Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/176

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/176

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Гын Гт холбогдох эрүүгийн 2412................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, ........... аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. аймгийн ............... сумын ........... багийн .............гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Гын Г /РД:................./  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ......... аймгийн .............. сумын төвд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Б нь бусдад зодуулж,  эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацарт зулгаралт, 2 зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Булган сумын төвд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч Н.Бын ...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн орчим Архангай аймгийн төвөөс Булган суманд М гээд ахтайгаа хамт “Сайя” гээд машинаар ирсэн юм. Тэгээд М бид хоёр Булган суманд ирээд Булган сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг Г гээд хүнтэй уулзаад бид нар дэлгүүрээс мөнгө төгрөгөө нийлүүлж байгаад нэг шил архи болон ойр зуур юм аваад сумын төвийн ойролцоо голын эрэг дээр очиж сууцгаасан юм. Тэнд бид нар юм яриад нэг шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд байж байтал М ахын эхнэр болох Н болон манай эхнэр Д нар аймгийн төвөөс ирсэн. Тэгээд бид нар хамт юм яриад сууцгааж байгаад би М ахтай тусдаа юм яриад байж байтал Г бид хоёр дээр ирээд намайг шууд зодсон юм. Тэгээд тэндээсээ бид нар Архангай аймгийн төв яваад Нэгдсэн эмнэлгийн 103 дээр очиж шингэн тариа хийлгэсэн юм. Би гэмтлийн зэрэг тогтоолгосон. Би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №230 тоот гэмтлийн зэрэг тогтоолгосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний 2 нүд хөхөрсөн байдалтай байсан мөн баруун нүдний цөцгийг тойроод улайсан ба зүүн талын чихний хэнгэрэг цоорсон, хамар хугарсан байдалтай байсан юм. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Бид нар тухайн үед нэлээд согтсон байдалтай байсан. Тухайн үед манай эхнэр болон М ах эхнэртэйгээ мөн Г хамт байсан. Тухайн үед би Г.Гыг цохиж зодсон асуудал байхгүй. Надад гомдол санал байхгүй. Хохиролдоо нэг сая төгрөг авсан ба эмчилгээндээ зарцуулсан юм. Би цаашид 2 удаа хагалгаанд орох хагалгааны мөнгө төгрөгөө нэхэмжилнэ. Би Г.Гт зодуулснаасаа хойш 2024 оны 07 дугаар сарын 03-наас өмнө Г.Гтай утсаар яриад тухайн үед миний 2 нүд хөхөрсөн байдалтай байсан мөн баруун нүдний цөцгий тойроод нарийн судаснууд хагарч улайсан ба зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байдалтай байсан талаар хэлээд Г.Г надад эмчилгээний 1.000.000 төгрөг явуулсан юм. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 03-нд утсаар Г руу залгаад надад өгсөн эмчилгээний мөнгө болох нэг сая төгрөг хүрэлцэхгүй байна. Намайг өөр бусад эмчилгээ хийлгэх болон Улаанбаатар хотод эмчилгээ мөн бусад хагалгаанд орох учир мөнгө төгрөг хэрэгтэй байгаа талаар хэлэхэд чи битгий хүн шантаачлаад бай хүн шантаачлаад мөнгө төгрөг авч сурсан гар вэ. Чамд мөнгө төгрөг өгөхгүй гэж хэлсэн юм. Тэгээд би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуу/,

 

Хохирогч Н.Бын дахин ...Би Г.Гаас хохирлын мөнгө 1.000.000 төгрөг авч хамраа тэгшлүүлсэн, цаашид баруун ухархай, болон хамрын таславч эмчлүүлэхэд мөнгө хэрэг болно яг нарийн тооцоо гараагүй байгаа тул мөнгөн дүнг хэлэх боломжгүй байна. Надад ямар нэгэн баримт байхгүй байна. Би нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмнэлэг судалж байгаа эмчилгээ хийлгэх эмнэлгээ олсны дараа баримт гаргаж өгөх болно. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуу/,

 

Гэрч Д.Дгийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М ахын эхнэр болох Н хоёулаа Булган сум руу яваад ирье, М, Б 2 Булган сум руу явсан байна. Г тэд нар архи ууцгааж байна гэсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад бид хоёр такси аваад Булган суманд ирсэн. Тэгээд бид хоёр голын эрэг дээр тэд нарыг байхад очсон. Бид нарыг очиход Г М ах, манай нөхөр болох Б нар байсан. Тэгээд тэнд хэсэг байж байгаад явах болж байтал манай нөхөр М ахтай хамт машины цаана юм яриад байж байтал наанаас нь Г очоод удалгүй Г гээд хүн манай нөхөр болох Быг зодчихсон. Тэгээд тэндээсээ бид нар Архангай аймгийн төв яваад Нэгдсэн эмнэлгийн 103 дээр очиж шингэн тариа хийлгэсэн. Тухайн үед манай нөхөр Бын хоёр нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Мөн баруун нүдний цөцгийг тойроод улайсан зүүн талын чихний хэнгэрэг цоорсон, хамар хугарсан байдалтай байсан. Манай нөхөр Б Гт зодуулснаас хойш 2024 оны 07 дугаар сарын 03-наас өмнө Гтай утсаар яриад тухайн үедээ биедээ бэртэл авсан талаар хэлээд Г эмчилгээний 1.000.000 төгрөг манай нөхрийн дансанд шилжүүлсэн. Тэгээд тухайн үед мөнгө төгрөг хүрэлцэхгүй байна гэж хэлсэн чинь хоорондоо ойлголцоогүй юм. Тухайн үед Г нь тэр цагдаадаа өгөхгүй юу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуу/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  “1. Н.Бын биед баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацарт зулгаралт, 2 зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтлүүд нь хэсэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...  гэсэн /хх-ийн 21-22 дугаар хуу/,

 

Яллагдагч Г.Гын ...зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа... гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуу/, Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43-44 дүгээр хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуу/,  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацарт зулгаралт, 2 зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн хэрэгт шүүгдэгчээс гаргуулах Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдах  нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Х овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт ононгдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР