| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/01155/И |
| Дугаар | 181/ШШ2021/02569 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2021/02569
| 2021 12 17 | 181/ШШ2021/02569 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр, тоотод оршин суух Т овогт Х.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж, байр тоот хаягт оршин суух М овогт Б.А-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Х.А нь 2020 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65а байр, 21 тоотод байрлах 44.69 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан. Тус орон сууцыг тухайн үед 65,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож хариуцагч Б.А нь банкны зээлээр худалдаж авсан. Б.А нь Х.А-ын Хаан банк дахь дансанд нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Х.А нь Б.М-д орон сууцыг үзүүлээд өгөөч гээд түлхүүрээ өгсөн. Б.М-ийн гэрчийн мэдүүлгээр “Б.А-ыг 2021 оны 6 дугаар сард тухайн байранд оруулсан” гэж мэдүүлсэн, энэ талаар Х.А нь 2021 оны 9 дүгээр сард мэдээд үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр гаргаж өгье гэж тохиролцоод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б.М 10,000,000 төгрөг авсан талаар Х.Атухайн үед мэдээгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сард мэдсэн.
Банкны зээлээр орон сууц худалдан авч байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөр шаарддаг учраас үүнийгээ нотлохын тулд Б.М-д 10,000,000 төгрөг өгөөд гэрээ байгуулсантай маргадаггүй. Гэхдээ Б.М-д Х.А нь орон сууцаа худалдаагүй учраас Б.А-аас мөнгөө авна.
Банкны зээл 2020 оны 12 дугаар сард шийдэгдээд, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.А, Б.А нар тохиролцоод Б.А нь 10,000,000 төгрөгийг Б.М-өөс авч Х.А-д буцааж өгнө гэдэг байдлаар тохиролцсон. Худалдах худалдан авах гэрээ Х.А болон Б.А нарын хооронд хийгдсэн учраас бид Б.А-аас мөнгөө нэхэмжилнэ. Иймд хариуцагч Б.А-аас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.А нь нөхөр Төрбаярын хамтаар 2020 оны 05 дугаар сард орон сууц худалдах худалдан авахаар зээл судалж байсан. Тухайн үед Ш ХХК-ийн санхүү хариуцсан албаны дарга Б.М гэх хүн “Манай найзын нэр дээр бүртгэлтэй 65,000,000 төгрөгөөр худалдах гэж байгаа хоёр өрөө орон сууц байгаа, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд түлхүүрийг нь аваад орж болно” гэж хэлсэн байдаг. Үүнийг хариуцагч болон түүний нөхөр хүлээн зөвшөөрөөд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б.М-ийн Хаан банкны 5063368678 тоот данс руу орон сууцны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Х.А болон Б.М нар хоорондоо гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Тус гэрээгээр Б.М нь орон сууцны урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрөөд Х.А нь орон сууцны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг Б.М-өөс авахаар харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч Х.А нь орон сууцны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг Б.М-өөс авахаар хүлээн зөвшөөрч хариуцагч Б.А тухайн зээлийг судлах шаардлагатай баримтыг банканд өгсөн.
Талууд харилцан тохиролцоод 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний үндсэн гол нөхцөл болох 3.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаа гэж байгаа. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 5063368678 тоот Б.М-ийн дансанд шилжүүлээд үлдэгдэл 54,500,000 төгрөгийг Голомт банк ХХК-ийн зээлээр төлнө гэж тохирсон. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Голомт банк ХХК-ийн зээлээр 6255106033 тоот зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 55,000,000 төгрөгийг Х.А-ын Хаан банкны 5060004350 тоот дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагчийн зүгээс 65,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Худалдах худалдан авах гэрээ байгуулаад хэлцэл хүчин төгөлдөр болсон. Талуудын хооронд тохирсон 65,000,000 төгрөг хариуцагч Б.А-ын гэр бүлээс гарсан байна. Гэрээнд тусгагдсан байгаа Б.М орон сууцны урьдчилгааг нь аваад худалдан борлуулаад тухайн мөнгийг Х.А-д өгнө гээд байхад авахгүй гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Б.А төлбөрөө төлсөн байж дахиад 10,000,000 төгрөг өгөх нь шударга байдалд нийцэх юм уу? Х.А-д мэдэгдэхгүй 10,000,000 төгрөгийг өөр хүнд өгөөд гэрээнд тусгагдаагүй байсан бол өөр асуудал, гэтэл Х.А хүлээн зөвшөөрсөн. Б.М өгье гэж байхад тэр хүнээс авах ёстой тодорхой асуудал байхад тэр хүнээс албадаад авах ёстой байхад заавал Б.А-аас авна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.М-тэй байгуулсан гэрээ буюу үйл баримт байгаа учраас хариуцагчийн зүгээс 10,000,000 төгрөг өгөх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.А, хариуцагч Б.А нар нь харилцан тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч Х.А нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65А байр, 21 тоот хаягт байрлах 44,69 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч буюу Б.А нь 65,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн орон сууцыг Б.А-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч Х.А биелүүлсэн, Б.А нь гэрээгээр тохирсон 65,000,000 төгрөгийн 55,000,000 төгрөгийг Голомт банкны зээлээр Х.А-д 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн, Б.А нөхөр М.Т 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг Б.М-ийн дансанд шилжүүлсэн, Х.А, Б.А нар нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа “урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг Б.М-д шилжүүлсэн” гэж гэрээнд тусгасан, Х.А нь Голомт банкинд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “...урьдчилгаа төлбөрийг Б.М-ийн дансанд шилжүүлсэн нь үнэн болно” гэх тодорхойлолт бичиж өгсөн, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.А нь “Б.М-өөс байрны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг буцаан авч иргэн Х.А-ын дансанд хийнэ” гэх тодорхойлолт бичиж, талууд гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-ыг гэрээгээр тохирсон 65,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг дутуу төлсөн гэх үндэслэлээр гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.А нь “Б.М-д 10,000,000 төгрөгийг төлсөн, үүнийг байрны урьдчилгаанд тооцож авахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээнд тусгасан тул төлбөрийг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр маргаж байна.
Зохигчдын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т “Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2020-06-09-нд урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг 5063368678 тоот Мөнхдөл дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 54,500,000 төгрөгийг Голомт банкны зээлээр төлж барагдуулна” гэж заажээ.
Гэрч Б.М нь шүүхэд “2020 оны 06 дугаар сард М.Т-аас байрны урьдчилгаа гэж 10,000,000 төгрөг авсан. Тухайн үед энэ мөнгө компани руу орсон гэдгийг Х.А мэдэж байсан. Уг 10,000,000 төгрөгийг Х.А болон М.Т-ын аль нэгэнд нь өгөөгүй байгаа. Одоо энэ мөнгийг Х.А-д өгнө” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид өөрт нь, эсхүл хууль гэрээнд заасан этгээдэд хүлээлгэж өгөх, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд шилжүүлсэн бол хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
Нэхэмжлэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Голомт банкинд гаргасан тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь заалт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Х.А-ыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар Б.М-д шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд тооцож авахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Б.А нь үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч Х.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Б.М-өөс байрны урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг буцаан авч иргэн Х.А-ын дансанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийнэ...” гэх Б.А-ын гаргасан тодорхойлолтыг үндэслэн 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссанаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууц хариуцагч Б.А-ын өмчлөлд шилжсэн талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.А-аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай Х.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