| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0274/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/320 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/320
2024 07 05 2024/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шинжээч эмч Э.Б,
шүүгдэгч, хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Р.Б,
өсвөр насны шүүгдэгч, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Ш, тэдний өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ц.Г, Б.М нарт холбогдох эрүүгийн 2425000000102 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
1.-Ц.Г
2.-Б.М
шүүгдэгч Ц.Г нь;
2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эмпайр” баарны гадаа насанд хүрээгүй хохирогч Б.М тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дагз, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний арын төвгөр, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, дээд доод уруул, нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
өсвөр насны шүүгдэгч Б.М нь;
2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт “Эмпайр” баарны гадаа хохирогч Ц.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ц.Г “...Б.М түүний найз Г.Н бид гурав “Эмпайр” гэдэг газар пиво уугаад сууж байхдаа Б.М бид хоёр хоорондоо маргалдсан, бид хоёр нэлээн согтолтын байдалтай байсан ч би тэр өдөр болсон бүх зүйлээ санаж байгаа. Б.М намайг үг хэлээр маш бүдүүлгээр доромжилсон, би эхлээд тэвчсэн, намайг “янхан, гичий” гээд аймар үгээр хэлсэн, би үнэхээр тэвчээгүй түрүүлээд нүүрэнд нь алгадсан. Тэгэхэд тэнд ажилладаг ах ирээд бид хоёрыг салгаад Б.М гараад явсан, би найзтай нь үлдээд хамт тооцооГ хийчихээд үүдний хэсэг рүү гарахад Б.М зогсож байсан. Бид хоёр дахиж муудалцаад, үүдний хэсэгт дээр, доороо ороод үсдэлцсэн, пиво барьж гарч ирээд Б.М г цохиогүй, би юу ч үгүй гарч ирсэн.” гэв.
өсвөр насны шүүгдэгч Б.М “...тухайн өдөр Ц.Г над руу залгасан, “уулзъя” гэхээр нь “тэгье” гээд уулзаад хэсэг хугацааг хамт өнгөрүүлж байгаад “Эмпайр” баар руу очиход бид хоёр хоёулаа нэлээн согтуу байсан. Ер нь бүгдийг санаж байгаа, пиво барьж гарч ирсэн нь үнэн, намайг цохисон нь үнэн. Би учиргүй аймар хэл амаар доромжлоогүй, над руу “чи яагаад хүндлэхгүй байгаа юм” гэхээр нь би “түс, тас” хийсэн нь үнэн, “нэг насаар эгч бол чадахгүй” гэдгээ хэлэхэд намайг алгадсан. Бас цагдаа дээр ирээд намайг зодсон, үсдэж авсан.” гэв.
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ш “...хэлэх зүйлгүй.” гэв.
шинжээч эмч Э.Б “...Б.М н биед үзлэг хийсэн гэмтлийн эмчийн үзлэгүүд бүгд хэвийн үзүүлэлттэй, “толгой, дух, дагз хэсэгт хавдсан, улайсан” гэдэг үзүүлэлт гадна хэсэгтээ илэрч байгаа, тухайн үеийн үзлэгээр тархи доргилтын шинж тэмдгүүд илрээгүй, “ромбергийн сорилт тэнцвэртэй” гэсэн байна, энэ нь “тархи доргилт байхгүй” гэсэн үг. 155 тоот дүгнэлтээр Ц.Г ын биед учирсан “цайвар шаргал өнгийн өнгөр бүхий доод уруулын шарх” хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Үзлэгт доод уруулын баруун дотор хэсэгт 0.5 x 0.6см-ын тэгш бус цайвар шаргал өнгийн өнгөр бүхий шархтай, баруун бугалганы гадна доод хэсэгт 1.2 x 1см, баруун шилбэний урд дунд хэсэгт 4.5 x 4см хөх шаргал өнгийн цус хуралттай байна. Шарх хэмжээ хамаардаггүй, шарх гэмтэл нь том ч бай, жижиг ч бай арьсны бүх түвшинг хамаарч гэмтээдэг, тухайн хүндээ зовиур, шаналгааг өгөх нь өндөр байдаг учраас цус хуралт, зулгаралтыг бодвол хэмжээ хамаарахгүйгээр гэмтлийн зэрэг тогтоодог.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
