| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 143/2021/00153/и |
| Дугаар | 133/ШШ2021/00569 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2021/00569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн
Нэхэмжлэгч: Ц.О-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.З-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О/цахимаар/, хариуцагч О.З /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О миний бие О.З-тай 2008 онд анх танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. О.З-тай гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр том охин З.Б, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бага охин З.Х нар төрсөн. Нөхөр болох О.З нь гэр бүл болж, хамт амьдарч эхэлсэн үеэс манай нутгийн хүн биш учир хүмүүстэй танилцаж, нөхөрлөж байна гэх шалтгаанаар ойр ойрхон архи согтууруулах ундааны зүйл бага багаар хэрэглэж байсан. 2012 оны архи ууж, согтуу ирээд агсарч, хэл ам үүсгээд тэр үед анх надад гар хүрч байсан. Маргааш нь эрүүл болсон үедээ надаас уучлалт гуйгаад бид эвлэрч байсан. Гэвч О.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсонгүй, их бага хэмжээгээр хэрэглэсээр байсан бөгөөд бид хоёрын дунд архинаас болоод хэрүүл маргаан тасрахаа байсан. 2013 онд мөн архи ууж, агсам согтуу тавиад байхаар нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, эрүүлжүүлж байсан. Миний бие 2013 онд жирэмсэн байсан. Жирэмсэн үед ч гэсэн архи ууж, хэрүүл маргаан хийж, надад гар хүрч алгадаж цохиж, зоддог байсан. Тэглээ гээд энэ хүний архи уух нь багасаагүй, улам л архинд орж, намайг хэл амаар доромжилж, цохиж зодох болсон. Миний тэвчээр барагдаж, 2016 оны 07 дугаар сард зодохоор нь аргагүйн эрхэнд өөрийнхөө гэр бүлд энэ байдлыг хэлсэн. Тэр үед О.З манай аав, ээжээс уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй сайхан амьдарна гэж баталгаа хүртэл бичиж өгсөн болохоор нь хоёр хүүхдээ бодоод дахин уучилж, хамт амьдарсан. О.З нь хэлсэндээ хүрээгүй мөн л урьдын адил архи ууж, агсам согтуу тавин, зодож гар хүрсээр байсан учир миний бие гэрлэлтээ цуцлуулахаар 2017 онд Өмнөговь аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлагчтай бид хоёр уулзаж ярилцаад эвлэрсэн боловч мөн л адил зан ааш нь засраагүй хэвээрээ байсан учраас 2020 оны 09 дүгээр сард дахин шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаанд миний бие эвлэрэх боломжгүй дахин энэ хүнд итгэж, найдах боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн болохоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Одоо нөхөр болох О.З бид хоёр тусдаа амьдарч байгаа. О.З 2020 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумруу эхрүүгээ явсан. Түүнээс хойш О.З нь архи уусан согтуу үедээ залгаж ярьдаг мөн хаяа эрүүл үедээ 2 охинтойгоо утсаар ярьдаг. Нөхөр О.З-с тусдаа амьдарснаас хойш миний бие болон 2 охин маань айж эмээх зүйлгүй, тайван амьдарч байна. Хоёр охин маань ч аавтайгаа хамт амьдрахгүй, ээжтэйгээ хамт амьдрах нь гоё байна гэж ярьдаг. Иймд 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0123458/04 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж, 2010 оны 05 дугаар сарын 04-ны өдөр төрсөн охин З.Б, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бага охин З.Х нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.З нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: О овогтой З миний бие 2008 онд Ц овогтой О танилцаж, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд айл болон амьдарч 2010 онд том охиноо өлгийдөн авсан. 2020 оны 08 сард архи ууж, эхнэр Ц.О-тай маргалдан салах болсон. Миний архи уудаг нь миний буруу. Эхнэр Ц.О нь гэр бүл цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2 охиныхоо ирээдүйг бодон цаашид архи уухгүй сайхан амьдарч чадна. Надад салах хүсэл үнэндээ алга. Хэрэв гэрлэлт цуцалсан тохиолдолд том охин З.Б-г өөрийн асрамжид авна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч О.З-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин З.Б, З.Х нарыг өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, охин З.Б, З.Х нарыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл[1] гаргажээ.
Хариуцагч О.З нь нэхэмжлэгч Ц.О-с гэрлэлтээ цуцлуулахыг эс зөвшөөрч “Хоёр охиныхоо ирээдүйг бодоод цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй” гэсэн тайлбарыг[2] гаргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч О.З нар нь гэрлэлтээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээрт бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар[3] тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүсчээ.
Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч О.Зэсбаатарт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргажээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Г-н 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар тэмдэглэлээс[4] үзэхэд “Өргөдөл гаргагч Ц.О нь эвлэрэх саналгүй, ахин эвлэрч хамт амьдрах боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон” гэжээ.
Улмаар нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч О.З-т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн[5].
Зохигчийн дундаас 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр охин З.Б , 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин З.Х нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар[6] тогтоогдов.
Хариуцагч О.З нь хоёр охиныхоо ирээдүйг бодоод нэхэмжлэгч Ц.О-с гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэн хамтран амьдрах хүсэлтэй гэсэн тайлбарыг[7] шүүх хуралдаанд гаргасан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна”, 132.4 дэх хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно”,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ”, 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах хуульд тусгайлан заасан тохиолдол үүсээгүй бол шүүх гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахаар байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч О.З-т холбогдуулан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн холбогдолтой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахаас татгалзах үндэслэл болохгүй гэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт тус тус заажээ.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 133/ШЗ2021/01264 дүгээр шүүгчийн захирамжаар[8] Ц.О-н нэхэмжлэлтэй О.З-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасан.
Уг шүүгчийн захирамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаагаас гэрчлэгчдийг эвлэрүүлэн арга хэмжээ авч, гэрлэгчидтэй уулзалт боловч үр дүнд хүрээгүй, 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, эвлэрэх боломжгүй, Ц.О нь гэрлэлтээ цуцлуулах санал гаргажээ.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр Ц.О-н өргөдөлтэй О.З-т холбогдох эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дүгээр тэмдэглэлээр[9] нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт “Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэгт зохигч цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүйг хэлдэг. Үүнд эхнэр, нөхрийн хэн нэг нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан зэргийг хамааруулж үздэг болно.
Нэхэмжлэгч Ц.О нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “Хариуцагч О.З нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, агсам согтуу тавьдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа” гэж тодорхойлсон.
Уг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрч Д.Ц, Г.М нарын “О.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ц.О-г зоддог” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд уг үйл баримтыг хариуцагч О.З үгүйсгэсэнгүй.
Үүнээс үзэхэд гэрлэлт цуцлах шалтгаан нь хариуцагчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтуурсан үедээ нэхэмжлэгчийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнтэй холбоотой.
Хэдийгээр хариуцагч О.З нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч Ц.О нь гэрлэлтээ цуцлуулна, эвлэрэх боломжгүй гэсэн тайлбарыг удаа дараагийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргасан.
Иймд нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч О.З нарын Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээрт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцлах эрх зүйн үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болдог. Гэрлэлт дуусгавар болсноор хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг үүсгэдэг.
Шүүхээс гэрлэлт цуцалсан тохиолдолд нэхэмжлэгч Ц.О нь охин З.Б , З.Х нарыг өөрийн асрамжид, хариуцагч О.З нь том охин З.Б г өөрийн асрамжид тус тус авахыг хүсч буйгаа тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд тайлбарласан[10].
Үүнээс үзэхэд зохигч нь гэрлэгчид гэрлэлт цуцлах үед том охин З.Б г хэний асрамжид үлдээх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохироогүй байна. Харин бага охин З.Хүслэнзаяаг эх Ц.О-н асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрчээ.
Энэ тохиолдолд шүүхээс зохигчийн тайлбар, хүүхдийн санал, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хүүхдийн асрамжийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолтод[11] “З.Б , З.Х нар нь эх Ц.О-н асрамжид эрүүл бойжиж байгаа”-г тодорхойлжээ.
Зохигчийн тайлбараар охин З.Б , З.Х нар нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нь тогтоогдов.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.У-н 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн санал асуусан тэмдэглэлээс[12] үзэхэд охин З.Б , З.Х нар нь “Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эх О.Отгонбаяртай хамт амьдарна” гэж хүсэл зоригоо илэрхийлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “....хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу охин З.Б , З.Х нарын санал болон тэдний одоогийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавар үүсч болзошгүйг харгалзан үзэж, эх Ц.О-н асрамжид үлдээх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу охин З.Б , З.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Зэсбаатараас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.
Эцэг О.З-с гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Ц.О нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү охин З.Б , З.Х нарын хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй болно.
Тэтгэлэг нь охин З.Б , З.Х нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг О.З нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг Ц.О-с шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар эцэг,эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй.
Нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч О.З нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу охин З.Б , З.Х нарыг нарыг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэй.
Энэхүү үүргээ биелүүлэхэд нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу зохигч нь харилцан бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”,
60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”,
63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангасан болох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах зэрэг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 234,911 төгрөгийг хариуцагч О.З-с гаргуулан 140,400 төгрөгийг нэхэмжлэгч Ц.О-д олгож, үлдэх 94,591 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О болон хариуцагч О.З нарын Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээрт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, охин З.Б , 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, охин З.Х нарыг эх Ц.О-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан охин З.Б , З.Х нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.З-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.З-с гаргуулсан тэтгэлгийг гагцхүү охин З.Б , З.Х нарын хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.О-т даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О нь тэтгэлгийг охин З.Б, З.Х нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд хариуцагч О.З нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хишигжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400/нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.З-с 140,400/нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-т олгож, хариуцагч О.З-с 94,591/ерөн дөрвөн мянга таван зуун ерөн нэг/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
[1] Хавтаст хэргийн 1-2 хуудас
[2] Хавтаст хэргийн 45 хуудас
[3] Хавтаст хэргийн 7 хуудас
[4] Хавтаст хэргийн 90 хуудас
[5] Хавтаст хэргийн 61 хуудас
[6] Хавтаст хэргийн 8-9 хуудас
[7] Хавтаст хэргийн 62 хуудас
[8] Хавтаст хэргийн 68-71 хуудас
[9] Хавтаст хэргийн 84 хуудас
[10] Хавтаст хэргийн 63-64 хуудас
[11] Хавтаст хэргийн 10-11 хуудас
[12] Хавтаст хэргийн 27-28 хуудас