Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/хт2025/00078

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/00193 дугаар магадлалтай,

Н.О-ийн нэхэмжлэлтэй,

“П” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Н.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “П” ХХК‑аас 118,635,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 751,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-аас 751,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/00193 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 751,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.24-ний өдрийн 210/МА2025/00193 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг баримталсан, хариуцагчийн хариу тайлбар, татгалзалд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй хязгаарласан зэрэг нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

4.1 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн гэх боловч хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан “Н.О нь даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг үнэн зөв өгөөгүй, нөхөн төлбөрийн материалыг дутуу өгсөн, Улсын бүртгэлийн газарт худал мэдээлэл өгч нас барсны гэрчилгээг дахин гаргуулсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болно” гэх тайлбар татгалзалд дүгнэлт хийгээгүй.

4.2 Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6.2-т “Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Талуудын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т “даатгалын нэмэлт эрсдэлд зүрх гэнэт зогсох” гэж заасан бөгөөд зохигч нар даатгуулагчийн бусад өвчнөөс хамаарч амьсгалын дутмагшил үүссэний улмаас зүрх зогсох тохиолдлыг даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж тохиролцоогүй. 6.3-т “Зүрх гэнэт зогсох нь даатгуулагчийн зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох бусад өвчинтэй шууд шалтгаант холбоогүй бие даасан өвчин байх ёстой гэсэн хариуцагчийн татгалзал нь гэрээгээр тохирсон даатгалын нэмэлт эрсдэлийн тохиолдлыг хэт хумьж байгаагаас гадна амьсгалтын дутмагшил үүссэнээс зүрхний үйл ажиллагаа зогсохыг бусад өвчинтэй огт хамааралгүй гэсэн нь даатгуулагчийн эрх ашигт нийцэхгүй байх тул үүнийг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж зааснаар даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй гэж тус тус дүгнэжээ.

Гэтэл талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь гэнэтийн ослын эрсдэлээс даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэрээ бөгөөд нэмэлтээр санал болгосон эрсдэлүүд нь мөн адил гэнэтийн ослын улмаас зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэлийг хамгаалахаас биш бүх төрлийн өвчин эмгэг, түүний улмаас зүрх зогсох, цус харвах эрсдэлийг даатгаагүй болно.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар ердийн даатгалын компани зөвхөн гэнэтийн ослын шалтгаантай эрсдэлийг даатгана гэдгийг тодорхой заасан, энэ агуулгын хүрээнд бид гэрээний төслийг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн болно.

Шүүхээс талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд “Зүрх гэнэт зогсох” гэдэг эрсдэлд юу хамаарах, хамаарахгүй талаар дэлгэрэнгүй заагаагүй, тодорхойгүй гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4-т зааснаар гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох, эсхүл олон утга санаа агуулсан үг хэллэг гэж үзвэл гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлах ёстой байсан гэж үзэж байна.

Тодруулж хэлбэл 2 шатны шүүх “Зүрх гэнэт зогсох” эрсдэлийг “Зүрх зогсох I46” өвчнөөс ялгаж ойлгоогүй бөгөөд ICD-10 буюу олон улсын өвчний ангиллаар “Зүрх гэнэт зогсох” гэдэг өвчин байхгүй ба харин зүрх зогсох өвчин нь үүссэн шалтгаан нөхцөлөөс хамаарч өөр өөр нэршилтэй, бас кодтой байдаг. Жишээ нь: /https://erdemed.com/icd-10/?brx_ofoyaz=i146/-д

1. Зүрхний шок-R57

2. Зүрхний гаралтай гэнэтийн үхэл-I46.1

3. Зүрх зогсох, тодорхойгүй -I46.9 гэм мэт нэршилтэй, кодтойгоор заасан байдаг.

