Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2022/00017

 

 

 

 

 

 

   2021        12          27

   181/ШШ2022/00017

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байр, тоот хаягт оршин суух Ч овогт Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  дүүрэг, дугаар хороо, М төвд байрлах Д ХХК

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух С овогт У.Б нарт холбогдох

 

21,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Б нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Д” ХХК-ийн цахим сүлжээнд хямдралтай үнээр хийж өгөх тухай зарыг үзээд зарын дагуу холбогдсон. “Д” ХХК нь ирээд блокоо үзээд захиалга өгч болно, хямдралын хугацаа дуусч байгаа талаар хэлсэн. “Д” ХХК-ийн захирал У.Б “блок авах бол урьдчилгаа 50 хувийг нь төлнө” гээд 2700 ширхэг блокийг 7600 төгрөгөөр бодож авахаар тохирсон. “Д" ХХК нь 2700 блокийг 7600 төгрөгөөр тооцож, нийт 20,520,000 төгрөгийн нэхэмжлэх бичиж өгсөн. Нэхэмжлэх дээр У.Б гарын үсэг зурсан учраас хариуцагчаар татсан. Нэхэмжлэхийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг П.Б-ын 5026396495 тоот данс руу шилжүүлсэн. Төлбөрийг монел гэсэн утгатай шилжүүлсэн, энэ нь Ж.Б-ийн гэрийн хаяг юм.

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр блокоо авах гээд очтол тоо ширхэгтээ хүрээгүй, бутарсан чанар стандартын шаардлага хангаагүй блок байсан. Бид чанартай блок өг гэж шаардахад чадахгүй, мөнгийг чинь буцааж өгч чадахгүй гэсэн учраас гэрээнээс татгалзсан. Хуульд гэрээнээс татгалзах нөхцлийг заасан байдаг. Хариуцагч төлбөрийг буцаахгүй гэсэн учраас нэмэлт хугацаа тогтоох нь ач холбогдолгүй гэж үзээд гэрээнээс татгалзаад учирсан хохирол төлбөрөө шаардаж нэхэмжлэл гаргасан.

“Д” ХХК-ийн захирал Б.М-тай уулзахад блокны мөнгийг графикийн дагуу буцаая гээд 2-3 удаа “Д” ХХК нь албан бичгээр нэхэмжлэгч Ж.Б-д хариу өгсөн байдаг.

“Д” ХХК-д төлсөн 20,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгсөн, мөн банкны хүү төлсөн байдаг. Иймд 20,000,000 төгрөгийн зээлийн хүү болох 1,080,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлсэн. 20,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжилж байна, харин 1,080,000 төгрөг нь хохирол юм.

“Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч блокны захиалга аваагүй, суурийн ажил хийхтэй холбоотой гэж ярьж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө шүүхэд гаргасан тайлбартаа “Хийсэн блок нь чанарын шаардлага хангасан, Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн блок байсан” гэдэг тайлбар гаргаж байсан. Одоо блок хамаарахгүй, суурийн ажил гэж ярьж байна. Суурийн ажлын тухай гэрээ байгаа, гэрээнд 36,000,000 төгрөгөөр суурь цутгана гэсэн байгаа боловч блок хийх тухай асуудал байхгүй. Хариуцагч нар 20,000,000 төгрөгийг суурийн ажил руу оруулсан гэж яриад байна. Барилгын ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан тул суурийн ажлаа хийлгүүлээд дууссан. Амины орон сууцны 07 тоот гэрээ байгуулагдахаас өмнө блок захиалаад 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр блокоо авах гэтэл чанарын шаардлага хангаагүй байсан. Тиймээс 20,000,000 төгрөг нь суурийн ажлын 36,000,000 төгрөгтэй ямар ч хамааралгүй юм.

“Д” ХХК болон У.Б нар суурийн ажилд их мөнгө оруулсан, 36,000,000 төгрөгөөс илүү мөнгө авах ёстой байсан гэж байгаа бол энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргаад явж болно. Одоо хийж гүйцэтгээгүй ажлын 20,000,000 төгрөгийг мөн банкнаас зээл авсан учраас зээлийн хүү 3 сарын турш төлснийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа. Гэрээний үүрэг биелүүлсэн бол хохирлыг нэхэмжлэхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу хангаж хариуцагч нараас 21,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Д” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Компанийн тухай хуулийн 9.2, 9.3 дахь хэсэгт компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний ар талыг харах юм бол У.Будбаяр огт хамааралгүй хүн байгаа юм. Нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлохдоо буруу тодорхойлсон. Д ХХК хариу тайлбар өгөхдөө монелийн барилга гэж өгсөн байдаг. У.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн хариу тайлбарт хамаарал бүхий хүн биш гэдгээ нотолсон байдаг. Мөн хэргийн материалын 87 дугаар хуудсанд У.Б-ын ажилд ороод гарсан тушаал байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буюу хариуцагч нараас хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байгаа учраас У.Б нь хамтран хариуцагч биш гэж үзэж байна.

“Д” ХХК нь туслах материалын хөнгөн үйлдвэрлэлийг явуулахаас гадна хаус барилга буюу амины орон сууцыг барьдаг компани юм. Гэрээ олон талт харилцаатай байсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр блок худалдах худалдан авах тухай биш амины орон сууц 07 тоот гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа амаар тохиролцсон боловч амины орон сууцны барилга буюу барилгын суурийн ажлын цутгалт хийх гэрээ хийсэн. Талууд хоорондоо харилцан зөвшилцөж санхүүгийн харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Ж.Б гэрээ байгуулахдаа өөр нөхцөлөөр байгуулсныг зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулаад блокоо аваад барилгын ажлыг гүйцэтгэсэн. Тэр мөнгө нь барилга угсралтын суурийн ажил руу орсон. Гэрээний төлбөр буюу 20,000,000 төгрөг нь үүрэг гэхээсээ илүү хувь хүний харилцаа буюу ажлыг хурдан дуусгаад өгөөрэй гэдэг асуудал дээр “Д” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлсэн байдаг.

Шүүх энэ гэрээг анхнаасаа олон талт гэрээ байсан гэдгийг анхаарч үзнэ үү. Хэргийн материалын 87 дугаар хуудсанд тушаал байгаа, Б.М захирал У.Б-ыг менежерээр томилоод ажил гүйцэтгээд гарсан байдаг. Ж.Б-ээс монел цэлмэг нэрээр 17*27 харьцаатай суурийн бүрэн цутгамал ажил хийлгүүлээд одоо ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, өөр байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэргийн материалын 149 дүгээр хуудсанд Ж.Б-ээс монел цэлмэг гэсэн утгатай Хаан банкны данс руу хийсэн баримт байна. Монел цэлмэг гэсэн утга нь амины орон сууцны гэрээнд барилгын суурийн ажил гэрээ гэж бичигдсэн. Нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд гэрээний дуудлагын дагуу ирсэн мөнгөө өгөөд чанар стандартын дагуу муу блок өгсөн учир төлбөрөө буцаан авах нэхэмжлэл гаргасан гэж байна. Хэргийн материалын 31 дүгээр хуудсанд барилгын архитектурын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнд чанар стандартын шаардлага хангасан блок үйлдвэрлэдэг гэж гарсан.

Мөн хэргийн материалын 17 дугаар хуудсанд нотлох баримтаар Хаан банктай зээлийн гэрээ байгуулаад 360,000 төгрөгийг 3 сар төлсөн учраас хохирол гэж нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй, мөн хариуцагчийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй, ямар гэрээний эрх зүйн харилцаатай явж байгаа нь эргэлзээтэй байгаа. Олон талт гэрээний эрх зүйн харилцаа явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч У.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б надад мөнгө өгсөн зүйл байхгүй. Миний хувьд хариуцагчаар татагдах эрх зүйн үндэслэл байхгүй. Манайх ажил гүйцэтгэж байсан учраас хэдэн блок хийх, хаанаас татан авалт хийхээ бид өөрсдөө мэднэ. Чанарын шаардлага хангаагүй блок гэж яриад байна, блокоо итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээнд өгөөд хариуг нь би шүүх дээр авч ирж өгсөн. Манайх ОХУ-ын технологиор хийж чанар стандартын шаардлага хангасан сайн блок хийдэг. Залуучууд юм хийхээр яагаад ингэж үгүйсгээд байдаг юм бэ? Гадны технологи оруулж ирээд сайн юм хийж байхад худал хэлж хууран мэхэлдэг. Нэхэмжлэгч чанаргүй блок гэж хэлсэн нь “Д” ХХК-ийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна. Бид чанартай блок хийдэг, хэрэглэгчид одоог хүртэл ам сайтай байна.

