| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2020/0113/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 39
А.Х, А.Э, Р.Ө, Ж.Ц
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, В.У, Б.А
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн А.Х, А.Э, Р.Ө, Ж.Ц нарт холбогдох 1912006390301 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Эмээлт дугуй гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хориг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, А.Х
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Бухын шуудуу гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, А.Э
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Оорцогийн ар гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Р.Ө
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Эмээл дугуй гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Ц
Шүүгдэгч А.Х нь ганцаараа 2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Харз гэх газраас хохирогч А.Х-ын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 650.000 төгрөгийн хохирол учруулсан, А.Э-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Улаан эрэг гэх газраас хохирогч Б.Э-ын 4 тооны үхрийг /бяруу/ хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн, мөн 2019 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Цагаан малгайт гэх газраас хохирогч Ц.Ц-ын олон тооны мал буюу 45 тооны хонийг хулгайлж, түүнд 3.690.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан, Р.Ө, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Улаан эрэг гэх газраас хохирогч Б.Э-ын 3 тооны адууг /даага/ хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Р.Ө нь ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Хамар даваа гэх газраас хохирогч Ж.Т-ын 15 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж, 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Ц нь А.Х, А.Э нарын хулгайлан авчирсан 4 тооны үхрийг /бяруу/ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын иргэн н.О-д шилжүүлэн 1.000.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Ө, А.Х, А.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ж.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжаар: … Шүүгдэгч А.Э, шүүгдэгч Р.Ө нарт Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Мөн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46, 47 дугаартай тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Ө, шүүгдэгч А.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар дугаарын 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулж яллагдагчаар татжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч А.Э, шүүгдэгч Р.Ө нараас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсний дараа дахин мэдүүлэг аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрд Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай, 47 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар олон тооны мал хулгайлсан гэж хүндрүүлж зүйлчилснийг шүүгдэгч нарт танилцуулж мэдүүлэг аваагүй байна. Харин шүүгдэгч Р.Ө-аас 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “яллагдагчаас дахин мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байх ч ял хүндрүүлэн өөрчилсөн талаар танилцуулаагүй энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй бөгөөд харин шүүгдэгч А.Э-аас огт мэдүүлэг аваагүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд Р.Ө, А.Э нараас яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж ял хүндрүүлэн өөрчилсөн талаар мэдүүлэг аваагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж дээрх зөрчлийг арилгах нь зүйтэй байна.
2. Хэргийг нэгэнт прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул хохирогч Ж.Т, гэрч Ө.Д нарыг нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай байна Учир нь гэрч Д.Д-ийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд Хайрхан сумын Жарантай баг Элстэй богч гэх газар 14 цагийн үед хариулж байсан хонио бөөгнүүлж, буцаах санаатай уул өгсөөд Өлзийбатын аав Р ахын хаваржааны хойд талын жалганы эрмэг дээр хэсэг хонь байсныг өөрийнхөө хонь байна гэж бодоод очоод наанаас нь сагналдаад эргүүлсэн. Тэгсэн жалганд цөөхөн хэдэн хонь байсан. Намайг хонины дэргэд мотоциклоо зогсоож харахад Р ахын хонинууд байсан. Дотор нь өөр айлын нуруун дээрээ шинэхэн хөө түрхсэн 16 орчим тооны эм голдуу хонинууд байсан...Би Р ахын хонинд Т хонь нийлсэн байна гэж тэмдгээр нь харж мэдсэн...Р ахын хүргэн Д хургатай хонио хариулаад явган явж байсан.” Намайг хараад зогссон...гэх мэдүүлэг /2р хх-ийн 118-121хуу/, гэрч Ө.Д-ийн “... Намайг тэр үеэр өглөө эрт хурга ялгаж байхад Т ирээд нуруундаа хөө түрхсэн хонь танай хонинд байна уу гэж асуусан. Би байхгүй гэж хэлсэн. Хонио гаргачхаад унтаж байхад Т дахин ирээд танай хонинд манай хонь байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-126хуу/ тус тус авагдсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч: Б.Т-ын өгсөн: Манайх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15тооны хонь, 2 тооны ямаа нийт 17 тооны хонь ямаа алдсан. Д хэлэхдээ Ө-ын хонинд нийлсэн байсан гэж хэлсэн. Гомдолтой байна. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо гаргуулж авмаар байна гэжээ.
Иймд хохирогч Б.Т нь хэдэн сарын хэдний өдөр 15 тооны хонь 2тооны ямаа алдагдсан талаарх хугацааг нь хохирогч Б.Т, гэрч Ө.Д нарыг нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй байна.
3. Мөн хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед манай сумын Г-ийн эхнэр О-ийн эхнэр одонгийн найр хийгээд би Г-д очоод, хоносон. Өглөө 06 цагт гэртээ ирсэн. Ирээд хонио бүртгэхэд 45 тооны хонь алга болсон байсан.... Би 2019 оны 06 дугаар сарын 11-нд өөрөө очиж Х-тэй уулзахад Х надад хандан би танай хониноос 5 хонь хулгайлсан. Чиний алдсан бусад хонийг би мэдэхгүй гэж надад хэлсэн. Би Х-д хандаж би 45 хонь алдсан гэж хэлээд тэднийхээс явсан. Удалгүй 2019 оны 06 дугаар сарын 17, 18-ны үеэр Х эхнэрийн хамт миний алдсан 5 хонийг машинаараа ачиж надад авчирч өгсөн. Х хэлэхдээ би А.Э гэх залуутай хамт өөрийнхөө амьжиргаа цагаан гэх машинаар хулгайлсан гэж хэлсэн. Х, Э нар миний 45 хонийг бүгдийг нь хулгайлсан гэж бодож байна. Учир нь миний таван хонь Х-ийн хонинд байсан, өөрөө хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 200-203 хуу/,харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч: Ц-ын өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 03-нд одонгийн найрт яваад хоноод ирээд хонио тоолж үзэхэд 45 тооны хонь алга болсон байсан. Урд хойно нь хэзээ алдсанаа мэдэхгүй байна. 5 хонь алдсан юм. А.Х нь 5 хонь л авсан гээд хохирол төлж өгсөн. Одоо гомдол санал байхгүй...гэжээ.
Иймд хохирогч Ц.Ц-ын 45 тооны хонь алдагдсан эсэх, эсхүл 5 тооны хонийг шүүгдэгч А.Х авсан гэж хохирогч Ц.Ц өөрөө мэдүүлж байгаа тул үлдсэн 40 тооны хонийг хэн хэзээ хэрхэн алдагдсан талаар шалгах нь зүйтэй байна.
Дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв гээд
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Р.Ө, А.Х, А.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц нарт холбогдох эрүүгийн 1912006390301 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 50-91 УБҮ улсын дугаартай “Миникаб” маркийн цагаан өнгийн авто машиныг, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Х, Ж.Ц, Р.Ө, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Б-ийн гаргасан эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалай би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/670 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянавал:
Шүүгдэгч А.Х нь ганцаараа 2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр “Харз” гэх газраас хохирогч А.Х-ын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 650.000 төгрөгийн хохирол учруулсан, А.Э-тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Улаан эрэг гэх газраас хохирогч Б.Э-ын 4 тооны үхрийг /бяруу/ хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн, мөн 2019 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Цагаан малгайт гэх газраас хохирогч Ц.Ц-ын олон тооны мал буюу 45 тооны хонийг хулгайлж, түүнд 3.690.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан, Р.Ө, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Улаан эрэг гэх газраас хохирогч Б.Э-ын 3 тооны адууг /даага/ хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Р.Ө нь ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Хамар даваа гэх газраас хохирогч Ж.Т-ын 15 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж, 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Ц нь А.Х, А.Э нарын хулгайлан авчирсан 4 тооны үхрийг /бяруу/ гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын иргэн н.О-д шилжүүлэн 1.000.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Ж.Ц, А.Х, А.Э, Р.Ө нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ц, А.Х, А.Э, Р.Ө нарт холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд: Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46, 47 дугаартай тогтоолуудаар шүүгдэгч Р.Ө, шүүгдэгч А.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар дугаарын 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч шүүгдэгч Р.Ө, А.Э нараас яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, ял хүндрүүлэн өөрчилсөн талаар мэдүүлэг аваагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж дээрх зөрчлийг арилгах нь зүйтэй байна. Хэргийг нэгэнт прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул хохирогч Ж.Т, гэрч Ө.Д нарыг нүүрэлдүүлэн байцааж, хохирогч Б.Т нь хэдэн сарын хэдний өдөр 15 тооны хонь, 2 тооны ямаа алдагдсан талаарх хугацааг нь тогтоож, мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй байна. Хохирогч Ц-ын 45 тооны хонь алдагдсан эсэх, эсхүл 5 тооны хонийг шүүгдэгч А.Х авсан гэж хохирогч Ц.Ц өөрөө мэдүүлж байгаа тул үлдсэн 40 тооны хонийг хэн, хэзээ хэрхэн алдагдсан талаар шалгах нь зүйтэй байна. Иймээс дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд уг хууль нь мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Уг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд 2 дахь хэсэг буюу “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэх зохицуулалтыг шинээр нэмж хуульчилжээ.
