| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/0907/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/917 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/917
2024 08 13 2024/ШЦТ/917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 сарын 06-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт *** хот, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт ***ийн *** (регистрийн дугаар:***).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *** нь архидан согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрийн орчимд ***ыг “дүү нараа өмөөрч” цээж хэсэг рүү нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун 5-р хавирганы зөрүүгүй хугарал, цээжинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.
4. Шүүгдэгч *** нь хохирогч ***ы цээж хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
4.1. Хохирогч ***ы “...2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед эхнэр ***ийн хамт гэрийн ойролцоо байх “***” нэртэй дэлгүүрээс хүнсний зүйл аваад касс дээр бичүүлэх гэж байтал үл таних 2 хүүхэд пиво аваад урдуур орж ирсэн. Би тэр хоёр хүүхдэд хандаж “Миний урдуур орчихлоо, дарааллаараа орчих” гэсэн чинь “Хуцалгүй наад юмаа аваад зайл” гэхээр нь “Зүгээр байгаарай хоёр бацаан минь” гээд маргалдсан. Дэлгүүрээс гараад явж байтал тухайн хоёр хүүхэд зогсож байхаар нь “Та муу хоёр аятайхан байгаарай” гэсэн чинь нэг хүүхэд нь нэг хүн рүү яриад байсан. Удалгүй хоёр залуу хүрч ирээд нэг залуу нь миний дээрээс цээж рүү гараараа цохиж, хөлөөрөө дэвссэн. Манай дүү *** ирж салгасан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 хуудас),
4.2. Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9550 дугаартай “...***ы биед баруун 5-р хавирганы зөрүүгүй хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 хуудас),
4.3. Гэрч ***гийн “...2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед гэр рүүгээ явж байтал замд буюу Сонгинохайрхан дүүргийн *** хорооны хажууд байдаг “***” дэлгүүрийн гадна *** ах нэг залууд зодуулж байсан. ... гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байхаар нь гүйж очоод салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 хуудас),
4.5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 52-56 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй болон хохирлын асуудлаар:
7.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй хэдий ч хохирол төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн эрх ашгийн үүднээс түүнд хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулаагүй болно.
7.2. Хохирогч ***аас миний сэтгэл санаанд өөрчлөлт ороогүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн, мөн хохирогчийн зүгээс гэмтлийн улмаас үүссэн эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас үүссэн сэтгэл санаа, бие махбодын болон эмчилгээ, сувилгааны бусад зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй.
8. Эрүүгийн хариуцлагын талаар:
8.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
8.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.
8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
8.4. Шүүгдэгч *** хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, гэмт хэргийн учирсан хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн авч уг ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***т үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