| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03003/И |
| Дугаар | 181/ШШ2021/02589 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2021/02589
| 2021 12 20 | 181/ШШ2021/02589 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, О констракшны байранд байрлах СБДХХҮХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо гудамж, тоот хаягт оршин суух Ж овогт Б.Т-т холбогдох
Гэрээний үүрэгт 950,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, Б.Д, Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.
Хариуцагч Б.Т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Б.Т-т Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасны дагуу 100 хувийн эргэн төлөлттэй, 24 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгийг 2017 оны 10 дугаар сард гэрээ байгуулан олгосон.
Гэрээний дагуу Б.Т-тай сар бүр утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Б.Төмөрбаатар 1,450,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.
Энэхүү асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс 2019 оны 11 дүгээр сард иргэнд мэдэгдэл хүргүүлж, тухай бүр сануулж байсан боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй.
Дээрх зөрчлийг холбогдох хяналт шалгалтын байгууллагад танилцуулж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-06-268/160 тоот акт, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 243 тоот дүгнэлтийг тус тус мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн.
Хариуцагч Б.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгаж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдтэй байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “Асуудал үүссэн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх” нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 950,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Б.Төмөрбаатараас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т нь хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х нь хариуцагч Б.Т-т холбогдуулан гэрээний үүрэгт 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Т-аас гэрээний үүрэгт 950,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Х хэлтэс нь Б.Т-тай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №17/85 тоот “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ” байгуулан 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 24 сарын хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэй олгожээ.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х хэлтэс нь Б.Т-т 3,000,000 төгрөгийг шилжүүлэх, хариуцагч Б.Т нь 24 сарын хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х хэлтэс нь 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Т-т шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Б.Т нь дээрх гэрээний үүрэгт нийт 2,050,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б.Т-аас 950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х хэлтэст олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Т-т шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар, болон хариуцагч Б.Т-ын 89734424 дугаарын утсанд тус тус мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-аас 950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27350 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