| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2023/04044/И |
| Дугаар | 001/хт2025/00087 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 001/хт2025/00087
Н-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04919 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00237 дугаар магадлалтай,
Н-ын нэхэмжлэлтэй,
Гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, прокурор Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04919 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч “Д” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00237 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04919 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 150,000,000 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд олгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.31-ний өдрийн 210/MA2025/00237 дугаартай магадлалыг хариуцагч “Д” ХХК дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай
Хан-Уул дүүргийн иргэний шүүхийн 1999.11.11-ны өдрийн 979 дүгээр шийдвэрээр Х банкнаас Н-т 5,082,578,924 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. “Д” ХХК нь Х банкинд 150,000,000 төгрөгийн өртэй байсан бөгөөд үүнийг Н-т төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Үүний дагуу “Д” ХХК болон Н-ын хооронд 2000.04.12-ны өдрийн 2000/01 тоот Шүүхийн шийдвэрийн төлбөр төлүүлэх тухай гэрээ байгуулагдсан. “С” ХХК нь “Д” ХХК-д өр төлбөртэй байсан бөгөөд үүнийгээ “Д” ХХК-ийн өмнөөс Н-т шууд төлөхөөр талууд харилцан тохиролцсон, Н үүнийг зөвшөөрсөн бөгөөд дээрх гэрээний харилцаанд “С” ХХК үүрэг гүйцэтгэгчээр оролцож, Н-т төлбөр төлөх графикийг баталгаажуулсан байдаг. Энэ гурван талт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс тухайн үедээ “С” ХХК болон Н-ын хооронд Барьцааны гэрээ байгуулагдаж байсан.
Хан-Уул дүүргийн Иргэний шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх тухай 814 дугаартай гүйцэтгэх хуудас 1999.12.15-ны өдөр гарч Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэн улмаар 2008.12.10-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. Шийдвэр гүйцэтгэгч болон нийгмийн даатгалын байцаагч нар Х банк болон Н-ын хоорондох өр авлагын тооцоог нийлснээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах үндэслэл болсон нь нотлох баримтуудаас харагддаг. Гүйцэтгэх хуудас нь шүүхийн шийдвэрт тусгагдсан дүнгээр бичигдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ дууссан. Н шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай маргаагүй, гомдол гаргаагүй буюу 979 дүгээр шүүхийн шийдвэр биелэгдсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
4.2. Талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй тухай
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497.1-д заасныг баримтлан “Д” ХХК-г Н-т гэм хор учруулсан гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийг хэнд, хэр хэмжээний гэм хорыг хэрхэн учруулсан болох нь нотлогдоогүй, гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу “Д” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэм буруутай нь тогтоогдсон гэх үндэслэлд хамаарахгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
Х банк болон Н-ын хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр төлөх харилцаа үүссэн, харин “Д” ХХК болон Н-ын хооронд төлбөр барагдуулах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. “Д” ХХК нь Н-т нийгмийн даатгалын шимтгэлийн аливаа өр төлбөр анхнаасаа байхгүй, харин Х банкинд зээлийн өр төлбөртэй байсан болох нь баримтуудаас харагддаг.
Хэрэв давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр талуудын хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн харилцаа үүссэн гэж үзэх юм бол өмнө нь 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр Н-т төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдсэн тул Иргэний хуулийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Мөн анхан шатны шүүхээс Иргэний хууль /1994/-н 186.1-д заасныг үндэслэн Х банк нь “Д” ХХК-с зээлийн гэрээний үүргийн төлбөр шаардах эрхээ Н-т шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл Н болон “Д” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх шаардах эрх шилжсэн байна.
4.3. Хариуцагчийг зөв тодорхойлоогүй тухай
“Д” ХХК, “С” ХХК, Н-ын хооронд гурван талт гэрээ байгуулагдсан, 150,000,000 төгрөгийг “С” ХХК графикийн дагуу төлнө, төлөхгүй бол “С” ХХК-ийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж Н зөвшөөрч гэрээнүүдийг баталгаажуулсан мөртлөө 24 жилийн дараа “Д” ХХК-аас төлбөр нэхэмжилж байгаа нь, “С” ХХК-н захирал олдохгүй байна гэх шалтгаанаар манай компанийг хариуцагчаар татаж байгаа нь хуульд нийцээгүй. Н болон “Д” ХХК нарын хооронд байгуулагдсан 2000/1 тоот гэрээний 1.2-т “Төлбөрийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “С” ХХК графикийн дагуу хийнэ” гэж заасан бөгөөд төлбөр төлөх график дээр “С” ХХК, “Д” ХХК, Н гурван тал зурж баталгаажуулсан. Мөн “С” ХХК-аас 2001.02.15-ны өдөр Н-т хүргүүлсэн тайлбар бичигт “Д” ХХК нь манай компанид автомашин, бэлэн мөнгө, түүхий эд нийлүүлсэн, түүний төлбөр болох 150,000,000 төгрөгийг манай компани Н төлнө” гэсэн байдаг бөгөөд энэ баримтыг нэхэмжлэгч тал өөрөө нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байдаг.
Нотлох баримтуудаас харахад Иргэний хууль /1994/-ийн 187.1-д зааснаар Н-ын зөвшөөрснөөр “Д” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг “С” ХХК-д шилжсэн, мөн Иргэний хууль /1994/-н 171.1-д “хууль буюу гэрээнд заасан түүнчлэн гэрээний аль нэг талтай гуравдагч этгээд зохих гэрээ хийсэн үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасныг үндэслэн Н болон “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2000/1 тоот гэрээнд төлбөрийг “С” ХХК графикийн дагуу төлөхөөр гэрээний үүргийг биелүүлэх хэлбэрийг талууд тохиролцсон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
4.4. Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэх дээр хууль буруу хэрэглэсэн тухай
Иргэний хууль /1994/-н 71.3-т “иргэдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй”, мөн хуулийн 71.4-т “хуульд заасан бусад шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-д хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар зохицуулаагүй буюу Иргэний хууль /1994/-н 71.4-д Нийгмийн даатгалын хууль нь хамаарахгүй байхад давж заалдах шатны шүүх 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн заалтыг буюу тухайн үед хүчин төгөлдөр байгаагүй хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн буюу анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүү гаргаж байгааг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00411 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Н нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр Х банкнаас төлбөр, хохирлыг гаргуулан Улсын Н-т олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажлын хүрээнд “Д” ХХК-аас Х банкинд төлбөл зохих 150,000,000.00 төгрөгийн өрийг тус банкнаас манай байгууллагад төлөх төлбөрөөс хасахаар тохиролцон, Улсын Н болон “Д” ХХК-ийн хооронд 2000.04.12-ны өдөр “Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай” 2000/1 дүгээр гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд тооцон авснаар бүртгэл, тайланд тусгагдсан. Гэрээгээр төлбөр төлөгч “Д” ХХК дээрх 150,000,000.00 төгрөгийг “С” ХХК-аар төлбөр авагч Улсын Н-т төлүүлэхээр тохиролцон, хөрөнгө барьцаалж, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн гэрээний 3.1-д заасны дагуу Улсын Н болон “С” ХХК-ийн хооронд 2000.04.12-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны эд хөрөнгийг зарцуулах эрхгүй байхаар зохицуулсан. Тус газраас “Д” ХХК-д 150,000,000.00 төгрөгийн төлбөрийг төлөх талаар удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч уг компаниас 2023.08.30-ны өдрийн 23/24 дугаар албан бичгээр “.... төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэсний дагуу төлбөрийн баримт болон архивд хадгалагдаж буй санхүүгийн анхан шатны баримтуудад тулгуурлан шалгахад дээрх төлбөрийн гүйлгээ хийгдээгүй, нийгмийн даатгалын сангийн дансанд орсноор бүртгэгдээгүй байна. “С” ХХК ямар ч төлбөр төлөөгүй төдийгүй барьцаа болгосон хөрөнгө нь байхгүй. ... Энэ хөрөнгө нь даатгуулагч, тэтгэвэр авагчдад олгох тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийн эх үүсвэр тул уг төлбөрийг яаралтай барагдуулах шаардлагатай байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас жил бүр дээрх авлагыг барагдуулах талаар зөвлөмж, албан шаардлага өгч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1-д заасны дагуу хариуцагч “Д” ХХК-аас хохирол гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хан-Уул дүүргийн Иргэний шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр Х банкнаас НДЕГ-т 150,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба тухайн үед манай компани Х банкинд төлөх ёстой 150,000,000 төгрөгийг НДЕГ-т төлөхөөр 3 тал харилцан тохиролцож “Д” ХХК болон НДЕГ-ын хооронд 2000.04.12-ны өдөр 2000/01 тоот “Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай” гэрээ байгуулагдаж, Х банкны өр төлбөрийг “Д” ХХК-ийн өмнөөс “С” ХХК графикийн дагуу төлнө, “С” ХХК-д “Д” ХХК шаардлагатай тоног төхөөрөмж, бэлэн мөнгө, шатахуун зэргээр дараа төлнө гэж талууд тохирсныг УНДЕГ хүлээн зөвшөөрсөн. Ингээд гэрээнүүдэд заасны дагуу “Д” ХХК нь “С” ХХК-д 150,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн бөгөөд энэ талаар 2 компани 2002.03.01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан, ... тооцоо нийлсэн актад “Дээрх ДГ-СХ-01 тоот гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан гэж талууд дүгнэн, уг гэрээний 2.6 дахь заалтын дагуу УНДЕГ-тай тооцоог “С” ХХК хийнэ” гэж дурдсан. Мөн “С” ХХК-ийн захирал Б.Б УНДЕГ-т 2001.02.15-ны өдөр “Гуравласан гэрээний дагуу “Д” ХХК нь 150,000,000 төгрөгийн төлбөрийг манайд төлж дуусгасан” гэж тодорхойлолт хүргүүлж байсан. Иймээс “Д” ХХК нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. ... “Шүүхийн шийдвэртэй өр барагдуулах гэрээ”-ий Хавсралт №1-д зааснаар төлбөрийг 2000.04.20-оос 2001.06.25-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь “С” ХХК-аас Иргэний хуулийн 75.2.1-д заасны дагуу 3 жилийн дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байсан ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “ ...хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх боловч гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ нь хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хорын хохирол учруулсан гэх, хариуцагчийн гэм буруутайг тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
9.1. “...Зохигчдын маргаантай үйл баримт нь 2000 онд буюу 1994 оны Иргэний хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хамааралтай байх тул тухайн хуулийн зохицуулалтыг үндэслэн дүгнэх нь зүйтэй. Хариуцагч “Д” ХХК болон нэхэмжлэгч Улсын Н нарын хооронд байгуулсан 2000.04.12-ны өдрийн 2000/1 тоот Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээ нь талууд, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу хариуцагч “Д” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч Н-ын өмнө 150,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх бүхий гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ гэж үзэхээр байна. ... Х банк нь 150,000,000 төгрөгийн хэмжээгээр “Д” ХХК-аас гэрээний дагуу шаардах эрхээ төлбөр авагч Н-т, мөн Х банк нь Н-т төлөх өрийг 150,000,000 төгрөгийн хэмжээгээр “Д” ХХК-д шилжүүлсэн болох нь 1994 оны Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... заасантай нийцсэн. ...1994 оны Иргэний хуулийн 811 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... заасныг нэхэмжлэгч болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан 2000/2 тоот Барьцааны гэрээ хангаагүй, хүчин төгөлдөр бус. ...Хариуцагч “Д” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулсан 2000.04.12-ны өдрийн ДГ-СХ-01 тоот гэрээнд “...Улсын Н-ын ...шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг зөвхөн “С” ХХК-д бүрэн төлнө... “С” ХХК нь Улсын Н-ын...шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг хүлээн авснаар 150,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдсанд тооцно...” гэж зааж, “Д” ХХК нь “С” ХХК-д 150,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх 2002.03.01-ний өдөр 01 тоот “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэн боловч эдгээр нөхцөл байдал болон баримтуудаар зохигчдын хооронд байгуулсан 2000/1 тоот гэрээний үүргийг төлбөр төлөгч “Д” ХХК зохих ёсоор, бүрэн биелүүлсэн гэх үндэслэлийг нотлохгүй. ...1994 оны Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж заасны дагуу “С” ХХК-аас 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул хариуцагч “Д” ХХК нь 2001/1 гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй.
9.2. Нэхэмжлэгч байгууллага нь 2000/1 тоот гэрээний төлбөрийг 2003.07.16-нд шаардсанаас хойш 2020.11.06-ныг хүртэл хугацаанд шаардлага гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй 17 жил өнгөрсөн байна. Тодруулбал, хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хэтрүүлсэн байна. Х банк нь Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн зарим хэсэг болох 150,000,000 төгрөгийн хэмжээгээр “Д” ХХК-аас шаардах эрхээ төлбөр авагч Н-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор шилжүүлсэн үеэс буюу 2000.04.12-ноос тооцоход ч дээрх хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна. Түүнчлэн Н-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2008.12.10-ны өдрийн 47 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарснаас хойш 2008.12.10-ны өдрөөс шаардах эрхийн хугацааг тооцоход ч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дээр, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж уг хугацааг сэргээх үндэслэл, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тус тус баримтаар тогтоогдсонгүй.
9.3. Хариуцагч “Д” ХХК-ийн хууль зөрчсөн санаатай болон болгоомжгүй ямар үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 150,000,000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй, нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй гэх 150,000,000 төгрөгийн хохирол нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Д” ХХК болон Улсын Н-ын хооронд байгуулсан 2000.04.12-ны өдрийн Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай 2000/1 тоот гэрээний үүргийн дагуу 150,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутайг тогтоосон гэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дууссан байна.” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба магадлалд “...анхан шатны шүүх 2000.04.12-ны өдрийн 2000/1 дугаар Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээний дагуу талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, уг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон. Иргэний хууль /1994 он/-ийн 187 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг шилжсэн тохиолдолд түүнд хамаарах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нэгэн адил шилжинэ. ... Хариуцагчийн шилжүүлэн авсан үүрэг нь нийгмийн даатгалын татвар, шимтгэлээс бүрдсэн мөнгөн хөрөнгө байх тул уг үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-д нийгмийн даатгалын татварын хөөн хэлэлцэх хугацааны талаар тусгайлан зохицуулаагүй боловч Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тохиолдлыг заасан. Өөрөөр хэлбэл, хэдийгээр маргааны үйл баримт нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн зохицуулалтад хамаарч байх боловч Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023/-д нийгмийн даатгалын татвар болон шимтгэлийн мөнгөн хөрөнгийг шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байх зарчмыг тусгайлан заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана. Түүнчлэн, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг төлөх үүргийг бусдаас шилжүүлэн авсан тул түүнд шүүхийн шийдвэрийн дагуу үүрэг үүснэ. ...Иймд Иргэний хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 150,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын санд оруулахаар шаардах эрхтэй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлсноос хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ба энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд нийцсэн тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг 1994 оны Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэгчийг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн 2002 оны Иргэний хуулийг хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад болон иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд нийцжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр Х банкнаас 5,082,587,924 төгрөг гаргуулж Улсын Н-т олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрийг биелүүлэх явцад “Д” ХХК-аас Х банкинд төлбөл зохих 150,000,000 төгрөгийг Улсын Н-т төлж, ингэснээр Х банкны шүүхийн шийдвэрийн дагуу Улсын Н-т төлөх 5,082,587,924 төгрөгийн төлбөрөөс уг хэмжээгээр хасч тооцохоор тохиролцон хариуцагч “Д” ХХК болон Улсын Н нь 2000.04.12-нд “Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай” 2000/1 дугаартай гэрээг байгуулсан нь иргэний хуулиар тусгайлан зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч агуулгын хувьд гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ байна.
Түүнчлэн анхан шатны шүүх “Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай” гэрээний талууд нэхэмжлэгч, хариуцагч нар байх бөгөөд хэрэгт Х банк болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд шаардах эрх шилжүүлэх, өр шилжүүлэх тухай гэрээ авагдаагүй хэдий ч шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээсэн төлбөр төлөгч Х банк нь 150,000,000 төгрөгийн хэмжээгээр “Д” ХХК-аас гэрээний дагуу шаардах эрхээ төлбөр авагч Н-т, мөн Х банк нь Н-т төлөх өрийг 150,000,000 төгрөгийн хэмжээгээр “Д” ХХК-д шилжүүлсэн болох нь Иргэний хуулийн /1994 оны/ 186 дугаар зүйлийн 1, 187 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шаардах эрх шилжих, үүрэг шилжих нөхцөлийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Улмаар Иргэний хуулийн /1994 оны/ 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болдог ба дээрх гэрээний дагуу хариуцагч “Д” ХХК-ийн хүлээх үүргийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу “С” ХХК төлөхөөр талууд тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч Н нь “С” ХХК-тай барьцааны гэрээ байгуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр бус, шаардах эрхийг үүсгэхгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
13. Хоёр шатны шүүх хариуцагчийг “Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай” гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй боловч маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн.
14. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрх 2001.06.25-ны өдөр үүссэнээс хойш 2003.07.16-нд шаардаж, 2020.11.06-ныг хүртэл хугацаанд шаардлага гаргаагүй гэсэн үндэслэлээр 2002 оны Иргэний хуулийг хэрэглэсэн нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийцсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн /2002 оны/ 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасныг зөрчөөгүйн гадна хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах бүхий л үйл баримтыг дүгнэж, хамаарах хуулийг зөв хэрэглэсэн.
15. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг нийгмийн даатгалын татвар, шимтгэлээс бүрдсэн мөнгөн хөрөнгө гаргуулах агуулгатай гэж тодорхойлж, 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй, хуулийг буруу хэрэглэсэн.
Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нийгмийн даатгалын татвар, шимтгэлээс бүрдсэн мөнгөн хөрөнгө гаргуулах гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл Х банк нь зээлийн гэрээний дагуу хариуцагч “Д” ХХК-аас шаардах эрхээ нэхэмжлэгч Н-т шилжүүлж, энэ агуулгаар зохигчийн хооронд гэрээ байгуулагдсаныг хариуцагч нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй.
Хан-уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979-р шийдвэрээр Х банкнаас Улсын Н-т төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийн зарим хэсэг буюу 150,000,000 төгрөгийн хувьд “Д” ХХК нь Х банкинд өгөх төлбөрөө Улсын Н-т шилжүүлэн төлөхөөр талууд тохиролцож 2000.04.12-нд “Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай” гэрээг байгуулсан буюу хариуцагч нь уг гэрээний дагуу нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Энэхүү Х банк болон Улсын Н-ын хооронд үүссэн харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр гэж үзэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн үүрэг шилжсэн тохиолдолд түүнд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа адил үйлчлэх агуулга бүхий дүгнэлт нь Иргэний хуулийн /1994 оны/ 187 дугаар зүйлийн 1-д нийцээгүй.
Мөн давж заалдах шатны шүүх 2000.04.12-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо 2023.07.07-ны өдөр батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зарчмыг зөрчсөн.
16. Иймээс нэхэмжлэгч Н нь 2000.04.12-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийг хариуцагчаас анх 2003.07.16-ны өдөр шаардсанаас хойш 2020.11.06-ны өдөр, 2023.06.23-ны өдөр тус тус шаардаж байсан тухай үйл баримт тогтоогдсоноос үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Тодруулбал нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг 2003.07.16-ны өдрөөс 2020.11.06-ны өдөр хүртэл тоолоход 17 жил өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул 2020.11.06-ны өдөр, 2023.06.23-ны өдөр тус тус шаардаж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл, үндэслэлд хамаарахгүй ба хугацааг шинээр тоолох үндэслэлгүй болно.
17. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, хариуцагчийг гэм хор учруулсны хохирол гэж шаардсан боловч “хариуцагч “Д” ХХК-ийн хууль зөрчсөн санаатай буюу болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 150,000,000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй, нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй гэх 150,000,000 төгрөгийн хохирол нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нийцсэн.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийг баримталсан нь оновчгүй тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн /1994 оны/ 169 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэнэ.
18. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00237 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/04919 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул ... ” гэснийг “Иргэний хуулийн /1994 оны/ 169 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Д” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.20-ны өдөр урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД