| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 156/2024/00339/И |
| Дугаар | 001/хт2025/00067 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/хт2025/00067
“Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2024/00488 дугаар шийдвэртэй,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 226/МА2025/00003 дугаар магадлалтай,
Хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б оролцсон иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Б” ТӨХК нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2024/00488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан “Б” ТӨХК-ийн харьяа “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, 0000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 226/МА2025/00003 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2024/00488 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Б” ТӨХК-ийн “Х” ХК-ийн “0000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр” тогтоолгох тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан хэлэлцээд 2024.10.30-ны өдрийн 488 тоот шийдвэрээр “... шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд: Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.07.01-ний өдрийн 1\240 дугаартай албан бичгээр ирүүлсэн материалаас үзэхэд Ш.Б нь 0000 тоот орон сууцыг эзэмшиж, улмаар 1998.02.18-ны өдөр Бэрх, үйлдвэрийн дарга О.О, Хотын захирагч Д.Д нартай орон сууц ашиглалтын гэрээ байгуулж байсан. 2000.09.19-ний өдрийн 63 дугаартай тодорхойлолтоор “Шын Б нь 0000 тоот байранд оршин суудаг болохыг тодорхойлов” гэж тодорхойлолт байгаа боловч энэ нь хаанаас тодорхойлсон нь материал дээрээс харагдахгүй байна. Ш.Б нь 2000.09.19-ний өдөр Хэнтий аймгийн орон сууц хувьчлах товчоонд “Б” ТӨҮГ-аас олгосон 1998.02.18-ны өдрийн 287 дугаартай эрхийн бичгээр гурван өрөө 36 м.кв орон сууц байрыг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хэлэлцэн тохирсноор сайн дурын үндсэн дээр хувьчилж авах болсон тул шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдөл 2000.09.19-ний өдөр гаргаж байна. Ш.Б нь “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг”-тэй холбогдуулан 2000.11.10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчоонд Хэнтий Бэрх Хаан банкинд үйлчилгээний хураамж 6,900 төгрөг төлж байсан. ...Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Шын Б. Бгийн Ө нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. ...Иргэн Ш.Б, Б.Ө нар нь өмч хувьчлалаар 0000 тоот сууцны өмчлөгч болсон байх тул Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдсэн уг бүртэл үнэн зөв гэж үзлээ. Иймд иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хүсэлт гаргагч Б төрийн өмчит хувьцаат компаний харъяа Х ХК-ийн хүсэлттэй 0000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт,
Хэнтий аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 3 тоот магадлалдаа “... Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол үл хөдлөх бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 0000 тоот орон сууц болох үл хөдлөх хөрөнгө нь Багануур зүүн өмнөд бүсийн өмчит хувьцаат компанийн харьяа Х-ын нэр дээр бүртгэгдсэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчид шилжээгүй, худалдан авсан гэх орон сууц нь эрхийн доголдолтой байгаа тул нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үндэслэлгүй байна гэж тогтоох үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх орж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж” гэж тооцно. Харин эрхээ шилүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал уг орон сууцыг анх худалдаж авах үедээ улсын бүртгэлд Ц.О-ийн нэр дээр бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжтой байсан байх тул Б төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Х-ыг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Мөн иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигчийн өмчлөх эрхийг олж авах эрхийн талаар тусгасан бөгөөд “Б” ТӨХК-ийн харьяа Х нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийг үндэслэн олж авсан талаараа шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тайлбар үндэслэлгүй байна” гэх дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс анхан шатны шүүхэд ирүүлсэн Ш.Б нь 1998 онд 0000тоот орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд 2000 онд тус байранд оршин сууж, 2000.09.19-ний өдөр Хэнтий аймгийн орон сууц хувьчлах товчоо “Б” ТӨҮГ-аас олгосон Ш.Б нь 1998.02.18-ны өдрийн 287 дугаартай эрхийн бичгээр гурван өрөө 36 м.кв сууц байрыг хувьчилж өгнө үү гэх өргөдөл гаргаж үйлчилгээний хураамж 6,900 төгрөг төлж байсан зэрэг баримтуудаар нотлогддог боловч тус байрыг Ш.Б болон түүний төрсөн хүү Б.Ө нарын нэр дээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар үл хөдлөх бүртгэлийн газар бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон, мөн Б.Ө-д хуульд заасан зохицуулалтын дагуу өмчлөх эрх үүснэ гэж дүгнэх боломжгүй.
Хэрэв шүүхээс Б.Ө-ыг тус байрны хууль ёсны өмчлөгч мөн гэж дүгнэсэн тохиолдолд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Ш.Б-гийн төрсөн хүү Б.Ө нь хууль ёсны өвлөгч мөн боловч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өв нээлгэхэд өвлүүлэгчийн өмч болохыг нотолсон баримт бичиг зайлшгүй байхаар заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд тус байр нь өвлүүлэгчийн буюу Ш.Б-гийн өмч гэдгийг нотолсон өмчлөх эрхийн гэрчилгээ Улсын бүртгэлийн хэлтсээс гараагүй.
