Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар  2024/ШЦТ/190

 

 

 

 

   2024            07             31                                               2024/ШЦТ/190   

              

 

                      

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Б.*******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар аймаг Баруун-Урт суман дахь ******* нярав ажилтай, ам бүл 6, эцэг эх 3 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 24а байрны 4-22 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт Бүрэнбаатарын ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний шөнийн 02 цаг 20 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” баарны гадна З.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсэг, зүүн шанаанд

 

 

 

няцрал, 2 тохой, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “...02 цаг өнгөрч байхад баарнаас гарахад гадаа хэсэг хүмүүс маргалдаж байсан. Тэр дунд миний таньдаг дүү ******* байхаар нь хүмүүсээс салгаад цаашаа авч явж байхад 3.******* гэх сахалтай, өндөр залуу “дүүгийн эцэг, эхийнх нь нэрийг дуудаад шээс минь” гэх зэргээр хэл амаар доромжлохоор нь би уур хөдлөөд 3.******* гэх залууг "чи өөрөө тийм аятайхан хүн юм уу, сахалтай залуу минь сайхан амраарай" гэж хэлсэн чинь 3.******* гэнэт уурлаад гадуур хувцсаа тайлаад, ханцуйгаа шуугаад "өнөөдөр би чамайг алнаа" гээд над руу дайраад ирэхээр нь би өөдөөс нь нүүр рүү нэг удаа гараа атгаад цохисон чинь 3. ******* гэх залуу газар унасан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/ гэх,

- хохирогч З.Түвшинтулгын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэхээр эхнэр болох Соёл-Эрдэнэ болон ажлынхаа хүмүүсийн хамт Биллион нэртэй бааранд орсон.  Шөнө 02 цаг 20 минутын баарнаас гарахад *******гийн ах нь гэх хүн “хөөе чи манай дүүг яагаад байгаа юм бэ хоёулаа үзье” гээд намайг дуудсан. Би тухайн эрэгтэй хүн рүү очиход миний нүүр хэсэг рүү гараараа цохиход би цохиулсандаа болоод газар унасан. Босоод ирэхэд тухайн эрэгтэй байхгүй байсан. Би эхнэрээсээ “нөгөө хүн хаана байна” гэж асуухад баарны хойд зам руу гүйчихсэн гэж хэлсэн. Би араас нь гүйгээд гүйцээгүй. 2024 оны 05 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ Баруун-Урт сумын төв ны салбар руу захиалгын дагуу ус хүргэж өгөхөд ус хүлээлгэн өгсөн баримт дээр гарын үсэг зуруулсан ны ажилтныг харахад Биллион нэртэй баарны гадна миний биед халдаж зодсон хүн мөн байсан. Би ны ажилтнаас хэн гэдэг талаар нь нэрийг нь асуухад ******* гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 16-18-р хуудас/

- гэрч Г.******* “...Хар яактай эрэгтэй манай нөхрийн нүүр хэсэгт нь гараараа цохиод манай нөхрийг газар унагачихсан. Манай нөхөр босож ирээд тухайн эрэгтэй хүн рүү очиход дахиж цохиод газар унагачихсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаартай “1. З.Түвшинтулгын биед толгойн үстэй хэсэг, зүүн шанаанд няцрал, 2 тохой, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 32-33-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Прокуророос шүүгдэгч Б.*******гийн, хохирогч З.Түвшинтулгын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч З.Түвшинтулгын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 181 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч З.Түвшинтулгын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

6. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хохирогч З.*******тай “дүү *******г дээрэлхлээ” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсэг, зүүн шанаанд няцрал, 2 тохой, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******гийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч З.Түвшинтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Б.*******гийн түүний нүүр рүү гараараа цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

8. Шүүх шүүгдэгч Б.*******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр хүнийг цохисноос хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тухайн үед үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч З.Түвшинтулгын нүүр рүү гараараа зориуд цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Түвшинтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

 

Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл, нотлох баримтыг гаргаагүй бөгөөд хохирогч З.******* нь “ Миний биед Б.*******д  гаргах гомдол санал байхгүй, миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй тул Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтийг Прокурорт гаргасан байх тул шүүгдэгч Б.*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            2. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

  Иймд хохирогч З.******* тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.

 

Прокуророос Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч З.*******д хөнгөн хохирол  учирсан хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Б.*******гаас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн   160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад:

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дүнгийн  овогт Энхбаярын Амартүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.*******г 500 ( таван зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.******* гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН