| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0260/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/256 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/256
2024 06 05 2024/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн 2425000000301 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Б.Б
Шүүгдэгч Б.Б нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” /Шугар/ баарны гадаа хохирогч Э.Г нүүрэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархай дээд, хана болон гадна хажуу хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
хохирогч Э.Г “...Одоо бодоход баарны гадаа маргалдаж байх үед Б гэх залуу миний хамар руу цохисон, хамраас цус гарч эхлэхээр нь би газар суусан. ...Миний эрүүл мэндэд учирсан “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархай дээд, хана болон гадна хажуу хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтлийг Б гэх залуу баарны гадаа миний нүүр рүү цохихдоо учруулсан. ...миний сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжлэх зүйлгүй, ...Эмч миний хамрыг үзээд “зургаан сараас нэг жилийн дараа хамрын хагалгаанд орж болно, ...хагалгаа ойролцоогоор гурван сая төгрөг болдог” гэж хэлсэн, хамрын хагалгаанд орох мөнгөө Б гэх эрэгтэйгээс гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
гэрч А.Ц “...найз Г, Х, Болор-Эрдэнэ нарын хамт ажлынхаа ахын гэрт жаахан ууж сууж байгаад бид дөрөв гарч “Sugar” баар луу шөнийн 01 цагийн үед орсон. ...ямар ч байсан хажуугийн ширээнд сууж байсан хэдэн залуучуудтай муудалцаад, баарны гадаа гараад манай хоёр найз байхгүй байхаар нь Г бид хоёр хайгаад явж байхдаа дотор муудалцсан залуустай таараад муудалцаж байгаад зодолдоод эхэлсэн. ...Г ын хамраас цус гараад баруун талын нүд хэсэг нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25 дахь тал/,
гэрч Э.Б “...тухайн цаг хугацаанд ажлынхаа газрын Х, Ц, Г нарын хамт “Sugar” бааранд ороод сууж байсан, нэг мэдсэн манай хэд хүмүүстэй зодолдоод эхэлчихсэн байсан. ...Г ын хамраас цус гарчихсан байдалтай Ц тэр хоёр зогсож байсан, ...түүнийг хүлээн авах руу оруулаад үзүүлж байхад манай эхнэр ирээд Г, Ц хоёрыг цагдаа дээр хүргэж өгөөд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Ж.С “...Б тай зодолдсон ахын хамраас цус гарчихсан газар сууж байсан. ...машин дээрээ очиход Б би “хамар луу нь цохичих шиг болсон” гэж өөрөө хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 372 дугаартай; “...Э.Г ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархай дээд, хана болон гадна хажуу хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархай дээд, хана болон гадна хажуу хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан,
хохирогчийн “...миний бие Б.Б гаас нэхэмжилсэн мөнгөний 1.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон авсан, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хувааж авахаар тохиролцов.” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Б.Б ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Б.Б д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч Э.Г олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э