Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06        12                                            2024/ШЦТ/269

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Н.Д,

хохирогч Т.Б өмгөөлөгч Р,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн 2325004040215 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Г.Э

Шүүгдэгч Г.Э нь;

тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.2 хувийн дунд зэргийн согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ****ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-7” /Хюндай Соната-7/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3.“Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг эгнээгээр зорчиж явсан ****ОРХ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 /Тоёота Ланд крузер 200/ загварын тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Б эрүүл мэндэд хүнд хохирол, ****ОРА улсын дугаартай “Hyundai Sonata-7” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан өөрийн төрүүлсэн охин, 4 настай Т.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Э эд хөрөнгөд 34.216.950 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч Г.Э “...Тухайн өдөр найз Эын гэрт хүүхэдтэйгээ очсон, тэднийд байж байхад Э хадам эгчтэйгээ муудалцсан болохоор бид нар гараад Хабитатад А гээд Э ын нөхрийнх нь найзынд очоод нэг том пиво хувааж уусан. Гэтэл Э “Говил руу хүргээд өгчих, хадам эгчтэйгээ муудалцсан болохоор Говилд эгчийндээ очно” гэсэн, тэгээд Говил руу хүргэж өгөх замаараа “Том бууз” хоолны газар ороод тэндээс гараад “Дөмөг” зах өнгөрөөд явах үедээ урд явсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон. Машин харагдахгүй байсан, гэтэл нөгөө машиныг гүйцэж түрүүлэх гээд хурдаа жаахан нэмэхэд өөдөөс машин гараад ирсэн.” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Т.Б “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим эхнэр Г.Э хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Номин агуулах худалдаа”-ны төвөөс гараад өөрийн эзэмшлийн ****ОРХ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод  Оюут баг “Есөн-Эрдэнэ” хүнсний захын зүүн талд “Зэс” зочид буудалд очихоор явсан. “Номин агуулах худалдаа”-ны төвөөс гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад миний урд машин бага, хөдөлгөөний эрчим бага байсан, гэхдээ миний эсрэг урсгал буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг явах чиглэлд машины хөдөлгөөн их байсан. Намайг “Чанар стандарт” худалдааны төв рүү дөхөж явахад эсрэг урсгалд явж байсан машинуудаас гэнэт нэг суудлын автомашин урсгал сөрж давхиж ирээд миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. ...Энэ хэргийн улмаас миний бүх үе мөч мэдрэлгүй болж саажилт өгч, нугас гэмтэж, няцарч дарагдсан, хүзүүний сэртэн яс гэмтсэн мөн хүзүүний 1, 2, 4, 5, 6 дугаар үе гэмтсэн. Тэр өдөр аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэж, маш богино хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай учир Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх 111 дүгээр ангийн нисдэг тэрэгний төлбөр төлж Улаанбаатар хотод хүргүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хиймэл бортого суулгах мэс ажилбарт ороод хоёр хоногийн дараа БНХАУ-ын Хөх хотын анагаах ухааны их сургуулийн 2 дугаар эмнэлэгт Гэмтэл согог судлалын эмч Гантогтохоор хүргүүлэн очиж эмчилгээ хийлгэсэн. Хятад Улс руу явах болсон шалтгаан нь “Монгол Улсад бортого суулгах хагалгаа хийхээс өөр эмчилгээ хийх боломжгүй, дөрвөн мөч мэдээ орохгүй” гэсэн, тэгээд “гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж эмч нар зөвлөснөөр явж Хөх хотод 48 хоног эмчилгээ хийлгэсэн, Улаанбаатар хотод ирээд “Альфамедикал” эмнэлэгт сэргээн засах эмчилгээг 18 хоног хийлгэсэн. ...маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168-170 дахь тал/,

“...энэ хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй. Гэхдээ сэтгэл санааны хувьд маш хэцүү байсан, одоо л гайгүй болж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү, өөр хэн нэгэн хүнийг ийм байдалд оруулахгүй байх талаас нь арга хэмжээ авч өгнө үү. Машины үнэлгээ болон эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

