| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2020/00513/И |
| Дугаар | 143/ШШ2021/00294 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 143/ШШ2021/00294
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Э
Хариуцагч: Н.Э
Хариуцагч: Б.М
8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 143/ЗТ2021/00110 дугаартай тогтоолоор шилжүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, хариуцагч Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, гэрч А.*******, О.*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******, Б.******* нар болох ээж хүү хоёр нь 2019 оны 09 дүгээр сард М.******* намайг 8 ботготой ингэ худалдаж аваач, мөнгөний хэрэг болоод хүү Б.*******дээ машин авч өгөх гэсэн юм гэж гуйгаад байсан. Н.*******, Б.******* нарын саналыг хэд хоног бодож байгаад 8 ботготой ингийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингэхдээ нэг ботготой ингийг 1 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Тэгээд Н.*******, Б.******* нарт саадаг, номхон ингэ өгөөрэй бид 8 000 000 төгрөгөө урьдчилаад өгье гэж хэлээд амаар тохиролцсон. Миний бие 6 000 000 төгрөгийг Б.*******гийн Хаан банкны дансанд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 500 000 төгрөгийг Н.*******гийн Хаан банкны дансанд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас, 1 300 000 төгрөгийг өөрийн найз М.Алтанхуягийн данснаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус шилжүүлсэн, 200 000 төгрөгийг бэлнээр Б.*******д өгсөн болно. Гэтэл Н.*******, Б.******* нар саадаг ингэ биш догшин саадаггүй 8 ботготой ингэ өгсөн тул би өгсөн малыг нь маллаж чадахгүй наймаа буцаая гэж хэлээд 7 ботготой ингийг нь буцааж өгсөн. Нэг ботго нь үхсэн тул 200 000 төгрөгөөр тохиролцож үнийг нь төлөхөөр тохиролцсон. Үхсэн ботгоны ингийг сувай ингээр сольж хүнсэнд хэрэглэсэн. Н.*******, Б.******* нараас удаа дараа нэхэж байсан боловч намайг ээж Н.******* нь хэл амаар доромжилж байсан. Хүү Б.******* нь утсаа авдаггүй. Н.*******, Б.******* нар нь наймаа буцсанаас хойш мөнгийг чинь өгнө, одоо саадаг ботготой ингэ өгнө гэж удаа дараа худлаа хэлж намайг хохироож байна. Одоо 7 ботготой ингэний 7 000 000 төгрөг нэхэмжилнэ. Миний бие өөрт байсан 8 000 000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хийхээр төлөвлөж байсан бөгөөд Н.*******, Б.******* нарын гуйлтаар ботготой ингэ худалдаж авахаар болсон. Энэ хүмүүс тохиролцсоноороо саадаг номхон ингэ өгөөгүйгээс 8 000 000 төгрөгөө хадгаламждаа хийж чадалгүй хохирсон. Хэрэв хадгаламжийн дансандаа хийсэн бол 1 040 000 төгрөгийн хүү авах байсан. Ингээд 7 000 000 төгрөг дээр нэмж 1 000 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ. Иймд Н.*******, Б.******* нараас 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Н.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.******* 2019 оны хавар манай ээж Н.*******гаас ботготой ингэ, тэмээ зарах боломж байгаа эсэхийг сурагласан байдаг. Бидэнд мөнгөний хэрэгцээ, шаардлага гарч 2019 онд 6 ингэ ботголж, 6 ботго бойжуулсан. Түүнээсээ 4 ботготой ингийг худалдах боломжтой байгаагаа М.*******д 2019 оны 09 дүгээр сард хэлж 4 ботготой ингэ, 2 нас гүйцсэн ат, ингэ том, жижиг нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр худалдах, худалдах ам хэлцэл хийсний дагуу тэднийх өвөлжөөндөө буух үедээ манайд ирж 4 ботготой ингийг авсан. Манай ээж Н.*******, манай тэмээ, бог малыг маллаж байсан ******* нар ботготой ингийг барьж бурантаглаж, ногтолж хүлээлгэж өгсөн. М.******* 8 000 000 төгрөгийг бүрэн төлж 4 ботготой ингийг хүлээн авч, зүслэгдсэн нас гүйцсэн 2 тэмээг 2020 оны хавар санал гаргаж үлдээсэн. Удалгүй 2019 оны 12 дугаар сард өвлийн хүнсэндээ зүсэлсэн нас гүйцсэн нэг ингэн тэмээгээ авсан. Зүсэлсэн нэг тэмээ нь манай тэмээнд явж байгаа хээрээс барьж аваад явсан ч болно, тэдний тэмээ шүү дээ. Мөн тэмээ нэг бүрийг үнэлээгүй нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр үнэлсэн.
Худалдсан 4 ботготой ингэний 2 нь саамгай, 2-ыг нь хавар шинээр сааж сургасан, ботготой ингэний 1 нь Хурдан шар гэдэг ботголоогүй жилд хөдөө бэлчээр, хаанаас ч барьж унаж эдэлдэг ингэ зэрэг саадаг, номхон тэмээнүүдийг өгсөн. Бид нас ахисан, чадал тэнхээ муудсан хүмүүс болохоор тэмээнийхээ ая эвээр унаж эдэлж, сааж сургаж малладаг учир аядуу зөөлөн хандаарай гэж хэлж байсан. Энэ хүмүүс ойлгосон эсэхийг мэдэхгүй. Тэмээг сааж сургахдаа туших, богочих, хойт хөл борвийг нь боож, сойж, тэлүүрдэх аргуудыг тэмээний онцлог шинжээр нь хэрэглэдэг болохоор Майга гэдэг энэ ингийг тэлүүрдэж саадаг гэж хэлж байсан. Мөн тэмээ их зүс буруулгадаг амьтан. Энэ хүмүүс тэмээнүүдийнхээ эв зүйг ололгүй ширүүн, дориун хандаж, ботгоны хүзүүг гэмтээж үхүүлэх хүртэл анхаарал боломж алдсан байх гэж бодож байна.
Бид нар ам хэлцлийнхээ дагуу саадаг, номхон тэмээнүүдийг бүрэн хүлээлгэж өгч, арилжаа наймаа дуусгавар болсон, тэмээнүүдийг бид буцааж хүлээж аваагүй, хаана явж байгааг бид мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Хэрэв наймаа буцаж мөнгийг буцааж өгөхөд хүрвэл бид тэмээнийхээ үр төл, ашиг шим, үнийн зөрүү 3 602 000 төгрөгийг анх хэлцэл хийж тохирсон үнийн дүнгээс хасаж тооцох болно.
Нийт 10 толгой тэмээг 8 000 000 төгрөгөөр багцлан үнэлж өгч авахаар харилцан тохиролцсон. Хэрвээ энэ үнэлгээг задалж тооцвол ботготой ингэ тус бүрийг 1 400 000 төгрөгөөр, нас гүйцсэн тэмээг 1 200 000 төгрөгөөр үнэлэгдэнэ.
1 400 000 төг *4 тэмээ=5 600 000 төг,
1 200 000төг*2 тэмээ= 2 400 000 төг,
Тэмээ: Ботготой ингэ 1*1 400 000 төг,
Ноос: 10 тэмээ*5кг= 50кг, 50кг*5 000төг=250 000 төг,
Сүү: 6сар*30 хоног= 180 хоног, 180 хоног*0,4л =72л, 72л*4 ингэ=288л, 288л*4000төг=1 152 000 төг,
Төл: 2 ботго*400 000 төг= 800 000 төг,
Дүн: 1 400 000төг+250 000 төг+1 152 000төг+800 000 төг=3 602 000 төг
8 000 000 төг-3 602 000 төг=4 398 000 төг
Иймд бид үнийн дүнгийн үлдэгдэл 4 398 000 төгрөгийг төлөх боломжтой юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.******* бол шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ******* манай бага малыг малладаггүй юм гэж шүүгчийн асуултад хариулсан бөгөөд сүүлд ******* нь тэр тэмээнүүдийг уяж байсан гэж зөрүүтэй мэдүүлж байна. Эдний тэмээнүүдийг ******* малладаг, ******* хүлээж авсан нь өмнөх шүүх хуралдааны мэдүүлгээр нотлогддог. Үүн дээр ******* нь дандаа хүрэн зүсмийн тэмээнүүд байсан, энэ тэмээнүүд хаана байгаа юм бэ? гэхэд нийлчихсэн явж байгаа байх би мэдэхгүй байна гэж хариулсан байдаг. Тэгэхлээр энэ тэмээг ******* нь хүлээж авсан нь нотлогдож байна. *******ыг өөрөөр хэлбэл төлөөлж явуулсан малчин байгаа юм. Мөн шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгт бол тэмээ сүргийн зургаас харуулахад нэг тэмээ мөн байна гэж таньсан байдаг. Үүнээс ******* нь сүрэгт нь аваачиж нийлүүлсэн гэдэг нь харагдаж байна. Тэмээ бол хариулгагүй амьтан. Тиймээс өөрийнхөө бага малтай зүйрлэж болохгүй. *******т өгч явуулсан гэдгийг гэрч О.******* нь мэдүүлж байгаа бөгөөд хүлээлгэж өгөөгүй гэдэг хариуцагчийн байдал нь няцаагдаж байна гэж үзэж байна. Анхнаасаа худалдах, худалдан авах гэрээгээр 16 тооны тэмээг өгөлцөж авахаар талууд харилцан тохиролцсон. 1 сая төгрөгөөр 1 ботготой ингийг үнэлж тохирсон. Сая гэрч О.******* орж ирээд яг үлдсэн тэдэн ширхэг тэмээ гэж хэлээгүй, зүсэлсэн байсан тэмээнүүд дотроос бол гурвыг нь авсан гэж ярьлаа. Нэг тэмээний хувьд бол идшинд аваад, хөхүүлж байсан тэмээг сольж авсан гэдгийг гэрч хэллээ. Мөн хариуцагч талаас бол өөрийнхөө тайлбарыг буцааж няцаагаад, зарим хэсэгт өөрөө тайлбар хийгээд, шүүгч нэг байдлаар асуухаар өөр байдлаар хариулаад, шүүгчийн асуусан асуултад дагаж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Эдгээр тэмээнүүд нь доголдолтой, саалгаагүй тэмээ байсан гэдэг нь мөн нотлогдож байна. Төрөөд 2 буюу 3 сар уядаг, бусад үед бэлчээрт явдаг гэсэн байдлаар бол Б.******* нь өөрөө няцааж байна. Маллаж дийлсэнгүй гэж буцааж өгсөн гэдэг нь сааж чадахгүй байгаагаа хэлээд байгаа юм. Эднийх бол тэмээ малладаг, тэмээчин айл гэдгээ гэрч мөн хэлсэн. Сая Б.******* яагаад надтай яриагүй юм бэ? гэдэг. Б.******* бол хөдөө байдаг гэж хэлж байгаа боловч дандаа аймгийн төв дээр байдаг, мөн утас нь ч огт холбогддоггүй хүн байгаа. Гэрээг бол татгалзахад Н.******* нь татгалзлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр итгэмжлэл явуулсан *******т энэ тэмээнүүдийг хүлээлгэн өгсөн байдаг. Эд хөрөнгийн доголдлыг нотлоогүй бөгөөд тэмээг хүлээлгэн өгөөгүй гэдэг тайлбар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна. Иймд М.*******ын нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч О.******* нь үндсэндээ бол наймаа хийсэн гол хүн бөгөөд өөрөө болохоор өгөөгүй гэсэн байна. Намайг аймаг дээр байдаг, Номгон дээр байдаггүй гэж байна. Би малаа сүүлийн 3 жил түрээслэснээс бусад үед өөрөө маллаж байсан. Харин тэмээ наймаалцах үед тэр үед манай ээж Н.******* малаа маллаж байсан бөгөөд зөвхөн малаа нэг жил түрээслээд 2 дахь жилдээ орох үед энэ айлтай наймаа хийлцсэн. Тэмээ саадаггүй 3 сар уясан гэдэг дээр тайлбар өгөхөд ******* гэх хүнийг гуйж байгаа болохоор эхний 3 сар түр уяулсан болохоос түр уядаг зүйл биш. Өөрсдөө хөдөөгөө байхад тэмээг саадаг учраас үүн дээр ташаа ойлголттой байна. Хүү Б.******* нь утсаа огт авдаггүй гэж ярьж байгаа. Одоо болохоор утас нь холбогддоггүй гэж хоёр өөр мэдүүлэг нэхэмжлэгч талаас гаргаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах талаар Б.*******,Н.******* нарт мэдэгдсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ мэдэгдсэн талаар хэрхэн яаж мэдэгдсэн талаараа нотолж чадахгүй байна. Хэрэв мэдэгдсэн бол баримтыг гаргаж өгөх боломжтой байсан боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймээс гэрээ цуцлах талаар Б.*******, Н.******* нарт мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1. дэх хэсэгт заасан гэрээ цуцлах талаар нөгөө талд заавал мэдэгдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн *******т авч явсан тэмээнүүдийг хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг ч *******ын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр бол би энэ тэмээнүүдийг бол хүлээж аваагүй гэж мэдүүлсэн. Иймээс хүлээлгэн өгсөн гэдэг мэдүүлэг няцаагдаж байна. Гэрч О.******* үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд тэмээний тоо толгойн дээр бол эхлээд 8 тооны тэмээг хүлээж авсан, дараа нь 4 тооны тэмээг хүлээж авах ёстой байсан талаар мэдүүлсэн байгаа учраас тэмээний тоо толгойны талаар бол гэрч О.******* баттай нотолж байна гэж үзэж байна. Тэмээн доголдолтой байсан талаар гэрч О.******* нь нэг тэмээ нь бол номхон ингэ байсан, нэг ингэ нь хэлүүрдэж саадаг гэдгийг бид нарт хэлж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт бол худалдсан эд хөрөнгийн нэг хэсэг доголдолтой байсан бол түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үндэслэл болохгүй гэж заасан. Хэрвээ энэ тэмээнүүд зарим хэсэг доголдолтой байсан бол тухайн үед доголдлыг мэдсэн даруйд Б.*******, Н.******* нарт мэдэгдээд, доголдолгүй энгийн тэмээгээр сольж авах боломжтой байсан. Гэтэл доголдолтой тэмээ саах боломжгүй, тэмээг хангал догшин байна гэдэг талаар бол хэлж мэдэгдээгүй буюу доголдлыг арилгуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдийг хүртэл явсан байдаг. Мөн 12 дугаар сард бол нэг тэмээг хүнсэнд авсан ба тэмээг сольж авахад тэмээнүүдийг хүлээлгэн өгөөгүй байсан. Хүлээлгэж өгөөгүй гэдэг нь хариуцагчийн тайлбараас тодорхой харагддаг. 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд доголдлыг арилгуулах санаачилга гаргах бүрэн боломж байхад огт гаргаагүй байж одоо гэрээг цуцлах талаар асуудал нь гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан эдлэх эрхийг нь үгүйсгэх нөхцөл байдал хуульчилж өгсөн байдаг. Эднийх тэмээ маллаж байсан гэх боловч маллаж байгаагүй нь нотлогддог. Мөн тэмээг хэрхэн арчлан сааж, эдлэх талаар мэдлэггүй, мэдлэг нь дутмаг юм байна гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс энэ тэмээг хүлээж аваад удаагүй байхад 1 ботгоо үхүүлчихэж байгаагаар нь харагдаж байна. Тиймээс ашиглалтын буруугаас болж тэмээг үхүүлсэн байгаа нь тэмээг доголдолтой гэж үзэхгүй, шаардах эрхээ алдаж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн 8 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, М.Алтанхуягийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б.*******д олгосон итгэмжлэл, Н.*******, Б.*******гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, М.*******ын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Н.Нармандахад олгосон итгэмжлэл, М.*******ын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны 5608/648 дугаартай тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Н.Нармандахын хүсэлт, гэрч Т.*******ын мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр, тэмдэглэл, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2021/00010 дугаартай магадлал, тэмдэглэл, Н.Нармандахын гаргасан хүсэлтийн хуулбар, Б.*******, И.Оюунгэрэл нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Засаг даргын 65 дугаартай тодорхойлолт, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020 оны тооллого зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь Н.*******, Б.******* нарт холбогдуулж 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 7 ботготой ингэний 7 000 000 төгрөг нэхэмжилнэ... гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... Бид нар ам хэлцлийнхээ дагуу саадаг, номхон тэмээнүүдийг бүрэн хүлээлгэж өгч, арилжаа наймаа дуусгавар болсон, тэмээнүүдийг бид буцааж хүлээж аваагүй, хаана явж байгааг бид мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй... гэсэн тайлбар гарган маргаж байна.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Н.*******гийн нэхэмжлэгч М.*******д тавьсан саналын дагуу саналыг хүлээн авч, 2019 оны 09 сард нэхэмжлэгч М.*******, хариуцагч Н.*******, Б.******* нар нь нийт 12 тооны тэмээг хариуцагч нар нь нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож үүнээс 4 ботготой ингэ буюу 8 тооны тэмээг 2019 оны 9 сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний хооронд, 2019 оны өвөл 1 тооны тэмээг идэшний зориулалтаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, М.******* нь хариуцагч нарт тэмээний үнэ нийт 8.000.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Зохигчид 1 тооны ботго үхсэн, 1 тооны идэшний тэмээг нэхэмжлэгч нь хэрэглэсэн талаар маргаагүй, харин 7 тооны тэмээг буцаан хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
М.******* нь буцаан өгсөн 7 тооны тэмээний үнэ болон хохирол 1.000.000 төгрөгийг буцаан шаарджээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.
Маргаан бүхий үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч М.******* нь худалдах худалдан авах гэрээг цуцлах тухай шаардлага буюу өөрөөр хэлбэл худалдан авсан тэмээг догшин тэмээ гэж үзэж буцаан өгөхөөр санал гаргасныг худалдагч тал хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гаргасан ... 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд М.******* нь ярьж наймаа буцаая гэж хэлээд би тэмээг авч ирээд өгчих гэж хэлсэн... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн талууд нийт 12 тооны тэмээ байхаар тохиролцсон болох нь гэрч О.*******ын шүүх хуралдааны үед гаргасан ... 4 ботготой ингэ нэмж авах ёстой байсан. Дараа жил нь хавар өгье ботголохоор нь өгье гэсэн юм... гэсэн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй заажээ.
Нэхэмжлэгч М.******* нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд шаардлага гаргах эрхтэй байх тул худалдан авсан 7 тооны тэмээний үнийг буцаан шаардах эрхтэй байна.
Шүүх 1 тэмээний үнийг тооцохдоо: Талууд анхны тохиролцсон тэмээний тоо 12 гэж тооцож, гэрээний үнэ 8.000.000 төгрөгийг 12 тооны тэмээнд хувааж, нэг тэмээний үнэ 666.666 төгрөг байна. Иймд 7 тооны тэмээний үнэ 4.666.662 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...тэмээнүүдийг бид буцааж хүлээж аваагүй... гэж тайлбарладаг боловч хариуцагч нар нь тэмээгээ өөрсдөө гардан малладаггүй, тэдний мал байрладаг газарт малыг нь гэрч Т.******* хариуцан малладаг болох нь хариуцагч Б.*******гийн тайлбар болон гэрч Т.*******ын мэдүүлэг /хх-28/ зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч Т.*******т хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч тал хариуцагч Н.*******, Б.******* нараас тус тус хэдэн төгрөг шаардаж байгаа талаараа тайлбар гаргаагүй ба шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар хариуцагч нарт үүргийг ижил хэмжээгээр хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
1.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие өөрт байсан 8 000 000 төгрөгийг хадгаламжийн дансандаа хийхээр төлөвлөж байсан бөгөөд Н.*******, Б.******* нарын гуйлтаар ботготой ингэ худалдаж авахаар болсон. Энэ хүмүүс тохиролцсоноороо саадаг номхон ингэ өгөөгүйгээс 8 000 000 төгрөгөө хадгаламждаа хийж чадалгүй хохирсон. Хэрэв хадгаламжийн дансандаа хийсэн бол 1 040 000 төгрөгийн хүү авах байсан... гэжээ.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас үүссэн хохирлыг шаардах эрхтэй боловч дээрх байдлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх хэргийн оролцогчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй дээрх байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Т.*******аас, шүүх хуралдааны үед А.*******, О.******* нараас тус тус гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******, Н.******* нараас 4.666.662 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
2. Нэхэмжлэгчийн 3.333.338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 89.616 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР