Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/02429

 

 

 

 

 

 

 

 

2021        12          08  

181/ШШ2021/02429

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  хороо, хотхон, дүгээр байр, тоотод оршин суух, Б овогт П.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, хороо, С гудамж, тоотод байрлах, “Б" ХХК-д холбогдох,

 

5,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, гэрч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 5,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:     

Нэхэмжлэгч П.Б нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 355 дугаар лангуунд гоо сайхны бараа бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлдэг. 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би нэрийн угаалгын нунтаг худалдаж авахаар “Б” ХХК-ийн борлуулалтын ажилтан Шинэбаяр гэх залууд захиалга өгч, түүний харилцах Хаан банкны 5003807913 дугаар данс руу Хаан банкны өөрийн эзэмшлийн данснаас 22,644,600 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч “Б” ХХК барааны үнэд 22,644,600 төгрөг хүлээж авсан атлаа 3,144,600 төгрөгийн барааг нийлүүлж, үлдэх 19,500,000 төгрөгийн барааг нийлүүлээгүй.

Нэхэмжлэгч П.Б нь үлдэх бараагаа хариуцагчаас олон удаа нэхэж шаардаж байсан боловч нийлүүлэхгүй байсан учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “... Хариуцагч “Б” ХХК нийлүүлэх бараагаа хугацаандаа нийлүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс миний бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн. Аргагүйн эрхэнд би бусдаас 16,000,000 төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулж байсан боловч зээлийн хүүд багагүй мөнгө төлж байна ...” гэхэд шүүх дээрх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, тусдаа асуудал гэж үзээд хүлээж аваагүй.

Хариуцагч “Б” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөнөөс багагүй хохирол учирсан нь бодитой юм. Тодруулбал: “Б” ХХК захиалсан барааг хугацаанд нь нийлүүлээгүйгээс миний бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би иргэн С.Г-с сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 16,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлийн хүүд би иргэн С.Г-д зээлийн хүүд нийт 5,760,000 төгрөг төлсөн нь миний хувьд бодит хохирол гэж үзэж байна. Хэрэв хариуцагч “Б” ХХК гэрээнд заасан үүргээ зохих хугацаанд нь биелүүлж, захиалсан барааг бүрэн нийлүүлсэн бол би хэн нэгнээс зээл авч, хүү төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл хүүд төлсөн 5,760,000 төгрөг нь миний хувьд ашиг байх байсан боловч бодит байдалд хохирол, алдагдал болоод байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор түүнээс үүдэлтэй гарсан хохирол нь нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл болсон.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж, өөрт учирсан хохирол 5,760,000 төгрөгийг тус компаниас гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлээ гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзсантай холбоотойгоор мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт хамаарах талаар үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал эд хөрөнгийн алдагдал буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн аль нэгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэл илүү тодорхой болох байх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зардал юм уу? хохирол юм уу? эд хөрөнгийн алдагдал юм уу? тодорхой харагдсангүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол гэж байгаа бол гэрээний огноог харах ёстой.

Хэргийн материалд манай байгууллагад ажиллаж байсан ажилтан н.Шинэбаяртай холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сард гэрээнээс татгалзсантай холбоотой гомдол гаргасан. Зээлийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Гэрээнээс татгалзсан буюу шаардах эрхээ хэрэгжүүлэхээс өмнө гуравдагч этгээдтэй зээлийн гэрээ байгуулаад хүү төлөөд үүрэг хүлээсэн. Гэрээнээс татгалзсан гэсэн нөхцөл байдал харагдахаас өмнө зээлийн гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Манай байгууллагаас шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол 2020 оны 03 дугаар сараас хойш зээлийн гэрээ байгуулаад зээлийн хүү төлсөн бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхдаа зээлийн гэрээ байгуулж байна. Гэрч С.Г нь П.Б-д өмнө нь мөнгө зээлж байсан гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт нь Б ХХК-тай холбоотой зээл аваад үүрэг хүлээсэн асуудал харагдахгүй байна. Гэрчийн мэдүүлгээр Б ХХК-ийн үйл ажиллагаанаас болж зээл авсан гэж харагдсангүй. Өмнө зээл авч байсан үйл баримт байгаагаас гадна гэрчийн мэдүүлэг дээр мөнгөө бэлнээр авч байгаа асуудал нь үнэн зөв нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 5,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс бизнесийн үйл ажиллагаа доголдож, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.С-с зээлсэн 16,000,000 төгрөгийн хүүд төлсөн 5,760,000 төгрөгийг хохирол гэж үзэж шаардаж байна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт нь Б ХХК-тай холбоотой гэж үзэхгүй” гэх үндэслэлээр тайлбар гарган мэтгэлцсэн.

 

            Нэхэмжлэгч П.Б нь “Б” ХХК-д угаалгын нунтаг худалдаж авахаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 22,644,600 төгрөг шилжүүлсэн. Б ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс П.Б нь гэрээнээс татгалзаж, 19,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2607 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2607 дугаартай шийдвэр, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

           

            Хэрэгт авагдсан баримтаар, П.Б нь иргэн С.Г-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан, уг зээлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлж барагдуулсан, зээлийн хүүд 5,760,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын маргаагүй тайлбар, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ дүгнэсэн баримт, гэрч С.Г-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан боловч нэхэмжлэгч П.Б-ын С.Г-ай зээлийн гэрээ байгуулан, уг гэрээний дагуу авсан мөнгөнд төлсөн хүү нь зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг тул “Б” ХХК үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

 

            Иймд Б ХХК-иас 5,760,000 төгрөг гаргуулах тухай П.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК-иас 5,760,000 төгрөг гаргуулах тухай П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