насанд хүрээгүй хохирогч Т.Э хууль ёсны төлөөлөгч О.Т “...охины минь зүүн талын эгэм яс хугарч Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгэж байсан. Э юу болсон талаар асуухад “...машин жолоодож яваад машинтай мөргөлдсөн, үүний улмаас охины зүүн талын эгэм хугарсан” гэж хэлсэн. ...Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Э.Эын “...Г.Э “Дөмөг” захын хойд талд явж байхдаа урсгал сөрөх гэхэд нь “битгий боль” гэж хэлсэн, ...цайны газраас авч гарч ирсэн буузаа хүүхэддээ өгөх гээд хүүхэд рүүгээ хараад явж байхад гэнэт урдаас гэрэл тусаад харахад Г.Э эсрэг урсгал руу ороод давхиж байсан бөгөөд урдаас нэг машин ирж байсан, Г.Эг “боль, хурдаа хас” гэж хэлэхэд хүний үг сонсохгүй давхиж эсрэг урсгалд явж байсан машинтай мөргөлдөж осол гаргасан. ... Хэрэг болох үед Г.Э болон түүний найз бид гурав 2.5л хоёр сав пиво уусан байсан, Г.Э халамцуу явсан. ...миний охин Э.Э урд талын суудлын аравчийг мөргөөд дээд талын уруул болон дээд талын 1, 2 дугаар шүд нь эмтэрсэн. Охин Э.Н баруун эгэм орчим хөхөрч цус хурсан, миний зүүн өгзөг, гуя,  шилбэнд цус хурсан байсан. Одоо бид гурвын биеийн байдал хэвийн зүгээр болсон байгаа, ...Г.Э гээс нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207-208 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Г.Э “...миний нэр дээр бүртгэлтэй ****ОРХ улсын дугаартай Toyota Land Cruiser-200загварын автомашинд 34.216.950 төгрөгийн хохирол учирсан тул гэмт хэрэг үйлдсэн хүнээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

          Г.Э гийн яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ өдөр найз Өсөхөөгөөр өөрийнхөө машиныг унуулаад хүүхдээ аваад найз Эын гэрт очсон. ...Э хоёр хүүхдээ аваад бид нар тэдний гэрээс гарч яваад Яргуйт багийн баруун талын ууланд очоод машин дотор пиво уусан. Пиво уугаад дууссан чинь Э “...намайг хүүхдүүдтэй минь Говил руу хүргээд өгөөч” гэсэн, ...би машинаа жолоодоод Говил баг руу Эыг хүүхдүүдтэй нь бэр эгчийнх нь гэрт хүргэж өгөх гээд “Дөмөг” зах өнгөрч яваад урдаа явсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн чинь нөгөө машин надтай зэрэгцээд хурдаа нэмсэн, би тэр машиныг гүйцэж түрүүлээд урд нь гарах гэсэн боловч урдаас машин ирээд мөргөлдсөн. ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, ...хэрэг болох үед Э, Өсөхөө нарын хамт 2.5л хоёр сав пиво уусан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-194 дэх тал/

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 942 дугаартай; “...Т.Э биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Б.Г 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 213 дугаартай; “...Т.Б биед хүзүүний С3/С4-р нугалмын нугас дарагдал, няцрал, дөрвөн мөчний саажил, бага аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний С3/С4, С4/С нугалам хоорондын диск авч нугас дарагдал чөлөөлөх, хиймэл бортого суулгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

****ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч Г.Гансүх, уг тээврийн хэрэгслийг худалдан авагч Г.Э нарын байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 157-159 дэх тал/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай; “...Г.Э гэж хаягласан цуснаас 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

          Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын шинжээч Л.Э,  И.И, Б.З нарын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай; “...Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд талын буфер хамгаалалт хагарсан, хөдөлгүүрийн хаалт /копут/ хуниралдаж чихэгдсэн, баруун урд талын их гэрэл суурьтайгаа хагарсан, радиаторын сэнс хагарсан, радиатор хагарч ашиглалтын материал гоожсон, хөдөлгүүр тогтоох хөндлөн төмөр /урд рам/ тахийсан, баруун урд талын шаврын хаалт /гадна, дотор/ хагарсан, баруун талын нэмэлт гэрлүүд хагарсан, баруун урд талын хаалга гажсан, хийн дэрнүүд задарсан, суудлын бүс тасарсан, урд салхины шил хагарсан зэрэг ноцтой гэмтлүүд илэрсэн нь стандарт шаардлага хангахгүй байна. Эдгээр гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслийг засварлах боломжгүй заавал шинээр сольж тавих шаардлагатай. Эдгээр гэмтлүүдийг ослын дараах гэмтэл гэж тогтоосон.” гэсэн ****ОРХ улсын дугаартай Land Cruiser-200 загварын тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 62-65, 66, 67-69 дэх тал/,

          Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 579 дугаартай албан бичгийн “...****ОРА...“Hyundai Sonataтээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г.Г” гэсэн хавсралт /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/,

          Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.О 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40/05-666 дугаартай; “...Г овогтой Э /ФБ**********/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,

          Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 580 дугаартай албан бичгийн “...****ОРХ...Land Cruiser-200 тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г.С” гэсэн хавсралт /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/,

          Мөрдөгчийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “...Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/,

          3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:

          а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

          11.3.“Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.” гэсэн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 171-173 дахь тал/,

Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 24/0463 дугаартай; “...2021/2014 онд Монгол Улсад орж ирсэн Toyota Land Cruiser-200 загварын ****ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 34.216.950 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 219-221, 222-234 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Тэнүүн төвөргөөн” ХХК-ийн урд талын автозамд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал/,

Г.Э “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн ард талд байрлах төв асфальт зам дээр 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осол гарч нөхөр Т.Б биед гэмтэл учирсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21.10 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 4, 5 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 6-7, 8-11 дэх тал/,

хохирогч Т.Б өвчний түүхийн хуулбарууд болон эмчилгээний төлбөртэй холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 125-147, 246-250, 2 дахь хавтаст хэргийн 1-4, 6-23 дахь талууд болон шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн баримтууд/,

шүүгдэгч Г.Э гийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 83  дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 88-92 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас болон Г.Э гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Эг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Э нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.2 хувийн дунд зэргийн согтуурсан үедээ үйлдэж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 34.216.950 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь;

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Г.Э гийн “...Э ын нөхрийнх нь найзынд очоод нэг том пиво хувааж уусан. ...“Дөмөг” зах өнгөрөөд явах үедээ урд явсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон. Машин харагдахгүй байсан, гэтэл нөгөө машиныг гүйцэж түрүүлэх гээд хурдаа жаахан нэмэхэд өөдөөс машин гараад ирсэн.” гэх,  

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Т.Б “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим...****ОРХ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод...“Чанар стандарт” худалдааны төв рүү дөхөж явахад эсрэг урсгалд явж байсан машинуудаас гэнэт нэг суудлын автомашин урсгал сөрж давхиж ирээд миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. ...Энэ хэргийн улмаас миний бүх үе мөч мэдрэлгүй болж саажилт өгч, нугас гэмтэж, няцарч дарагдсан, хүзүүний сэртэн яс гэмтсэн мөн хүзүүний 1, 2, 4, 5, 6 дугаар үе гэмтсэн. ...маш их гомдолтой байна.” гэх,

насанд хүрээгүй хохирогч Т.Э хууль ёсны төлөөлөгч О.Т “...охины минь зүүн талын эгэм яс хугарч Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгэж байсан. Э юу болсон талаар асуухад “...машин жолоодож яваад машинтай мөргөлдсөн, үүний улмаас охины зүүн талын эгэм хугарсан” гэж хэлсэн.” гэх,

иргэний нэхэмжлэгч Э.Э ын “...Г.Эг “боль, хурдаа хас” гэж хэлэхэд хүний үг сонсохгүй давхиж эсрэг урсгалд явж байсан жип машинтай мөргөлдөж осол гаргасан. ...миний охин Э.Э урд талын суудлын аравчийг мөргөөд дээд талын уруул болон дээд талын 1, 2 дугаар шүд нь эмтэрсэн. Охин Э.Н баруун эгэм орчим хөхөрч цус хурсан, миний зүүн өгзөг, гуя,  шилбэнд цус хурсан байсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Г.Э “...миний нэр дээр бүртгэлтэй ****ОРХ улсын дугаартай Toyota Land Cruiser-200загварын автомашинд 34.216.950 төгрөгийн хохирол учирсан тул гэмт хэрэг үйлдсэн хүнээс нэхэмжилж байна.” гэх,

Г.Эг ийн өөрийнх нь өгсөн “...Яргуйт багийн баруун талын ууланд очоод машин дотор пиво уусан. Пиво уугаад дууссан чинь Э “...намайг хүүхдүүдтэй минь Говил руу хүргээд өгөөч” гэсэн, ...би машинаа жолоодоод Говил баг руу Эыг хүүхдүүдтэй нь бэр эгчийнх нь гэрт хүргэж өгөх гээд “Дөмөг” зах өнгөрч яваад урдаа явсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн чинь нөгөө машин надтай зэрэгцээд хурдаа нэмсэн, би тэр машиныг гүйцэж түрүүлээд урд нь гарах гэсэн боловч урдаас машин ирээд мөргөлдсөн.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 942 дугаартай, “...Т.Э биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Б.Г 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 213 дугаартай, “...Т.Б биед хүзүүний С3/С4-р нугалмын нугас дарагдал, няцрал, дөрвөн мөчний саажил, бага аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний С3/С4, С4/С нугалам хоорондын диск авч нугас дарагдал чөлөөлөх, хиймэл бортого суулгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна.” гэсэн,

          Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5068 дугаартай, “...Г.Э гэж хаягласан цуснаас 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтүүдээр болон Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.О2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40/05-666 дугаартай албан бичиг, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа,Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 24/0463 дугаартай үнэлгээний тайлан, Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын шинжээч Л.Э,  И.И, Б.З нарын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Т.Б өвчний түүхийн хуулбарууд, эмчилгээний төлбөртэй холбоотой баримтууд зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Эгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж үзнэ.  

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй,

тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3.“Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Э эрүүл мэндэд “зүүн эгэм ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Т.Б эрүүл мэндэд “хүзүүний С3/С4-р нугалмын нугас дарагдал, няцрал, дөрвөн мөчний саажил, бага аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, хүзүүний С3/С4, С4/С нугалам хоорондын диск авч нугас дарагдал чөлөөлөх, хиймэл бортого суулгах мэс заслын дараах байдал” бүхий хүнд хохирол тус тус учирсан шалтгаант холбоо байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртөө согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч Г.Эг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.2 хувийн дунд зэргийн согтуурсан үедээ үйлдэж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргахад

шүүгдэгч Г.Э “...хэлэх зүйлгүй.” гэв.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Шүүх шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.2 хувийн дунд зэргийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, гэм буруутай үйлдлийнхээ улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, өөрийн төрүүлсэн охин 4 настай Т.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдал, хохирогч Т.Баярмандах одоогийн байдлаар 85.480.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ч эрүүл мэнд нь бүрэн эдгэрээгүй хор уршиг арилаагүй байдал, иргэний нэхэмжлэгч Г.Э эд хөрөнгөд 31.520.000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөөгүй байдал, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч гэмт хэрэг үйлдсэн цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд хохирогч Т.Баярмандах, иргэний нэхэмжлэгч нартай уулзаагүй, уучлалт гуйгаагүй, тусалж дэмжээгүй хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т “согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчвөл тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байсныг Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж буюу  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, мөн тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ял оногдуулсан болно.

          Шүүгдэгч Г.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудал;

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Э нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Т.Б 95.752.108 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Э эд хөрөнгөд 31.520.000 төгрөгийн хохирол, төлбөр учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ үнийн дүнг улсыг яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар бүгд хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс нийт 127.272.108 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 24/0463 дугаартай, “...2021/2014 онд Монгол Улсад орж ирсэн Toyota Land Cruiser-200 загварын ****ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 34.216.950 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан 1 дэх хавтаст хэргийн 219-221, 222-234 дэх тал авагдсан боловч иргэний нэхэмжлэгч Г.Сүнжидмаа 31.520.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн баримтыг ирүүлсэн тул шүүх тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийн бодит хохирлыг 31.520.000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Т.Энххүслэнг төрүүлсэн гэх боловч хүүхдийн төрсний бүртгэлийн баримт бичиг хэрэгт авагдаагүй,

 харин хүүхдийн төрсөн эцэг О.Т нь Сэлэнгэ аймаг Орхонтуул сум Хонгор-Овоо баг “Тоорой мод” гэх газар оршин суудаг байх тул дөрвөн настай Т.Э асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлээгүй орхив.

Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т, иргэний нэхэмжлэгч Э.Э нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ганга овогт Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Эгээс 127.272.108 төгрөгийг гаргуулж, 95.752.108 төгрөгийг хохирогч Т.Б, 31.520.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.С олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

7.Шүүгдэгч Г.Э д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т, иргэний нэхэмжлэгч Э.Э нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.  

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э