Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

иргэдийн төлөөлөгч Н.Эрдэнэбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Сэргэлэнбат, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Сэргэлэнбатад холбогдох эрүүгийн 201525011466 дугаартай, 105/2017/0234/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, ах, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 9 гудамж, 18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоон, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 28 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Болдын Сэргэлэнбат, /РД:СЧ82111576/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Сэргэлэнбат нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хүнсний захаар үйлчлүүлж байсан иргэн С.Урансанаагийн халааснаас Айфон-5 загварын гар утас,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудал дээр иргэн А.Мөнхнарангийн халааснаас Айфон-5 загварын гар утас,

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пэйс тауэр” худалдааны төвийн үүдний хэсэгт ирсэн З.Тамирын халааснаас 100.000 төгрөгийн үнэ бүхий түрийвчтэй бэлэн 250.000 төгрөгийг тус тус хулгайлсан,

Дээрх хэргүүдэд шалгагдаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 17-ны хооронд мөн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны хооронд тус тус мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Б.Сүхбаттай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-224 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг загварын зурагт,

2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Манпад овоо 31-62 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн зурагт хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Сэргэлэнбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлж, хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд намайг байцаагч дээр байхад Базаррагчаа гэдэг хүн машин угаалгах гээд авч явсан бөгөөд машинаа угаачихаад яваарай гэж хэлсэн. Би хорих байрнаас дөрвөн сарын хугацаатай гарч явснаа хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар давтан гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хохирогч С.Урансанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Худалдан авалт хийж байгаад гадуур хүрэмний баруун талын халааснаас Айфон-5 загварын гар утсаа алдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 70-72 дугаар хуудас/,

Хохирогч А.Мөнхнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тролейбусанд найз Оюундэлгэрийн хамт явж байтал манай найз “чиний халааснаас чинь нэг хүн юм аваад буучихлаа” гэж хэлсэн. Шалгаад үзсэн чинь миний халаасанд байсан Айфон-5 маркийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 73-75 дугаар хуудас/,

Гэрч Б.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнхнарангийн хамт тролейбусны урд хаалгаар орох гэж байхад урдуур нэг хүн дайраад шатаар гарсан ба яг шатаар гарсан чинь нөгөө хүн шууд буцаад сөрөөд буугаад явсан. Тэгээд би Мөнхнаранг чиний халаасанд юу байсан бэ гэж асуухад миний утас алга болсон байна гэсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 79 дүгээр хуудас/,

Хохирогч З.Тамирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэтэвчээ гэртээ орхисон байсан учир найз Хулан руу залгаад аваад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би хэтэвчиндээ гутал авахаар 250.000 төгрөг хийсэн байсан. Пийс Таур дээр ирсэн чинь Хулан миний түрүүвчийг алдчихсан гэсэн. Хэтэвчээ хоёр жилийн өмнө Их дэлгүүрээс 120.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 76-77 дугаар хуудас/,

Гэрч Л.Хулангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тамир яриад гэрээс хэтэвч аваад Пийс Таурт хүрээд ир гэж хэлсэн. Пийс Таур руу ороо, гараад дахиад орсон бөгөөд энэ хооронд миний халаасанд байсан Тамирийн хэтэвч алга болсон. Хэтэвчинд Тамирт гутал авахаар хадам ээжээс авсан 250.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 78 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг ажил дээр байж байхад найз Батзул нар руу утасдаад “чамаас авсан гагнуурын аппаратыг чинь авчирсан чинь танай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон юм шиг байна” гэж хэлсэн. Гэрийн эд хогшлыг бүртгэж үзэхэд 40 инчийн Самсунг маркийн зурагт, удирдлагын хамт алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 21-23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг зурагтыг 350.000 төгрөгөнд авсан, дараа нь Уянга гэж эмэгтэй 40.000 төгрөг нэмж авсан. Хүүтэйгээ нийлээд 418.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /3 хх 24-25 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ажил дээрээ байж байхад ээж нар руу утасдаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Манай гэрээс 43 инчийн Самсунг брендийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 110-111 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.Баттамирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өндөр хар царайтай залуу 43 инчийн Самсунг маркийн зурагт барьж орж ирэхээр нь шалгаад 250.000 төгрөгөөр барьцаалсан. Цаана зогсож байсан залуугаа дуудаж надад бичиг баримтыг нь бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг. /3 хх 112-113 дугаар хуудас/,

Гэрч Б.Дэмчигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нэг хүн гараа өргөхөөр нь суулгахад хажуугийн гудманд орж айлын гадаа очиход дотроос нэг залуу том хар өнгийн зурагт тэвэрч гарч ирсэн. ТҮЦ машинаас лавлагаа авч болохгүй байна чи бичиг баримттай бол зурагт ломбарданд барьцаалаад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрч бичиг баримтаараа зурагтыг нь 250.000 төгрөгөөр барьцаалсан...” гэх мэдүүлэг. /3 хх 16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 18, 23, 30, 3 хх 61, 62, 119 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3 хх 20 дугаар хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн оргодол эрэн сурвалжлах асап сангийн бүртгэл /3 хх 34 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1212 дугаар мөрдөн байцаалтын ажиллгагаа түдгэлзүүлэх тогтоол /5 хх 10 дугаар хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 349а дугаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тогтоол /5 хх 13 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 176 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбат нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хүнсний захаар үйлчлүүлж байсан иргэн С.Урансанаагийн халааснаас Айфон-5 загварын гар утас,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудал дээр иргэн А.Мөнхнарангийн халааснаас Айфон-5 загварын гар утас,

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пэйс тауэр” худалдааны төвийн үүдний хэсэгт ирсэн З.Тамирын халааснаас 100.000 төгрөгийн үнэ бүхий түрийвчтэй бэлэн 250.000 төгрөгийг тус тус хулгайлсан,

Б.Сүхбаттай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-224 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг загварын зурагт,

2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Манпад овоо 31-62 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 43 инчийн зурагт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Харин дээрх хэргүүдэд шалгагдаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 17-ны хооронд мөн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны хооронд тус тус мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Сэргэлэнбатад 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл байнга буюу түр оршин суугаа газраа зөвшөөрөлгүй орхиж явсан, эсхүл дуудсан цагт ирээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны хооронд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, дуудсан цагт нь ирээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Сэргэлэнбатын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж байх тул ялтай байдал арилсан байна. Иймд шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Б.Сэргэлэнбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь тодорхой хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Сэргэлэнбат нь Б.Сүхбат гэгчтэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Б.Сүхбатад холбогдох үйлдлийг энэ хэргээс тусгаарласан бөгөөд /5 хх 146/ иргэний нэхэмжлэгч С.Ганзоригт учруулсан 350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Баттамирт учруулсан 250.000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлж төлүүлэх үндэслэлтэй байна. Хохирогч Б.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхжаргал нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /3 хх 18, 109 дүгээр хуудас/ тогтоогдлоо.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Сэргэлэнбатын цагдан хоригдсон 367 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Сэргэлэнбатаас 1.700.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Урансанаад 800.000 төгрөг, А.Мөнхнаранд 250.000 төгрөг, З.Тамир 350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ганзоригт 175.000 төгрөг, А.Баттамирт 125.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.