Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

 

 

 

   

 

 

                           

      

 

 

 

                                                           

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Хохирогч Э.Э,

Хохирогч, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, С.Шинэбаяр,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Чимэг,

Гэрч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2419000000094 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.А.

 

Монгол Улсын иргэн, Г.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорноговь аймаг Айраг сумын 4 дүгээр баг ... тоот хашааны гадна хохирогч Э.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч Э.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Айраг сумын ... тоотод хохирогч Э.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн мөр, зүүн шагайн цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч, шүүгдэгч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай сургуулийнхан цагаан сарын золголтоо хийсэн. Манай ахмад багш медаль авсан, тэгээд хөөрөөд уусан. Тухайн үед тогооч эгчийн нөхөр нь надад архи өгсөн. Э өгсөн ууттай архийг нь аваад явж байсан. Тэгээд бид нар тогооч эгчийн гэрт нь очиж нөгөө архийг тал хүртэл нь ууцгаасан. Э тухайн айлд араас ирсэн. Тухайн архийг уучхаад Бийн машинд Т, Э, бид хэд явж байсан. Би хойно Ттой юм яриад явж байгаад Тыг хүргэж өгсөн. Тухайн үед Э Зг ажлаас нь халсан, намайг хална гэсэн гээд надад агсам тавьсан. Би зүгээр байхад нь халаагүй, удаа дараа тийм асуудал гаргасан шүү дээ гээд тайлбарлаж хэлсэн чинь ойлгохгүй өөдөөс дайраад нүүр самардсан. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхсэн. Миний зүүн гар бэртэлтэй сайн дийлэхгүй болохоор нөгөө гараараа толгойг нь дарсан. Тэгсэн Б юунд нь ингэж зууралдаад байдаг юм гэхээр нь гарсан. Энэ хооронд Г эгч ирээд нүүр самардахаар нь гарыг нь хазсан. Г ирж намайг цохиж унагаад дээрээс цохисон, Э толгой руу өшиглөсөн. Тэгсэн чинь л Б наад Г чинь хутгатай байна шүү дээ гэхээр нь би за амин газарт битгий дүрээсэй гэж бодоод доошоо хараад байж байсан чинь Г эгч Гыг авч явсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ явж нүүрээ угаагаад толинд харсан чинь хамар далийсан байсан. Тэгээд тэгшлүүлэх гэж нэг багшийнх руу очсон боловч болоогүй. Эмнэлэг явж хамраа тэгшлүүлж, уруулаа оёулсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр ахындаа байж байгаад эгчийндээ очиж унтъя гээд гэр рүү нь явсан.Хашааных нь гадаа нэг машин байсан. Тэгэхээр нь хүн ирсэн юм байхдаа гээд гэр рүү нь орсон чинь нөхөр хоёр хүүхэд нь унтаж байсан. Тэгээд гадуур хувцсаа тайлаад бие засчихаад унтъя гээд нойл орох гээд гарсан чинь эмэгтэй хүн орилоод байхаар нь сонссон чинь эгчийн хоолойтой адилхан сонсогдоод байхаар нь очсон чинь эгчийн толгой дээр захирал дарсан байсан. Тэгээд та яаж байгаа юм гэсэн чинь Г уу гээд нүүр рүү нулимаад хавирч унагасан. Би босож ирээд утсаа хармаандаа үзсэн чинь байхгүй байсан. Утсаа тэр хавиас хайж олоод явж байсан чинь Б багш Г хутгатай байна гээд орилсон чинь Г эгч ирээд хутга юм уу гэхээр нь юун хутга миний утас байна гэсэн чинь тийм байлгүй дээ гээд гэр рүү орсон. Гэрт ороод толинд харсан чинь нүүр цус болсон байсан. Тэгээд эгчийг харж байгаад удалгүй өөрөө унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бид нар сургууль дээр золголт хийсэн. Тэгээд үдийн цайны тогоочийн нөхөр ууттай юм өгсөн. Өгсөн юмыг нь дараа хэрэглэнэ гээд нярвын өрөөнд хийсэн байсан. Бөөндөө ууж идэж байгаад 9 өнгөрөөгөөд тортой юмаа авч тогооч эгчийнх рүү явсан. Захирал ууж байгаад манай дүүгийн талаар ярихаар нь та энэ асуудлыг энд ярьж болохгүй. Харин ч манай дүү, бид нар таныг хүндэлдэг гэж хэлээд ер нь явъя гэсэн чинь Б, захирал хоёр намайг хүргэж өгсөн. Тэгээд гэрийн гадаа ирээд буух гэсэн чинь захирал чамайг ч гэсэн ажлаас чинь хална гичий, янхан минь гээд нүүр мангасдаж, цохиж балбасан. Явах гэсэн чинь миний утас байхгүй болохоор нь машиных нь түлхүүрийг авсан. Тэгээд гэр рүү явах замд араас ирээд үс зулгааж, замдаа ташаад байсан. Эргээд машин руу утсаа хайгаад явсан чинь араа ирээд чамай цохиж ална гээд 2, 3 удаа мөргөж, үсдээд, хоолой боосон. Тэгэхээр нь та намайг тавиач ээ үхлээ шүү дээ гэж бахирсан. Тэгсэн ээж нэг нэгийгээ албал алаг гээд гэр рүүгээ явсан. Б дүү рүү залгаад захирал эгчийг чинь аллаа шүү дээ хурдан ир гэж залгасан гэсэн. Тэгээд Г ирээд захирлыг татаж авсан чинь захирал өө Г уу гээд нүүр рүү нь нулимж байсан. Би тэгээд утсаа аваад 13 гэр рүүгээ орсон. Захирлыг тухайн үйл явдал болсны дараа уучлалт гуйх юм болов уу гэсэн уучлалт гуйгаагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр айлаас Э, захирал, би манай үдийн хоолны тогооч бид дөрөв гарсан. Тогоочийг гэрт нь буулгачихаад Эыг буулгах гээд гэрийнх нь гадаа очсон. Тэгээд гэрийн чинь гадаа ирчихлээ буу гэсэн чинь Э захиралтай маргалдаад буухгүй байсан. Тухайн үед би машинаа асаалттай нь орхиод Эы нөхрийг дуудах гээд гэр рүү нь явсан. Гэрийнх нь хаалгыг нэлээн удаан нүдсэн боловч нээж өгөөгүй. Тэгээд ээжийнх рүү нь ороод та Эыг аваад үлдчих, буухгүй захиралтай маргалдаад байна гэсэн чинь өө миний үгэнд орохгүй, би дийлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээс гараад машин дээрээ ирсэн чинь машин унтраалттай, түлхүүр нь байхгүй байсан. Э арын суудал дээр сууж байсан уг нь миний хажууд надтай зэрэгцээд сууж байсан. Тэгээд би энэ хоёрыг та хоёр яах гээд байгаа юм болиоч гээд бууж түлхүүрээ хайгаад явсан. Эргэж ирсэн чинь хоорондоо ноцолдсон сууж байсан салгах гэсэн боловч салж өгөхгүй байсан. Тэгээд тусламж дуудах гээд нэлээд хэдэн хүн рүү залгасан ч тэдгээр хүмүүс утсаа аваагүй. Тэгээд Эы ээж нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэгнээ яав л гэж дээ оръё гэхээр нь заа нэрээ ч тийм юм уу гээд тэднийд орж дулаацсан. Тэднийд сууж байсан чинь нэг юм түчигнээд энэ хоёр ирж байгаа юм шиг болохоор нь гараад харсан чинь үүдний амбаарт ноцолдож байсан. Тэгэхээр нь Г эгч бид хоёр салгаад Эыг гэрт оруулж ирсэн. Захирлыг хаалганы цаана бүдэг гэрэлд харсан чинь нүүрээ маажуулсан юм шиг байхаар нь би оруулж ирээд хоёуланг нь загнасан. Тэгсэн чинь захирал гараад явсан Э араас нь гарах гэхээр нь хаалга дээр алдалж зогссон чинь бүр дийлдэхгүй гараад явсан. Тэгээд машины түлхүүр хаана байна, түлхүүрээ олчихвол явах гээд байсан гэсэн чинь Болдоо ах босож ирээд орон дээр байсан куртикийг нь сэгсэрсэн чинь машины түлхүүр гарч ирсэн. Тэгээд түлхүүрээ аваад гарсан чинь машины ард Зулхүү ирсэн байсан. тэгэхээр нь чи хэзээ ирсэн юм гэсэн чинь дөнгөж сая ирсэн багш аа гэсэн. Тэгсэн цаана нь хоёр юм дээр дороо орсон ноцолдоод байхаар нь ямар ядаргаатай хоёр вэ дахиад ноцолдоод байгаа юм уу гээд таттал Г байсан. Тэгэхээр нь би Гыг цохисон. Тэгсэн та яагаад намайг цохидог юм гээд босоод ирсэн. Тэгээд би чи хүн цохиж байж миний нэг цохих яах вэ гэсэн. Г эгч ч ирэхээр нь за эгчээ шөнө орой амгалан тайван байдлыг чинь алдагдуулчихлаа одоо явлаа гэж хэлээд байж байтал Г хаанаас ч юм мэдэхгүй нэг хутга бариад гарч ирсэн. Тэгээд Г хутгатай байна шүү дээ гээд чанга хашхирсан. Гэр рүүгээ гүйгээд орсон чинь Б ах сууж байсан, төд удалгүй Г, Г эгч хоёр орж ирсэн. Яасан бэ юу болсон гэхээр нь яагаа ч үгүй, зүгээр гэсэн. Тэгээд гарсан чинь захирал байхгүй байхаар нь эргэж ороод захирал байхгүй байна гэсэн чинь С тийм үү тэгвэл хоёулаа гарч хайя гээд эмнэлэг явсан чинь байгаагүй, мөн гэр рүү нь очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд Сг гэрийнх нь гадаа буулгаж өгсөн чинь Зулхүү багш та намайг 3 давхарт хүргээд өг гэхээр нь Зг суулгаад явахдаа чи цохиж бариагүй юм байгаа биз дээ гэсэн чинь үгүй ээ гээд буусан. Тэгээд би гэртээ ирээд унтах гэж байсан чинь З над руу гэр рүү хүргээд өг гээд мессеж бичсэн тэгэхээр нь юу яриад байгаа юм гээд утсаа унтраагаад унтсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Гийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн ...Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг 4 дүгээр гудамжны 413 тоотдоо унтаж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээсээ гарахад Э.А нь манай охин Э.Эыг гэрт нь оруулахгүй зууралдаад байж байсан ба мөн Э.А нь Эы үснээс татаад нүүрний хэсэг рүү нь 2-3 удаа мөргөөд бас Эы гарыг хазсан. Тэгэхээр нь би салгах гэхэд Э.А миний баруун гарын долоовор хурууны дээд талд, зүүн гарын бугалгын гадна талд хазаад үснээс зулгаахаар нь би даараад буцаад гэртээ ороод утсаа цэнэглээд байж байхад тэнд байсан бага ангийн менежер Б, захирал Э.Аыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дугаар тал/,

Хохирогч Э. Эы 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “... Тухайн үед захирал Э.А нь миний дүү Зг яриад хэрүүл өдөөд байхаар нь би чимээгүй л явсан. Харин 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнийн 01 цагийн үед байх гэрийн гадаа ирээд захирал Э.А машин дотор гэнэт надад хандаж гичий минь чамайг ч гэсэн ажлаас чинь хална гэж хэлээд Э.А урд суудал дээрээс миний нүүр лүү гараараа мангастаад цээж рүү 1 цохихоор нь би гараад гэр лүү очоод орох гэхэд цоожтой байхаар нь үүдний амбаарт байж байхад Б, захирал Э.А араас орж ирээд захирал Э.А нь үсдээд миний нүүр лүү 2 удаа мөргөхөд ээж Г салгах гээд хориход ээжийг бас үсдээд гараас нь хазсан. Тэгэхээр нь би машин руу нь ороод утсаа авах гэхэд надтай бас зууралдаад арын суудал дээр намайг ганцаараа боогоод чамайг битүү зодож ална гэхээр нь би одоо болиоч ээ гэхэд намайг үргэлжлүүлээд үсдэж байгаад 2 удаа нүүр лүү мөргөсөн. Харин тухайн үед Б ээжийн гэр лүү орсон байсан. Тэгээд намайг зодоод байж байхад хамаатны дүү Г ирээд салгахад захирал Э.А өө Г уу? гэж хэлээд нүүр лүү нь нулимсан. Тэгээд шууд гэр лүүгээ ороход ээж Г миний утсыг авсан байсан...”, “... Би их гомдолтой байна. Цаашид нүдний хагалгаанд орохоор болсон тиймээс бас эмчилгээний төлбөрийг төлүүлмээр байна. Би шүүх хуралд оролцоно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16, 105 дугаар тал/,

Гэрч Э.Зийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...Б гэдэг хүн над руу хоёр гурван удаа залгасан тэгээд би утсыг нь авахгүй байж байгаад сүүлд нэг залгахаар нь авсан чинь захирал чинь эгчийг нь бараг аллаа ирж салга би хориод дийлэхгүй байна гэж хэлсэн тэгээд би ганцаараа очиход гэрийн гадаа Б захирал Э.А, эгч Э, ээж Г, манай хамаатны залуу Г гэх хүмүүс байсан тухайн үед зодолдсон байртай эгч, захирал хоёр цус болчихсон байсан тэгээд захирал машины тэнд эгчийг ээж хорьсон зогсож байсан тэгээд би эгчийгээ аваад гэр лүү оруулж өгчхөөд гарч ирээд Б эгч ганцаараа гадаа машинтайгаа байхаар нь би машиныг нь унаад гэр лүү нь хүргэж өгсөн Э.А захирал байхгүй явчихсан байсан...”, “...Э.А захирлын хамраас нь цус гарчихсан байсан тэгээд цус доошоо эрүү рүүгээ дусалж байсан. Харин эгч Эы нүүр нь битүү цус болчихсон бас хамар амнаас нь цус гарсан байсан. Ээж Гийн гараас нь бас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дугаар тал/

Гэрч Д.Бгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Машин руугаа Э, Э.А хоёр машинд зууралдаад барьцалдаж авалцаад байсан тэгээд би тэр хоёрыг салгах гэж үзэхэд салахгүй байсан...”, “...Э.А амбаарын үүдний хавьд зогсож байхаар нь би ороод ир гээд тэгээд Э.А орж ирсэн чинь нүүрийг нь маажсан байртай байсан тэгээд Эы үс нь арзайсан сэгсийсэн л болчихсон байсан тэгээд би тэр хоёрыг ингэдэг нь яаж байгаа юм гээд загнасан...”, “... Би нөгөө хоёрыг дахиад ноцолдож байгаа юм бодоод очиход Э биш Г Э.Аын дээр нь суучихсан байсан тэгээд би Гыг боль чи гээд нуруу руу нь цохичхоод тэр хоёрыг салгасан машины энд ирээд Г эгчид би одоо ингээд явлаа гэж хэлчхээд байж байхад Г нь хутга барьсан харагдсан тэгээд би айж бархираад тэгээд Г эгч Гыг яаж байгаа юм гээд болиулаад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/098 дугаартай “...Э.Эы биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн мөр, зүүн шагайн цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02/097 дугаартай “...Р.Гийн биед зүүн шуу, баруун сарвууны зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/

Шүүгдэгч Э.Аын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “... Намайг Э нь нүүр хэсэгт маажсан сүүлд Г нь миний дээр гараад нүүр лүү хоёр гурван удаа цохисон тэгээд миний хамар баруун талдаа цөмөрсөн дээрээс нь миний дээд уруул сэтэрч 6 ширхэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлсэн /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №02/119 дугаартай “...Э.Аын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

Гэрч Д.Гийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Этай муудалцаад байж байхад Г намайг зодчихлоо гэж хэлээд тэгээд би арай гэж зугтаж ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 67 дугаар тал/,

Гэрч Т.Дийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “... Г цохичихлоо гэж хэлээд байсан яг юу болсон талаар би мэдээгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Аын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Тэгэхэд Эы ээж Г араас нь гар утасны гэрэл тусгаад над руу давхар нүүр маажаад буюу дайрч зүүн чихний хажуу хэсэгт маажаад дайрахаар нь би гарыг нь татаж байгаад хурууг нь хазаад ноцолдож байх хооронд Г ирсэн бөгөөд намайг цохиж унагааж байгаад дээрээс зодож байхад Гыг Б авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

Хохирогч Э.Эд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 108 дугаар тал/,

Э.Аын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 113 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорноговь аймаг Айраг сумын 4 дүгээр баг 413 тоот хашааны гадна хохирогч Э.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Э.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Айраг сумын ... тоотод хохирогч Э.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн мөр, зүүн шагайн цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо.

