Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2024/0222/Э |
Дугаар | 2024/ШЦТ/220 |
Огноо | 2024-05-16 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/220
2024 05 16 2024/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.М д холбогдох эрүүгийн 2425000000266 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Т.М
Шүүгдэгч Т.М нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг **** тоот Ж.Г гэрт, хохирогч Х.Н “гарч тамхиа тат” гэсэн шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газарт нь архины шилэн аяга болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн зодооныг таслан зогсоох гэсэн хохирогч Ч.Х эсэргүүцэн түлхэн унагааж, эрүүл мэндэд нь “баруун 11-р хавирганы хугарал, зүүн бугалга, хэвлий нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Т.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
хохирогч Ч.Х ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
хохирогч Ч.Хийн “...2024 оны 3 дугаар сарын 16-ны өглөө Г залгаад “намайг гэр рүү дөхүүлээд өгөөч” гэсэн. ...Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Чика” баарны гадаа очоод Гг аваад Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Г ах, Б эгч хоёрын гэрт очсон. ...Г, Н бид гурав дээр гаднаас М гэх залуу орж ирсэн, бид дөрөв архи, пиво ууж байтал Н, М “айлд шавар шавхайтай орж ирээд тамхи татлаа” гэхэд нөгөөх нь уурлаад, энэ хоёр маргалдаад байсан. М авч ирсэн архийг Н бид хэд “уухгүй наадах чинь муухай архи” гэхэд “чи яасан их архи голдог п***а вэ” гээд нүүр рүү нь аяга аваад цохичихсон чинь хамраас нь цус гараад, би айгаад “яаж байгаа юм” гээд босоод иртэл намайг тохойгоороо түлхэх үед жижиг ширээ рүү унаад хавиргаа хугалсан.” гэх /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
хохирогч Х.Н давгийн “...миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Ж.Г “...2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Х “Чика” буудлын гадаа дуудаад авахуулсан, бид хоёр хуурай эгч Б, хуурай ах Г хоёрынд очиход Н байсан, би “ах, эгч хоёрыг цагаан сараар гэртээ оруулаагүй, манайд очиж цай уу” гээд Х, Н нарын хамт дагуулж гэртээ ирээд хоол унд идэж, ганц шил архи ууцгаасан. Б эгч, Г ах хоёр яваад, гаднаас М шал согтуу, орилж хашхираад, архи барьчихсан орж ирсэн, Н уурлаад “гарч тамхи тариагаа тат” гэхэд М уурлаад хундагатай архи нүүр рүү нь шидсэн, Х салгах гээд босоод ирэхэд М ширээний булан руу түлхээд газар унагаасан.” гэх /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Т.М ын өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Х, Ндагва нараас уучлалт гуйж, хохирол барагдуулсан.” гэх /хавтаст хэргийн 41 дэх тал/ мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 320 дугаартай; “...Ч.Х ийн биед баруун 11-р хавирганы хугарал, зүүн бугалга, хэвлий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун 11-р хавирганы хугарал гэмтэл нь дангаараа, зүүн бугалга, хэвлий нуруунд цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 375 дугаартай; “...Х.Н биед дээд уруулын дотор салстад сорви тогтоогдлоо. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэзээ ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй. Уг сорви учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах байсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Ч.Х ийн “...надад хохирол барагдуулсан.” гэх хавтаст хэргийн 14 дэх талд,
хохирогч Х.Н дагвын “...ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй болно.” гэх хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан мэдүүлгүүдийг болон хэргийн 60, 61, 62, 63 дахь талуудад авагдсан хохирогч нарт хохирол төлсөн банкны дансны хуулгуудыг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Т.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э