Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/хт2025/00086

 

Х.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04840 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00365 дугаар магадлалтай,

Х.О-ы нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Н-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04840 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.О-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.О-ы нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Х.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 434,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00365 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Н-аас 37,198,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О-д олгож, уг дүнгээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагч Н-т даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 17,855,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж, “...улсын төсвийн орлогод хэвээр үлдээж...” гэснийг хасаж, “...олгосугай” гэснийг олгож, хариуцагч Н-аас 414,141.75 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Х.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.02.17-ны өдрийн 210/МА2025/00365 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 хэсэгт заасан эрхийнхээ дагуу тус хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай. Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосны дараа нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжилж байгаад талууд маргадаггүй байхад Давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх заалтад “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар хариуцагчаас 37,198,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, уг дүнгээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсанд гомдолтой байна.

Нийслэлийн Н нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн, нэхэмжлэгч Х.О-ыг 2023.12.22-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар Х.О нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр болж, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2023.12.28-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д “хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан” гэж зааснаар дангаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай асуудлыг 2023.12.22-ны өдөр ажилдаа эргэн орсон өдрөөс хойш даруй 6 сарын дараа гаргасан нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заасан хуульд заасан хугацааг баримтлаагүй байна гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны олговор гэж 2 хэсэгт хувааж, хөөн хэлэлцэх хугацааг хоёр өөр хугацаанаас тоолох хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн бүх хугацааны цалингийн зөрүү олговрыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа ажилд эгүүлэн тогтоох хүртэл үргэлжилж, тогтоосон өдрөөс уг үргэлжлэх хугацаа зогсож, хуульд заасан 3 сарын хугацаа тоологдож эхэлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

4.2. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн дугаар 01 дүгээр “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 3.7-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхэд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх атал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг тухайн үндэслэлээр хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх, мөн уг шаардлагыг иргэний хэрэг үүсгэхийн өмнө шийдвэрлэх ёстой гэж үзэх эсхүл иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх зэрэг ажиллагаа хийж буй нь буруу гэж үзнэ” гэж, Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоол”-ын 28-д “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж тус тус заасныг анхаарч үзээгүй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.21-ний өдрийн 182/ШШ2024/04840 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00412 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Н-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 128/ШШ2020/0111 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 294 тоот магадлалаар намайг өмнө ажиллаж байсан БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, 2019.03.01-ний өдрөөс 2019.09.05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Нийслэлийн Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд шүүхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.11-ний өдрийн 182/ШШ2021/02457 тоот шүүгчийн захирамжаар “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 2019.09.05-ны өдрөөс 2021.09.13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,125,652 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэсэн. Мөн дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж,  2023.12.22-ны өдрийн Б/100 тушаалаар БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Би хариуцагч байгууллагаас ажилд буцаан томилох хүртэлх хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй хохирсон ба өөрийн хүсэлтээр Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2023.12.28-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.  Иймд 2 жил 1 сарын (сарын үндсэн цалин 1487934 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 18 хувь буюу 267828 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 30 хувь буюу 446380 төгрөг, эдгээрийг нэмээд нийт 1 сарын цалин хөлс 2202142 төгрөг) цалин хөлс, олговорт нийт 55,053,550 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй юм.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021.11.11-ний өдрөөс 2023.12.28-ны өдөр хүртэлх нийт 2 жил 1 сарын хугацааны цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин тодорхойлох журам.-д заасны дагуу тооцож үзэхэд илүү нэхэмжилсэн байна. Дээрх журмын ...  дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцоход 4,463,803:3=1,487,934 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 4,463,803:61=73,178 төгрөг, нийт ажилгүй байсан 528 өдрийг 1 өдрийн дундаж цалин хөлс 73,178 төгрөгөөр тооцоход 38,637,984 төгрөг байна. Дээрх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 38,637,984 төгрөгөөс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтнаас суутгах ёстой 9.5 хувийн шимтгэлд 3,670,608 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2 хувийн шимтгэлд 772,760 төгрөгийг тус тус хасаж тооцоход 34,194,616 төгрөгийг олгохоор байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан тул тус газар дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Нийслэлийн Н татан буугдаад эрх үүрэг нь Н-т шилжин ирсэн. Ингэхдээ Х.О-тай холбоотой хэсэг Н-т шилжиж ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан зохигч болох хүн хуулийн этгээд нас барсан эсвэл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага бүхий маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж үзэж байгаа. Шилжээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна гэж үзэж байна. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Монгол Улсын Засгийн газрын 2024.04.03-ны өдрийн 138 дугаар Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор  Н татан буугдсантай холбоотой уг газрын албан хаагчдыг зохих ажлын байраар хангаж, ажилд томилох, чөлөөлөх эрхийг Н-т олгосон байх тул маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. ... Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Н-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,710,633 төгрөгийг шаардах эрхтэй боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020.02.07-ны өдрийн 128/ШШ2020/0111 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 294 дүгээр магадлалыг Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас 2023.12.22-ны өдөр Х.О-ыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулснаар биелүүлсэн буюу энэ өдрийг хүртэл нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн байна. Нэхэмжлэгч Х.О- нь 2023.12.22-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой атал 2024.06.25-ны өдөр гаргасан байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэйг зөв тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Тодруулбал нэхэмжлэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол шаардсан тул уг хохиролтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар тодорхойлогдох ба уг хугацаа таван жил байна. Нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хохиролд тооцон хариуцагчаaс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн 3 сарын буюу 2016 оны 07-09 дүгээр сарын цалин хөлсөөр тооцон нэг сарын дундаж цалин хөлсийг 1,487,934 төгрөг гэж зөв тодорхойлсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ уг дүн дээр төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлүүдийг нэмж дундаж цалин хөлсийг 2,202,142 төгрөг гэж тусгасан байх боловч нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалин хөлсний бүрэлдэхүүнд тухайн нэмэгдлүүд багтахыг шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа дээр дурдсан хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сараар нийт 25 сар гэж тодорхойлсон тул уг хугацааны цалин хөлсөнд 37,198,350 төгрөг (1,487,934*25) тооцогдоно. Түүнчлэн уг дүнгээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосноос урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах  тухай шаардлагын үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлсноос энэ талаарх хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үндэслэл болов.

12. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Х.О нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад, Эрүүл мэнд, Н-ын даргын 2016.09.13-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар  2016.09.05-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан ба уг чөлөөний хугацаа дууссан боловч ажил олгогч урьд эрхэлж байсан албан тушаалд  үргэлжлүүлэн ажиллуулаагүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 128/ШШ2020/0111 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 294 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019.03.01-2019.09.05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.11-ний өдрийн 182/ШШ2021/02457 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.О-ы ажилгүй байсан 2019.09.05-ны өдрөөс 2021.09.13-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 36,125,652 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн  бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Н зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2023.12.22-ны өдрийн Б/100 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” тушаалаар Х.О-ыг 2023.12.22-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч Х.О нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр болж, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2023.12.28-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар  үүрэгт ажлаас нь буюу төрийн албанаас чөлөөлсөн тухай үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

13. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг буюу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон боловч ажил олгогч ажилд томилж, ажил, үүргийг гүйцэтгүүлээгүй тул ажилд томилсон хугацаа болох 2021.11.11-2023.12.22-ны өдөр хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулна гэж тодорхойлжээ.

Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 128/ШШ2020/0111 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 294 дүгээр магадлалаар “Х.О-ыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Х.О-ыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг болон 2019.03.01-ний өдрөөс 2019.09.05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад тус тус даалгаж” шийдвэрлэсэн боловч хариуцагч буюу ажил олгогч нь 2023.12.22 хүртэл нэхэмжлэгч Х.О-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүйгээс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжилсэн буюу шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д үндэслэсэн байна.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дээрх хуульд нийцүүлэн зөв тодорхойлсон атлаа талуудын маргаагүй асуудлаар буюу хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах тухай шаардлагыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

16. Нэхэмжлэгч Х.О-ы хувьд ажил олгогчийн зүгээс ажилд нь эгүүлэн томилоогүйгээс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.11-ний өдрийн 182/ШШ2021/02457 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж олгосон хугацаанаас хойш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн 2023.12.28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, шүүхэд нэхэмжлэлээ 2024.06.25-ны өдөр гаргажээ.

17. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзахдаа олговрыг “Дундаж цалин тодорхойлох журам”-д зааснаас өөрөөр тооцож, илүү хэмжээгээр нэхэмжилсэн, Нийслэлийн Н татан буугдсантай холбоотойгоор нэхэмжлэгч Х.О-тай холбоотой баримт, эрх үүрэг шилжиж ирээгүй, нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэсэн агуулгаар мэтгэлцсэн ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

18. Харин хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар тайлбар гаргаж, татгалзлаа илэрхийлээгүй, зохигчийн хооронд энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй байхад анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн нь талуудын зарчмыг зөрчсөн  боловч ноцтой гэж үзэхгүй.  

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын зарчмын үндсэн дээр буюу мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах эрхтэй тул зохигч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй гэж үзнэ.

19. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаагүй, шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан нь  мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасныг зөрчөөгүй.

20. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол гэж дүгнэж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байх үндэслэлд хамааруулж тодорхойлсон нь хуулийг буруу хэрэглэсэн тул хяналтын шатны шүүхээс залруулна.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцөл болно.

Энэ утгаараа нэхэмжлэгч ажил олгогч түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилоогүй хууль бус үйлдлийн улмаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах, хөдөлмөрийн тухай хуулиар тухайлан зохицуулагдсан шаардах эрх гэж үзнэ.

Иймээс давж заалдах шатны шүүх дээрх шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн хохирол буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамааруулан дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа боловч магадлалын тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримталсан тул өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

22. Улмаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 37,198,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хийсэн тооцоолол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин тодорхойлох журам”-д тус тус нийцсэн.

23. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/00365 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН