Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

 

2024      07          08                                            2024/ШЦТ/323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Ч.Б холбогдох эрүүгийн 2425000860370 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Ч.Б

Шүүгдэгч Ч.Б нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ивээл” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч Ж.Ж “томорсон” гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр  зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн талын ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун шуу, цээж, өвчүү, зүүн өвдөгч цус хуралт, баруун чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.Б “...мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

иргэн Ж.М “...2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Ивээл” буудалд ах Ж.Ж хүн зодсон.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хохирогч Ж.Ж “...Нэг мэдсэн чинь танихгүй залуу миний дээр гарчихсан нүүр рүү гараараа олон удаа цохиж байсан, ...Би согтолтын улмаас хэнд, яагаад зодуулснаа мэдэхгүй байна, ямар ч байсан танихгүй залуу миний нүүр рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж байсан. ...Сүүлд Б уулзахад “гоймон чанах гээд өрөөнөөс гарсан хойгуур чамайг тэр танихгүй залуу зодчихсон байхаар нь би салгасан” гэж хэлсэн. ...Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, эмнэлэгт хэвтсэн, ...10 хоног ажилдаа яваагүйн цалин болох 700.000 төгрөг, барагцаагаар 1.500.000 төгрөг нэхэмжилнэ, нэхэмжлэлтэй холбоотой баримт бичиг байхгүй. ...сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

гэрч Ж.М “...2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байхаар нь хаалгаа онгойлгосон чинь төрсөн ахын нүүр нь тэр чигтээ цус гоожчихсон, дээгүүрээ майктай, нимгэн хувцастай зогсож байсан. ...“юу болсон” талаар асуухад “ажлынхаа нэг залуугийн хамт “Ивээл” зочид буудалд архи ууж хоносон, өглөө манай өрөөнд нэг танихгүй залуу орж ирээд “хамт архи ууя” гэхээр нь “чамтай уухгүй” гэсэн чинь шууд нүүр, толгойгүй зодоод байхаар нь арай хийж танай гэрт ирлээ” гэж хэлсэн. Би “Ивээл” зочид буудал руу очсон чинь ресепшн хүүхэн цагдаа дуудаад, манай ахыг зодсон гэх залууг цагдаа аваад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Б.Б “…Ж “би архи уучихсан гэртээ ормооргүй байна” гээд бид хоёр дэлгүүр орж 0.75л архи аваад “Ивээл” зочид буудал руу очсон. ...Ж “яг үхэх гээд байна, дэлгүүр оръё” гэхээр нь бид хоёр буудлаас гарч дэлгүүр орж 0.75л архи аваад буцаад буудалдаа очсон. ...Ж бид хоёр өрөөндөө ороод архиа уусан бөгөөд би бэлэн гоймон чанах гээд ус буцалгагч ресепшнээс асуухад ус буцалгагчийн дээд хэсгийг өгсөн, “суурийг нь хоёр юм уу, гурван давхраас олоод авчих” гэж хэлсэн, би суурь хайж байгаад өрөөндөө орж иртэл шалаар цус болчихсон, орон дээр хэвтэж байсан Ж шалан дээр доошоо хараад хэвтсэн, ресепшин дээр байсан согтуу залуу манай өрөөнд орж ирээд зогсож байсан. ...тэр залуу Жын нүүр рүү нэг удаа өшиглөж, гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дугаартай; “…Ж.Ж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн талын ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун шуу, цээж, өвчүү, зүүн өвдөгт цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Ч.Б-ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Ивээл” буудалд ганцаараа архи ууж хоночихоод өглөө эрт босоод буудлаасаа гарах гээд үүдэнд зогсож байхад гаднаас хоёр ах тортой архи барьчихсан орж ирэхээр нь шараа тайлах гээд араас нь буудлын 206 тоот өрөөнд орсон. Буудлын өрөөнд нөгөө хоёртой танилцаад архийг нь хувааж уугаад сууж байтал Ж.Ж гэх ах намайг “зайл” гээд хөөсөн тэгэхээр нь би “ахаа жоохон сууж байгаад явъя” гэсэн чинь шууд хоолой боогоод байхаар нь уурандаа Ж.Ж гэх ахыг гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон, гэтэл  хамраас нь цус гоожоод шууд газар уначихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

хохирогч Ж.Ж 2024 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Орхон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх 1274 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 59-74 дэх тал/,

шүүгдэгч Ч.Б-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргий 37-44 дэх тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргий 45-50 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн Ч.Б-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ч.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Ж “...Нэг мэдсэн чинь танихгүй залуу миний дээр гарчихсан нүүр рүү гараараа олон удаа цохиж байсан, ...Б уулзахад “гоймон чанах гээд өрөөнөөс гарсан хойгуур чамайг тэр танихгүй залуу зодчихсон байхаар нь би салгасан” гэж хэлсэн.” гэх,

гэрч Ж.М “...2023 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед...төрсөн ахын нүүр нь тэр чигтээ цус гоожчихсон, дээгүүрээ майктай, нимгэн хувцастай зогсож байсан. ...“ажлынхаа нэг залуугийн хамт “Ивээл” зочид буудалд архи ууж хоносон, өглөө манай өрөөнд нэг танихгүй залуу орж ирээд “хамт архи ууя” гэхээр нь “чамтай уухгүй” гэсэн чинь шууд нүүр, толгойгүй зодоод байхаар нь арай хийж танай гэрт ирлээ” гэж хэлсэн.” гэх,

гэрч Б.Б “…өрөөндөө орж иртэл шалаар цус болчихсон, орон дээр хэвтэж байсан Ж шалан дээр доошоо хараад хэвтсэн, ресепшн дээр байсан согтуу залуу манай өрөөнд орж ирээд зогсож байсан. ...тэр залуу Ж ын нүүр рүү нэг удаа өшиглөж, гараараа нэг удаа цохисон.” гэх,

          Ч.Б ын яллагдагчаар өгсөн “...“Ивээл” буудалд ганцаараа архи ууж хоночихоод өглөө эрт босоод буудлаасаа гарах гээд үүдэнд зогсож байхад гаднаас хоёр ах тортой архи барьчихсан орж ирэхээр нь шараа тайлах гээд араас нь буудлын 206 тоот өрөөнд орсон. Уг буудлын өрөөнд нөгөө хоёртой танилцаад архийг нь хувааж уугаад сууж байтал Ж.Ж гэх ах намайг “зайл” гээд хөөсөн... уурандаа Ж.Ж гэх ахыг гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон, гэтэл  хамраас нь цус гоожоод шууд газар уначихсан.” гэх мэдүүлгүүдээр,

          мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дугаартай, “…Ж.Ж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн талын ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун шуу, цээж, өвчүү, зүүн өвдөгт цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

          иргэн Ж.М “...2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Ивээл” буудалд ах Ж.Ж хүн зодсон.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Ж 2024 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Орхон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх 1274 дугаартай өвчний түүх зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Ч.Б ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

Хохирогч Ж.Ж эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний толгой, нүүр хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн  няцрал, зүүн талын ухархайн дотор хананы хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, баруун шуу, цээж, өвчүү, зүүн өвдөгч цус хуралт, баруун чамархайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ч.Б ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,

мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ч.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Б ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Булган аймаг Гурванбулаг сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Хохирогч Ж.Ж “...10 хоног ажилдаа яваагүйн цалин болох 700.000 төгрөг болон эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн боловч нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй хэдий ч эрхэлсэн тодорхой ажилтай болох нь түүнтэй хамт ажилладаг гэрч Б.Б мэдүүлгээр, 

гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч 2024 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Орхон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн болох нь 1274 дугаартай өвчний түүх зэргээр огтоогдсон тул шүүх улсын яллагчийн санал, мөн шүүгдэгч Ч.Б нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч 1.500.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ж т олгохоор шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,  шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Булган аймаг Гурванбулаг сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ч.Б зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Баас 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Жт олгосугай.  

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

              

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э