| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0213/Э/217/2024/0038 |
| Дугаар | 2024/ШЦТ/218 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/218
2024 05 16 2024/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
хохирогч М.Х, түүний өмгөөлөгч С.Б /цахим/,
шүүгдэгч Г.Б, Ж.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Б, Ж.Н нарт холбогдох эрүүгийн 2425000660161 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
1.-Г.Б
2.-Ж.Н
шүүгдэгч Г.Б нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Ж.Н тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч М.Х тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ж.Н нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Г.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч М.Х тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, үсдэх, пивоны шилээр толгой хэсэгт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б “...Тэр өдөр “Вегас” бааранд ажлынхнаараа тойроод бүжиглэж байтал А “үснээс зулгаачихлаа” гэж хэлсэн, “юу болсон юм” гээд Н эгч хажууд нь гараад бүжиглэсэн. Гэтэл хэдэн талаас хүмүүс гарч ирээд миний үснээс зулгаасан, намайг дарсан байсан болохоор “юу болж, юунаас эхэлсэн” гэдгийг сайн мэдэхгүй. Би босоод “явъя” гээд хувцасаа авах гээд байж байхдаа Н эгчийг “бие засах өрөө оръё” гээд хамт ороод байж байхад нөгөө хүмүүс бид хоёр руу дайрсан, Н эгч пивоны шил шидсэн. Бид хоёр гараад А эгч дээр очоод “явъя, нөгөө охидууд бие засах өрөөнд байна” гээд явах гээд байж байхад “О хаана байгаа юм” гэж асуухаар нь “бие засах өрөөнд байгаа” гэсэн, бие засах өрөө рүү буцаж ороод А эгч учраа олоод үүдэнд юм яриад зогсож байхад цаанаас нь хоёр охин ирж хэрэлдээд Н эгчийн нүүр рүү мангасдаж зодоон эхлүүлсэн.” гэв.
шүүгдэгч Ж.Н “...Бид нар тойроод бүжиглэж байсан юм, баярын өдөр байсан болохоор баар хүн ихтэй, олуулаа байсан, би энэ хүмүүсийг нэг, нэгнийхээ хөл дээр гишгэлцсэн гэдгийг мэдээгүй, манай ажлын А “би нэг охины хөл дээр гишгэчих шиг боллоо, тэгсэн тэр охин миний үснээс зулгаалаа” гэж хэлэхээр нь би “чи энэ талдаа гараад бүжиглэчих” гээд Аг нөгөө талдаа гаргаж бүжиглүүлээд би энэ охидуудын талд гараад бүжиглэсэн. Би энэ охидуудтай яагаа ч үгүй, хэрүүл маргаан үүсгээгүй байхад гэнэт миний үснээс зулгааж, газар чирээд, миний дээрээс дарсан, би ямар ч хариу үйлдэл үзүүлж чадаагүй, тэнд бүжиглэж байсан хүмүүс бид нарыг салгасан. Бид хэд “одоо гарцгаая, дахиж хэрүүл, зодоон болох юм байна” гээд гарах гэж байгаад Б бид хоёр бие засах өрөө ороход энэ гурван охин гурвуулаа толины урд зогсож байсан, бие засах гэхэд яг толины урд зогсоод бид нартай маргалдаад, бие засуулахгүй болохоор нь “гаръя” гээд гарах гэхэд Хгийн найз гээд ягаан цамцтай охин араас пивоны шил шидсэн, пивоны шил шидэхээр нь би буцаад маргалдаад байж байхад манай ажлын О эгч орж ирээд салгаад аваад гарсан. А эгч энэ хэдтэй “хэдүүлээ хэрэлдэж маргалдахаа болъё, эмэгтэй хүмүүс байна учраа олъё” гээд саатай цамцтай охинтой яриад байж байхад ягаан цамцтай охин намайг мангасдсан, “чи яаж байгаа юм” гэхэд хажуунаас Х намайг үсдэж, барьж байсан пивоны шилээрээ цохих гэхээр нь пивоны шилээр цохисон миний буруу. Эргэн тойрны хүмүүс “нөгөө гурван охин чинь та хэдийг пивоны шилээр цохино гээд байна шүү, та хэд хурдан хувцасаа өмсөөд гарсан нь дээр байх, тэгэхгүй бол дахиад зодоон болох магадлалтай байна шүү” гэж хэлж байсан. Бид нар энэ хүмүүсийг бие засах өрөө орсон гэж мэдэхгүй ороод дахин хэрүүл болсон.” гэв.
хохирогч М.Х “...Бүжгийн талбай дээр маргалдахын хувьд бүгдээрээ л маргалдаж байсан, би тэр үед үсдүүлээд даруулчихсан байсан болохоор хүнд гар хүрч амжаагүй, бие засах өрөөнд ороод А, Н хоёр маргалдаад, Н өөдөөс нь харааж зүхээд байсан болохоор А нүүр рүү нь мангасдсан гэсэн. Тэр үед би салгах гээд ороход Н миний барьж байсан шилээр дух руу цохих гэж байсан болохоор би Н үснээс нь татахад Н миний дух хэсэг рүү цохисон, би ямар ч үйлдэл хийхгүй, “та яаж байгаа юм” гэхэд өөдөөс хэл амаар доромжилж, хажуу талаас Б “Н үснээс тавь” гээд намайг үсдэж дараад, миний дух хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Хажууд байсан хүмүүс намайг салгаж, “цагдаа дуудна” гэхэд энэ хэд бүгдээрээ гарч зугтсан, ялангуяа Б гэх хүн байхгүй, зугтсан байсан, Н тэр үед цагдаа дээр очоод мэдүүлэг өгөх гэхэд бүхэл нь өндөр байсан болохоор “маргааш ирж мэдүүлэг өгөөрэй” гэсэн, тэр үед миний толгой маш их өвдөж байсан болохоор Нэгдсэн эмнэлэг рүү очиход толгойны зургийг аваад “тархи доргилттой, бяцралтай” гэж жижүүр эмч хэлсэн, маргааш нь томографийн зураг авахуулахад “тархи доргилттой” гэж гарсан. Шинжээч эмч “тархи доргилт” гэдгийг орхигдуулаад “хөнгөн зэрэг биш” гэхээр нь би “дахин шинжээч томилж өгнө үү” гээд хот руу явж шинжээчид хандахад “хөнгөн гэмтэл” гарсан. Одоо үе, үе толгой маш хүчтэй өвддөг, дух хэсэгт цохисон газар нь борлоод, цаана нь цус хуралт үлдсэн, бариад үзэх юм бол хүний гарт мэдрэгдэнэ, товгор болсон байгаа, эмч “зүсэлт хийлгээд хагалгаа хийлгэ” гэсэн, хамар хэсэгт муруйлт үүссэн гэсэн шинжээчийн дүгнэлтэд гарсан, цаашид хамар болон духны хэсгээ янзлуулна. Нэхэмжлэх зүйл гэвэл, 7 хоног бариагаар явсан, 10 хоног ажилдаа очоогүй, би тэр үед хувиараа, “Хангайн бүс” худалдааны төвд лангуу ажиллуулаад, маш их өр, зээл аваад бараа татаад, хадгаламжаасаа өдөр болгон 150.000 төгрөг татуулдаг байсан, мөн сард 3.000.000 төгрөгөөс дээш төгрөгийн өр, зээл төлдөг байсан. Тэр үед мөнгөгүй байсан болохоор эмчилгээ хийлгээгүй, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж байсан. Би ажиллаж байсан хоногоо дунджаар гаргаж өгсөн байгаа, өдөрт татуулдаг байсан 150.000 төгрөгийг 10 хоногоор бодож 5.600.000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэв.
хохирогчийн өмгөөлөгч С.Б “...Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт будилаантай буюу I зэрэглэл гэж гарсан, уг нь III дугаар зэрэглэл байх ёстой, III дугаар зэрэглэлээр 7.150.000 төгрөг нэхэмжилнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг III дугаар зэрэглэлд хамаарна, Улсын дээд шүүхийн 27 дугаартай тогтоолын 3.4, 3.6 хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэсэн байдаг. Мөн оны өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоод доод хэмжээ нь 7.150.000 төгрөг, дээд хэмжээ нь 12.644.500 төгрөг болж байгаа, бодит хохирол тархи үзүүлсний 20.000 төгрөг, шүүх эмнэлгийн зардал 8680 төгрөг, томографийн зурагны 120.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний газарт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явсан тээврийн зардал 46.600 төгрөг нийт 195.280 төгрөг болсон. Харин 5.600.000 төгрөгийг бол нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч М.Х гийн “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед “Вегас” бааранд найз А, А нарын хамт орсон, ...найзуудын хамт бүжиглэж байх үед үл таних охин найз А нүүр рүү самардаж, мангасдаад авсан, ...бие засах өрөөнд ороод толь руу хараад байж байтал бүжгийн талбай дээр маргалдсан охидууд ороод ирсэн, би бор үстэй эгчид “та яаж байгаа юм” гээд бид нарыг ямар шалтгааны улмаас маажиж, үсдсэн талаар асуухад бор үстэй эмэгтэй “та нар өөрсдөө эхэлсэн биз дээ” гэж хэлээд бид нар руу дайраад байсан. ...тухайн үед миний барьж байсан пивоны шилийг бор үстэй эмэгтэй миний гараас булааж аваад дух хэсэг рүү цохисон, ...би бор үстэй эгчийн үснээс бариад авахад хажуу талаас ягаан үстэй охин миний үснээс татаад дух руу хөлөөрөө жийгээд, үсдэж доошоо дарсан. ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
“...би “Хангайн бүс” худалдааны төвд бэлэн хувцасны лангуу түрээслэдэг, өдрийн орлого дунджаар 400.000 төгрөг байдаг, нийт 14 хоног ажиллаагүйн төлбөр 5.600.000 төгрөгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд гэм хор учраагүй тул нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
гэрч Б.М “...2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Х “...“Вегас” бааранд хүнтэй маргалдаад толгойгоо хагалуулчихлаа” гэж хэлсэн. ... юу болсон талаар асуухад “хоёр найзтайгаа “Вегас” бааранд бүжиглэж байгаад танихгүй охидуудтай биеэрээ шүргэлцээд надтай цуг явж байсан А мангасдаад, хоорондоо зодолдоод, хамгаалагч нар салгасан, А нүүрийг маажчихсан тул толинд харах гээд бие засах өрөө ортол араас маргалдсан охидууд орж ирээд бор үстэй эмэгтэй нь миний барьж байсан пивоны шилээр миний толгойн тус газар цохиод, намайг үсдээд зодоон болсон.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
гэрч Т.А ын “...Х нэг охиныг мангасдаад авсан, би Х гаас яагаад мангасдсан талаар асуухад “А энэ охин мангасдаад, тэгээд би зөрүүлээд мангасдсан” гэж хэлсэн. Тэр үед А тэд нартай маргалдаад, зодоон болоод, бие, биеэ үсдээд доошоо дараад тухайн газрын хүмүүс салгасан, А “миний нүүр хорсоод байна, бас биеэ засах шаардлагатай байна” гэж хэлээд бид нар бие засах өрөө ороод байж байтал бүжгийн талбай дээр маргалдсан охидууд ороод ирсэн. ...Нөгөө охидууд Х бид хоёр дээр ирээд маргалдаад, бор үстэй эмэгтэй нь намайг хэл үгээр доромжлоод байсан учир би мангасдсан, намайг зөрүүлээд бөөнөөрөө үсдээд өшиглөсөн, хүмүүс орж ирээд биднийг салгасан, нэг хартал Х г охидууд нийлээд зодож байсан, ...Х толгойгоо бариад орилоод, толгой нь цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч Х.А “..Би бие засах өрөө ороод нүүрээ хартал гурван хэсэгт маажчихсан байсан, тухайн үед бүжгийн талбай дээр маргалдаж байсан охидууд бие засах өрөө ороод ирсэн, намайг нэг охин нь “хүрээд ирээч ярилцъя” гэсэн би бие засах өрөөний хаалганы хажууд нэг охинтой нь яриад бие, биеэсээ уучлалт гуйгаад, “найзуудаа аваад явчихъя” гэж хэлэх үед бие засах өрөөний угаалтуурын хажууд манай хоёр нөгөө охидуудтай, Х бор үстэй эмэгтэйтэй маргалдаад байгаа харагдсан, тэр үед бие, биенийгээ үсдээд зодолдоод эхэлсэн. ...цагдаа нар ирээд л Х г толгой руугаа шилээр цохиулсан талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
гэрч М.А гийн “...Б, Н хоёр бие засах өрөө орж ирээд “бид нартай маргалдсан охидууд бие засах өрөөнд байна, пивоны шил шидээд байна” гэж хэлсэн. Би “баарнаас гаръя, хувцасаа өмс” гэж хэлээд...О авах гээд бие засах өрөө рүү ортол эхлээд намайг үсдсэн охин бие засах өрөөний үүдэнд зогсож байсан, тухайн охинтой ярилцаад, хэл амаа ололцоод байж байтал Н, Б нар орж ирсэн, араас нь тухайн охидуудтай хамт явж байсан нэг охин орж ирээд над руу дайраад “та нар асуудлыг эхэлсэн биз дээ, ямар овоо сда вэ” гэж хэлээд намайг үсдээд авсан, ...үл таних залуу намайг тухайн охиноос салгаад байж байтал Н толгой хавдчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
гэрч Х.А гийн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед би үл таних эмэгтэйн хөл дээр гишгэчихсэн, уучлалт гуйх гээд гараа өгөхөд тухайн эмэгтэйтэй цуг явж байсан үл таних эмэгтэй миний үсний араас зулгаасан. Би эргэж хараад эмэгтэйг түлхсэн, гэтэл намайг мангасдаж, над руу дайрахдаа пивоны шилээр цохих гэж оролдож, манай ажлын газрын хүмүүс рүү дайраад А, Н, Б нартай маргалдаж, харилцан зодоон үүссэн. ...бие засах өрөөний хаалгаар хартал О, Н, Б нар бүжгийн талбай дээр байсан охидуудтай маргалдаж, зодолдож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Б.О “...Цагдаа дээр ирээд ажилчдаасаа “хэн энэ охины толгойг шилээр цохисон” талаар асуух үед Н “эгчээ би цохисон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргйин 35 дахь тал/,
Г.Б гийн яллагдагчаар өгсөн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед “Вегас” бааранд очиход А, Н, О нар болон А найз залуугийнхаа хамт пиво ууж, бүжиглэж байсан. ...А бүжгийн талбай дээр танихгүй эмэгтэй хүнтэй маргалдаж, үснээсээ зулгаалцсан, юу болсон талаар асуух гээд очиход танихгүй эмэгтэй хүн миний үснээс зулгаасан, А “бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад танихгүй эмэгтэй хүний хөл дээр гишгэснээс шалтгаалж, хэрүүл маргаан болчихлоо.” гэж хэлсэн. Бид нар баарнаас гарахаас өмнө Н эгч бид хоёр бие засах гээд бие засах өрөө ороход бүжгийн талбай дээр маргалдсан эмэгтэйчүүд байсан, тэр эмэгтэйчүүдтэй Н эгч бид хоёр маргалдаж байхад хохирогч гэх эмэгтэй Н эгчийн нуруу хэсэг рүү хоосон пивоны шил шидсэн. Энэ үед гаднаас О эгч орж ирээд салгах гэж байхад нэг эмэгтэй нь Н эгчийн нүүр рүү мангасдаж, түлхэх үед би хохирогч эмэгтэйн үснээс зулгааж “Н эгчийн үснээс тавь” гэж хэлээд доош зулгаасан чигээрээ дарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
Ж.Н яллагдагчаар өгсөн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын газрын захирал О, ажилчин А, А, дадлага хийж байсан Б нарын хамт “Вегас” бааранд орж, хүний хоёр шил пиво ууж, бүжгийн талбай дээр бүжиглэж байхад А танихгүй эмэгтэйн хөл дээр гишгэсэн асуудлаас болж маргалдаж, улмаар хохирогч эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй миний үснээс зулгаасан. Баарнаас гарах үед Б бид хоёр бие засах гээд бие засах өрөө ороход бүжгийн талбай дээр маргалдсан охидууд байсан, бид нар хоорондоо дахиад маргалдаж байхад хохирогч гэх эмэгтэй гартаа пивоны шил барьчихсан намайг цохих гэхээр нь би булааж аваад зөрүүлээд дух хэсэг рүү нь нэг удаа цохисон, үснээс нь зулгаасан, миний үснээс ч зулгаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 169 дугаартай;
“...М.Х гийн биед духны арьсан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн шуу, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурваас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 70-73 дахь тал/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 436 дугаартай;
“...М.Х нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирснаас үүдэн түүний сэтгэцэд хор уршиг учирсан байна. М.Х гийн сэтгэцэд сэтгэл түгшилтийн хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
иргэн Б.М “...Орхон аймаг Баян-Өндөр сум “Вегас” бааранд манай найз охин М.Х бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01.10 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
мөрдөгчийн “Вегас” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
“DVD-R 4.7 GB 120 min/16x” гэсэн бичигтэй камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
шүүгдэгч Ж.Н;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 108 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дахь тал/,
оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/,
шүүгдэгч Г.Б гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 119 дэх тал/,
оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/,
хохирогч М.Х гийн;
мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хэрэгт хавсаргуулсан бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 58 дахь тал/,
шүүх хуралдаан эхлэхэд гаргаж өгсөн, шүүх эмнэлэгт үзүүлсэн тухай /8680 төгрөг/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /46.600 төгрөг/, томографикийн шинжилгээний баримт /120.000 төгрөг/-ууд зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Х, яллагдагч Г.Б, Ж.Н нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ж.Н, Г.Б нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч М.Хтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар үсдэх, цохих, өшиглөх, пивоны шилээр толгой хэсэгт нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “духны арьсан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн шуу, хүзүүнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
шүүх хуралдааны үед өгсөн, шүүгдэгч Г.Бгийн “...Н эгчийг “бие засах өрөө оръё” гээд хамт ороод байж байхад нөгөө хүмүүс бид хоёр руу дайрсан, Н эгч пивоны шил шидсэн.” гэх,
шүүгдэгч Ж.Н “...Х намайг үсдэж, барьж байсан пивоны шилээрээ цохих гэхээр нь пивоны шилээр цохисон миний буруу.” гэх,
хохирогч М.Хгийн “...би Н үснээс нь татахад Н миний дух хэсэг рүү цохисон, би ямар ч үйлдэл хийхгүй, “та яаж байгаа юм” гэхэд өөдөөс хэл амаар доромжилж, хажуу талаас Б “Н үснээс тавь” гээд намайг үсдэж дараад, миний дух хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. ...миний толгой маш их өвдөж байсан болохоор Нэгдсэн эмнэлэг рүү очиход миний толгойны зургийг аваад “тархи доргилттой, бяцралтай” гэж жижүүр эмч хэлсэн, маргааш нь томографийн зураг авахуулахад “тархи доргилттой” гэж гарсан.” гэх,
мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, хохирогч М.Хгийн “...пивоны шилийг бор үстэй эмэгтэй миний гараас булааж аваад дух хэсэг рүү цохисон, ...би бор үстэй эгчийн үснээс бариад авахад хажуу талаас ягаан үстэй охин миний үснээс татаад дух руу хөлөөрөө жийгээд, үсдэж доошоо дарсан.” гэх,
гэрч Б.М “...2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Х “...“Вегас” бааранд хүнтэй маргалдаад толгойгоо хагалуулчихлаа” гэж хэлсэн. ...бор үстэй эмэгтэй нь миний барьж байсан пивоны шилээр миний толгойн тус газар цохиод, намайг үсдээд зодоон болсон.” гэж хэлсэн.” гэх,
гэрч Т.А ын “...Нөгөө охидууд Х бид хоёр дээр ирээд маргалдаад, бор үстэй эмэгтэй нь намайг хэл үгээр доромжлоод байсан учир би мангасдсан, намайг зөрүүлээд бөөнөөрөө үсдээд өшиглөсөн, хүмүүс орж ирээд биднийг салгасан, нэг хартал Хг охидууд нийлээд зодож байсан, ...Х толгойгоо бариад орилоод, толгой нь цус болчихсон байсан.” гэх,
гэрч Х.А “..би бие засах өрөөний хаалганы хажууд нэг охинтой нь яриад бие, биеэсээ уучлалт гуйгаад, “найзуудаа аваад явчихъя” гэж хэлэх үед бие засах өрөөний угаалтуурын хажууд манай хоёр нөгөө охидуудтай, Х бор үстэй эмэгтэйтэй маргалдаад байгаа харагдсан, тэр үед бие, биенийгээ үсдээд зодолдоод эхэлсэн. ...цагдаа нар ирээд л Хг толгой руугаа шилээр цохиулсан талаар мэдсэн.” гэх,
гэрч Х.А гийн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед би үл таних эмэгтэйн хөл дээр гишгэчихсэн, уучлалт гуйх гээд гараа өгөхөд тухайн эмэгтэйтэй цуг явж байсан үл таних эмэгтэй миний үсний араас зулгаасан. ...бие засах өрөөний хаалгаар хартал О, Н, Б нар бүжгийн талбай дээр байсан охидуудтай маргалдаж, зодолдож байсан.” гэх,
гэрч Б.О “...Цагдаа дээр ирээд ажилчдаасаа “хэн энэ охины толгойг шилээр цохисон” талаар асуух үед Н “эгчээ би цохисон” гэж хэлсэн.” гэх,
Г.Б гийн яллагдагчаар өгсөн “...хохирогч гэх эмэгтэй Н эгчийн нуруу хэсэг рүү хоосон пивоны шил шидсэн. Энэ үед гаднаас О эгч орж ирээд салгах гэж байхад нэг эмэгтэй нь Н эгчийн нүүр рүү мангасдаж, түлхэх үед би хохирогч эмэгтэйн үснээс зулгааж “Н эгчийн үснээс тавь” гэж хэлээд доош зулгаасан чигээрээ дарсан.” гэх,
Ж.Н яллагдагчаар өгсөн “...Баарнаас гарах үед Б бид хоёр бие засах гээд бие засах өрөө ороход бүжгийн талбай дээр маргалдсан охидууд байсан, бид нар хоорондоо дахиад маргалдаж байхад хохирогч гэх эмэгтэй гартаа пивоны шил барьчихсан намайг цохих гэхээр нь би булааж аваад зөрүүлээд дух хэсэг рүү нь нэг удаа цохисон, үснээс нь зулгаасан, миний үснээс ч зулгаасан.” гэх мэдүүлгүүд,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2024 оны 169 дугаартай, “...М.Хгийн биед духны арьсан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн шуу, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. ...гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2024 оны 436 дугаартай, “...М.Хгийн сэтгэцэд сэтгэл түгшилтийн хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтүүд болон иргэн Б.М “...Орхон аймаг Баян-Өндөр сум “Вегас” бааранд манай найз охин М.Х бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл “Вегас” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Б, Ж.Н нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг.