4.3 Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024.11.12-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. Тодруулбал шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шиг нотлох баримт гаргуулах тухай нэг хүсэлт гаргаж, тус хүсэлтийг хангаагүйн төлөө шүүгчээс татгалзаагүй бөгөөд өөрийн тайлбар, татгалзлыг нотлох зорилгоор дараах хүсэлтүүдийг шүүхэд гаргасан. Үүнд:

1. Улсын гуравдугаар төв эмнэлгээс шүүгчийн захирамжаар шаардсан баримтууд шүүх хурал болох өдрийн өглөө ирсэн, тус баримтуудтай танилцаагүй байсан тул хэргийн материал танилцах,

2. Даатгуулагч Г.Г-ын нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээг 2 удаа олгосон үйл баримтыг тодруулах зорилгоор дүгнэлт гаргасан Улсын байцаагчийг гэрчээр оролцуулах,

3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шаардсан баримтууд бүрэн ирээгүй байсан тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах,

4. Нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч Н.О-ийн Улсын бүртгэлийн газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан баримтуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг тус тус хариуцагчийн зүгээс гаргасан боловч шүүгч хүсэлтүүдийг хангахгүй орхисон болно.

Мөн шүүгчийг татгалзахдаа хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдтэй холбоотойгоор талуудаас асуулт асууж байгаа байдал, хүсэлтүүдийг хангахгүй орхисон шийдвэрийн тайлбар зэргээс үндэслэн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзсэн бөгөөд шүүгч татгалзлыг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2023.01.12-ны өдрийн 05 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолыг өөрөөр хэрэглэсэн.

Учир нь хариуцагчийн зүгээс шүүгчийг татгалзах хүсэлтийг хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.3-т заасан үндэслэлээр гаргасан тул УДШ-ийн тогтоолын “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан холбогдуулан татгалзсан” гэх үндэслэл энэ тохиолдолд хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр болон магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Н.Тийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.03-ны өдрийн 001/ШХТ2025/00384 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Н.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Би 2022.10.19-ний өдөр нөхөр Г.Г, охин Г.Х нарын хамт Хны зээлээр 0000 тоот байрыг худалдан авсан. Бид Хтай 0000тоот Зээлийн гэрээ байгуулан орон сууц худалдан авахдаа “П” ХХК-тай 0000 тоот Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээг 2022.11.08-ны өдрөөс 2023.11.07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Миний нөхөр Г.Г 2023.06.10-ны өдөр амьсгал, зүрх судасны дутагдлын улмаас зүрхний хэм алдагдан зүрх гэнэт зогсож гэнэтийн байдлаар нас барсан. “П” ХХК-тай байгуулсан 0000 тоот Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгааны гэрээнд даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах болон даатгуулагч нэмэлт хураамж төлсөн тохиолдолд “Зүрх гэнэт зогсох, Цус харвах” зэрэг эрсдэлээс хамгаалахаар тохиролцон даатгалын үнэлгээний 0.13 хувиар даатгалын хураамж төлсөн. Гэтэл талийгаач нөхрийн маань нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заагдсан нэмэлт эрсдэлд хамаарахаар байтал П-ын зүгээс үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. “П” ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул Санхүүгийн Зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2023.10.26-ны өдрийн 9/4077 тоот шийдвэрээр “П” ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй тул даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд миний нөхөр Г.Г орон сууц зээлийн гэрээний дагуу байрны зээлийн 70 хувийг хариуцаж байсан бөгөөд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас амь насаа алдсан тул даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөгийг “П” ХХК-аас гаргуулж өгнө үү.гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч Г.Г 2023.06.10-ны өдөр зүрх гэнэт зогссон шалтгаанаар Улсын төв гуравдугаар эмнэлэгт нас барсан гэж нөхөн төлбөр авах хүсэлт гаргасныг “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.09.27-ны өдрийн 23-01/1638 дугаар албан тоотоор нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь нөхөн төлбөрийн материалд хавсарган ирүүлсэн нас барсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Г-ын нас барсан шалтгааныг I46 гэсэн байх боловч нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ болон Гуравдугаар эмнэлгийн 2023.09.13-ны өдрийн 2/1231 дүгээр албан тоотод даатгуулагч Г.Г-ын нас барсан шалтгааныг Эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хоёр талын уушгины хатгаа, хүнд зэрэг /J15.8/ гэж ирүүлсэн. Тус баримтуудаар даатгуулагч Г.Г нь зүрх гэнэт зогссоны улмаас нас бараагүй болох нь тогтоогдсон тул даатгуулагч нартай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 8 дугаар зүйлийн 8.1.6-д “Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах” гэсэн заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Н.О-ийн нөхөр Г.Г нь 2023.06.10-ны өдөр I46 буюу зүрх зогсох гэсэн оношоор нас барсан нь даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1, даатгалын баталгаанд заасан зүрх гэнэт зогсох амь насны даатгалын нэмэлт эрсдэлд хамаарсан даатгалын тохиолдлыг бий болгосон байх тул нэхэмжлэгч Н.О нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.1.1, даатгалын гэрээний 6 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.3.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч “П” ХХК-аас шаардах эрхтэй. ... талийгаач Г.Г-ын нас барсан шалтгаан болох онош буруу байсныг залруулах талаар нэхэмжлэгч Н.О даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргахаас өмнө холбогдох байгууллагуудад гомдол гарган, эцэслэн шийдвэрлүүлсэн байх ба, үүний үр дүнд талийгаач Г.Г-ын нас барсан шалтгааны эцсийн онош нь "зүрх гэнэт зогсох" гэсэн онош болсон талаар нас барсны гэрчилгээ болон улсын бүртгэлд өөрчлөлт орсон болох нь тогтоогдсон. Тодруулбал, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1-т заасан нэмэлт эрсдэл буюу “зүрх гэнэт зогсох” оношоор зээлдэгч, даатгуулагч Г.Г нас барсан үйл баримт тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагч “П” ХХК нь 2022.11.08-ны өдрийн ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ, даатгалын баталгаа, Даатгалын тухай хууль, Иргэний хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Н.О-т олгох үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Талуудын байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т даатгалын нэмэлт эрсдэлд зүрх гэнэт зогсох гэж заасан бөгөөд зохигч нар даатгуулагчийн бусад өвчнөөс хамаарч амьсгалын дутмагшил үүссэний улмаас зүрх зогсох тохиолдлыг даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж тохиролцоогүй. Зүрх гэнэт зогсох нь даатгуулагчийн зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох бусад өвчинтэй шууд шалтгаант холбоогүй бие даасан өвчин байх ёстой гэсэн хариуцагчийн татгалзал нь гэрээгээр тохирсон даатгалын нэмэлт эрсдэлийн тохиолдлыг хэт хумьж байгаагаас гадна амьсгалын дутмагшил үүссэнээс зүрхний үйл ажиллагаа зогсохыг бусад өвчинтэй огт хамааралгүй гэсэн нь даатгуулагчийн эрх ашигт нийцэхгүй байх тул үүнийг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж зааснаар даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй. Талийгаач Г.Г нь уушгины хатгаа гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан боловч тэрээр амьсгалын дутагдлын улмаас унтаж байхдаа зүрх нь зогссоны улмаас нас барсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарч байгаа талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Анхан шатны шүүх даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 7 дугаар зүйлийн 7.8-д тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг үндэслэн тухайн үед төлөгдөөгүй байсан орон сууцны зээлийн үлдэгдлээс 70 хувьд ногдох 118,635,727 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн. Түүнчлэн уг маргаан нь улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэрэг маргаан биш учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын байцаагч Ч.Б-ийг гэрчээр оролцуулж, түүнээс ямар эрхийн акт, баримтыг үндэслэн иргэний улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар тодруулах хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024.11.12-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. Тодруулбал, шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй.” гэсэн дүгнэлт хийжээ. 

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг даатгалын гэрээ гэж адил тодорхойлж, даатгалын тохиолдол бий болсон эсэх үйл баримтыг зөрүүгүй дүгнэсэн боловч талуудын гэрээгээр тохиролцсон нэмэлт эрсдэлийн талаарх нөхцөлийг тайлбарлахдаа хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

12. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн, энэ талаар зохигч маргаагүй. Үүнд:

12.1. Нэхэмжлэгч Н.О болон түүний нөхөр Г.Г, охин Г.Х нар нь 2022.10.19-ний өдөр “Х” ХХК-тай 0000 дугаар орон сууцны зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулж, 250,000,000 төгрөгийг, жилийн 15 хувийн хүүтэйгээр зээлж авсан, 2022.10.19-ний өдөр 0000 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулж, гэрээгээр 0000 тоот хаягт байршилтай, 117,67 м.кв талбай бүхий, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,

12.2. “П” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 2021.02.01-ний өдөр байгуулагдсан “Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд нэхэмжлэгч Н.О, түүний нөхөр Г.Г, охин Г.Х нар нь “П” ХХК-тай 2022.11.08-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа, даатгалын гэрээг 2023.11.07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын тохиолдол бий болсон үед үндсэн зээлдэгч Н.О зээлийн төлбөрийн 30%, хамтран зээлдэгч Г.Г-ад зээлийн төлбөрийн 70%, хамтран зээлдэгч Г.Х-д зээлийн төлбөрийн 0%-аар тус тус тооцон нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон,

12.3. Нэхэмжлэгч Н.О, түүний нөхөр Г.Г, охин Г.Х нар даатгалын баталгаа болон даатгалын гэрээний 3.2-т заасан хувь хэмжээгээр хураамжид 2022.11.08-ны өдөр 325,000 төгрөгийг хариуцагч “П” ХХК-нд төлсөн,

12.4. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023.06.10-ны өдөр зээлдэгч, даатгуулагч Г.Г нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт өвчний улмаас 62 насандаа нас барсан,

12.5. Г.Г-ыг нас барсан 2023.06.10-ны өдрийн байдлаар буюу 2023.06.03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 169,479,610 төгрөг байсан,

12.6. Нэхэмжлэгч Н.О нь гэрээнд заасны дагуу 2023.06.10-ны өдрийн даатгалын тохиолдлын талаар “П” ХХК-д мэдэгдэж, нөхөн төлбөр авахаар хандсан,

12.7. Хариуцагч “П” ХХК нь 2023.09.27-ны өдрийн 23-01/1638 дугаар албан бичгээр нас барсан шалтгааныг эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хоёр талын уушгины хатгаа, хүнд зэрэг /J15.8/ өвчний улмаас нас барсан буюу гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болоогүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан,

12.8. Нэхэмжлэгч Н.О Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба 2023.10.26-ны өдрийн 9/4077 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх талаар “П” ХХК‑д мэдэгдэж, нэхэмжлэгч Н.О-т хариу өгсөн байх боловч хариуцагч “П” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй, олгоогүй байна.

13. Зохигчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээ, уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;” 4.1.5-д “даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг”, 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг” гэж заасан,

Зохигчид даатгалын гэрээний 3.1.2.1-д “зүрх гэнэт зогсох”, 3.1.2.2-т “цус харвах” эрсдэлийг даатгалын нэмэлт эрсдэл байхаар, 4.1.2-т “даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үнэлгээг зээлийн төлбөрийн үлдэгдлээр тогтоох”-оор, 4.2.1-д “даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг ипотекийн даатгалын гэрээнд тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох” үүрэгтэй байхаар тодорхойлжээ.

14. Зохигч даатгалын гэрээний 3.1.2.1-д заасан “зүрх гэнэт зогсох” нэмэлт эрсдэл буюу даатгалын тохиолдол бий болсон эсэх асуудлаар маргажээ.

Ийнхүү маргах үндэслэл нь даатгуулагч Г.Г-ын нас барсан шалтгаан нь энэ талаарх баримт бичигт буюу эмнэлгээс олгосон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн газраас олгосон нас барсны гэрчилгээнд нас барсан шалтгааныг буюу өвчний онош зөрүүтэй өөр тэмдэглэгдсэн нөхцөл байдал болсон байна.

15. Тухайлбал, даатгуулагч Г.Г-ын нас барсан шалтгааныг Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2022.06.10-ны өдрийн жижүүр эмч П.О-ийн олгосон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд нас баралтын шалтгаан А. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох, үхэлд шууд хүргэсэн өвчин ба эмгэг хэсэгт “амьсгал зүрх судас зогсох, амьсгалын дутагдал”, нас барахад хүргэсэн бусад нөхцөл, шалтгаан хэсэгт “эмнэлгийн бус нөхцөлд үүссэн 2 талын уушгины хатгаа, төвийн шалтгаант нойрсох үед амьсгал тасалдах хам шинж” гэж тус тус тэмдэглэгдсэн ба нэхэмжлэгч Н.О-ийн хүсэлтийг үндэслэн эмчлэгч эмч Д.М, гэрчилгээ олгосон эмч Б.Т нарын гарын үсэгтэй нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг дахин олгохдоо нас барсан шалтгааныг А/ klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони J15.0, В/ амьсгалын цочмог дутмагшил J96.0, С/ зүрх зогсох I46, үндсэн онош klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони J15.0 гэж тэмдэглэгдсэн.

16. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.06.20-ны өдрийн 4369 дугаартай “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” Улсын байцаагчийн дүгнэлтэд Н.О-ийн хүсэлт болон бусад холбогдох баримтыг үндэслэн “Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн нас барсны бүртгэлийн санд Галхүүгийн Ганбат/ШД61052119/-ын нас барсан шалтгааныг “Зүрх зогсох” болгон, нэмэлт, өөрчлөлт оруулж, нас барсны гэрчилгээг олгох”-оор зааж, Г.Г-ын нас барсан шалтгааныг “үүсгэгч нь тодорхойгүй пневмони” гэж бүртгэснийг “зүрх зогсох” гэж өөрчилж, иргэний улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэж, нас барсны гэрчилгээг 2023.06.22-ны өдөр олгожээ.

17. Улмаар эмчлэгч эмч Д.М, гэрчилгээ олгосон эмч Б.Т, жижүүр эмч П.О нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023.09.13-ны өдрийн 2/1231 дүгээр албан бичиг, нас барагчийн эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд даатгуулагч Г.Г- нь эмнэлгийн бус нөхцөлд үүссэн 2 талын уушгины хатгаа, хүнд зэрэг /J15.8/ өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаад хүндрэл үүсч нойрсох үед амьсгал тасалдах хам шинжийн улмаас зүрх зогсож, гэнэтийн байдлаар нас барсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосны гадна даатгуулагч даатгалын гэрээнд заасан зүрх гэнэт зогсох нэмэлт эрсдэлийн улмаас нас барсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

19. Учир нь давж заалдах шатны шүүх гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасныг хэрэглэснийг буруутгахгүй.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.” гэж заасан.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагч “П” ХХК нь даатгалын үйл ажиллагааг эрхэлж, энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, дээрх зохицуулалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

Талууд гэрээндээ “зүрх гэнэт зогсох” гэсэн нөхцөлийг нэмэлт эрсдэл болгон даатгалын тохиолдолд хамруулахаар тохиролцсон, маргаан бүхий тохиолдолд зүрх зогсох өвчин нь гэнэтийн байгаагүй ба энэ шинжээрээ даатгалын тохиолдолд хамаарахгүй байсан гэж хариуцагч мэтгэлцсэн ба Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй.

Гэвч талууд ямар тохиолдлыг гэнэтийн гэж үзэхийг гэрээндээ тодорхой нэрлэн зааж тохиролцоогүйгээс уг нөхцөлийн утга санаа тодорхой биш байхаас гадна дээрх хуульд зааснаар гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах нь даатгагчийн үүрэг тул уг нөхцөлийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцнэ.

Өөрөөр хэлбэл, даатгуулагч Г.Г нь уушгины хатгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амьсгал дутагдлын улмаас зүрх нь зогсож нас барсан байх ба энэ нь эмчлүүлж байсан өвчний хүндрэлээс болоогүй, амьсгал дутагдлын улмаас гэнэтийн үйл явдал болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээнд заасан нэмэлт эрсдэл үүсч даатгалыг тохиолдол бий болсон гэж үзнэ.

20. Түүнчлэн даатгалын гэрээний 8.1.6-д “Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас даатгуулагч нас барах” гэсэн нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна.

21. Иймээс Даатгалын гэрээний 4.2.1-д “Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг Ипотекийн даатгалын гэрээнд тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох”, 7.8-д “Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд ... нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно.” гэж тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг үндэслэн тухайн үед төлөгдөөгүй байсан орон сууцны зээлийн үлдэгдлээс 70 хувьд ногдох 118,635,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

22. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04666 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/00193 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч Н.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “П” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.24-ний өдөр урьдчилан төлсөн 751,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА