Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/944

 

 

 

 

 

 

 

 

 

   2024            08            26                                        2024/ШЦТ/944

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

улсын яллагч Э.Мандуул /томилолтоор/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***эд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 14-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ын *** (регистрийн дугаар:***).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод хамтран амьдрагч ***ыг бусадтай хардаж, түүний уруул хэсэгт гараараа цохисон,

2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороонд байрлах “***” ХХК-н ажлын байранд согтуурсан үедээ ***ын гараас татаж чирэх, үснээс зулгаах, толгойн ар хэсэг, нүд, хамар, хацар, уруул, нүүрэн хэсэгт 7-8 удаа цохиж зодсоны улмаас түүний баруун нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн дал, бугалга, шилбэ, баруун бугалга, дагзны хуйхны цус хуралт бүхий олон тооны гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

4. Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ***ыг бусадтай хардаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

4.1. Хохирогч ***ын “...Би өглөө ажил дээрээ 10 цаг 00 минутад очсон. Манай нөхөр ажил дээр ирсэн үеэс хойш хэрүүлийн чанартай мессэж бичиж байгаад 15 цагийн үед ажил дээр ирсэн. Намайг шууд гараас татаад “гаръя гэхээр нь болиоч гээд нүүр рүү нь хартал нүд нь улаанаараа эргэчихсэн согтуу байсан. Миний үснээс зулгаагаад доош дарж, толгойн ар хэсэг, нүүр рүү гараараа 7-8 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 хуудас),

4.2. Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8970 дугаартай шинжээчийн “...***ын биед баруун нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн дал, бугалга, шилбэ, баруун бугалга, дагзны хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад дээд уруул, зүүн дал, бугалга, шилбэ, баруун бугалга, дагзны хуйхны цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 хуудас),

4.3. Гэрч ***гийн “...*** нь 14 цаг өнгөрч байхад над руу “Манай нөхөр гадаа ирсэн байна” гээд гарсан. Удалгүй түүний араас нөхөр *** нь согтуу орж ирсэн. ***ыг барьж аваад баруун гараараа үснээс нь зулгаагаад нүүр рүү нь 10 гаран удаа цохисон байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 хуудас),

4.4. Шүүгдэгч ***ийн “...би хамтран амьдрагч ***ыг хүнтэй явалдаад байхаар нь цохиж, зодсон нь үнэн...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 38-60 тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэрээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг нэг бус удаа сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан, шүүгдэгч ***, хохирогч *** нарт гэр бүлийн баталгаа байхгүй ч хамтран амьдрагч болох нь тэдгээрийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар шүүгдэгч ***ийн хамтран амьдрагчаа зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдсан.

6. Шүүгдэгч ***ийн гэмт хэргийн хэргийн шинжтэй гэх зарим үйлдэл, мөн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний зарим шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн:

6.1. Шүүгдэгч ***ийг “2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч ***ыг бусадтай хардан уруул хэсэгт нь гараараа цохиж гэмтэл учруулсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Тухайлбал, хохирогч ***аас дээрх цаг хугацаанд хэнд, ямар байдлаар зодуулж, биеийн аль хэсэгтээ гэмтэл авсан талаар мэдүүлэг аваагүй, гэрч ***гийн “...7 дугаар сарын 01-ний өдөр байх ***ын уруул нь хавдсан дотор завж хэсэг нь язарсан байсан, юу болсон талаар асуухад *** зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 хуудас), шүүгдэгч ***ийн “...7 дугаар сарын 01-ний өдөр ***ыг зодоогүй, манай гэрт миний эцэг, эх, мөн нисэхээс надтай хамт ирсэн *** байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шинжээчийн дүгнэлтээр “...Бусад дээд уруул, зүүн дал, бугалга, шилбэ, баруун бугалга, дагзны хуйхны цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарыг асуугаагүй, хохирогчоос уг асуудлаар тодруулж мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлтээр дотор завж хэсэгт гэмтэл тогтоогдоогүй, уруул хэсэгт учирсан шарх гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх нөхцөл байдлыг нөхөн тодруулах нь хэрэгт ач холбогдлоо алдсан.

6.2. Гэрч ***гийн “дотор завж хэсэг язарсан байсан, ... *** зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, уг мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14, 15 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээ бүхий гэж шүүх үзсэн тул яллах талын нотлох баримтад тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй.

6.3. Прокуророос шүүгдэгч ***ийн хохирогчийн бие махбодид учруулсан олон тооны гэмтэл, шархыг үндэслэн “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Тухайлбал, шинжээчийн дүгнэлтээр “баруун нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал”  бүхий тоогоор илэрхийлбэл 3 төрлийн гэмтэл нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоогдсон. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, уг гэмтлүүдийг хохирогчийг бусадтай хардсан, хохирогчийн буруутай байдлын улмаас гараар учруулсан, цаг хугацааны хувьд түрхэн зуур болоод өнгөрсөн зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлийг “онц харгис хэрцгийгээр” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

6.4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн хангалттай шалган тогтоож ирүүлээгүй ч шүүхээс уг асуудлыг нөхөн гүйцэтгүүлэх нь цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой.

 

7. Хохирол хор уршгийн талаар:

7.1. Хохирогч ***ын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 хуудас)-ээр ***ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

7.2. Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын зардлаа Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан болох нь хавтаст хэргийн 112 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Прокуророос дээрх хуулийн заалтын дагуу иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3, 5, 9 дэх хэсгүүдэд заасан ажиллагаа огт хийгдээгүй байхад шүүхээс уг асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй тул баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

8.2. Шүүгдэгч ***ээс: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокуророос санал ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

            8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            8.4. Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бусдад учруулсан хор уршиг их биш, ажил эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ***ийн “2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ***ын уруул хэсэгт гараар цохисон” үйлдлийг, “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.***ийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***эд үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***эд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэлийн асуудлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