 

Дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Эы 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...захирал Э.А машин дотор гэнэт надад хандаж гичий минь чамайг ч гэсэн ажлаас чинь хална гэж хэлээд Э.А урд суудал дээрээс миний нүүр лүү гараараа мангастаад цээж рүү 1 цохихоор нь би гараад гэр лүү очоод орох гэхэд цоожтой байхаар нь үүдний амбаарт байж байхад Б, захирал Э.А араас орж ирээд захирал Э.А нь үсдээд миний нүүр лүү 2 удаа мөргөхөд ээж Г салгах гээд хориход ээжийг бас үсдээд гараас нь хазсан. Тэгэхээр нь би машин руу нь ороод утсаа авах гэхэд надтай бас зууралдаад арын суудал дээр намайг ганцаараа боогоод чамайг битүү зодож ална гэхээр нь би одоо болиоч ээ гэхэд намайг үргэлжлүүлээд үсдэж байгаад 2 удаа нүүр лүү мөргөсөн... Тэгээд намайг зодоод байж байхад хамаатны дүү Г ирээд салгахад захирал Э.А өө Г уу? гэж хэлээд нүүр лүү нь нулимсан...”, “... Би их гомдолтой байна. Цаашид нүдний хагалгаанд орохоор болсон тиймээс бас эмчилгээний төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, Гэрч Э.Зийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...захирал чинь эгчийг нь бараг аллаа ирж салга би хориод дийлэхгүй байна гэж хэлсэн тэгээд би ганцаараа очиход гэрийн гадаа Б захирал Э.А, эгч Э, ээж Г, манай хамаатны залуу Г гэх хүмүүс байсан тухайн үед зодолдсон байртай эгч, захирал хоёр цус болчихсон байсан тэгээд захирал машины тэнд эгчийг ээж хорьсон зогсож байсан тэгээд би эгчийгээ аваад гэр лүү оруулж өгчхөөд гарч ирээд Б эгч ганцаараа гадаа машинтайгаа байхаар нь би машиныг нь унаад гэр лүү нь хүргэж өгсөн Э.А захирал байхгүй явчихсан байсан...”, “...Э.А захирлын хамраас нь цус гарчихсан байсан тэгээд цус доошоо эрүү рүүгээ дусалж байсан. Харин эгч Эы нүүр нь битүү цус болчихсон бас хамар амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Машин руугаа Э, Э.А хоёр машинд зууралдаад барьцалдаж авалцаад байсан тэгээд би тэр хоёрыг салгах гэж үзэхэд салахгүй байсан...”, “...Э.А амбаарын үүдний хавьд зогсож байхаар нь би ороод ир гээд тэгээд Э.А орж ирсэн чинь нүүрийг нь маажсан байртай байсан тэгээд Эы үс нь арзайсан сэгсийсэн л болчихсон байсан тэгээд би тэр хоёрыг ингэдэг нь яаж байгаа юм гээд загнасан...”, “...Би нөгөө хоёрыг дахиад ноцолдож байгаа юм бодоод очиход Э биш Г Э.Аын дээр нь суучихсан байсан тэгээд би Гыг боль чи гээд нуруу руу нь цохичхоод тэр хоёрыг салгасан машины энд ирээд Г эгчид би одоо ингээд явлаа гэж хэлчхээд байж байхад Г нь хутга барьсан харагдсан тэгээд би айж бархираад тэгээд Г эгч Гыг яаж байгаа юм гээд болиулаад явсан...” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/098 дугаартай “...Э.Эы биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн мөр, зүүн шагайн цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Э.Аын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “... Намайг Э нь нүүр хэсэгт маажсан сүүлд Г нь миний дээр гараад нүүр лүү хоёр гурван удаа цохисон тэгээд миний хамар баруун талдаа цөмөрсөн дээрээс нь миний дээд уруул сэтэрч 6 ширхэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлсэн, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №02/119 дугаартай “...Э.Аын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч, гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/098 дугаартай “...Э.Эы биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн мөр, зүүн шагайн цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлийг тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Э.Аын халдан зодож, цохисон үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан байх бөгөөд түүний үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Мөн Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №02/119 дугаартай “...Э.Аын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Г.Гы зодож, цохисон үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Гы үйлдэл хохирогч Э.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо мөн адил шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчдын эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

 

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Э.А, Г.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Гы өмгөөлөгч Ж.Чс “...түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх, шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч М.Эээс “...Санаатайгаар хохирол учруулсан нь тогтоогдоогүй, өөрийгөө хамгаалан хийсэн үйлдлээс болж хохирол учирсан тул...” хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх, өмгөөлөгч С.Шаас “...шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагааг хийж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг тус тус гаргасан.

