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд “...хохирогч залуу нэг охинтой бүжиглэж байсан. Тэгээд би тэр охинтой бүжиглэхээр бүжгэнд урьж бүжиглэхээр урд нь очсон. Тэгтэл хохирогч залуу надаас найз охиноо харамлаж, хардаад намайг мөргөж түлхсэн. Би тэр залуутай барьцалдаж аваад нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон” гэж мэдүүлсэн болно /хх 82/. Шүүгдэгч Б.Батдорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, тухайлбал Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ибиза нэртэй бааранд олон нийтийн газар, шөнийн цагаар охинтойгоо бүжиглүүлсэнгүй, мөрлөлөө гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсныг хувийн сэдэлттэй гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Батдорж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын зарим ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батдорж нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй хугацаа өнгөрсөн, түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Батдоржид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батдоржийн цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.