Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2017/609

 

 

 

                                                                 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.А

Хариуцагч: Ус сувгийн удирдах газар

Гуравдагч этгээд: Ц.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Ус сувгийн удирдах газраас 2014 онд 43/14 тоотоор Ц.Э т олгосон техникийн нөхцлийг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Ц.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

            “...Ус сувгийн удирдах газар 2014 оны 43/14 тоотоор Ц.Эт техникийн нөхцөл олгосон ба уг техникийн нөхцөлд заасан цэг болон бохирын худагт холболт хийгээгүй. 2003 онд 101/03 тоот техникийн нөхцөлтэй манай өөрийн хөрөнгөөр хийсэн худгийг эвдэж зөвшөөрөлгүй холболт хийж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно” гэсэн зүйлийг зөрчсөн байна. Мөн Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгох журмын 4.4-т заасан төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл MNS4236 стандартыг зөрчсөн.

            Ус сувгийн удирдах газраас Ц.Эт олгосон 2014 оны 43/14 тоот техникийн нөхцөлийн шаардлагад зааснаар барилга барихдаа Ус сувгийн удирдах газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт зураг хянуулж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, барилгын норм стандартын олон хуулийг мөрдөхийг техникийн нөхцөлд анхааруулсан бөгөөд Ус сувгийн удирдах газар хууль дүрэм журмыг мөрдүүлэхгүй байгаа учир 2014 оны 43/14 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгох шаардлага гарч байна.

Ц.Э 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр миний ах Л.Г******* албан бичгээр манай өөрийн хөрөнгөөр хийсэн худгийг Ус сувгийн удирдах газрын зөвшөөрлөөр өөрийн болгосноо мэдэгдсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нь шүүхэд ирүүлсэн тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Ж.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Учир нь анх 2013 оны 09 дүгээр сард Ц.Эт албан бичиг өгснөөр уг нөхцөл байдлыг мэдэх болсон бөгөөд түүнээс хойш нэг жилийн дараа буюу 2014 оны 09 дүгээр сард Ус сувгийн удирдах газарт энэ талаар тодруулга авахаар өргөдөл гаргаж байсан ба эрх нь зөрчигдсөн ямар нэгэн гомдол, мэдээлэл гаргаж байгаагүй болно.

 Ж.Аын бохирын шугамаас холболт хийгээгүй бөгөөд 2014 оны 43/14 техникийн нөхцөл нь 2003 оны 67/03 техникийн нөхцөлийг үндэслэн олгогдсон техникийн нөхцөл бөгөөд тус холболт нь төвийн бохир усны шугамын 31-р коллекторын ф-ЗООмм-ийн бохирын шугамын худагт холболт хийгдсэн байгаа Ц.Э нь шинэ барилгын цэвэр, бохир усны холболтын ажлыг хийхдээ өөрийн хуучин бохир усны шугамаа ашиглан холбосон.

Ж.Аын миний шугаманд холболт хийсэн хэмээн маргаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллагаас хариуцсан ажилтнууд удаа дараа тийм зүйл болоогүйг хэлж байсан. Хэрэв хэлээд байгаагаар холбох тохиолдолд тусгай журмын дагуу Ж.Ааас зөвшөөрөл авч, шинээр техникийн нөхцөл авах байсан. Ж.Аын эзэмшлийн шугамаас холболт хийх боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан.

Ус сувгийн удирдах газар нь “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль” болон 2013 оны “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”- ийн дагуу Ц.Эт 2014 оны 43/14 техникийн нөхцөлийг олгосон байна.

Иймээс Ж.Аын бохир усны шугам нь Улаанбаатар хотын мэдээллийн санд бүрэн гүйцэд бүртгэгдэж ороогүй тул шугамын холболтыг тодруулах боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Ус Сувгийн Удирдах газраас 2014 онд иргэн Ц.Эт олгосон 43/14 тоот техникийн нөхцөлийг хүчингүй болгуулах Ж.Аын нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Шинэ барилгын цэвэр, бохир усны холболтын ажлыг хийхдээ хуучин ашиглаж байсан шугамаа ашиглаж холбосон. Нэхэмжлэгч А******* хувийн шугамаас ямар ч холболт хийгээгүй.

Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмын дагуу 43/14 тоот  техникийн нөхцөлийг авч мэргэжлийн байгууллагаар холболтыг хийлгүүлж тухайн гүйцэтгэсэн ажлаа Ус Сувгийн Удирдах газрын мэргэжилтнийг байлцуулж тухайн ажлыг шалгаж хүлээж уг ажлыг гүйцэтгэж холболт хийхдээ хэн нэгний эрх ашгийг зөрчиж хохироосон асуудал байхгүй В.Г******* болон Ж.А нараас хэзээ ч мөнгө нэхсэн асуудал байхгүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ж.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.А нь тус шүүхэд хандаж “Ус сувгийн удирдах газраас 2014 онд 43/14 тоотоор Ц.Эт олгосон техникийн нөхцлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...техникийн нөхцөлд заасан цэг болон бохирын худагт холболт хийгээгүй...өөрийн хөрөнгөөр хийсэн худгийг эвдэж зөвшөөрөлгүй холболт хийсэн...холбогдох норм дүрэм зөрчсөн” гэж тодорхойлсныг хариуцагч болон гуравдагч этгээд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Анх иргэн Ц.Эт Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын троллейбусны эцэст 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 67/03 дугаар бүхий техникийн нөхцөл олгогджээ. Улмаар Ц.Эаас 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгох журам”-ын 4.2-т “хүсэлт нь ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбож өгөхийг хүссэн албан тоот, газар олголтын захирамж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг...тойм зураг зэргээс бүрдэнэ” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж, мөн журмын 4.3-т заасны дагуу зөвлөлийн хурлаар техникийн нөхцөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр Ц.Эт 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 43/14 тоот техник нөхцөл олгогдсон үйл баримтууд тогтоогдов.

Иргэн В.Ж******* олгогдсон 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/03 тоот техникийн нөхцөлд Бохир усны холболт хийх цэгийн байршилт, өндөржилт, шугамын диаметрийг “...хорооллын ф-300 мм-ийн бохирт, ховилийн тэмдэгт 1318,19...” гэж тэмдэглэсэн нь  гуравдагч этгээд Ц.Эт олгогдсон 2003 оны 67/03, 2014 оны 43/14 тоот техникийн нөхцөлд заасан ховилийн тэмдэгтэд “...1318,19....” гэж тэмдэглэсэнтэй ижил байгаа нь гуравдагч этгээд болон нэхэмжлэгчид 1 цэг, худагт холболт хийхээр зөвшөөрөл олгогдсон гэж үзэхээр байх бөгөөд энэ нь үзлэгийн зургаар тогтоогдож байна. Түүнчлэн маргаан бүхий 43/14 тоот техникийн нөхцөлд “Төвийн цэвэр усны Ф300 мм-ийн шугамнаас холболт хийх”-ээр тусгасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.Аын эзэмшлийн шугамаас холболт хийсэн болон тухайн шугам буюу худгийг Ж.А эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал Хот, суурины усах хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна” гэж заасан бөгөөд Ж.А болон Ц.Эт олгосон техникийн нөхцөлд өмчлөгч эзэмшигчийг заагаагүй байгаа нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж зааснаар 43/14 тоот техникийн нөхцлийн дагуу холболт хийсэн шугам хоолой /худаг/ нь төрийн өмчид хамаарахаар байна.

 “Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгох журам”-ын 5.10-т “Хангагчаас олгосон техникийн нөхцөд, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох үйл ажиллагааг Монгол Улсын Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.11 дэх заалтын дагуу зохицуулна”, Хот, суурины усах хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т “хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах” гэж тус тус зааснаас үзвэл эзэмшигч нь хэн байснаас үл хамаарч хэрэглэгчийг өөрийн эзэмшлийн шугамнаас холболт хийлгүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т техникийн нөхцөлд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд Ус сувгийн удирдах газраас Ц.Эт олгогдсон 2014 оны 43/14 тоот техникийн нөхцөл нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн “..хуулийн 11.4-т заасныг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Ц.Эт олгогдсон 43/14 тоот техникийн нөхцөл нь Хот, суурины усах хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан шаардлагыг хангасан, “Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгох журам”-д заасны дагуу олгогдсон, уг шугам сүлжээ нь төрийн өмч байх тул уг техникийн нөхцлийн улмаас Ж.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд Ж.Ааас гаргасан  “Ус сувгийн удирдах газраас 2014 онд 43/14 тоотоор Ц.Эт олгосон техникийн нөхцлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурины усах хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 11.5, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Аын “Ус сувгийн удирдах газраас 2014 онд 43/14 тоотоор Ц.Эт олгосон техникийн нөхцлийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д