 

Гэвч шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд логик дэс дараалалтай, шүүгдэгч нарын үйлдэл болоод хохирогч нарын үйлдэл холбогдлыг нарийвчлан зааглаж, нэг бүрчлэн ялган дүгнэхэд шүүгдэгч Э.А нь өөрийн удирдлага дор ажиллаж байсан Э.Этай түүний хамаатны хүн болох З гэгчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргаан үүсгэсэн бөгөөд улмаар чамайг ч гэсэн халж чадна хэмээн маргалдаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ бухимдан түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар өөрийн төрөл болох Э.Эыг зодуулж байгааг харсан Г.Г нь Э.Аыг салгахад түүний өмнөөс нулимсан учраас түүнтэй үргэлжлүүлэн маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлууд хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхүйц зөрүүтэй байдал, мөн гэрч, хохирогч нар нь урьдчилан үгсэн тохиролцож гүтгэсэн гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдохгүй, энэ талаар ямар нэгэн гомдол саналыг шүүгдэгч нарын зүгээс гаргаагүй байна. 

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч нарын зүй бус үйлдэл болоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлаас шалтгаалсан байна.

 

Тиймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдүүлэх дүгнэлт, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.  

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн 5 зэрэглэлийг тодорхойлж, тухайн хор уршиг, хувь хэмжээ, зэрэглэл бүхий сэтгэцийн эмгэгийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг зэрэглэлээс хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд уг хүснэгтийн зэрэглэлийг тогтоож, хохирогч нарт танилцуулсан байна.

 

Тиймээс хохирогч нараас баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Э.Ааас 3.300.000/660.000*5=3.300.00/ төгрөг гаргуулан хохирогч Э.Эд, шүүгдэгч Г.Гаас 3.300.000/660.000*5=3.300.00/ төгрөг гаргуулан хохирогч Э.Ат гаргуулан тус тус олгох нь зүйтэй байна.

 

 Хохирогч нар нь өөрт учирсан хохирол болоод цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

Харин шүүгдэгч Г.Гы өмгөөлөгч Ж.Ч шүүх гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага дээр дараах саналыг гаргаж байна. Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгч нь ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Ганцаараа ээлжээр ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Тийм учраас улсын яллагчаас 1,000,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээс буюу 450,000 төгрөгөөр торгох заалттай тул уг хэмжээгээр хариуцлага хүлээлгэж хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Уг хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гарсан,

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч М.Эээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас ялын саналаа хэлье. Э.Аын хувьд бол Айраг сумын ЕБ-ын сургуулийн захирал ажилтай. Ам бүл 6, дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Тогтсон ажилтай, орлоготой хүн байгаа. Энэ гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус зүй бус үйлдэлтэй холбоотой. Шүүгдэгч Э.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүд байгаа. Харин хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгааг харгалзаж үзэж түүнд хуульд заасан ялын хэмжээний дотор буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч гэсэн саналыг,

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч С.Шаас миний үйлчлүүлэгч Э.Аыг гэм буруутайд тооцсонтой холбогдуулаад эрүүгийн хариуцлагын хувьд дараах саналтай байна. Хэдийгээр өмгөөлөгч нарын зүгээс Э.Ат холбогдох хэрэг тогтоогдсон эсэх тал дээр маргаж оролцсон ч гэсэн Э.Аын зүгээс хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгчид байдаг. Э.Аын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан. Ажил 33 хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

 Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын санал, гэмт хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.А, Г.Г нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э.А, Б овогт Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Э.Ааас 3.300.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Эд, шүүгдэгч Г.Гаас 3.300.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ат гаргуулан тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ОДБАЯР