| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/02957/И |
| Дугаар | 001/хт2025/00066 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/хт2025/00066
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2025/00098 дугаар магадлалтай,
“Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох,
Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, Ц.Ц, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа “М” ХХК, “Б” ХХК нарын эзэмшлийн барилга болон түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч “М” ХХК, “Б” ХХК нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2025/00098 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Л.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дүгээр шийдвэр, 2025.01.10-ны өдрийн 210/МА2025/00098 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлүүдээр энэ гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргаж байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрхийн газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхисон.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ компанийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газрын аль хэсэгт байрлаж байгаа барилга, түшиц ханыг буулгах газрын аль цэг дээрх барилгыг чөлөөлөх нь тодорхойгүй, хариуцагч тус бүрээс юу шаардсан тухайгаа огт бичээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “... уг зөвшөөрөлгүй баригдсан барилгын суурийн нэг давхар нь “М” ХХК-ийн эзэмшилд нэгээс дээш давхар нь “Б” ХХК-ийн эзэмшилд байдаг тул барилга, түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэгч талаас огт тодруулаагүй байхад дүгнэсэн.
Нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 0,7 га газарт одоогийн байдлаар нэхэмжлэгчийн 12 давхар 2 ширхэг орон сууц баригдаж ашиглалтад орсон, маргаан бүхий барилгын хамт нийт 3 барилга байгууламж байхад газрын цэг байрлал тодорхойгүй, хариуцагч нар барилгын аль давхрыг хариуцах, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байна.
Тухайн газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгах нэхэмжлэл байгаа, гэтэл барилга буулгах гэж бие даасан хуулийн нэр томьёо огт байхгүй бөгөөд хэрэв барьж босгосон аливаа зүйл, барилгын ажлын үр дүнд баригдсан үл хөдлөх хөрөнгийг буулгахыг шаардах бол Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “барилга байгууламж” гэсэн нэршилтэй, улсын комиссын актад барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, буулгах, нураах асуудал хамаардаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зөвхөн барилга гэж шаардсан, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр барилга байгууламжийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буулгахаар заасан байхад “Барилга” буулгах гэж хуульд заагаагүй ойлголтоор нэхэмжлэл гаргаж, түүнийг нь шүүх хуульд нийцүүлэн дүгнэхгүй хуулийг зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1-д газрын үндсэн бүрдэл хэсэгт “...байшин, барилга байгууламж болон бусад зүйл” гэдэгт үл хөдлөх, хөдлөх хөрөнгө хамаарна гэж тодорхой заасан.
Мөн тогтоолд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэдэгт өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулах байтал “Б” ХХК нь О.О-гээс худалдан авсан, тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүртэл шилжсэн тул шударга эзэмшигч мөн байхад шүүх биш гэж дээд шүүхийн тогтоолыг тус тус зөрүүтэй хэрэглэсэн.
Түшиц хана гэдэг нь барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20-д зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл олгогдсон, үер уснаас хамгаалсан далан хамгаалалт төдийгүй төр, олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн эсэх нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй, улмаар нэхэмжлэгч нь түшиц ханыг буулгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын хэн алинаас шаардсан нь тодорхойгүй, хэний өмч хөрөнгө болох нь тогтоогдоогүй байхад маргааны үйл баримтыг тогтоохгүй нэхэмжлэлийг шийдвэрлэжээ.
“Ж” ХХК нь нэхэмжлэл гаргах шаардах эрхтэй этгээд мөн эсэхэд шүүх зөв дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ анх 2004 онд “Ж” ХХК нь 2.8 га талбайг эзэмшиж байсан, маргаан бүхий газар нь уг солбицол бүхий газрын нэг газар бөгөөд өөрийн охин компани болох “Ж” ХХК нь 2012.12.14-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 0,7 га газрыг шилжүүлсэн гэж тодорхойлсон.
Гэтэл маргаан бүхий газар дээр 2008-2009 онд дулаан дамжуулах төвийн барилга байгууламж баригдаж дууссан, “Ж” ХХК газар ашиглах эрхийн гэрчилгээг 3 удаа шинэчлэн сунгуулж байх үед тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг мэдэх ёстой байсан төдийгүй, өргөтгөлийн барилга баригдаж байхад, 2024 оныг хүртэл манай компанитай маргаагүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрээний 4.2-т зааснаар ашиглаж байгаа болон хариуцан хамгаалж байгаа өөрийн газарт хяналт тавих чиг үүрэг нь газар ашиглагчид байхад зөвхөн 2017 онд “Г” ХХК-аар газарт хэмжилт хийлгэхэд “М” ХХК нь манай газарт дур мэдэн дулаан дамжуулах төвийн барилга барьсан болохыг мэдсэн гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан. Энэ тайлбар нь зөвхөн хариуцагч “М” ХХК-ийн шаардах эрхэд хамаарна.
Иймд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ж” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, өөрийн ашиглах эрхийн газраас 0.7 га газрыг шилжүүлж өгөх үед тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг охин компанидаа шилжүүлэн өгсөн эсэх, шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус байна.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч “Б” ХХК-ийн захирал Л.А, иргэн О.О, Л.Б нар нь төрөл садан буюу хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдсон тул “Б” ХХК нь эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус этгээдэд хамаатуулсан, гэтэл шүүх зөвхөн хавтаст хэргийн хүрээнд маргааныг шийдвэрлэх байтал хэргийн оролцогч биш этгээдүүдийг маргаанд хамааруулж дүгнэсэн.
Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж нь иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадварыг хэлэх бөгөөд хамаатан садан байлаа гээд шүүх хэрэг маргааныг хамаатуулан шийдвэрлэж байгаа нь хүн бүр хуулийн өмнө тэгш байх үндсэн зарчмыг зөрчсөн.
Хавтас хэрэгт нэхэмжлэгч өмчлөгч гэсэн нэг ч нотлох баримт байхгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхийг олгосон байгаа нь өмчлөгч гэж үзэхгүй, тус газрын өмчлөгч нь Үндсэн хуульд зааснаар төрийн өмч юм.
“Ж” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг 2.8 га талбайд байгуулж, тус гэрээний 2.б-д зааснаар 2009.06.04-ний өдөр гэрээний хугацаа дууссан.
Улмаар “Ж” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт 2010.01.18-ны өдрийн газар ашиглах гэрээг шинээр 7000 м.кв талбайд байгуулж, газар ашиглах эрх үүссэн цаг үеэс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул өөрийн ашиглалтын газарт ашиглах, эзэмших эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Тухайн үед дулаан дамжуулах төвийн барилгыг хариуцагч “М” ХХК бариад дууссан, ашиглалтад өгсөн байсан тухай талуудын тайлбарт маргадаггүй.
Улмаар олон жил тус төвөөс дулаан, ус сувгийн техникийн нөхцөл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, нэхэмжлэгч компанийн барилгууд хүртэл холболт авч, барилгын төслөө хэрэгжүүлж дууссан байсан.
Иймд дулаан дамжуулах төвийн барилга нь подвалын давхарт байрлаж байгаа, түүн дундуур 2 том шугам ирэх, буцах замаар холбогдсон одоо хэвийн ажиллаж байна. Энэ тухай 2025.01.10-ны өдрийн шүүх хуралдаанд талууд тайлбарласан, барилгыг буулгасны дараа шугамыг холбоод үлдээж болно гэсэн тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд хэлсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдох ажлыг дур мэдэн тайлбарласан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох барилгыг буулгах ажиллагаанд подвалын давхар мөн хамаарч байгаа, тус 2 том шугамын өмчлөгч нь Улсын дээд шүүхийн 2018.10.18-ны өдрийн тогтоолоор ЦТП болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг “М” ХХК 50 хувь, О.О 50 хувь өмчлөх, эзэмших эрхтэй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад О.О-г хамтран хариуцагчаар энэ хэрэгт оролцуулаагүй.
Учир нь ЦТП-г “М” ХХК-ийн өмч гэдгийг талууд тайлбарласан болохоос биш нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, шүүх үндэслэлдээ дурдаагүй, харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн 50 хувийн эрх хэмжээнээс хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрчээ.
