Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 

2024       05          09                                         2024/ШЦТ/208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Х.Д холбогдох эрүүгийн 2425000000163 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Х.Д

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Х.Д “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.М”...2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 13.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг **** дугаар байр “Эрхэст-Оргил” эмнэлэгт ороод өлгүүрт куртикээ өлгөхдөө “Iphone14pro” загварын гар утсаа куртикнийхээ халаасанд үлдээчихсэн байсан юм. Эмчид хүүхдээ үзүүлэх хооронд куртикны халааснаасаа гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан, хувцасны өлгүүрийн хажууд хар өнгийн куртиктэй, хар өнгийн ноосон малгайтай, архи үнэртүүлсэн 50-55 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Би тэр хүнийг “миний гар утсыг авсан” гэж сэжиглэж байсан боловч хэлж чадахгүй өнгөрөөчихсөн, тэгээд тэр хүнийг гарч явсны дараа эмнэлгийн камерын бичлэгийг шүүж үзтэл миний сэжиглэж байсан эрэгтэй хүн гар утсыг миний куртикны халааснаас авч байгаа нь бичигдэж үлдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

гэрч М.Э“...2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Л.М “Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг **** дугаар байр “Эрхэст-Оргил” эмнэлгээр үйлчлүүлж байхдаа “Iphone14pro” загварын гар утсаа хулгайд алдсан” гэхээр нь би тухайн газарт очиж хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн халааснаас нь аваад гарч яваа бичлэг харагдсан. Уг хүнийг олох зорилгоор нэг цонхны үйлчилгээний төв дээр очиж хяналтын камерыг шүүж үзэхэд ханцуйндаа гурван цагаан өнгийн судалтай, хар хөх өнгийн урт куртиктэй 40-50 орчим насны эрэгтэй хүн зам хөндлөн гараад үйлчилгээний төвийг чиглэн алхаж явсан. Үйлчилгээний төв дээр очиж уг хүнийг хайж үзэхэд “CU” дотор сууж байхаар нь цагдаад ажилладаг дүүдээ хэлээд дуудсан, цагдаа руу авч явах үед тухайн хүн халааснаасаа манай эхнэрийн гар утсыг гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Х.Д гийн яллагдагчаар өгсөн “…2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг **** байр “Эрхэст-Оргил эмнэлгийн цонхоор хартал хүмүүс дотор нь хоол идэж байсан, хүмүүс идэж байсан хоолны үлдэгдлээ өгчихдөг болохоор горьдоод яваад орсон. Хүмүүс хоолноосоо өгөхөөр нь идсэн, тэгж байтал өлгүүрт бор өнгийн нэхий байсан, халаасанд нь гар утас харагдахаар нь авчихсан юм. Би тухайн гар утсыг эзэнд нь өгсөн, миний буруу, би дахин хулгай хийхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

хохирогч Л.М“...2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 13.45 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг **** дугаар байр “Эрхэст-Оргил” эмнэлгийн хувцасны өлгүүрт өлгөсөн куртикны халааснаас “Iphone14pro” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 15.12 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1759 дугаартай; “…“Iphone14pro” загварын гар утас 2.400.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

шүүгдэгч Х.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Эрдэнэт хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-49 дэх тал/,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

          мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Э, хохирогч Л.М болон яллагдагч Х.Д нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,        

          шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн

шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Х.Д 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг **** дугаар байр “Эрхэст-Оргил” эмнэлгийн өлгүүрийн хэсгээс хохирогч Л.Мгадуур хувцасны халаасандаа хийж үлдээсэн “Iphone14pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Л.М”...“Эрхэст-Оргил” эмнэлэгт ороод өлгүүрт куртикээ өлгөхдөө “Iphone14pro” загварын гар утсаа куртикнийхээ халаасанд үлдээчихсэн юм ...эмчид хүүхдээ үзүүлэх хооронд куртикны халааснаасаа гар утсаа авах гэтэл гар утас алга болсон байсан, ...эмнэлгийн камерын бичлэгийг шүүж үзтэл миний сэжиглэж байсан эрэгтэй хүн гар утсыг куртикны халааснаас авч байгаа нь бичигдэж үлдсэн байсан.” гэх,

гэрч М.Э“...хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн халааснаас нь аваад гарч яваа бичлэг харагдсан. ...Үйлчилгээний төв дээр очиж уг хүнийг хайж үзэхэд “CU” дотор сууж байхаар нь цагдаад ажилладаг дүүдээ хэлээд дуудсан, цагдаа руу авч явах үед тухайн хүн халааснаасаа манай эхнэрийн гар утсыг гаргаж ирсэн.” гэх,

Х.Д гийн өөрийнх нь “…өлгүүрт бор өнгийн нэхий байсан, халаасанд нь гар утас харагдахаар нь авчихсан юм.” гэх мэдүүлгүүд,

мөн хохирогч Л.М гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 15.12 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, “Хас үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2024 оны 1759 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Х.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд тухайн эд зүйлийг авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

          Шүүгдэгч Х.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч Х.Д г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Х.Д г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Д гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Х.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулах” гэсэн, 

шүүгдэгч Х.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, хорихоос өөр төрлийн ял өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзав.

          Шүүх шүүгдэгч Х.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, урьд зургаан удаа эрүүгийн хэрэгт холбогдож, хорих ял биечлэн эдэлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

дээрх   хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч Х.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудал;

Шүүгдэгч Х.Д “Iphone14pro” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан гэрч М.Э“...цагдаа руу авч явах үед тухайн хүн халааснаасаа манай эхнэрийн гар утсыг гаргаж ирсэн.” гэх,

хохирогч Л.М хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Х Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д г 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д 8 /найм/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э