| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0250/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/246 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/246
2024 05 31 2024/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.А д холбогдох эрүүгийн 2425000000309 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Н.А
2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Н.А нь;
2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим 1.36 хувийн согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт ****ОРН улсын дугаартай “Toyota Land Criuser 200” /Тоёота Ланд круйзер 200/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Н.А дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.М “...Н.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21.20 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.М илтгэх хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, “...драгер Аlcotest маркийн 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 1.36% ...” баримт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.О 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 42/05-294 дугаартай,
“...Н.А /РД; *********/ нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар ******* тоот дугаартай “В” ангилалтай жолоодох эрхийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Булган аймагт 1 жилийн хугацаатай эрх хасагдсан байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
“...Б овогт Н.А /РД; *********/ нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрх хасагдсан.” гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Булган аймгийн Цагдаагийн газраас хэрэгт хавсаргуулсан, Н.Ад холбогдох зөрчлийн 1100.033.23.0001971 дугаартай хэргийн баримтууд /хавтаст хэргийн 16-32 дахь тал/,
гэрч Б.М “...2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17.00 цагаас 4 дүгээр сарын 03-ны өглөөний 08.00 цаг хүртэл Орхон аймгийн нутаг дэвстэрт шөнийн эргүүл, хяналт шалгалтаар ажилласан. Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрийн автозамд тээврийн хэрэгслүүдэд үзлэг, шалгалт хийж байх үед ****ОРН улсын дугаартай “Toyota Land Criuser 200” загварын тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож бичиг баримтыг нь шалгахад Н.А гэх иргэн байсан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 онд хасуулсан байсан. Тухайн жолоочийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгаж үзэхэд 1.36 хувь согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж, тухайн иргэнийг цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Н.А ы яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт байрлах морины зүчээн дээрээ байх үедээ найз Г жижиг шилтэй архи хувааж уусан, тухайн архинаас нээх их уугаагүй, нэг, хоёр удаа амсаад л өгсөн. Ингээд орой болоод гэртээ харихаар өөрийн эзэмшлийн ****ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож Яргуйт багийн нутаг дэвсгэрт явж байсан чинь цагдаагийн алба хаагч зогсоож бичиг баримт болон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Намайг “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гээд тээврийн хэрэгслийг түр саатуулж, намайг цагдаагийн газар луу авч явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.А нь прокурорын санал болгосон “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх”-өөр зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны үед хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа, мөн прокурор, мөрдөгч нар нь эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн зүйлгүй гэдгээ илэрхийлээд “...боломж байвал торгууль төлөх хугацааг сунгаж өгөөч.” гэсэн хүсэлтийг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэснийг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ, ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Н.А ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж,
түүнд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э