Шүүгдэгч Ж.Н, Г.Б нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” баарны бие засах өрөөнд хохирогч М.Х тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар үсдэх, цохих, өшиглөх, пивоны шилээр толгой хэсэгт нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “духны арьсан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн шуу, хүзүүнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон, нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй,
шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Х гийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Н, Г.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх хохирогч, шүүгдэгч нарын болон гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд тэдний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Б, Ж.Н нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ж.Н д нэг сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах” гэсэн,
хохирогчийн өмгөөлөгч С.Б “...шүүгдэгч нарт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгч Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...бага насны хүүхдээ хардаг тул нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй” гэсэн,
шүүгдэгч Ж.Н өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...жирэмсэн, эмчилгээ хийлгэж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзсэн болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2024 оны 169, 436 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Ж.Н, Г.Б нарын хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Н д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
шүүхээс тогтоосон дээрх хугацаанд шүүгдэгч нар нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
шүүгдэгч Ж.Н хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж,
харин шүүгдэгч Г.Б гийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Монгол Улсын Дээд шүүх “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.” гэж,
“Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно.” гэж,
Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.” гэж тайлбарласан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсгийн 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж өөрөөр хэлбэл, уг аргачлалд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч дүгнэлт гаргах шаардлагагүй, хүснэгтээр тогтоохоор,
3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Иймд шүүх дээрх аргачлалын 3.8-д дурьдсан дагуу шинжээч Э.Эрдэнэтуяа, Ц.Д нарын 2024 оны 436 дугаартай, “хохирогч М.Хгийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамаарах”-ыг тогтоосон дүгнэлтийн үндэслэн, гэмт хэргийн ангилал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчийн нас, тухайн үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, тэдний төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг нэгдүгээр зэрэглэл харгалзан,
нэгдүгээр зэрэглэлийг 0-3% тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 2% тооцож хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 1.320.000 төгрөг гэж тооцов.
Шүүх гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор зэргийг харгалзан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд заасан нөхөн төлбөрийн хэмжээг тус тусын зэрэглэлд зааснаас ихээр, эсвэл багаар тогтоох боломжтой, ингэж тогтоохыг хязгаарлаагүй тул өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх хэмжээг тогтоосон болно.
Шүүх хуралдааны үед хохирогч болон түүний өмгөөлөгч нар “...бодит хохирол болох тархи үзүүлсний үнэ 20.000 төгрөг, шүүх эмнэлгийн зардал 8680 төгрөг, томографийн зурагны үнэ 120.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний газарт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явсан тээврийн зардал 46.600 төгрөг нийт 195.280 төгрөгийг,
мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг III дугаар зэрэглэлээр тооцож 7.150.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Харин 5.600.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тооцоод,
хохирогчид учирсан бодит хохиролд 195.280 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 1.320.000 төгрөг нийт 1.515.280 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Ж.Н нараас гаргуулахаар шийдвэрлэж,
хохирогч М.Х гийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр, эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгч Ж.Н, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Ж.Нас 757.640 төгрөг, шүүгдэгч Г.Бгаас 757.640 төгрөг гаргуулж хохирогч М.Х д олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан тул шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08.15 цаг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ж.Н 757.640 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн, харин шүүгдэгч Г.Б өөрт оногдох төлбөрийг төлөөгүй, хохирол төлөх үүргээ биелүүлээгүй байв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн “DVD-R 4.7 GB 120 min/16x” гэсэн бичиглэлтэй, “Вегас” баарны камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Г.Б, шүүгдэгч Б овогт Ж.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Н 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Н нар дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Н нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ж.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бгаас 757.640 төгрөг гаргуулж хохирогч М.Хд олгож,
хохирогч М.Х энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр, эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн “DVD-R 4.7 GB 120 min/16x” гэсэн бичиглэлтэй, “Вегас” баарны камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Н 757.640 төгрөгийг хохирогч М.Х д нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э