Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч О.Баасанхүү,

хохирогч Э.Удвалцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч Н.Батбилэг, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Нармандахын Батбилэгт холбогдох эрүүгийн 201724000115 дугаартай, 105/2017/0230/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, Аскарт сити-д дүр бичлэгийн студи ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, Атлас 19 байр, 46 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Нармандахын Батбилэг, /РД:ЦА84031210/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Батбилэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Батбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гараад аавынх руугаа орох гэж явж байгаад хохирогчийг мөргөсөн, түүнийг энэ хэрэгт буруутай гэж хэлэхгүй. Би энэ хэргийг санамсаргүй байдлаар гарсан. Тухайн үед хохирогч нэг хүүхэдтэй хамт хоёр талаар гарч ирсэн. Тэгээд би нэг удаа зогсоход хохирогч баруун тийшээ эргэсэн. Тойрох гээд зүүн тийш дарахад миний дарсан зүг рүү буцаад эргэсэн, би тоормос гишгих завдалгүй мөргөсөн. Буугаад цагдаа, түргэн дуудсан. Би хохирогчийг хоёр хагалгаанд оруулсан. Шаадлагатай эм тариаг нь бүгдийг нь авч өгсөн, түүнээс уучлалт гуйсан. Хохирогчийн талаас хэрэгтэй байгаа бүх зүйлийг нь өгсөн. Өөрийнхөө гэм буруутайг ойлгож байгаа гэв.

Хохирогч Э.Удвалцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 8 цаг 40 минутын орчимд гэрээсээ дүү Энхжаргалын хамт сургууль руугаа явж байсан. Тэгээд төв замаас машин орж ирэхийг хараад дүү бид хоёр баруун, зүүн тийшээ болоод зам тавьж өгөхөд машин урдаас ирээд намайг хашаатай хавсраад мөргөсөн. Би эмнэлэгт 1 сар 20 хоног хэвтэж, 2 удаа хагалгаанд орсон. Одоогоор таягтай бага зэрэг явж байгаа. Миний шилбэ хугарсан, бяцралттай, ил шархтай, арьс нөхүүлсэн байгаа гэв.

Шүүгдэгч Н.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Автомашинаараа 40 км/цаг хурдтай явж байгаад аавынх руугаа эргэж ордог гудамж руу эргэхэд урд талд хоёр охин хүүхэд явж байхаар нь зогссон. Тэд хоёр тийшээ болоод явахаар нь голоор нь гараад явчих юм байна гэж бодоод зогсож байсан хөдөлгөөнөө эхлээд явтал миний зүүн гар талд байсан охин буцаж нөгөө охин руугаа гүйхээр нь сандраад зүүн гар тийшээгээ дараад тормос дээрээ гишгэж чадалгүй тэр чигээрээ яваад урдуур гарч байсан охиныг машины зүүн урд хэсгээрээ хашаатай хавсраад мөргөсөн. Буцаж жоохон ухраад машинаасаа буусан, баруун хөл нь илт хугархай харагдаж байсан, цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх 76-82 дугаар хуудас/,

Хохирогч Э.Удвалцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төв замаас гудамж руу нэг машин эргэсэн. Дүү Энхжаргал бид хоёр зам тавьж өгөх гээд хоёр тийшээ болж алхахад тэр машин намайг чиглэж ирээд мөргөсөн. Намайг хашаанд хавсраад, тэгээд жолооч буцаж ухарч бууж ирсэн. Тэр машинд жолоочоос гадна эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг. /хх 16-20 дугаар хуудас/,

Гэрч М.Мижиддоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Автомашин гудамж руу эргээд ороод ирэхэд өөдөөс хоёр охин голдоо нэг утас барьчихсан, тэр утас руугаа хоёулаа тонгойгоод явж байсан. Машин дөхөөд ирэхэд хоёулаа хоёр тийшээ болсон. Тэр үед жолооч тэр хоёр охинд зам тавьж өгөөд зогссон. Тэгтэл хохирогчтой цуг явж байсан охин мөргүүлсэн хүүхдийг дуудах шиг болоход нөгөө охин бид хоёр руу харчихаад найз руугаа явсан. Яасан нь мэдэхгүй байна машин тэр хүнийг мөргөөд цаашаа яваад хашаатай хавсарсан. Тэр охиныг гаргахын тулд Батбилэг ах ухраад охин дээр очсон...” гэх мэдүүлэг. /хх 36 дугаар хуудас/,

Гэрч М.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эгч Удвалцэцэгийн хамт сургууль руугаа явж байсан. Тухайн үед бид хоёр зэрэгцээд гудамжнаас гарах гээд явж байхад төв замаас машин эргээд ороод ирэхээр нь бид автомашинд зам тавьж өгөөд хоёр тийшээ болсон. Тэр автомашин Удвалцэцэг эгчийг мөргөөд хашаатай хавсарч зогссон. Буцаж ухраад хашааны завсраас эгчийг гаргах чөлөө гаргаад жолооч эрэгтэй бууж ирсэн. Машинд бас өөр эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг. /хх 40 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹91 актад “Э.Удвалцэцэгт баруун шилбэний шаант болон тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн ил бяцарсан, сэлтэрсэн хугарал, хугарлыг зассаны дараах мэс заслын байдал, шилбэний шарх гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх 45-46 дугаар хуудас/,

Замын цагдаагийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹115 дүгнэлтэд “Ниссан Скайлайн маркийн 21-41 УБЛ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Н.Батбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар “...зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, “7.7 жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө”, “9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Удвалцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэжээ /хх 68 дугаар хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №17/7618 дугаар шинжээчийн дүгнэлтэд “21-41 УБЛ улсын дугаартай Ниссан скайлайн загварын хар саарал өнгөтэй авто тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмжөөр шалгасан тоормосны системийн үзүүлэлт буюу хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь стандартын шаардлагыг хангахгүй байна. Автомашины хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасах байдлаар осол хэрэгт нөлөөлнө гэж үзэж байна” гэжээ /хх 60-63 дугаар хуудас/,  

Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 89 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 97 дугаар хуудас/,

Өвчний түүх /хх 47-55, 119-132 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хх 104-112 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 86 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87 дугаар хуудас/, шүүх хуралдаанд шинээр өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Батбилэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хохирогч Э.Удвалцэцэгийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Батбилэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч Н.Батбилэг нь “би машинаа техникийн үзлэгт оруулаад удаагүй байсан учир шинжээч нарын хойд дугуйны тоормос барихгүй байна гэснийг зөвшөөрөхгүй байна” гэж байгаа боловч 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүний гэм буруу хангалттай нотлогдсон гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.Батбилэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирогчид 2.001.984 төгрөгийн хохирол төлсөн баримт хэргийн 104-112 дугаар хуудсанд авагджээ. Эдгээр зардалд 214.000 төгрөгийн шатахуун авсан, дэлгүүрээс хүнсний эд зүйл, цайны газраас гурилтай шөл худалдаж авсан зэрэг 307.000 төгрөгийн эд зүйлийг Э.Удвалцэцэгийн эрүүл мэндэд учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй байна. Хохирогч Э.Удвалцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт 3.569.882 төгрөг нэхэмжилжээ. Шүүх хэрэгт авагдсан эмчилгээ, эм тарианы үнэ, ээж Нарангэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин болон бусад хохирлыг баримтаар тооцож үзээд нөхөн төлбөр гэж нэхэмжилсэн /240.000х3=720.000/ төгрөгнөөс бусад нэхэмжлэлийг хангаж шүүгдэгчээс 2.849.882 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 01438796 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Батбилэгт буцаан олгож, Н.Батбилэгийн 1138713 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, цагдан хоригдсон хоноггүй болно.