Гэтэл шүүгдэгч Р.Ө, А.Э нарыг яллагдагчаар татсан тогтоолуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн хяналтын прокурорын 46, 47 дугаартай тогтоолууд нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байх ба тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч нараас заавал дахин мэдүүлэг авах тухай зохицуулалт байгаагүй тул Р.Ө, А.Э нараас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн талаар дахин мэдүүлэг авалгүй, тогтоолыг яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч Р.Ө, А.Э нар нь яллагдагчаар татагдан буруутгагдаж буй хэргүүдийнхээ талаар шүүхийн хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн тул тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэднээс дахин мэдүүлэг авах нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хийж гүйцэтгэх шаардлагагүй мөрдөн шалгах ажиллагаа байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Т нь өөрийн 15 тооны хонь, 2 тооны ямаагаа алдсан цаг хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэж тодорхой мэдүүлсэн бөгөөд гэрч Д.Д, Ө.Д нар нь гэрчлэн ярьж буй үйл явдлынхаа болсон цаг хугацааны талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй байхад хохирогч, гэрч нарыг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц, гэрч Д.М, Ц.Б, Б.Т, С.С, П.Б нарын мэдүүлгүүдээр 2019 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Ц.Ц-ын 45 тооны хонь алдагдсан болох нь хангалттай нотлогдож, тогтоогдсон байхад түүний алдсан гэх хониноос 40 тооны хонийг хэн, хэзээ хэрхэн алдагдсан болохыг шалгуулахаар заасан нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр зааж, тухайн мөрдөн шалгах ажиллааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх тул шүүгдэгч Ж.Ц, А.Х, А.Э, Р.Ө нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/670 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: А.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн үндэслэл нь А.Х нарт холбогдох хэргийг ял хүндрүүлж сонсгосон яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсныг танилцуулж мэдүүлэг аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэсэн. Улсын Их Хуралаас баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг нэмэлт өөрчлөлтөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу яллагдагчаар татах тогтоолд хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэж хуулийн зохицуулалтад өөрчлөлт орсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглээгүй байдал нь хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгдэгч нарт яллагдагчаар татсан тогтоолын өөрчлөлтийг тэдэнд танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Энэ үйл ажиллагаанд хууль зөрчсөн нөхцөл харагдахгүй байна. Мөн буруутгагдаж байгаа хэргийн зүйчлэлийн талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгдөг учраас заавал дахин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авах нь ач холбогдолгүй юм. Мөн шүүгч нэгэнт хэргийг буцааж байгаа учраас хохирогч н.Т, гэрч н.Д нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлэг авахдаа н.Т хонио хэдэн сарын хэдэнд алдсан болохыг тогтоох гэж заасан. Уг үндэслэлийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч мэдүүлэг өгөхдөө хэзээ хонио алдсан талаар цаг хугацааг тодорхой заадаг. Учир нь хохирогч аймгийн төв ороод буцаад ирэх өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр миний хонь алга болсон гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан гэрч н.Д, н.Д нарын мэдүүлгээр хэдэн сарын хэдэнд гэж тодорхой мэдүүлээгүй учраас гэрч, хохирогч нарын мэдүүлгийг хоорондоо зөрүүтэй мэдүүлэг гэж үзэхгүй байна. Мөн тэднийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шүүхээс хохирогч Ц.Ц-ын 45 тооны хонь алдагдсан эсэх, эсхүл 5 тооны хонийг шүүгдэгч А.Х авсан гэж хохирогч Ц.Ц өөрөө мэдүүлж байгаа тул үлдсэн 40 тооны хонийг хэн, хэзээ, хэрхэн алдагдсан талаар шалгах нь зүйтэй гэсэн. Хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц, гэрч нарын мэдүүлгээр 2020 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө айлын одонгийн найрт очоод тэндээ хоносон шөнө алга болсон нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед хонийг хулгайлсан болохыг мэдүүлдэг. Хохирогч нь хонио алдсаны маргааш 45 тооны хонио алдчихлаа, өчигдөр одонгийн найрт ороод хоноод ирэхэд алга болсон гэсэн мэдүүлэг өгсөн учраас 2020 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ц.Ц-ын хониноос 45 тооны хонь алга болсон нь тогтоогддог. Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ шүүгдэгч А.Х-ийн хулгайлж аваад хониндоо тавьсан 5 хонь олдсон учраас нийтдээ 45 тооны хонь хулгай хийсэн гэж үзэхгүй байна гэсэн утга агуулгатай мэдүүлэг өгснийг эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэх боломжгүй юм. Анхнаасаа хэргийг шалгахад 45 тооны хонь тухайн цаг хугацаанд алдсан гэсэн учраас хэн хэзээ алдсаныг тогтоох шаардлагагүй. Иймд уг ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжид гурван мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэхээр заасан. Энэхүү заасан ажиллагааг прокуророос хийхэд хэрэгт ач холбогдолгүй гэж эсэргүүцэлдээ бичсэн. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Яагаад гэхээр тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэсэн нь хууль зөрчсөн асуудал биш юм. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь өөр үндэслэлээр буцаасан. Сүүлд яллагдагч нараас мэдүүлэг авахдаа нэгнээс нь аваад, нэгнээс нь аваагүй гэж яригдаж байна. Энэ нь яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсантай холбоотой хийсэн ажиллагаа биш. Шүүгчийн захирамжид зааснаар яллагдагчийн явсан зам маршрутыг шалгах хэрэгтэй гэсэн болохоор Р.Ө-аас дахин мэдүүлэг авсан. Р.Ө нь гэрчийн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг. Мэдүүлэг өгөөгүй байхад шүүгч захирамжаар тэр хүний явсан зам маршрутыг шалгах гэсэн үндэслэлээр буцаасан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллах дүгнэлтийг үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Энэ хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Өөр нэмж хийх ажиллагаа байхгүй гэж үзсэн. Яллагдагч нарын өмгөөлөгч мөн анхан шатны шүүх хэргийг дахин шалгуулъя гэдэг боловч тодорхой ажиллагаа байхгүй байгаа учраас хэрэгт шаардлагагүй ажиллагааг хийхээр буцаагаад байна гэсэн дүгнэлт хийсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэлд дурдсан зүйл нь шүүгчийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжийн үндэслэлээс зөрүүтэй байдал харагдаж байна. Анхан шатны шүүхийн захирамжид 2020 оны Р.Ө, А.Э нараас яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын 46, 47 дугаар тогтоол гарсан байдаг. Тухайн үед ялдагдагчаар мэдүүлэг авна гэсэн хуулийн зохицуулалт үйлчлээгүй байж болох боловч шүүгчийн захирамжид дурдагдсан 2 дугаар хавтаст хэргийн 149-247 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 110-113 дугаар хуудсанд авагдсан ял хүндрүүлэн өөрчилсөн талаар тогтоолыг танилцуулаагүй бөгөөд тэмдэглэлд тусгагдаагүй гэсэн асуудал яригдсан. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсныг яллагдагчид танилцуулах гэсэн хуулийн зохицуулалт 2015 онд хэрэгжиж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ял хүндрүүлсэн тохиолдолд яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэсэн хуулийн зохицуулалт орсон байгаа. Өмнө нь ял хүндрүүлж байгаа тохиолдолд мэдүүлэг авахгүй байж болно гэж улсын яллагч танилцуулсан. Хэргээс энэ талаар шинжлэн судлуулах хүсэлттэй байна. Үнэхээр танилцуулаагүй байвал яллагдагчийн эрх зөрчигдөнө. Яагаад гэхээр яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах гэсэн эрхтэй. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс яллагдагчаар татах тогтоолын ял хүндрүүлж байгаа өөрчлөлтийг танилцуулсан гэсэн агуулгатай эсэргүүцэл бичсэн. Миний үйлчлүүлэгч А.Х, Ж.Ц нар гэхдээ энэ хэрэгт хамт шалгагдаж шийдвэрлэгдэх учраас хэргийг хэрхэн яах вэ гэсэн асуудал яригдана. Прокурорын эсэргүүцлийг авч үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан асуудал хоёр өөр тал харагдаад байна. Хавтас хэргээс нотлох баримт шинжлэн судлахад яллагдагчаар татсан 46, 47 дугаар прокурорын тогтоолыг танилцуулсан эсэх асуудлыг тодруулах нь зүйтэй. Хэрвээ танилцуулаагүй бол шүүгчийн захирамж үндэслэлтэй харин танилцуулсан байгаа бол заавал прокурорт буцаах шаардлагагүй. Гэхдээ хууль хэрэглээний асуудалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимтай. Гэвч яллагдагч нарыг өмгөөлөгчтэй байцаагаагүй гэдэг үндэслэлээр өмнө нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад мэдүүлэг авсан байдаг. Тэр үед яллагдагчаар татах тогтоол хүндрүүлэн өөрчилсөн асуудал яригддаг. Тиймээс хууль хэрэглээний хувьд нэгнээс нь байцаалт аваад, харин нөгөөгөөс нь аваагүй байж болохгүй. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг анхааралдаа авч үзэх байх. Прокурорын дурдсан тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан эсэх асуудлыг харах хүсэлттэй байна. Үүнээс болж миний 2 үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөх учраас нотлогдож байна гэж үзвэл шүүх гэм буруутайд тооцож, нотлогдохгүй гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэх боломж байсан гэж харж байна. Прокурор эсэргүүцэл бичихдээ Ц.Ц-ын 45 тооны хонь хулгай хийсэн гэсэн асуудал нь тогтоогдсон гэдэг. Гэтэл хохирогч хэдний өдөр алдсанаа мэддэггүй. Амьжиргаа цагаан гэдэг машинаар 1 тооны бяруу, 5 тооны хонь ачиж авч явсан гэдгээ яллагдагч нар мэдүүлдэг. Улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд А.Э нь үлдээд туугаад явсан гэж таамагласан байдлаар яллаж байсан. Ингэж болохгүй бөгөөд гэрч нарын хувьд хохирогчийг 45 тооны малаа алдсан гэж ярьсан гэдэг. Гэтэл хохирогч тухайн үед найрт яваад үүрээр гэртээ ирсэн бөгөөд буцаад найран дээр очсон асуудал яригддаг. Тэгээд найраас ирээд малаа тоолсон бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 6-7-ны өдрийн хооронд тоолсон асуудал байхыг үгүйсгэхгүй. Хохирогчийн эхнэр энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. А.Х, А.Э нар 45 тооны хонийг тухайн цаг хугацаанд хулгай хийсэн гэж болохгүй. Хэн, хэзээ, хэрхэн яаж хулгай хийсэн гэдгийг хангалттай тогтоож чадаагүй байдаг. Шүүх миний үйлчлүүлэгчийн холбогдсон асуудлыг нотлогдож байвал нотлогдож байна, нотлогдоогүй бол нотлогдоогүй гэж тогтоож болох байсан. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан юм уу гэдгийг шинжлэн судаллаа. Яллагдагч нарт танилцуулсан байна. Өмнө нь мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж харагдаж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад 2020 оны 02 дугаар сард буцаасан. Хэргийг буцаахдаа харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарыг өмгөөлөгчтэй нь хамт байцаалт аваагүй гэж буцаасан. Үүний дараа А.Х, А.Э нараас мэдүүлэг аваагүй. Мөн Р.Ө-ыг өмгөөлөгчгүй байцаасан. Шүүх прокурорын эсэргүүцлийн хэмжээнд биш хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн асуудал байна уу гэдэгт дүгнэлтээ хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж харж байна. Хэзээ хонио алдсан гэх асуудлыг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломж харагдаж байна. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн асуудал байвал энэ хэрэг явахгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг нотлох гэсэн агуулгатай буцаах шаардлага байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд анхан шатны шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн хэргийг мөрдөн шалгах процессын хувьд алдаатай байна. Үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй. Мөн хохирогч Ц.Ц-ын 45 тооны хонь алдагдсан эсэх асуудлыг олж тогтоох нь ач холбогдолтой гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нь хавтаст хэргээс харагдсан. Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаад мэдүүлэг өгөх эсэхийг нь асуугаагүй, мөн мэдүүлэг аваагүй нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх эрх, өөрийгөө өмгөөлөх эрхийг нь боогдуулж байна. Энэ хэргийг нотлогдсон, тогтоогдсон гэж үздэг. Тогтоогдож байна гэж үзэж байгаа бол тухайн 45 тооны хонийг яаж авсан гэдэг үйл баримтыг тогтоох ёстой. Энэ үйл баримт хэрэгт тогтоогддоггүй. 45 тооны хонийг тээврийн хэрэгсэл дээр ачсан юм уу, эсвэл явганаар туусан юм уу гэдэг нь тогтоогддоггүй. Хэрхэн яаж үйлдээд байгааг тогтоох ёстой. Улсын яллагч тогтоогдсон гэхээр өмгөөлөгч нар тогтоогдоогүй байна гэж мэтгэлцдэг. Хохирогч хонио хэзээ алдсан талаарх цаг хугацаа тодорхойгүй байдаг. Үүнийг үнэхээр алдсан юм уу, явцын дунд дутагдсан юм уу гэх эргэлзээтэй нөхцөл байдаг. Үүнийг шалгах нь зөв гэсэн байр суурьтай байна. Хэргийн зүйчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйчлээд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөх үү гэдгийг шүүгдэгч нараас асуухгүй байх нь мэдүүлэг өгөх эрхийг боогдуулж, мөн гэм буруугийн тал дээр мэтгэлцэх асуудлыг боогдуулж байна. Энэ хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь энэ зүйл ангиар тохирч байна уу гэж асуух ёстой гэж үзэж байна. Дахин мэдүүлэг авахгүй байх нь өөрөө буруу юм. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Р.Ө-ыг яллагдагчаар татсан. Дараа нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Прокурорын 46, 47 дугаар тогтоолууд нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэдэг боловч мөрдөгдөж эхэлсэн хугацаа нь түүнээс хойш байдаг. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалт авсан байдаг. Тэгээд дахин мэдүүлэг авах байсан боловч аваагүй байгаа нь яллагдагчийн эрхийг зөрчиж байна. Мөн хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэлд хохирогчийн 10 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлсан нь гэсэн мэдүүлэг зөрүүтэй байна гэж захирамжид дурдагдсан. Үүнийг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Учир нь Р.Ө хохирогчийн 2 тооны ямаа, 10 тооны хонийг хулгай хийгээгүй гэдэг. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Энэ нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан гэрч н.Д-ийн мэдүүлгээр нотлогддог. Гэрч н.Д нь мэдүүлэг өгөхдөө 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэж хэлдэг. Гэтэл хохирогч хонио 2019 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдөр гэж ярьдаг бөгөөд цаг хугацааны хувьд тогтвортой байдаггүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэж хуульчилжээ.
Гэтэл Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 69 дугаар бүхий яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт шүүгдэгч А.Э-ын холбогдсон гэх хэргийн талаарх товч агуулгыг бичээгүй атлаа тогтоох хэсэгт А.Э-ыг бусадтай бүлэглэж, бусдын олон тооны буюу нийт 7 тооны бод, 45 тооны бог малыг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилсэн нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46, 47 дугаартай тогтоолуудаар шүүгдэгч Р.Ө, шүүгдэгч А.Э нарт тус бүр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар дугаарын 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч шүүгдэгч Р.Ө, А.Э нараас яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, ял хүндрүүлэн өөрчилсөн талаар мэдүүлэг аваагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул дээрх зөрчлийг арилгах, хохирогч Ж.Т, гэрч Ө.Д нарыг нүүрэлдүүлэн байцааж, хохирогч Б.Т нь хэдэн сарын хэдний өдөр 15 тооны хонь, 2 тооны ямаа алдагдсан талаарх хугацааг нь тогтоож, мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогч Ц.Ц-ын 45 тооны хонь алдагдсан эсэх, эсхүл 5 тооны хонийг шүүгдэгч А.Х авсан гэж хохирогч Ц.Ц өөрөө мэдүүлж байгаа тул үлдсэн 40 тооны хонь алдагдсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд дээрх нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 69 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн байх тул дээрх хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх нь хуульд нийцэхээр байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, нэмж магадлалд заасан ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