насанд хүрээгүй хохирогч Б.М н “...2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед...Ц.Г утсаар яриад “уулзах уу” гэхээр нь би “тэгье” гээд бид хоёр “Төгөл” худалдааны төвийн гадаа уулзаад...Ц.Г ын сууж ирсэн таксигаар “Баялаг” лоунж хүргүүлсэн, тэнд очоод тус бүр 0.5л гурван шил пиво уусан, ...лоунжид байхдаа би найз Н утсаар яриад “хаана байгаа юм” гэж асуухад Н “6-5 дугаар байрны хажууд “Панда” буудалд дүүтэйгээ хамт байна, ээж бид хоёртой хамт байж байгаад гараад явсан, удахгүй ирнэ” гэж хэлсэн, би “уулзах уу, яваад очих уу” гэсэн чинь “тэг, тэг” гэсэн. ...бид гурав буудлаас гараад “Жемстоун” лоунж орж 0.75гр вино авч хувааж ууж дуусаад “Эмпайр” лоунж орж нэг, нэг шил пиво авч ууж байхдаа...Ц.Г “чи яагаад намайг эгчээ гэж дууддаггүй юм” гэж хэлсэн, би түүнд ”чи надаас нэг насаар эгч биз дээ, тийм болохоор “та” гэж дуудаж чадахгүй” гэж хэлэхэд Ц.Г босоод ирсэн. ...Ц.Г ямар нэгэн үг хэлэхгүйгээр ширээний цаад талаас зүүн гараараа миний баруун талын хацар руу алгадсан, ...үснээс зулгааж шалан дээр татаж унагаасан тэр үед бармен залуу ирээд Ц.Гыг салгаж намайг босГд “одоо гар” гээд намайг үүд рүү хүргэж өгсөн. Би баарны үүдний хэсэгт Н г хүлээгээд зогсож байхдаа Цагдаагийн газарт дуудлага өгсөн, тэр үед Ц.Г лаазтай пиво барьж ирээд пиво барьсан гараараа буюу гартаа барьж байсан пивоороо миний толгой руу хэд, хэдэн удаа цохиод, баар руу орох дотор талын хаалгаар...үснээс зулгааж чирсэн. Намайг хойшоо болоод чангаах үед нүүрээр хаалга руу хэд, хэдэн удаа үсдэж байгаад цохисон, баарны шалан дээр унагаад цээж, толгой, нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. ... Г зодуулаад зүүн талын чихний ард тал болон дээд талд сэтэрч гэмтсэн, толгой энд, тэнд хавдсан байсан. Би Г огт гар хүрээгүй, түүний биед гэмтэл учруулаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
хууль ёсны төлөөлөгч П.Ш ийн “...миний охины сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
хохирогч Ц.Гын “...2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед Б.М бид хоёр утсаар ярьж байгаад “Төгөл” худалдааны төвийн гадаа уулзаад, таксигаар хүргүүлж “Баялаг” лоунж орж гурав, гурван лааз пиво уугаад гарсан. ...Б.М н найзыг аваад бид гурав “Жемстоун” лоунж орж нэг шил вино авч уусан, тэндээс гараад “Эмпайр” лоунж ороод пиво ууж байхдаа М бид хоёр хоорондоо муудалцсан, намайг маш бүдүүлэг үг хэлээр доромжлоод байхаар нь би түрүүлээд Б.М н нүүр лүү нэг удаа алгадсан, энэ үед баарны зөөгч ирээд “гар, манай байгууллага хаах гэж байна” гэж хэлсэн. Б.М түрүүлээд гараад явсан, би түүний найзтай хамт тооцоо хийгээд баарнаас гарах гээд үүдний хэсэгт ирэхэд Б.М утсаар яриад зогсож байсан, намайг хараад “би цагдаа дуудсан” гэсэн, би түүнд “чи яасан гэж цагдаа дуудаж байгаа юм, чамайг хүлээгээд байж байя” гэсэн. Тэгээд бид хоёр үсдэлцээд зууралдаж байхад хоёр залуу ирээд бид нарыг салгаад Б.Мг авч явах гэхээр нь би Б.М д “чи цагдаа дуудсан, одоо цагдаа чинь ирнэ” гэж хэлээд дахин муудалцаад, дахин үсдэлцээд ноцолдож байгаад шалан дээр унаад нэг, нэгийгээ харилцан цохилцсон. ...үсдэлцэх үед Б.М нүүр лүү цохиод, миний доод талын уруул гэмтсэн, мөн баруун талын шилбэ рүү өшиглөөд, шилбэ хавдсан байсан. М бид хоёр үсдэлцээд ноцолдсон, тэр явцдаа нэг, нэгнийгээ алгадаад цохилцсон, нэг, нэгнийгээ үсдээд, ноцолдоод, шалан дээр унаж тусаад тийм л юм болоод байсан. ...Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,
гэрч Б.У “...баар хаах дөхөж байхад гурван эмэгтэй орж ирээд пиво авч уусан, ...хоорондоо муудалцаад байх шиг байсан, нэг харсан чинь хоёр эмэгтэй нь хоорондоо барилцаад авсан ноцолдож байхаар нь очиж “одоо боль” гэж хэлсэн. ...удаагүй дахин баарны үүдэнд “пид, пад” хийх чимээ гараад байхаар нь яваад очсон чинь баарны үүд гэх юм уу байшингаар үүдний таамбар гэмээр зүйл байдаг түүн дотор зааланд ноцолдоод байсан хоёр эмэгтэй нэг, нэгийгээ үсдээд ноцолдож байгаад хамт газарт унаад эхлээд гарч явсан туранхай охин доор нь орчихсон ноцолдоод байсан, ...дээр нь байсан эмэгтэй доор нь орсон эмэгтэйн нүүр лүү гараараа хэд, хэдэн удаа цохисон. ...Бүдүүн гэх юм уу нөгөө охиноо бодох юм бол арай махлаг охин нь нөгөө охиноо үснээс нь зулгаагаад сэгсчээд байсан, нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон, үүдний хэсэг давчуухан зайтай болохоор дээр, доороо ороод л ноцолдоод байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
гэрч Д.О “...тухайн өдөр 22-23 цагийн хооронд цагдаагийн газрын жижүүрээс “...“Эмпайр” баарны гадаа зодуулсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу очиход баарны гадна үүдэнд нэг эмэгтэй хүн нэг эмэгтэй хүний үснээс зулгаагаад толгой, нүүр рүү нь өшиглөж байсан, үсдүүлсэн эмэгтэй нь өвдгөөрөө газар суусан байсан. ...Э бид хоёр жижүүрийн өрөөнд ороод жижүүрийн мөрдөгчид болсон асуудлын талаар тайлбарлаж байхад нөгөө хоёр эмэгтэй дахин муудалцаад баарны гадаа нэгийгээ зодож байсан эмэгтэй зодуулж байсан эмэгтэйн үснээс зулгаагаад нэг хэсэг үс суга татаж хаясан. ...хүн үсдээд зодож байсан эмэгтэй өөрийгөө зодуулсан талаар яриагүй, харин “энэ намайг хэл, үгээр доромжилсон.” гэж ярьсан, миний биед гэмтэл, бэртэл учирсан гэж яриагүй, биеийнх нь ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,
гэрч Э.Э ийн “...Цагдаагийн газрын жижүүр...“Эмпайр” баарны гадаа зодоон болоод байна.” гэдэг дуудлага мэдээлэл өгсөн, үүний дагуу дэд ахлагч О хамт очих үед “Г” гэх нэртэй эмэгтэй, үл таних эмэгтэй хүний үснээс зулгааж доош нь дараад, нөгөө эмэгтэй хоёр гараараа нүүрээ дарж, сөхөрч суусан байдалтай байсан ...“Г” гэх эмэгтэй тухайн эмэгтэйн үснээс зулгаагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд, толгой руу нь гараараа цохиж байхад нь Отгонтөгс бид хоёр тухайн хүнийг салгасан. ...Отгонтөгс бид хоёр “Г” гэх эмэгтэйг зодож байсан эмэгтэйгээс нь салгаад машиндаа суулгаад цагдаагийн газар авч ирж, жижүүрийн мөрдөгчид хүлээлгэж өгч байх үед “Г” гэх эмэгтэйд зодуулж байсан эмэгтэй түүнийг “...муу янхан минь, чамайг Эрдэнэтийнхэн бүгд мэднэ.” гэж хэлсэн чинь “Г” гэх эмэгтэй ухас хийж очоод нөгөө эмэгтэйн үснээс зулгааж, нэг хэсэг үсийг суга татаж хаясан. ...“Г” гэх эмэгтэй зодуулсан гэж огт яриагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Г.Н “...2024 оны 1 дүгээр сард...“Панда” буудалд байхад найз Б.М надтай уулзахаар ирэхдээ Ц.Г гэж эмэгтэйтэй хамт ирсэн. Бид гурав буудлаас гараад “Жемстоун” лоунж орж нэг шил вино уусан, тэндээсээ гараад “Эмпайр” лоунж орж пиво ууж байхад Ц.Г гэж эмэгтэй Б.М д “чи надтай ямар ч хүндэтгэлгүй харьцаж байна, яаж харьцаад байгаа юм, чи намайг “та” гэж дууд гэсэн чинь Б.М “би чамайг та гэж дуудаж чадахгүй” гэж хэлсэн чинь Ц.Г Б.М н зүүн талын хацар дээр баруун гараараа нэг удаа алгадсан, ...Б.Мн үснээс зулгааж сандал дээрээс нь унагаасан, ...нүүр лүү нь өвдгөөрөө цохисон, Б.Мн уруулаас цус гарсан байсан. Ц.Г ыг Б.Мн үснээс зулгааж, ноцолдож байхад баарнаас зөөгч ах ирж салгаад Б.М уйлаад гарах гээд явсан, би куртикийг нь аваад араас нь гарахад Б.М “цагдаа дуудна” гээд зогсож байсан. ...Ц.Г Б.Мн үснээс зулгаагаад үүдний хэсгээс заал руу орох хаалга руу чирээд толгойГр нь хаалга хэд, хэд мөргүүлсэн. ...ГМ дахин М үснээс зулгаагаад доош нь дараад толгой, нүүр рүү нь өшиглөөд нэг гараараа толгой, нуруу руу нь цохиод, М ямар ч эсэргүүцэлгүй, хоёр хөлөөрөө газар суусан байсан. ...бас пивотой гараараа нүүр рүү нь цохисон, М ГМ ыг огт цохиж, зодоогүй, ГМын гартай зууралдаад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б ын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаартай; “...Б.М н биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дагз, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний арын төвгөр, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, дээд, доод уруул, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дээд уруулд шарх гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б ын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай; “...Ц.Гын биед доод уруулд шарх, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх доод уруулд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Ц.Г ын яллагдагчаар өгсөн; “...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, ...М биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болох үед бид аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
өсвөр насны Б.М н яллагдагчаар өгсөн; “...ГМ ыг цохиж зодоогүй болохоор энэ гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй, ...гар хүрээгүй. Хэрэг болох үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан, ГМ бид хоёр “Баялаг” лоунжид гурван шил пиво, “Жемстоун” лоунжид шил вино уусан, “Эмпайр” бааранд би огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-74 дэх тал/,
хохирогч Ц.Г ын гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 23.50 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Б.М н өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,
хохирогч Ц.Г ын өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,
өсвөр насны Б.М н хууль ёсны төлөөлөгч П.Ш ийн гаргаж өгсөн амбулаторын карт, рентген зураг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 115 дахь тал/,
шүүгдэгч Ц.Г ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 86-93 дахь тал/,
иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 95 дахь тал/,
тухайн өдөр 2.56%-ийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 118 дахь тал/,
өсвөр насны шүүгдэгч Б.М н;
төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 46 дахь тал/,
иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 98 дахь тал/,
нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 99 дэх тал/,
оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дахь тал/,
суралцагчийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 101-111 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дахь тал/,
амбулаторын карт, рентген зураг,
тухайн өдөр 1.42%-ийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 116 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ц.Г, Б.М нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, насанд хүрээгүй хохирогч Б.Мн “...Ц.Г ямар нэгэн үг хэлэхгүйгээр ширээний цаад талаас зүүн гараараа миний баруун талын хацар руу алгадсан, ...үснээс зулгааж шалан дээр татаж унагаасан...гартаа барьж байсан пивоороо миний толгой руу хэд, хэдэн удаа цохиод, баар руу орох дотор талын хаалгаар...үснээс зулгааж чирсэн. Намайг хойшоо болоод чангаах үед нүүрээр хаалга руу хэд, хэдэн удаа үсдэж байгаад цохисон, баарны шалан дээр унагаад цээж, толгой, нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. ... Г зодуулаад зүүн талын чихний ард тал болон дээд талд сэтэрч гэмтсэн, толгой энд, тэнд хавдсан байсан.” гэх,
хохирогч Ц.Г ын “...бид хоёр үсдэлцээд зууралдаж байхад хоёр залуу ирээд бид нарыг салгаад...дахин үсдэлцээд ноцолдож байгаад шалан дээр унаад нэг, нэгийгээ харилцан цохилцсон. ...үсдэлцэх үед Б.М нүүр лүү цохиод, миний доод талын уруул гэмтсэн, мөн баруун талын шилбэ рүү өшиглөөд, шилбэ хавдсан байсан.” гэх,
гэрч Б.У “...баарны үүд гэх юм уу байшингаар үүдний таамбар гэмээр зүйл байдаг түүн дотор зааланд ноцолдоод байсан хоёр эмэгтэй нэг, нэгийгээ үсдээд ноцолдож байгаад хамт газарт унаад эхлээд гарч явсан туранхай охин доор нь орчихсон ноцолдоод байсан, ...дээр нь байсан эмэгтэй доор нь орсон эмэгтэйн нүүр лүү гараараа хэд, хэдэн удаа цохисон. ...махлаг охин нь нөгөө охиноо үснээс нь зулгаагаад сэгсчээд байсан, нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон, үүдний хэсэг давчуухан зайтай болохоор дээр, доороо ороод л ноцолдоод байсан.” гэх,
гэрч Д.О “...тухайн өдөр 22-23 цагийн хооронд цагдаагийн газрын жижүүрээс “...“Эмпайр” баарны гадаа зодуулсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу очиход баарны гадна үүдэнд нэг эмэгтэй хүн нэг эмэгтэй хүний үснээс зулгаагаад толгой, нүүр рүү нь өшиглөж байсан.” гэх,
гэрч Э.Эийн “...Цагдаагийн газрын жижүүр...“Эмпайр” баарны гадаа зодоон болоод байна.” гэдэг дуудлага мэдээлэл өгсөн, үүний дагуу дэд ахлагч О хамт очих үед “Г” гэх нэртэй эмэгтэй, үл таних эмэгтэй хүний үснээс зулгааж доош нь дараад, нөгөө эмэгтэй хоёр гараараа нүүрээ дарж, сөхөрч суусан байдалтай байсан ...“Г” гэх эмэгтэй тухайн эмэгтэйн үснээс зулгаагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд, толгой руу нь гараараа цохиж байхад нь Отгонтөгс бид хоёр тухайн хүнийг салгасан.” гэх,
насанд хүрээгүй гэрч Г.Н “...Ц.Г Б.М н зүүн талын хацар дээр баруун гараараа нэг удаа алгадсан, ...Б.М н үснээс зулгааж сандал дээрээс унагаасан, ...нүүр лүү нь өвдгөөрөө цохисон, Б.М н уруулаас цус гарсан байсан. ...Ц.Г нь Б.М н үснээс зулгаагаад үүдний хэсгээс заал руу орох хаалга руу чирээд толгойГр нь хаалга хэд, хэд мөргүүлсэн. ...ГМ дахин М үснээс зулгаагаад доош нь дараад толгой, нүүр рүү нь өшиглөөд нэг гараараа толгой, нуруу руу нь цохиод, ...бас пивотой гараараа нүүр рүү нь цохисон.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б ын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаартай, “...Б.М н биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дагз, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний арын төвгөр, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, дээд, доод уруул, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Бын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай, “...Ц.Г ын биед доод уруулд шарх, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүдээр,
насанд хүрээгүй хохирогч Б.М, хохирогч Ц.Г нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Б.М н амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Ц.Г, Б.М нарын харилцан зодолдож, бие, биенийхээ эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас тэдэнд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, харилцан зодолдож, бие биенийхээ эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, шүүгдэгч Ц.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Мн эрүүл мэндэд “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дагз, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний арын төвгөр, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, дээд доод уруул, нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,
өсвөр насны шүүгдэгч Б.М нь хохирогч Ц.Гын эрүүл мэндэд “доод уруулд шарх” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,
тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ц.Г, Б.М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны үед,
өмгөөлөгч О.С өсвөр насны шүүгдэгч Б.М н гэм буруугийн талаар маргаж, “...гэрчүүдийн мэдүүлгүүдээр Ц.Г ын нүүр, уруул руу Б.М цохисон гэдэг эх сурвалж тогтоогдох боломжгүй, гэмтлийг Б.М учруулсан гэх баримтгүй, шүүгдэгч Ц.Г найз залуутайгаа байж байгаад маргаан үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин шүүгдэгч Б.М хууль бус довтолГны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн.” гэж,
улсын яллагч Ц.Лхамсүрэн “...шүүгдэгч ГМ уруулын доторх шархыг өөр бусад байдлаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар хэн аль нь согтолтын өндөр зэрэгтэй байсан, мөн харилцан зодолдсон гэдэг нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Өмгөөлөгч “аргагүй хамгаалалт” гэсэн нь үндэслэлгүй, хоорондын таарамжгүй харилцаанаас болж маргалдсан.” гэж,
өмгөөлөгч Р.Б “...аргагүй хамгаалалт хийгдсэн үйлдэл биш.” гэж тус тус мэтгэлцсэн болно.
Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолГны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй боловч нийгэмд ашигтай, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдлийг аргагүй хамгаалалт гэдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан гэрч Б.У “...баарны үүдэнд “пид, пад” хийх чимээ гараад байхаар нь яваад очсон чинь баарны үүд гэх юм уу байшингаар үүдний таамбар гэмээр зүйл байдаг түүн дотор зааланд ноцолдоод байсан хоёр эмэгтэй нэг, нэгийгээ үсдээд ноцолдож байгаад хамт газарт унаад эхлээд гарч явсан туранхай охин доор нь орчихсон ноцолдоод байсан, ... үүдний хэсэг давчуухан зайтай болохоор дээр, доороо ороод л ноцолдоод байсан.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Бын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай, “...Ц.Г ын биед доод уруулд шарх, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээс дүгнэвэл,
шүүгдэгч нар нь согтуурсан үедээ, таарамжгүй харилцаа буюу зөрчилдөөнтэй байдал үүссэний улмаас маргалдаж, улмаар “Эмпайр” баарны үүдний хэсэгт дээр, доороо орж ноцолдож, харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан зодолдох явцад өсвөр насны шүүгдэгч Б.М нь хохирогч Ц.Гын эрүүл мэндэд “доод уруулд шарх” бүхий гэмтэл учруулсныг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэхгүй тул өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ц.Г, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,
улсын яллагч “...шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
өсвөр насны шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх.” гэсэн санал гаргахад,
өмгөөлөгч Р.Б “...шүүгдэгч Ц.Г насанд хүрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг байдал, мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг нь харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэсэн,
өмгөөлөгч О.С “...улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч Б.Мд оногдуулах эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү, зөвшөөрч байна.” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч Ц.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан,
шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох,
өсвөр насны шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх нь эрүүгийн хуульд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шүүгдэгч Б.М н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
шүүгдэгч нарын хувьд мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй ч шүүгдэгч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Б.Мн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 8 /найм/ хоног цагдан хоригдсон, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ц.Г М, Т овогт Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
өсвөр насны шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас түүний 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 120.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.М, хууль ёсны төлөөлөгч П.Ш т нарт мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоноГр тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад,
мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч, төрүүлсэн эх П.Ш т тус тус даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Б.М д буцаан олгож,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь 8 /найм/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э