Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      06          12                                         2024/ШЦТ/270

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,

улсын яллагч Т.Т,

хохирогч Ч.Б,

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Э.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Б.И т холбогдох эрүүгийн 2325004250207 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.И

Шүүгдэгч Б.И нь;

2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” бааранд “бүжиглэж байхад түлхлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Ч.Б тэй маргалдан баарны гадаа түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.И “...“Вегас” бааранд бүжиглэж байгаад эхний мөргөлдөөн дээр бид хоёр гар бариад салсан, хоёр дахь мөргөлдөөн дээр маргалдаад хоёулаа  гарч тамхи татаж байгаад тамхиныхаа ишийг миний дээгүүр давуулж шидээд намайг жийж, алгадсан. Тэнд барилга баригдаад хашаа барьчихсан байсан тэр хашаан дотор орж бид хоёр маргалдсан, өөр зүйлгүй.” гэв.

хохирогч Ч.Б “...2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хоёр найзтайгаа гурвуулаа “Вегас” бааранд ороод бүжиглэж байсан чинь Б.И гэнэт мөргөхөөр нь “яагаад байгаа юм” гээд эргэж хараад хоёулаа уучлалт гуйгаад салаад явсан. Тэгээд цаашаа ширээ рүүгээ явж пиво ууж байгаад дахиад бүжиглэж байсан чинь дахиад мөргөлдөөд ам мурийгаад гарсан. Гараад би асаасан тамхиа татаж, пивоо ууж дуусгаад савыг нь хашаа давуулж шидээд тамхиа цэнхэр “00”-ын тийшээ нясалсан, тэгэхэд өөрөө яг урд зогсож байсан, надад нэг юм хэлсэн, хэлсэн үгийг нь одоо санахгүй байна, тэгээд би өшиглөсөн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ч.Б ийн “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз Н, Ц, С нарын хамт 22 цагийн үед Уурхайчин баг “Вегас” бааранд орсон. Баар хаах үеэр тамхи татахаар гараад гадаа зогсож байхдаа нэг залуутай юунаас болж маргаснаа мэдэхгүй байна, зодоон болоод хоёулаа болчихсон намайг зодоод байсныг санаж байна. Үүдэн дөрвөн шүд хугарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

“...Миний үүдэн гурван шүд хугарч эмтэрсэн, хоёр шүд 70 хувийн хугаралтай, нэг нь 30 хувийн хугаралтай байгаа. ...хугарч гэмтсэн шүднүүдээ эмчлүүлэх хүсэлтэй байна. ...сэтгэцэд учирсан хохиролгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч М.Ө “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз Иын хамт захын хажууд байдаг “Вегас” бааранд 22 цагийн үед ороод 00-ийн хажуу талын ширээнд суугаад пиво авч уусан. 23 цагийн үед бүжиглэж байсан чинь И нэг залуутай мөргөлдөөд түүнээсээ болоод хоорондоо маргалдаад гараад явсан, ... араас нь гартал И нөгөө маргалдаж байсан залуутай хашаан дотор зодолдож байхаар нь очиж салгахад тэр залуугийн хоёр найз нь гээд хоёр хүн зодооныг салгасан. ...3одуулсан гэх залуу нэлээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Б.И ын яллагдагчаар өгсөн “...Намайг Ч.Б тэй “Вегас” баарны гадаа маргалдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна, би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...Бийн хамт баарнаас гараад тамхи татаж байх үед татаж байсан тамхины ишээ над руу шидэж, намайг нэг удаа алгадсан. Энэ үед миний уур хүрээд түүнийг цохисон. ...Хохирогчид учирсан хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51, 53 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Э 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 973 дугаартай;

“...Ч.Б ийн биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Спорт хорооны “Б” заалны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

уг хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 9 дэх тал/,

хохирогч Ч.Б ийн “...үл таних хүнд зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

хохирогч Ч.Б ийн өргөдөл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“Их Ивээлт Очир” ХХК-ийн “Чулуунбаатар овогтой Б 2024-04-04-16 өдөр Эрдэнэдент шүдний эмнэлэгт үзлэг оношлогоо хийлгэсэн болно. Үзлэгт 21, 22 шүдний цөгц хугарсан, ёзоор хөдөлгөөнтэй авахуулах шаардлагатай, 11 шүдний даалан эмтэрсэн байна. Хийлгэх эмчилгээ;

Хоёр шүд авах 80.000

СТ зураг авах 130.000

Хоёр шүдний имплант 5.000.000-7.000.000

Эмэн эмчилгээ

Нэг шүдний бүрээс 600.000-800.000” нүүр амны их эмч Болор-Эрдэнийн Н гэсэн бичиг /хавтаст хэргийн 85 дахь тал/, 

шүүгдэгч Б.И ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн Б.И аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.И ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.И нь 2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” бааранд “бүжиглэж байхад түлхлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Ч.Б тэй маргалдаж, баарны гадаа түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Б ийн “...Баар хаах үеэр тамхи татахаар гараад гадаа зогсож байхдаа нэг залуутай юунаас болж маргаснаа мэдэхгүй байна, зодоон болоод...үүдэн дөрвөн шүд хугарсан.” гэх

гэрч М.Ө “...бүжиглэж байсан чинь И нэг залуутай мөргөлдөөд түүнээсээ болоод хоорондоо маргалдаад гараад явсан, ...араас нь гартал И нөгөө маргалдаж байсан залуутай хашаан дотор зодолдож байхаар нь очиж салгахад тэр залуугийн хоёр найз нь гээд хоёр хүн зодооныг салгасан.” гэх

Б.И ын яллагдагчаар өгсөн “...Б ийн хамт баарнаас гараад тамхи татаж байх үед татаж байсан тамхины ишээ над руу шидэж, намайг нэг удаа алгадсан. Энэ үед миний уур хүрээд түүнийг цохисон.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Э 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 973 дугаартай, “...Ч.Б ийн биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Спорт хорооны “Б” заалны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Ч.Б ийн “...үл таних хүнд зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Б.И, хохирогч Ч.Б нар 2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” бааранд бүжиглэж байхдаа маргалдсан,

улмаар баарны гадаа хоорондоо зодолдож, шүүгдэгч нь хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.И ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.И ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.И т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.И ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.И ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн, 

шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан нөхцөл байдлуудыг, мөн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлдэг зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулна уу. Малчин хүн учраас зорчих эрхийг хязгаарлах ял тохиромжгүй.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан,

          шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, мал малладаг гэх боловч өөрийн мэдлийн хэдэн тоо, толгой малтай болох нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнээд зорчих эрхийг хязгаарлах оногдуулав.

          Шүүх шүүгдэгч Б.И т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, төлбөрийг барагдуулаагүй болон хор уршгийг арилгаагүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж эрэн сурвалжлагдсан зэрэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

дээрх   хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Булган аймаг Хутаг-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

          түүний 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон ес хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хасаж тооцохоор шийдвэрлэж,

          шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч Б.И т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг,

учруулсан хохирлыг төлсөн гэдэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо ухамсарлаж хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлсөн байхыг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хохирогч Ч.Б “...“Их Ивээлт Очир” ХХК-ийн шүдний эмнэлэгт үзүүлж миний шүдэнд хийгдэх эмчилгээний баримтыг үндэслэн хохирол, төлбөрөө нэхэмжилж байна.” гэсэн боловч одоогийн байдлаар хийгдсэн эмчилгээгүй, хийгдэх эмчилгээний үнийн дүн тодорхойгүй, хэрэгт хавсаргуулсан нүүр амны их эмч Болор-Эрдэнийн Нандин-Эрдэнийн бичиг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд шүүх хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Спорт хорооны “Б” заалны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Б И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И ыг 1 /нэг/ сар 15 /арвантав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И 1 /нэг/ сар 15 /арвантав/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Булган аймаг Хутаг-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.И ын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ сар 6 /зургаа/ хоногоор тогтоосугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас хохирол учирсан талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.

8.Хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Спорт хорооны “Б” заалны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9 /ес/ хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.  

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э