Б.Ө нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд өв хүлээн авах буюу тус байрны өмчлөгчөөр тогтоолгох хүссэн өргөдөл Улсын бүртгэлийн хэлтэст болон нотариатад гаргаагүй байх тул Б.Ө-ыг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
Тус байрны өмчлөгчөөр одоогийн байдлаар хэн нэгэн хүн бүртгэгдээгүй, тиймээс хуульд заасан давуу эрхийнхээ хүрээнд 0000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан.
Тус байрыг 2003 оноос өнөөдрийг хүртэл 22 жилийн хугацаанд “Б” ТӨХК-ийн харьяа Х хувьцаат компани нь эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд тус байрны өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй, Ш.Б-гийн төрсөн хүү Б.Ө гэх хүн хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, түүний эцэг, эх хоёр Б.Ө-ыг бага байхад салсан. Түүнээс хойш Ш.Б нь хүү Б.Ө-тайгаа огт холбогдож байхгүй, Ш.Б-г 2022.01.08-нд нас барахад хүү Б.Ө нь ирээгүй гэх гэрчийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан.
“Б” ТӨХК-ийн харьяа Х хувьцаат компани нь Ц.О гэх хүнээс 2003 онд тус байрыг худалдан авсан гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе эхлэхийн өмнөхөн мэдэж, хуралдааныг хойшлуулж, Ц.О гэх хүнээс гэрчийн мэдүүлгийг авхуулсан. Энэ цаг хугацаанаас өмнө нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн харьяа Х хувьцаат компани нь тус байрыг хэн гэдэг хүнээс худалдан авсан гэдийг мэдэхгүй байсан. Энэ талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой бичсэн мөн гэрч С.Б, гэрч Н.Ц-ийн мэдүүлгээр давхар нотлогддог бөгөөд тус байранд 2003 оноос өнөөдрийг хүртэл “Б” ТӨХК-ийн харьяа “Х” ХК үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчлэх төв болгон ашиглаж, эзэмшиж байгаа болох нь орон сууц хэрэглээний цэвэр ус болон халаалтын төлбөрийг 2008 оноос төлсөн баримт, 2003 оноос өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн баримт, Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний “Х” ХХК-ийн 2024.03.28-ны өдрийн 93 дугаартай тодорхойлолт болон төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Хэнтий аймгийн татварын газрын 2024.10.23-ны өдрийн тодорхойлолт, гэрч С.Б, Н.Ц, Р.С, Ж.Ө, Ц.О нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд анхан шатны шүүх ч мөн 2003 оноос өнөөдрийг хүртэл “Б” ТӨХК-ийн харьяа Х ХК нь тус байрыг эзэмшиж, ашиглаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Тиймээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Б” ТӨХК-ийн харьяа Х ХК нь хууль ёсны эзэмшигч мөн, иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Б” ТӨХК-ийн харьяа Х ХК нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжтой.
Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсны эзэмшигчээр ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид авах давуу эрхтэй байхаар хуульчилсан. Манай байгууллагын зүгээс Ш.Б гэх хүнийг улсын бүртгэлийн байгууллагад 1998 онд тус орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулах өргөдөл болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж байсан гэдгийг Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримттай танилцах үедээ мэдсэн.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.20-ны өдрийн 001/ШХТ2025/00321 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. “Б” ТӨХК нь анх шүүхэд “...0000 тоот орон сууц, 0000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024.10.30-ны өдрийн шүүх хуралдаан дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...0000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” гэж багасгаж, үндэслэлээ “...0000 тоот орон сууцыг 2003 онд манай компанийн зүгээс тухайн сумын иргэнээс хэрэглэгчид үйлчлэх төв болгох зорилгоор худалдаж авч байсан. Тухайн байрыг худалдаж авах үедээ байрны гэрчилгээг өөрийн болгож аваагүй юм. Учир нь тухайн үед байгууллагын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байсан. Энэхүү байрыг худалдан авсан цагаас хойш манай компани ажлын байр хэлбэрээр ашиглаж байгаа. Энэ байрны цэвэр, бохир, дулаан, тогны зардал гэх мэт хэрэглээний зардлыг худалдан авсан цагаас бүгдийг манай байгууллагаас төлж ирсэн. Одоо ч уг байр манай компанийн Бэрх тосгон дахь хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр ажиллаж байгаа. Энэхүү байр нь манай компанийн өмч бөгөөд Бэрх тосгонд ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдээ тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд орон сууцаар хангаж уг орон сууцад амьдрах нөхцөлөөр хангадаг бөгөөд уг байранд манай ажилчид амьдардаг юм. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахад өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүссэн. ...” гэж тодорхойлжээ.
8. Анхан шатны шүүх “... 0000 тоот орон сууцыг гэрч Ц.О нь 2003 онд Х салбарт худалдаж байсан байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т ... мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т ..., мөн 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус зохицуулснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын тулд хэрэв хэлцлийн үндсэн дээр хийгдэж байгаа бол хэлцэл буюу гэрээг өмчлөгч болон түүний итгэмжлэн хариуцсан этгээдтэй бичгээр хийж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь өмчлөгч биш этгээд болох Ц.О-ээс худалдан авсан нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар хэлцэл хийсэн болон уг үл хөдлөх хөрөнгийн шинэ өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн байгууллага дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гардаггүй байсан, тухайн үед хайхрамжгүй хандсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нь өөрийн үйлдлийн талаар бүрэн гүйцэд ойлгож ухамсарлаж байх боломжтой ба Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. ... Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь иргэн Ш-ын Б, Б-гийн Ө нарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байна. Иргэн Ш.Б нь нас барсан болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.08.13-ны өдрийн 1/460 дугаартай албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Ш.З-гийн мэдүүлгээр нотлогдож байх боловч хөрөнгийн өмчлөл нь дараагийн өмчлөгчид хуульд заасан зохицуулалтын дагуу үүсэх ёстой. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар иргэн Ш.Б, Б.Ө нар нь өмч хувьчлалаар уг орон сууцны өмчлөгч болсон байх тул Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдсэн уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “... хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэлд заасан орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгө нь “Б” ТӨХК-ийн харьяа Х-ын нэр дээр бүртгэгдсэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид шилжээгүй, худалдан авсан гэх орон сууц нь эрхийн доголдолтой байгаа тул нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж тогтоох үндэслэлгүй байна. ... нэхэмжлэгч тал уг орон сууцыг анх худалдаж авах үедээ улсын бүртгэлд Ц.О-ийн нэр дээр бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжтой байсан байх тул Б төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Х-ыг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигчийн өмчлөх эрхийг олж авах давуу эрхийн талаар тусгасан бөгөөд “Б” ТӨХК-ийн харьяа Х нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийг үндэслэн олж авсан талаараа шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч үйл баримтад дүгнэлт хийхдээ эрх бүхий этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, хувьчлах талаар ямар нэгэн шийдвэр, холбогдох баримт лавлагаа хэрэгт хавсаргагдаагүй байхад дээрх орон сууцыг Ш.Б, Б.Ө нар өмч хувьчлалаар хувьчилж аваад, улсын бүртгэлд бүртгүүлсэн мэтээр дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Харин 0000 тоот орон сууцны өмчлөгч хэн болох нь хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.
10. Хоёр шатны шүүх хэргийн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс маргаантай харилцаанд хэрэглэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
11. Анхан шатны шүүх “Б” ТӨХК нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлдээ хариуцагчийг зааж, тодорхойлоогүй байхад иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагчгүй, онцгой ажиллагааны журмаар хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулалгүй хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй гэж үзнэ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргүүдийг тухайлан зааж өгсөн бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй. Эрх зүйн маргаангүй гэдэг утгаараа эсрэг талын зохигч буюу хариуцагч байхгүй байна. Иймд энэ төрлийн нэхэмжлэл нь ямар нэг этгээдэд хандаж гаргасан шаардлага биш байдаг.
13. Хэрэгт авагдсан баримтаар Ш.Б нь 0000 тоот орон сууцыг эзэмшиж, улмаар 1998.02.18-ны өдөр Бэрхийн үйлдвэрийн дарга О.О, Хотын захирагч Д.Д нартай орон сууц ашиглалтын гэрээ байгуулж, Ш.Б нь 2000.09.19-ний өдөр Хэнтий аймгийн орон сууц хувьчлах товчоонд “...Б ТӨҮГ-аас олгосон 1998.02.18-ны өдрийн 287 дугаартай эрхийн бичгээр гурван өрөө 36 м.кв орон сууцны байрыг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хэлэлцэн тохирсноор сайн дурын үндсэн дээр хувьчилж авах болсон тул шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг 2000.09.19-ний өдөр гаргаж байсан. Улмаар 2000.11.10-ны өдөр Ш.Б нь 0000 тоот орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулах өргөдөл гаргаж, хамтран өмчлөгчөөр Б.Ө, Ш.Б нарын нэр бичигдэж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж байсан, 2000.09.19-ний өдрийн 63 дугаартай “Ш.Б нь 0000 тоот байранд оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт болон маргаан бүхий байранд одоо нэхэмжлэгч “Б” ТӨХК-ийн харьяа Х ХК үйл ажиллагаа явуулдаг зэрэг үйл баримт тогтоогдсон.
14. Мөн нэхэмжлэгч “Б” ТӨХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2003 онд Ц.О-ээс худалдан авч хэрэглэгчид үйлчлэх төвийн зориулалтаар ашиглаж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлэх зорилготой гэснээс үзэхэд өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, сэргээн тогтоолгох агуулгатай буюу хэргийн үйл баримт маргаантай болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
15. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156/ШШ2024/00488 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 226/МА2025/00003 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай “Б” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД