Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

иргэдийн төлөөлөгч Н.Гэрэлтуяа,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ,

гэрч С.Ганцэцэг,

шүүгдэгч Г.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Ганзоригийн Өлзийжаргалд холбогдох эрүүгийн 201525013132 дугаартай, 105/2016/0196/э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 00 байр, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Гийн Ө, /РД:000/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь Хас банкны Их орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс давтан үйлдлээр банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2005 оноос хойш Хас банкинд ажиллаж байсан. Зөрчил гаргаж байгаагүй, харин шагнуулж байсан. Ажиллаж байх хугацаандаа харилцагч Ганцэцэг, Бат-Эрдэнэ нартай танилцаж танилууд болсон. Хас банкнаас надад хөнгөлөлтэй үнээр орон сууц санал болгохоор нь би Ганцэцэг, Бат-Эрдэнэ нараас 2014 оны 11 дүгээр сарын эхээр 150 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэхээр болж авсан. Авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглах гэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Энэ үетэй давхацсан танил болох Давааням “надад мөнгөний хэрэгцээ байна, өгөөч” гэхээр нь би 2 долоо хоногийн хугацаатай Даваанямд туслах зорилгоор Ганцэцэгээс зээлж авсан бүх мөнгөө шилжүүлсэн. Буцааж мөнгөө авахаар нэхэмжилсэн боловч Давааням “эрсдэлд орчихлоо, буцааж өгнө” гээд анх ярьснаасаа ухарсан. Ганцэцэг, Бат-Эрдэнэ нар мөнгөө нэхэх хугацаа болохоор нь би тэдэнд “эрсдэлд орчихлоо, ямар нэг байдлаар та нарын асуудлыг шийдэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд асуудал хүндэрч эхэлсэн. Би Даваанямаас мөнгөө аваад Ганцэцэгт өгч чадаагүй. Би тэднээс авсан мөнгийг нь өөр хүнд дамжуулж өгөөд алдсан гэдгээ тайлбарлаж чадахгүй байсаар байгаад хавар болсон. Хавар болоход Ганцэцэг эгч надаас мөнгөө авъя гэж олон удаа утсаар ярьж, уулзаж байсан. Мөнгийг нь өгч чадалгүй хугацаа алдсан бөгөөд хүүг нь би хувиасаа өгч байсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сард Ганцэцэг “хадгаламжаа цуцлаад дансаа хаалгая” гээд байхаар нь би Ганцэцэг эгчид үнэнийг хэлээд “хугацаагаа сунгаач” гэхэд тэр “боломжгүй” гэсэн. Тэгэхээр нь дансыг нь чөлөөлж өгөхөөр болсон. Зээлийн барьцаа нь хадгаламжийн үндсэн мөнгө байсан учир амар чөлөөлөх боломжгүй гэдгээ хэлсэн боловч Ганцэцэг яараад байсан учир би дансыг нь чөлөөлж өгсөн. Тэр хугацаанд Даваанямаас би мөнгөө нэхэж байсан боловч тэр худлаа яриад байсан учир би энэ талаар хуулийн байгууллагад хандахаар болсон. 2015 оны 6 дугаар сард банкны дотоод хяналтын дагуу Ганцэцэгийн зээл барьцаагүй болсон гэдэг нь илэрсэн. Би Даваанямыг мөнгөө надад өгчих байх гэж бодсоор байгаад дээд удирдлагадаа мэдэгдээгүй байсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сард би ажлаасаа халагдсан. Тэгээд би Даваанямд холбогдуулан өргөдөл гаргасан. Тэрнээс хойш Давааням надтай уулзахаа болиод 4-5 сар орчим сураггүй алга болсон. Тэгж байтал надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Давааням сүүлд нь гэнэт гарч ирээд “мөнгийг чинь өгнө гээд байхад яагаад цагдаад хандаж байгаа юм. Чи өргөдлөө авчих, өргөдлөө авахгүй бол би чамд мөнгийг чинь өгөхөд хэцүү болно” гэж дарамтлах, эсхүл аргадах байдлаар надтай хандах болсон. Гэвч би өргөдлөө аваагүй. Учир нь би Даваанямд туслаж байна гэж бодсоноосоо болж өөрөө өрөнд орсон. Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан газраасаа халагдаж нэр хүндгүй болсон. Даваанямд хандаж би “чамаас болж ийм асуудалд орсон байж би яагаад өргөдлөө авах юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхэд Давааням “би чиний хэрэг дээр мэдүүлэг өгсөн. Би чамаас нэг ч төгрөг аваагүй гэж хэлсэн. Чи өргөдлөө авчих” гэж намайг гуйж байсан. Тэгэхээр нь би өргөдлөө авдаг ч юм уу гэж бодож байсан. Гэвч би өргөдлөө авахгүй байсан болохоор Давааням “чи өргөдлөө авахгүй бол би чиний эсрэг мэдүүлэг өгч чадна” хэмээн надтай тэрсэлдсэн. Энэ хугацаанд би хүнд байдалд орсон. Давааням “хамтран ажиллах гэрээ байгуулъя” гэж хүртэл хэлж байсан. Би Даваанямаас болж ийм байдалд хүрчихлээ гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өлзийжаргалыг ажиллаж байхад харилцагчаас гомдол ирсэн. Эхлээд 160 сая төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа хэтрээд байна гэсний дагуу харилцагчтай уулзаж учрыг тодруулахад “харилцагчаас хувиар зээл авсан, зээлээ төлөөгүй, салбар дээрээс хадгаламж барьцаалсан зээлийг цуцлаад явуулсан” зэрэг нөхцөл байдал тодорхой болсон. Зээлийн харилцаа гэдэг маань зээлдэгч өөрт нь хэрэгтэй байгаа мөнгөн эх үүсвэрийг аваад эргээд төлөх ёстой гэж Иргэний хуульд заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд 2-3 ажилтнаа шахаж зээл авахуулсныг хохирлын хэмжээнд дүгнэхээргүй байна гэсэн. Зээл авах шаардлагагүй байхад нь хувийн байдлаар амлалт өгч банкны байшингаас гадна зээл авахуулсан бөгөөд зээл авсны дараа юу болсон нь банкинд ач холбогдолгүй. Салбарын захирал харилцагчтай хувийн харилцаа үүсгэж зээл авсан нь хууль бус болсон. Үүний улмаас Хөдөлмөрийн хуулийн 40.1-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласан. Салбарын захирал үл маргах журмаар хадгалалтанд байгаа зүйлийг амлалт өгөн, ажилтандаа үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн байна. Орон сууц худалдаж авахын тулд хүнээс зээл авсан гэдэг хэрнээ авсан мөнгө нь өөр хүнд байхад хамаатан саднаасаа мөнгө босгоод орон сууцны зээлээ авсан байгаа юм. Орон сууцны зээлтэй хүн өөр зээл авч болохгүй тухай хязгаарлалт байгаагүй учир давхар зээл аваад 2 орон сууц авсан байдаг. Гэмт хэргийн асуудал үүсэхээр байраа зарах гээд зар тавиад Өлзийжаргал хугацаа өгөөд зах зээлийн ханшаар байраа худалдан борлуулж чадаагүйн улмаас банкны саналын дагуу худалдан борлуулж хамгийн эхэнд банкны орон сууцны зээлийг төлж барагдуулсан. Дараа нь 37 сая төгрөгийн асуудал яригдаад байгаа нь зээлийн асуудал. Тэгээд банк өгсөн өдрөөр нь тооцож хүүгийн буцаалтыг хийгээд дууссан байгаа. Ганцэцэгийн төлбөрийн даалгаврын дагуух үйлдэл, зээлийн үйлдэл аль аль нь албан тушаалын эрхийн дагуу хийгдсэн. Энэ мөнгөнөөс хэрэглэсэн эсэхийг асуугаад байна. Өлзийжаргалын мэдүүлгээр Давааням гэдэг хүнд зээлүүлж хүү аваад байгаа юм. Ашигаа өөрөө хүртчихсэн дараа нь дахиж мөнгө өгөөд авч чадаагүй алдсан байгаа юм. Өмнөх авсан асуудлын хувьд ашигтай байх явдал бүрдчихсэн байсан юм. Талуудын хооронд байгуулагдсан хадгаламж барьцаалсан зээл, барьцаат зээлийн гэрээ, Банкны тухай хуулийн 11.2, Зээлийн гэрээний 2.1.4 гэдэг заалтууд шууд уялдаатайгаар хэрэглэгддэг. Мөн Банк эрх бүхий этгээд, төлбөр тооцоо мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байгаа зээлийн төлбөр тооцоо маань бүрдүүлбэр хангасан тохиолдолд хийгдэнэ гэж заасан. Үүн дээр Иргэний хууль хэрэглэгдэнэ. Үл маргах журмаар суутгаж аваарай гэж тодорхой заасан зүйлийг салбарын захирал маш тодорхой мэдэж байсан. Барьцааг нь гаргаад явуулчихвал зээл эрсдэлд орж банк хохирно гэдгийг мэдэж байсан. Хас банкны хувьд хохирол дээр шинжээчийн дүгнэлтэд гарсан дүнгээс 160.235.000 төгрөг төлөгдөөгүй. Хохиролд шууд орохгүй ч энэ хугацаанд энэ зээл үнэн байгаад төлөгдсөн бол 72.024.450 төгрөгийн үндсэн хүү, 10.991.757 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн орлого олох ёстой байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж байгаа дүнгээр хохирол барагдуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөөний 409-59 тоот Ү-2204070388 дугаартай  85.7 мкв 4 өрөө орон сууцны 1 мкв-г 1.800.000 төгрөгөөр үнэлээд нийт 145.809.980 төгрөгөөр тооцож банкны өмчлөлд шилжүүлэн авсан. Тухайн орон сууц барьцаанд байсан тул барьцааны үүргийг хангуулаад 106.919.529 төгрөг 45 мөнгийг тухайн байрыг худалдаж авсан орон сууцны зээлийн төлбөрт төлсөн. Үүний дараа Өлзийжаргалын нэр дээр байсан 1720005849 дугаартай хадгаламж барьцаалсан зээлд 39.828.351 төгрөг тооцож төлүүлсэн. Өлзийжаргалын 2016 оны 03 сард төлсөн 3 сая төгрөг өнөөдрийн баримтад орж тооцогдсон байгаа. Өлзийжаргалаас орон сууцыг шилжүүлж авахдаа 2016.06.24-ний өдөр Зээлийн хорооны тогтоол гарч хөрөнгийг нь тооцож авсан байдаг. Тэр өдөр хүртэл хуримтлагдсан хүүг нь хадгаламж барьцаалсан зээлээс нь хасч тооцсон бөгөөд 1.457.740 төгрөг 29 мөнгө. Тэгээд хадгаламж барьцаалсан зээл нь төлөгдөж дууссан гэв.

Шүүгдэгч Г.Өлзийжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Ганцэцэг нь нөхөр Бат-Эрдэнэтэй ярилцаж байгаад хариу өгье гээд хэд хоногийн дараа дахин хугацаатай хадгаламжаа барьцаалан 150 сая төгрөгийн зээл 2 сарын хугацаатай авч өгсөн. С.Ганцэцэг нь өөрийн нэр дээр зээл авч өгсөн ба нөхөр Бат-Эрдэнэтэй нь би зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулж 2 сарын хугацаатай авсан. Энэ мөнгийг би шууд өөрийн данс руу хийж авах гэхээр ажилтнууд мэдээд буруугаар ойлгочих болов уу гэж санаа зовоод Р.Даваанямын Худалдаа Хөгжлийн банкин дахь төгрөгийн 456087271 тоот харилцах дансанд хийлгүүлээд мөн өдөртөө өөрийнхөө 4750106076 тоот ам.долларын данс руу тухайн өдрийн ханшаар тооцож 80.000 ам.доллараар шилжүүлэн авсан. Энэ үед Ганцэцэг, Бат-Эрдэнэ хоёроос дахин зээлээ сунгаж өгөөч гэж гуйсан юм. Тэр хоёр хэлэхдээ хавраас барилга барина, тэрнээс өмнө амжиж байвал нэгэнт өгсөн юм чинь сунгаж өгье гэж зөвшөөрөөд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээгээ шинээр хийж өөрөө салбар дээр ирж сунгаж өгсөн юм. Үүний дараа хадгаламж барьцаалсан зээлийг нь төлж амжихгүй явсаар байтал Ганцэцэг 2015 оны 06 дугаар сарын эхээр үлдсэн хадгаламжаа авъя, санхүүжилт хэрэгтэй болоод байна гээд салбар дээр ирж надтай уулзсан. Тэр үед нь дансаа авах боломж байхгүй, зээлийн барьцаа чөлөөлж болдоггүй юм гэж хэлэхэд чи өөрөө зохицуулна гээд зөндөө удлаа одоо эгч, ах хоёр нь ажлаа амжуулахгүй бол болохгүй нь гээд байхаар нь ажлынхаа хүнийг дуудаж давхар хэлүүлэх зорилгоор гүйлгээ заал руу харахад Д.Мөнхзул харилцагчгүй байхаар нь өрөөндөө дуудсан. Тэгээд энэ хүмүүсээс мөнгө зээлж авсан хүн нь удахгүй зээлсэн мөнгөө зээлийн данс руу хийчих юм байна, чи зээлийг нь хаалгүйгээр барьцаанд байгаа хадгаламжийг нь хаачих гэж хэлсэн. Одоо Ганцэцэгийн хадгаламжийг барьцаалж авсан зээл нь барьцаагүй болсон, төлөгдөөгүй байгаа, энэ мөнгийг би төлөх ёстой юм. 3 дугаар сард өөрийн төрсөн эгч Г.Юмжирдуламын гэртээ хүүхдийнхээ эмчилгээ, цайны газар ажиллуулахаар хадгалж цуглуулж байсан 40 сая төгрөгийг нь манай банкинд миний нэр дээр данс нээлгээд хадгалчих гэж хэлээд хадгалуулаад энэ хадгаламжийг барьцаалж өөрийн салбараасаа 35 сая төгрөгийн зээл авч энэ мөнгөө өөрийн өглөгтэй байсан Баттулга гэж хүнд 16 сая төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь Р.Даваанямаас авлагаа авахын тулд түүний Худалдаа Хөгжлийн банкин дахь валютын дансанд 10 гаран мянган ам.доллар болгож шилжүүлсэн. Гэсэн ч мөн л мөнгөө авч чадаагүй...” гэх мэдүүлэг. /1 хх 46-55 дугаар хуудас/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Өлзийжаргал нь Хас банкны 72 дугаар тооцооны төв буюу Их Орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус банкны харилцагч С.Ганцэцэгийн хадгаламжийг барьцаалуулж зээл авсан, уг зээл болон зээлийн хүүг төлөлгүйгээр харилцагч С.Ганцэцэгийн хадгаламжийг чөлөөлсөн, мөн өөрийн нэр дээр байсан хадгаламжийг барьцаалж авсан 36.530 сая төгрөгийн зээлийг төлөлгүйгээр барьцаанд байсан хадгаламжаа чөлөөлж авснаар банкинд 196.765.000 төгрөгийн бодит хохирол, хүү нэмэгдүүлсэн дүнг оруулахаар 198.210.000 төгрөгийн хохирол учирсан байна. Их Орд тооцооны төвийн захирал Г.Өлзийжаргалын дээрх хийсэн үйлдэл нь Хас банкны хадгаламж барьцаалсан зээлийн журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.6 дугаар заалт, Монгол Улсын Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь Хас банкны дотоод аудитын газрын шалгалтаар болон банкны ажилтнуудын мэдүүлгээр тогтоогдсон байгаа...” гэх мэдүүлэг. /1 хх 13-15 дугаар хуудас/,

Гэрч С.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Өлзийжаргал надтай уулзаад таны одоо нээлгэж байгаа хадгаламжийг барьцаалаад 1 сарын хугацаатай зээл авъя, танд ямар ч асуудал үүсгэхгүй гэсэн. Тэгээд тэр өдрөө миний нэрээр хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг надтай байгуулж 187 сая төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээлийн мөнгийг надад өгч байгаа маягаар өрөөндөө өөрийнхөө ажилтнаар оруулж ирүүлээд мөнгө хүлээн авсан баримтан дээр надаар гарын үсэг зуруулж мөнгийг нь Г.Өлзийжаргал өөрөө авсан...” гэх мэдүүлэг. /1 хх 16-20 дугаар хуудас/,

Гэрч Р.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Өлзийжаргалтай үерхээд явж байхдаа түүнийг хүнээс мөнгө олж өгч туслаач би тэр мөнгийг зах зээлийн судалгаа хийж, арилжаанд оруулж өсгөж авах гэсэн юм гэж хэлсэн. Ингээд би Г.Өлзийжаргалын нэр дээр Ирланд улсын Дублин хотод байдаг компани дээр данс нээж 100.000 ам.долларыг шилжүүлсэн. Энэ мөнгөөр би арилжаа хийж өсгөж аваад бүгдийг нь алдчихсан. Тэгээд дахиад Г.Өлзийжаргалаас мөнгө олоод өгөөч гэж гуйсан. Г.Өлзийжаргал дахин Ганцэцэг гэж харилцагчаасаа мөнгө зээлж /80.000 ам.доллар/ авч өгсөн. Энэ мөнгөөр би арилжаа хийж байгаад бүгдийг нь алдчихсан...” гэх мэдүүлэг. /2 хх 48-50 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд /2 хх 59-61 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹013 дүгнэлт /6 хх 238-244 дүгээр хуудас/,

2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн аудитын шалгалтын тайлан /1 хх 10 дугаар хуудас/

Хас банкны дотоод аудитын тайлан /2 хх 27-29 дугаар хуудас/,

Худалдаа Хөгжлийн Банкин дахь Равжихийн Даваанямын харилцах дансны гүйлгээний хуулга /1 хх 130 дугаар хуудас/,

Хас Банкны Их Орд тооцооны төв-172-ийн дансны хуулга /1 хх 248 дугаар хуудас/,

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хх 230 дугаар хуудас/,

Хас банкны хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт /2 хх 10 дугаар хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /3 хх 17 дугаар хуудас/,

Хас банкны Ганзоригийн Өлзийжаргалын дансны хуулга /6 хх 85-87 дугаар хуудас/,

Зээлийн гэрээ /6 хх 175-176 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 57 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 56 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /1 хх 58-64 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь Хас банкны Их орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс давтан үйлдлээр банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Өлзийжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь Хас банкны гүйцэтгэх дэд захирлын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн В/996 дугаартай тушаалаар тус банкны Баянзүрх салбарын харъяа тооцооны 72 дугаар төвийн захирлаар томилогдон /1 хавтас 191 хуудас/ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн В/1248 дугаартай тушаалаар Их Орд тооцооны төвийн захирлын ажлаас /1 хавтас 188 хуудас/ халагджээ. Г.Өлзийжаргал нь өөрийн банкны харилцагч болох С.Ганцэцэгийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хадгаламжийн данс нээлгэн, хугацаатай хадгалуулсан 400 сая төгрөгийг тухайн өдөр нь хадгаламж барьцаалсан барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээнд банкийг төлөөлөн өөрөө гарын үсэг зуран 187 сая төгрөгийг өөртөө аван С.Ганцэцэгтэй тухайн өдөр 192.800.000 төгрөгийг хүүгүйгээр 1 сарын хугацаатай зээлсэн тухай зээлийн гэрээ байгуулжээ. /6 хавтас 175 хуудас/ Энэ хадгаламж барьцаалсан зээлийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хаасан байна.

Мөн 2014 оны 11 дугаар сарын 07-ны өдөр С.Ганцэцэгийн дээрх хадгаламжийг барьцаалан 150 сая төгрөгний зээлийг авч Р.Даваанямын Худалдаа Хөгжлийн банкин дахь дансанд шилжүүлэн мөн өдөр С.Ганцэцэгийн гэр бүл Б.Бат-Эрдэнэтэй 153.500.000 төгрөгийг 1 сар 12 хоногийн хугацаатай хүүгүйгээр зээлсэн тухай гэрээ байгуулсан байна. /6 хавтас 176 хуудас/ Уг зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 155.239.315.07 төгрөгөөр хаажээ. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дээрх хадгаламжийг барьцаалсан 155.550.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 159.914.349.45 төгрөгөөр уг зээлийг хаасан. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хадгаламжийн хугацааг сунгаж, дансны үлдэгдэл 469.491.691.24 төгрөгний дээрх хадгаламжийг барьцаалж 160.235.000 зээл авчээ.

2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хадгаламж барьцаалсан зээлийн барьцаанд байсан 5001184706 дугаартай хадгаламжийн дансыг хугацаанаас нь өмнө цуцалж, хадгаламж барьцаалсан зээлийн дансыг хаалгүйгээр шинээр хадгаламжийн данс нээн, 190 сая төгрөгийг уг дансанд байршуулж, үлдсэн мөнгийг С.Ганцэцэгийн гэр бүл Б.Бат-Эрдэнийн дансанд шилжүүлсэн байна.  

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хадгаламж эзэмшигч нь тус банкинд хадгалуулсан мөнгөө авах болоход шүүгдэгч Г.Өлзийжаргал нь хадгаламжийн дансыг хугацаанаас нь өмнө хааж, уг хадгаламжийг барьцаалж авсан 160.235.000 төгрөгний зээлээ төлөлгүйгээр барьцаанд байгаа хадгаламжийг нь өөрийн ажилтан Д.Мөнхзулаар чөлөөлүүлсэн байна.

Түүнчлэн Г.Өлзийжаргал нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 40997.819.29 төгрөгний үлдэгдэлтэй хугацаатай хадгаламжийн дансыг барьцаалж 36.530.000 төгрөгний зээлийг авсан байна. Дээрхи хадгаламжийн дансыг 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хугацаанаас нь өмнө хаалгаж, уг хадгаламжийг барьцаалж 37.950.000 төгрөгний авсан зээлийг хаалгүйгээр өөрийн нэр дээр шинээр хугацаатай хадгаламжийн 36.018.037.39 төгрөгтэй данс нээлгэн, хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа дуусахад зээлийн хугацааг сунгасан байна. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хадгаламж барьцаалсан зээлийн барьцаанд байсан хадгаламжийн дансыг цуцлах хүсэлт Г.Өлзийжаргал гарган хадгаламж барьцаалсан зээлийг төлөлгүйгээр хадгаламжийн мөнгийг авч Хас банкинд онц их хэмжээний буюу нийт үнийн дүнгээр 198.210.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудар хангалттай нотлогдож байгаа болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс С.Ганцэцэг, Г.Өлзийжаргал нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан тул С.Ганцэцэгийг иргэний хариуцагчаар татаж, С.Ганцэцэг нь Г.Өлзийжаргалаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна гэснийг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Г.Өлзийжаргал нь Хас банкны Их Орд тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа харилцагч нь өөрийн мөнгөн хөрөнгөө хугацаатай хадгаламжийн данс нээлгэн хадгалуулж байхад түүний хүсэл зоригоос өөр үйлдэл буюу зээл хүсээгүй байхад нь өөрийн шунахай буюу хувийн ашиг сонирхолын үүднээс Банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн мөн өөрийн ашиг сонирхолын үүднээс өөрийн хадгаламж барьцаалсан зээлийг төлөлгүйгээр хадгаламжийн дансыг хааж мөнгийг авч ашигласан нь Банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн байна.   

Шүүх шүүгдэгч Г.Өлзийжаргалд ял оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Өлзийжаргал нь  нийт 198.210.000 төгрөгний хохирол учруулсанаас 160.235.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргаж ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 160.235.000 төгрөгний хохирлыг гаргуулж Хас банкинд олгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 4 сарын 12-ны өдөр 3 сая төгрөг төлсөн баримт өгсөн бөгөөд тухайн мөнгө нь хохиролд тооцогдсон байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хас банкны дотоод аудитын тайланг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Г.Өлзийжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй мөн Г.Өлзийжаргалаас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.