Би “Д” ХХК-д ажиллаж байсан. Бид амины орон сууцны гэрээ байгуулж, бүрэн цутгамал суурийн ажлыг 67,000,000 төгрөгөөр хийх байсныг хямдруулж өгнө үү гэсэн учраас би гэрээний дагуу блок татаад суурийн ажлыг хийе гэсэн. Ингээд 67,000,000 төгрөгийн суурийн ажлыг 37,000,000 төгрөгөөр хийсэн ба блокны компаниас материалын үнийг татаж суурийн ажил руу оруулсан. Гэрээ байхгүй болохоор 20,000,000 төгрөгийг авна гэдэг нь ойлгомжгүй байна. Гэрээ байснаар бүх зүйл тодорхой болно. Ж.Б 37,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг одоо зээл хөөцөлдөж байгаа учраас зээл гарахаар төлнө гэсэн. Тэр хүртэл бетон нь тасалдсан учир би нэхэмжлэгчид мөнгөө төлөхгүй бол бетон тасалдаад байна гэдгийг хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч “Аргалаад бетон цутгаад өг, блокны төлбөр гээд өгсөн байгаа түүнээс аваад зохицуулаад аваад хийж бай” гэсэн Блокны төлбөрт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байна. Блокны мөнгө гэж шилжүүлсэн үү эсвэл суурийн ажлын хөлс буюу гэрээнд заасан мөнгө гэдгийг ялгаж ойлгомоор байна. Гүйлгээний утга дээрээ монел цэлмэг гэж байгаа нь тодорхой бус болоод байна. 10,000,000 төгрөгийг барилгын ажил руу хийсэн мөнгө гэж үзэж байна. Харин 3,000,000 төгрөг болон 7,000,000 төгрөг нь блокны урьдчилгаа байх магадлалтай. Манайх блокны урьдчилгааг 40-50 хувийг авдаг гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Д” ХХК, У.Б нарт холбогдуулан 21,080,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон хариуцагч У.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д" ХХК-иас 2700 ширхэг блок /ханын бетон гулдмай/ худалдан авахаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Блок /ханын бетон гулдмай/-оо авахаар очиход чанарын шаардлага хангахгүй байсан учраас гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна. Уг 20,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн учраас зээлийн хүүд төлсөн 1,080,000 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байна” гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч Ж.Б-тэй амины орон сууцны гэрээ байгуулсан. Манай компаниар барилгын ажил гүйцэтгүүлнэ гэж хуурч суурийн ажлыг  хямдралтай үнээр хийж гүйцэтгүүлсэн. Блок/ханын бетон гулдмай/-ын төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг барилгын суурийн ажилд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2700  ширхэг блок /ханын бетон гулдмай/-ыг 1 бүрийн үнийг 7600 төгрөгөөр худалдан авахаар “Д” ХХК-тай харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрч А.О “...Д ХХК-д анх 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр блок /ханын бетон гулдмай/ худалдан авах зорилгоор очсон..2700 ширхэг блок /ханын бетон гулдмай/ захиалж урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, “Д” ХХК-ийн №012 дугаартай нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Б 2700 ширхэг блок /ханын бетон гулдмай/-ны төлбөрт 20,250,000 төгрөг төлөхөөр, хариуцагч “Д” түүний захиалгын дагуу 2700 ширхэг блок нийлүүлэхээр харилцан тохиролцсоноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Ж.Б нь “Д” ХХК-ийн нягтлан бодогч П.Б-ын Хаан банкны 5026396495 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг “монёл цэлмэг”, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөгийг “монёл цэлмэг”, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг “монёл цэлмэг блокны үнэ” гэх гүйлгээний утгатайгаар нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтад зохигчид маргаагүй.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн захиалсан блок /ханын бетон гулдмай/-ыг чанарын шаардлага хангасан болох нь Барилга архитектур, корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдоно гэх тайлбарыг гаргасан боловч уг шинжилгээний дүн нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хэвлэсэн ханын бетон гулдмайг шинжилсэн, мөн дүгнэлтэд “шинжилгээний дүн нь захиалагчаас ирүүлсэн зөвхөн энэ дээжид хамаарах ба шинжилгээний дүнг олшруулан хэрэглэх, хувилахыг хориглоно” гэж заасан байх тул “Д" ХХК-г иргэн Ж.Б-д доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд блок /ханын бетон гулдмай/ худалдан авах зорилгоор шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Д” ХХК-ийг чанарын шаардлага хангасан блок /ханын бетон гулдмай/ нийлүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж, 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчид мэдэгдсэн нь гэрч А.О-ийн “Д” ХХК нь нэхэмжлэгч Ж.Б-д нийт 20,000,000 төгрөгийг буцаахыг хүлээн зөвшөөрч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөг, үлдсэн төлбөрийг наадмын дараа хугацаа тохирон өгөх тухай албан бичгүүдийг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх147-148/

Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч У.Б нар нь “Д” ХХК, Ж.Б нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №АОС07 тоот гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил нь уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, Ж.Б-ээс авсан 20,000,000 төгрөгийг дээрх гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон суурийн ажилд зарцуулахыг Ж.Б зөвшөөрсний дагуу уг ажилд зарцуулсан гэж тайлбарласан боловч уг гэрээнд блок /ханын бетон гулдмай/ худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулаагүй, суурийн ажилд зарцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нарын дээрх татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч У.Б-ыг гэрээ болон нэхэмжлэхэд гарын үсэг зурсан учраас хамтран хариуцагч гэж тодорхойлсон боловч У.Б нь ажил үүргийн хүрээнд “Д” ХХК-г төлөөлөн гарын үсэг зурсан, гэрээний нэг тал биш байх тул хамтран хариуцагч У.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Б нь “Д” ХХК-д төлсөн 20,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгсөн, уг зээлийн хүүд 3 сарын хугацаанд төлсөн 1,080,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан.

Нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/202045433374 дугаартай зээлийн гэрээгээр Ж.Б, Б.М, Ч.О нар нь Хаан банкнаас 70,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй авсан байх тул нэхэмжлэгчийн арилжааны банктай зээлийн гэрээ байгуулан, уг гэрээний дагуу авсан мөнгөнд төлсөн хүү нь зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг тул “Дрийм блок” ХХК үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Д” ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,080,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч У.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,080,000 төгрөг, хариуцагч У.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