2013.04.26-ны өдөр О.О-гийн 2 давхар 210.6 м.кв үл хөдлөх хөрөнгө, 2015 онд 795.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байсан нь Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн 427 дугаар магадлалаар тогтоогдсон байхад эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг буулгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй, улмаар подвалын давхар, инженерийн шугам сүлжээ барилга гэсэн нэхэмжлэлийн шаардлагад орсон эсэх нь нэхэмжлэлд тодорхойгүй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн 427 дугаар магадлалын 9-р талд “Ж” ХХК нь дулааны төвийн барилгыг хүлээн зөвшөөрсөн буюу дулааны шугамаас холболт хийж, нэхэмжлэгч өөрийн барьж буй барилгадаа дулаан авсан холболт нь одоо ч хэвээрээ байгаа гэх тайлбар байх тул нэхэмжлэгчийн барилга гэх шаардлага нь ЦТП, түүний барилгын дээр баригдсан 2 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгө, бусад байгууллагад олгогдсон дулааны шугамын холболтууд, өнөөдөр яг хэний эзэмшилд байгаа зэрэг үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед 2017.11.15-ны өдрийн эвлэрлийн гэрээг “Ж” ХХК, “М” ХХК-тай байгуулсан гэрээгээр дулаан дамжуулах шугам болон цахилгаан дамжуулах төвөөс нэхэмжлэгч компанийн барьж байгаа барилга руу дулаан хангамж, цахилгаан хангамжийг үнэгүй хийж, 500 сая төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээ хавтас хэрэгт хүчин төгөлдөр байгаа нь нэхэмжлэгч өөрийн ашиглах эрх бүхий газарт цахилгаан дулаан дамжуулах төвийн барилга байгууламж 2008 оноос хойш байсан болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг тус гэрээгээр нотолж байна.
Иймд нэхэмжлэгч анх газрыг шилжүүлэн авсан 2013 онд шилжүүлэн авч байгаа газар нь эрхийн болон биет байдлын доголдолтой эсэхийг шалгаж, хүлээн авах бүрэн боломжтой байсан төдийгүй газар ашиглах эрхийг шилжүүлэх үед Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-т заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар шилжүүлэн авч байгаа компани 2013 онд хийлгэсэн тохиолдолд газар ашиглах эрхийг шилжүүлдэг тул тус газар дээрх барилгыг нэхэмжлэгч тал шилжүүлэн авах үедээ мэдэх ёстой байсан, үүнийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрч, барилгын холболт хүртэл авч байсан.
Шүүх хариуцагч 2 хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад тус бүрд нь хэргийн үйл баримт, хөөн хэлэлцэх хугацааг зааглаж дүгнээгүйгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 заалтыг тус тус зөрүүтэй хэрэглэсэн.
Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ 2004 оноос толгой компани газрыг ашиглаж, эзэмшиж ирсэн гэж тайлбарладаг тул хөөн хэлэлцэх хугацааг ашиглалтын газар дээр барилга 2008 онд баригдаж дууссан байсан, 2009 онд маргаан бүхий газар ашиглах эрх цуцлагдаж, төрийн ашиглалтад байх үед нь 2010.01.18-ны өдөр 2010/18 дугаарын газар ашиглах гэрээг шинээр дахин “Ж” ХХК-тай Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар байгуулсан тул барилга баригдсан болохыг мэдэх ёстой үеэс шаардана.
Нэхэмжлэгч нь “Ж” ХХК буюу өөрийн толгой компаниас маргаан бүхий газрыг шилжүүлж авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон тул газар, түүн дээрх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрх олгосон эсэх, барилгын хамт худалдсан эсэх тодорхойгүй, нотлох баримтгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх 15 жилийн хугацаа дууссан.
Учир нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан анх 2024.04.22-ны өдөр 2024/08 дугаартай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Г” ХХК-ийн 2017.05.25-ны өдрийн тодорхойлолтыг тус компанийн ерөнхий инженер Д.М гаргасан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй, мөн тус тодорхойлолтыг “М” ХХК-д хүргүүллээ гэсэн мөртлөө О.О-д мөн адил хүргүүлээгүй нотлох баримтыг шүүх үнэн зөв үнэлээгүй, улмаар шүүхийн дүгнэлтээр кадастрын зурагт /хх-7-8/ “М” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан дулаан дамжуулах төвийн барилга “Ж” ХХК-ийн ашиглалтад буй газарт байрласан болохыг тогтоосон болохоос биш, “Б” ХХК-ийн барилга байгааг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 5.5-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт” гэж “Г” ХХК-ийн тодорхойлолтыг шүүхийн шийдвэртэй адилтгаж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
Анх Хан-Уулын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь хариуцагчаар “М” ХХК-г татаж, 2017.10.02-ны өдөр дулаан дамжуулах төвийн барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн газар ашиглах, эзэмших эрхийг таслан зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хохирол 500 сая төгрөг гаргуулах, тухайн барилгад холбогдсон инженерийн шугам сүлжээнээс холболт хийх зөвшөөрөл олгох гэж өөрчлөн, уг шаардлагын хүрээнд талууд эвлэрч, шүүгчийн 2017.11.15-ны өдрийн захирамжаар баталсан.
Хэдийгээр шүүгчийн захирамж хүчингүй болсон ч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүчин төгөлдөр болохыг нотолж байна. Гагцхүү шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамруулахын тулд ийнхүү хамтран хариуцагчаар оролцуулсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.10-т заасан “З” ХХК-ийн 2021.12.09-ний өдрийн албан бичиг нь энэ нэхэмжлэлийг шүүхэд анх 2024.04.22-ны өдрөөс 3 жилийн өмнөх үйл баримтыг тодорхойлсон байхад “Ж” ХХК-ийн барьсан Г-ы барилгууд, Г төв зэргийг дулаанаар хангадаг нь нотлогдохгүй гэж иргэний хэрэг үүссэн цагаас хойших хугацааны төрийн болон эрх бүхий байгууллагын аливаа дүгнэлт, тодорхойлолтгүй ЦТП барилга, түүн доторх тоног төхөөрөмж, дулааны шугам барилгыг буулгах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Давж заалдах шатны шүүхээс “дээрх барилгуудад төвийн дулаанаар хангагддаг гэсэн тайлбарыг нотолсон баримт байхгүй” гэж дүгнэсэн. Гэтэл төвийн дулаанаар хангаж, гэрээ байгуулж ажиллахыг Улсын дээд шүүхийн 2018.10.18-ны өдрийн 01445 дугаар тогтоолоор гэрээнүүдийг цуцалж, өмчлөгч О.О, “М” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулахыг У Төрийн өмчит компанид даалгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад зөвхөн 50 хувийн өмчлөгчийг энэ хэрэгт хариуцагчаар татаж, О.О-гийн хууль ёсны эрх ашгийг хөндсөөр байна.
Улмаар У төрийн өмчит компани гэрээг байгуулахаар заасан байхад шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд заагаагүй З компанийн 2021 оны албан бичгийн шаардлагын хэлэлцэх хугацаа дууссан баримтыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх хуулийг ноцтой зөрчсөн.
4.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:
2024.04.30-ны өдрийн 10053 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг захирамжаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр тооцох хуулийг зөрүүтэй тайлбарласан.
Учир нь “...барилга, түшиц хана буулгах бие даасан нэхэмжлэлийн шаардлага, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн бие даасан шаардлага тус бүр 70,200 төгрөг нийт 140,400 төгрөгийг төлөх ёстой.
Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн 2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангуулж, үүргийг тайлбарлахаар заасан байхад хариуцагч нарын төлөөлөгчид 2024.08.01, 2024.05.21-нд тус тус эрх, үүрэг тайлбарласан баримтад шүүгч Д.М, туслах П.М нар нь тухайн үед нь гарын үсэг зураагүй, хожим нөхөж зурсан байх тул эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй гэж үзнэ.
2024.08.01-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийг шүүгч гардуулаагүй, гарын үсэг зураагүй тул одоог хүртэл хариуцагч нар нэхэмжлэлийг гардан авсан гэж үзэхгүй.
Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад шүүгч, шүүгчийн туслах нар нь 2024.05.21-ний өдөр гарын үсэг зураагүй, дараа нь нөхөж зурсан, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анх нэхэмжлэлийг 2024.05.21-ний өдөр гардуулсан тухайн өдөрт нь хэргийн материалыг танилцуулсан нь 14 хоног өнгөрсний дараа хэргийн материал танилцуулах, талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх боломжийг хаасан.
Ийнхүү анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад шүүгч иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулаагүй хэргийг хэлэлцүүлсэн, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг хүртэл төлөөгүй нь нэхэмжлэгч шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч компаниуд тус бүрдээ удаа дараа итгэмжлэл олгосон байх бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаар хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурна.
Гэтэл хариуцагч компанийн эд хөрөнгө болох барилгыг буулгах нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө компанийн эд хөрөнгийн асуудал байгаа тул Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг эдлүүлэх эрхгүй этгээдүүд болно.
Улмаар 2024.05.24-ний өдрийн “М” ХХК-аас Б.Б-д олгосон итгэмжлэлд “Ж” ХХК-с “М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэл олгосон байх тул хариуцагч “Б” ХХК-тай холбоотой тайлбар, хүсэлт гаргах, мэтгэлцэх хэрэг маргаанд оролцох эрхгүй.
Маргаан бүхий газар дээрх барилга байгууламжийн 1, 2-р давхарт зочид буудал, үйлчилгээний зориулалтаар 2023.10.31-ний өдрийн түрээсийн гэрээгээр “Х” ХХК үйл ажиллагаа явуулж, тус компанийн эзэмшил ашиглалтад байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Ц нь 2025.01.03-ны өдөр нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад гарын үсэг зураагүй, хариуцагч нар нь шүүх хуралдаанд оролцсон байхад мөн адил гарын үсэг зуруулаагүй, улмаар эрх, үүрэг, хэргийн материалыг хүртэл танилцуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч талд танилцуулсан байгаа нь талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил эрх, үүрэгтэй оролцуулаагүй.
Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг хэрэглэж маргааны шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэгч этгээд нь зөвхөн барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд төр шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэлүүд тодорхойгүй, нөгөө талаас эрх зөрчсөн, таслан зогсоолгохуйц үйлдэл бий эсэхийг тогтоогоогүй, 2 шатны шүүхүүд хуулиудыг зөрүүтэй тайлбарлаж, нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, улмаар анхан шатны шүүх итгэмжлэл, нэхэмжлэл гардуулахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй хэргийг бүхэлд нь хянаагүй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дугаар шийдвэр, 2025.01.10-ны өдрийн 210/MA2025/00098 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.13-ны өдрийн 001/ШХТ2025/00288 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Ж” ХХК нь 2017 онд өөрийн ашиглах эрх бүхий газар дээрээ хөрөнгө оруулалт татаж аялал жуулчлалын зориулалттай үйлчилгээний төв барихаар төлөвлөж 2017.05.27-ны өдөр “Г” ХХК-аар кадастрын зураглал хийлгэж газар дээр нь хэмжилт хийлгэхэд “М” ХХК нь манай компанийн ашиглах эрх бүхий газарт дур мэдэн дулаан дамжуулах төвийн барилга барьж, уг барилга дээр иргэн О.О нь давхар нэмж барин хууль бусаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч улмаар дахин хууль бусаар “Б” ХХК-д шилжүүлсэн байсан бөгөөд үүнээс шалтгаалан манай компани өөрийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Улмаар 2018.03.22-ны өдөр манай компани нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 0167 дугаар шийдвэрээр “0000 давхрын хэсэг болох 210.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр бүртгэсэн 2013.04.26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2015.12.16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож,” шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн №427 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Манай компанийн зүгээс удаа дараа манай газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч нараас шаардсан боловч өнөөдрийг хүртэл газар чөлөөлөхгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл хууль журмын дагуу “Ж” ХХК нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа этгээд бөгөөд өөрийн эзэмших, ашиглах эрх бүхий газраа чөлөөтэй эзэмших, ашиглах, бусдын хууль бус үйлдлээс хамгаалах, таслан зогсоох, эрх зөрчигчөөс хууль бус ажиллагааг зогсоохыг шаардах эрхтэй.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хариуцагч нарын хамтран ажиллах гэрээний хүрээнд баригдсан 0000 байрлалтай газарт баригдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2008 оноос 2009 оны хооронд баригдаж, сүүлийн 2 давхар нь улсын бүртгэлд 2013 онд бүртгэгдсэн байдаг. Анх барилга барих үед “М” ХХК нь нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан талаараа 2018.03.22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байдаг. Анх мэдсэн үеэс буюу 2008 оноос хойш тоолоход хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан. ...Мөн тухайн маргаан бүхий газрын эрх нь “Ж” ХХК-д 2004 онд олгогдсон ба 2009 онд цуцлагдсан. Барилга барих үед тухайн газрын эрх нь цуцлагдсан байсан ба нэхэмжлэгч тал тухайн газар дээр сүүлд 2013 оноос гэрчилгээг шинээр авсан байдаг. Газрын эрх цуцлагдсан цаг үед маргаан бүхий барилга баригдсан байдаг тул цаг хугацааны холбоо хамаарлыг анхааран үзэх зайлшгүй шаардлагатай юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээс 2017.11.15-ны өдөр дугаар 183/ШШ2017/02504 тоот захирамжаар “М” ХХК-тай нэхэмжлэгч тал эвлэрч тухайн маргаан бүхий Дулаан дамжуулах төвийн барилгыг хүлээн зөвшөөрч өөрийн барьж буй барилга руу үнэ төлбөргүй дулаан хангамж татуулж, 500,000,000 гаргуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн үйл баримтыг баталгаажуулсан байдаг. ... Маргаан бүхий барилгаар төвийн дулаанаар Зайсангийн хэд хэдэн барилга буюу “Ж” ХХК-ийн барьсан Г-ы 4, 5, 8, 9 орон сууцыг дулаанаар хангаж байгаа, Г төв зэрэг нь бүгд төвийн дулаанаар хангагддаг. Хэдэн мянган айл өрхийн дулааны асуудал дээр хувийн ашиг хонжоо эрэн үгсэж тохиролцож, эвлэрлээ хүчингүй болгож зүтгэж байгаа нь зүйд үл нийцнэ. .... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдахдаа маргаан бүхий барилгыг нураах, түшиц ханыг нураах, газар чөлөөлүүлэх гэх 3 тусдаа шаардлага гаргажээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу мөн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж” төлөхөөр буюу маргаан бүхий барилгыг нураах, газар чөлөөлөх 2 шаардлага тус бүрд барилгын үнээр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөх нь хуульд нийцнэ. ...Монгол Улсын Иргэний хуулийн 92-96 дугаар зүйлийн хүрээнд тухайн хөрөнгийг шударгаар эзэмшиж ашиглаж ирсэн бөгөөд Түрээсийн гэрээний дагуу гуравдагч этгээдэд эзэмшүүлж ашиглуулсаар өнөөдрийг хүрсэн. Одоо ч уг маргаан бүхий барилгад бизнесийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй үргэлжилж байгаа ба салгаж үл болох засвар үйлчилгээ хийсэн, 10 гаруй хүн ажиллах ажлын байраар хангагдаж буй нөхцөл байдалтай байгааг харгалзан үзэх шаардлагатай. ... Бүртгэл хүчингүй болсон боловч бодит байдал дээр эзэмшил байсаар байгаа тул шударга эзэмшигчийн эрхийг өмчлөгчийн нэгэн адил хамгаалах шаардлагатай нөхцөл байдал бий болж байгаа.” гэж маргажээ.
9. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч “Манай компани нь иргэн Д.Г өөрийн газар гэж хэлж өөрийн хамаатан болох О.О-тэй 2008 онд 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр иргэн О.О буюу Л.Г өөрийн эзэмшил газраар хөрөнгө оруулах үүрэг хүлээж, манай компани дулаан дамжуулах төв /ДДТ/, цахилгааны хаалттай ТП-ийн барилга /ХТП/, тоног төхөөрөмж, гадна шугам сүлжээг барьж гүйцэтгэн 2009 онд ашиглалтад оруулж гэрээний үүргээ бүрэн биелүүлэн ажилласан. Иргэн Л.Г /О.О/ ДДТ, ХТП-ийн барилга барьсан газрыг өөрийн эзэмшлийнх гэж, МУ-ын БОЯам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 тоот гэрчилгээг хавсралтын хамт холбогдох байгууллагуудад үзүүлж байсан учир бид түүнд итгэж, ДДТ болон ХТП барилгыг барьсан. Гэвч манай гүйцэтгэгч “А” компанид “Ж” ХХК-аас 2016.08.29-ний өдөр “Газар чөлөөлүүлэх тухай” 2016/13 тоот албан бичиг холбогдох хавсралт материалын дагуу ирүүлсэн байсан. Материалд хавсаргасан гэрчилгээний хавсралтад бичигдсэн солбицлоор тухайн газар нь “Ж” ХХК-д олгогдсон газар болохыг олж мэдсэн. ... Тухайн барилга доторх тоног төхөөрөмжийг бид нар зөөгөөд өөр газар байрлуулж, 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дотор тоног төхөөрөмж байхгүй учраас манайх хүлээн зөвшөөрч байгаа.” гэжээ.
10. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013.05.03-ны өдөр олгосон 2013/07 дугаартай газар ашиглах гэрчилгээ, 2019.10.02-ны өдрийн 2019/347 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, Байгал орчин аялал жуулчлалын яамнаас 2023.12.07-ны өдөр олгосон 0000 дугаар газар ашиглах гэрчилгээ, 2023.10.06-ны өдрийн 29 дугаартай тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ зэрэг баримтаар Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн 0000 нэртэй, ... газар зүйн солбицолтой, 7399.08 квадрат метр талбайтай газрыг 2028.05.01-ний өдөр хүртэл ашиглах эрхтэй, тус талбай нь бусад газар ашиглагч нарын талбайтай давхцалгүй болох нь тогтоогдож байна. “Г” ХХК-ийн 2017.05.25-ны өдрийн тодорхойлолт, кадастрын зургаар “М” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан дулаан дамжуулах төвийн барилга “Ж” ХХК-ийн ашиглалтад буй, дээрх солбицол бүхий газарт байрласан болохыг тусгажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 0167 дугаар шийдвэрээр ...иргэн О.О нь бусдын ашиглалтад байгаа газар дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн үүргээ зөрчсөн, улсын бүртгэгч уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2022 оны) 9 дүгээр зүйлийн 9.1.7 захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9 захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэсэн үндэслэлд хамаарч байна... гэж дүгнээд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2022.06.16-ны өдрийн 427 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Дээрхээс үзэхэд хариуцагч “Б” ХХК-д хууль ёсны дагуу эзэмшил, ашиглалт үүсээгүй тул нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр ашиглах эрхтэй газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч “Б” ХХК-ийн ...маргаан бүхий барилгаар Зайсангийн хэд хэдэн барилга буюу “Ж” ХХК-ийн барьсан Г-ы 4, 5, 8, 9 орон сууцыг, Г төв зэрэг нь бүгд төвийн дулаанаар хангагддаг... гэсэн тайлбар нь хариуцагч “М” ХХК-ийн “...уг барилгын суурийн давхарт байсан дулаан дамжуулах тоног төхөөрөмжийг өөр газарт нүүлгэсэн. Дулаанаар хангах үйл ажиллагаа уг барилгад байхгүй...” гэх тайлбараар няцаагдаж байна. ... Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. ...Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх эрх зөрчигдсөн тухай мэдсэн буюу “Г” ХХК-аар кадастрын зураглал хийлгэсэн 2017.05.27-ны өдрөөс эхлэн тоологдох тул шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн байна. ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нарын эзэмшлийн барилга, түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч “М” ХХК, “Б” ХХК нараас шаардах эрхтэй байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 0167 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 0000 давхрын хэсэг болох 210.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг иргэн О.О-гийн нэр дээр 2013.04.26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2015.12.16-ны өдөр дээрх байрлалд байрлах 795.6 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт “Б” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008.07.10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008.09.15-ны өдөр 0.012 га нэмэгдэв гэсэн өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн 427 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А, иргэн О.О, Л.Б нар төрөл садан буюу хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Дээрхээс дүгнэхэд, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийг эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар газар ашиглах эрх нь зөрчигдсөн гэж үзэн, уг зөрчлийг арилгуулахаар хариуцагч “Б” ХХК болон “М” ББСБ ХХК-аас тус тус шаардах эрхтэй. ... Анхан шатны шүүх, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь зөв боловч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.09-ний өдрийн 0167 дугаартай шийдвэрийг үндэслэл болгосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэлээ. ...Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан өөрийн газар ашиглах эрхийг зөрчсөн бусдын хууль бус үйлдлийг зогсоож, уг зөрчлийг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил үйлчилнэ. “Ж” ХХК нь маргаан бүхий газрыг ашиглах эрхийг эрх бүхий байгууллагаас 2013 онд авсан үйл баримт тогтоогдсон. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж буй үндэслэлээ “Г” ХХК-ийн 2017.05.25-ны өдрийн 17/т/122 дугаартай тодорхойлолт, кадастрын зураглал зэрэг баримтаар нотлохоор шүүхэд гарган өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухай мэдсэн өдрийг 2017.05.25-ны өдрөөс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт нийцнэ, ... хэргийн нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шүүх иргэний хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон гэж үзэх нь үндэслэл тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь 2024.04.23-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох нь хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дэх хэсэгт заасантай нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр, 63.1.6-д заасан үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тодорхойлох зохицуулалтад хамаарахгүй. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, нэхэмжлэлд хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.” гэсэн дүгнэлт хийжээ.
12. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
13. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0000 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон байх учиртай.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан газар ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа гэх барилга болон түшиц хана зэрэг эд хөрөнгийн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, талууд ач холбогдол бүхий үйл баримтуудын хүрээнд бүрэн мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нураалгуулахаар, буулгуулахаар маргаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээлэл хангалтгүй буюу ямар хэмжээний, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа, хэдэн давхар, ямар барилга, түшиц ханыг буулгаж газрыг чөлөөлж байгаа болох, ямар этгээдүүд үйл ажиллагаа явуулж байгаа, бусад этгээдийн эрх ашиг тэнд хөндөгдөж байгаа эсэх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараас үзэхэд “дулаан дамжуулах төвийн зориулалт бүхий барилга барьж, уг барилга дээр давхар нэмж барьсан” гэсэн бол хариуцагч “Б” ХХК нь тайлбартаа “...Маргаж буй газар дээр 4 давхар үл хөдлөх хөрөнгө байгаа. Цахилгааны, дулааны ЦТП 2 хасах нэг давхар буюу нэг давхартаа байгаа. Нэмэх нэг давхрыг М барьсан. 2010 онд иргэн н.О-д 96,000,000 төгрөгөөр зарсан. н.О мөнгөөрөө худалдаж авсан барилгынхаа дээр дахиад 2 давхрыг нийтдээ 3 давхар үл хөдлөх хөрөнгийг барьж хөрөнгөө оруулсан, Хасах нэг давхар гэдэг нь генераторууд байрлаад байгаа цахилгааны болон дулааны ХТП-ийн тоног төхөөрөмж, генераторт суурилж байгаа хэсгийг ойлгож байгаа. Нэмэлт нэг давхар гэдэг нь одоо ресторан болон зочид буудлын зориулалттай, аялал жуулчлалын зориулалттай ашиглаж байгаа талбайг ойлгож байгаа.” гэж эд хөрөнгийг тодорхойлсон байх боловч бодит байдал дээр хариуцагч “М” ХХК нь тухайн барилгын хувьд ямар хэсгийг эзэмшдэг, “Б” ХХК нь ямар хэмжээтэй барилгыг ямар зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа /дулаан дамжуулах эсхүл зочид буудал/ зэрэг нөхцөл байдал тодорхойгүй, дулаан дамжуулах зориулалтаар ашиглаж байгаа нөхцөлд дулаан хэрэглэж буй өөр этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөөгүй талаар маргаанд сонирхолгүй хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын шийдвэр, дүгнэлт хэрэгт авагдаагүй болохыг 2 шатны шүүх анхаарсангүй.
Хэргийн баримтаас үзэхэд “Г” ХХК-ийн 2017.05.25-н өдрийн 17/т/122 дугаар албан бичигт “... “М” ХХК-ийн барьсан ЦТП-ийн барилгыг хэмжихэд “Ж” ХХК-ийн газарт байрлаж байгаа ба иргэн О.О-гийн газартай солбицлоороо давхцаагүй болно.” гэж дурдаад байршлын зургийг хавсаргасан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016.08.25-ны өдрийн 06б/404 дүгээр албан бичигт “...Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, 0000 байрлах аялал жуулчлалын зориулалтаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2013/07 тоот гэрчилгээний дугаар бүхий 0.7 га газар нь тус яамны кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй байна. Тус талбай нь бусад газар ашиглагч нарын талбайтай давхцалгүй байна” гэж дурдаад мөн ашиглаж газрын байршлын зургийг тус тус хавсаргаж ирүүлсэн, Google хайлтын системээс авсан зураг авагдсан боловч эдгээр баримтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан барилга, түшиц ханын талаарх мэдээлэл хангалттай авагдаагүй ба харин газрын хувьд давхцалгүй болохыг нотолсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн хариуцагч “Б” ХХК-ийн маргаан бүхий дулаан дамжуулах төвөөс хэд хэдэн барилга буюу Г-ы 4,5,8,9 тоот орон сууц, Г төв зэрэг объектууд төвийн дулаанаар хангагддаг ...” гэсэн тайлбарыг гаргаж У ТӨХК-ийн 2017.12.07-ны өдрийн 13/2422 дугаар албан бичгийг ирүүлсэн боловч цаг хугацааны хувьд уг баримт хэргийн үйл баримтыг нотлоогүй, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий барилгын суурийн давхарт байршуулсан дулаан дамжуулах тоног төхөөрөмжийг өөр газарт нүүлгэсэн, Дулаанаар хангах үйл ажиллагаа уг барилгад байхгүй” гэсэн тайлбар гаргаж, “З” ХХК-ийн 2021.12.09-ний өдрийн 21/119 тоот албан бичгийг ирүүлсэн байх боловч уг баримтаар дээрх үйл баримтыг нотолсон, эсхүл үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлгүй.
14. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй энэхүү нөхцөл байдлыг тодруулж, зохигчийг мэтгэлцүүлээгүй, дурдсан нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
15. Энэ үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын “... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” тухай хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04111 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2025/00098 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД