Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 40

 

Э.Б, Б.Н, Б.Д нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Ц.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           В.У 

Шүүгдэгч                                                         Б.Н 

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 738 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Уын гаргасан гомдлыг үндэслэн Э.Б, Б.Н, Б.Д нарт  холбогдох 2012000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Б 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  Б.Н 

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Д

Шүүгдэгч Э.Б, Б.Н нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газраас хохирогч Ч.Бийн 1 тооны сарлагийн эр үхрийг бүлэглэн хулгайлж, хохирогч Ч.Бт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б, Б.Н нарын бүлэглэж хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, иргэн Ш.Цогбадрахад 500.000 төгрөгөөр худалдаж ашигласан гэмт хэрэгт холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас Э.Б, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 738 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б, Б.Д болон гэрч Г.Д нар мэдүүлэхдээ Булган сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Ба гэх хэсгийн төлөөлөгч Э.Бын өвөлжөөн дээр очиж малын сэвс байсныг харсан, мөн гэрч Ш.Цогбадрахын гэрт очиж малын мах болон арьс ширийг үзсэн талаар мэдүүлдэг бөгөөд Булган сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Баоос дараах зүйлсийг тодруулах шаардлагатай байна. Үүнд: хохирогч С.Б 1 тооны үхрээ алдсан талаар дуудлага мэдээллийг анх хэзээ хүлээж авсан, уг мэдээллийн дагуу ямар ажиллагаа хийсэн талаар тодруулах, Э.Б, Б.Н нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан эсэх, мөн хэрэгт эд мөрийн баримтаар сиди хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, прокурорын зөвшөөрөл аваагүй байна. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв гээд 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Б.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д нарт холбогдох эрүүгийн 2012000000116 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор болон яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.У шүүхэд гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/738 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Д нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар тогтоогдож байвал гэм буруутайд тооцох, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан. Нэгэнт хуульд заасан журмыг зөрчиж цугларсан эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байвал шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой байхад тэдний холбогдож байгаа хэргийг нотлох байр суурьтайгаар хэргийг прокурорт буцаасан нь яллах талыг барьж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/738 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс сидийг эд мөрийн баримтаар тооцож аваагүй гэх асуудал яригдаж байгаа. Үүн дээр тайлбар хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах” гэж заасан. Мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлийг ямар үед авах вэ гэхээр мөрдөгч үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх эд зүйл баримт бичиг хураан авахад прокурорын зөвшөөрлөөр явуулахаар заасан. Гар утсыг хураан аваагүй бөгөөд утсан дээр бичигдсэн дуу бичлэгийн мэдээллийг хуулж авсан байдаг. Эдгээр хуулийн заалтаас үзэхэд хэрэгт хураагдсан сиди нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тогтоогдож бэхэжсэн байна. Иймд сидиг хураан авахдаа хууль зөрчсөн гэж үзэхгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 738 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Б нарт холбогдох хэргийг буцаасан. Уг буцаасан захирамжид мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан гэсэн үндэслэлээр буцаасан нь үндэслэлтэй юм. Сидиний тухай асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны дагуу бэхжигдсэн учраас нотлох баримтад тооцуулахгүй байх үндэслэлгүй  гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Э.Б, Б.Н, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар  2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хэлэлцсэн. Шүүхийн эрх хэмжээ прокуророос шүүхэд шилжүүлсэн  хавтаст  хэргийн хүрээнд шийдвэрлэж, шүүх хуралдаанаас шийтгэх эсвэл цагаатгах тогтоол гарах ёстой байсан. Гэтэл шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах гэсэн хуулийн заалтыг баримталж хэргийг прокурорт буцаасан асуудал байгаа.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр нь цагаатгах эсвэл шийтгэх гэсэн хэлбэртэй байна. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй тохиолдолд шүүх цагаатгах тогтоол гаргана гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд яллах болон цагаатгах нотлох баримтыг хамтад нь хуулийн дагуу цуглуулах, бэхжүүлэх ёстой. Гэтэл эд мөрийн баримтаар  сидиг хураан авч, эд мөрийн баримтаар тооцон оруулж ирсэн байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан прокурорын зөвшөөрлийг авах гэсэн заалтыг зөрчсөн. Үүнийг шүүх хууль ёсны болгох гэж буцааж байгаа нь захирамжаас харагдаж байна. Мөн Э.Б, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан эсэхийг тодруулаагүй байна гэсэн үндэслэлээр шүүх өөрөө яллах байр суурьтай буцаасан. Ингэж болохгүй бөгөөд нотлох баримтаар тогтоогдож байгаа бол гэм буруутайд тооцож, гэм буруу нь тогтоогдоогүй бол цагаатгаж шийдвэрлэх ёстой. Гэтэл прокурорын хууль зөрчсөн энэ ажиллагааг шүүх өөрөө зөвтгүүлэх гэж буцааж болохгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед буюу урьдчилсан хэлэлцүүлгээс энэ хэрэг буцаагүй бөгөөд харин шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг асуудал яригдаж, хэргийг прокурорт буцаах гэсэн санал гарч байсан. Гэхдээ тэр үед дурдагдаж байсан нотлох баримтад заасан ажиллагаанууд нь мөрдөн байцаалтын ажиллагаа хийх  зайлшгүй шаардлагатай байсан. Жишээ нь сидиний асуудал, мөн гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан эсэх асуудал зэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн үед огт яригдаагүй асуудлаар шүүх санаачилгаараа буцааж  болохгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааныг нээлттэй орхиж, хэлэлцэж болно гэсэн заалт байгаа. Гэвч үүн дээр яригдаагүй зүйлийг шүүх өөрөө санаачилгаараа буцаасан. Шүүх хөндлөнгийн байна гэсэн байр сууриа алдаж байна. Шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар зааж буцааж болохгүй. Нэгэнт цаана нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий субъект, хяналт тавих субъект нь байгаа. Хэрэв яллах бол яллах нотлох баримтыг хуулийн хүрээнд цуглуулж, бэхжүүлж, авч үзээд нотлогдож байна гэж үзвэл шүүхэд шилжүүлэх учиртай. Хавтас хэрэгт цугларсан хэрэг нь өөрөө хуульд заасны дагуу цугларч бэхэжсэн юм уу гэдэгт шүүх хөндлөнгийн байр суурьтай байгаад гаргах шийдвэр нь хуульд заасан цагаатгах эсвэл шийтгэх хэлбэртэй байхаар заасан байхад шүүх санаачилгаараа мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Гэрч н.Дгийн мэдүүлгээс харахад Э.Б өөрийн малаа гаргасан гэсэн асуудал яригддаг. Гэрч н.Ц-д зарсан малын арьс ширийг н.Д, хэсгийн төлөөлөгч н.Ба гэх эдгээр хүмүүс н.Ц-ын граш болон Э.Бын хөдөө байдаг гэрт нь хүртэл очиж үзсэн байдаг. Тэгээд н.Ц-нд н.Д очиж үзэхэд  малын зүс нь таарахгүй байна гэж хэлээд явсан байдаг. Тэгээд тэр малын арьс ширийг шинэ байсан уу, хуучин байсан уу гэдгийг санахгүй байдаг. Гэтэл гэрч н.Дгээс тодруулсан гэсэн 2020 оны 04 дүгээр сарын илтгэх хуудас хэрэгт авагдсан байдаг. Үүнд нь хуучин шир байсан гэх мэтээр буюу ийм байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдөр 1 тооны үхэр алдагдсан асуудал яригдаад хэсгийн төлөөлөгчид хэлсэн байхад тухайн дуудлагыг бүртгэсэн зүйл байдаггүй. Цагдаагийн байгууллагын хийх ёстой бөгөөд зохих ёсны дагуу хийгээгүй ажиллагааг шүүх хийлгэх хэрэгтэй гэсэн агуулгаар буцааж болохгүй. Үүний цаана  хүн хохирсон асуудал яригдаж байгаа ч хийгээгүй хэрэгтээ ял шийтгэгдэх гээд зогсож байгаа хүний эрх ашиг хөндөгдөж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Мөн сидиний асуудал яригддаг. Тухайн сидинд Э.Бын ярьсан яриа, илтгэх хуудас болон үзлэг хийсэн асуудал байгаа. Хохирогч н.Г үхрээ алдсан гэсэн асуудалд Э.Быг буруутгаж байгаа. Э.Б өөрийн малаа гаргасан бол өөрийн малаа гаргасан гэж хэлээд үзүүлэх байсан. Гэтэл Э.Б сандраад зайлуулаадах гэж эхнэртэйгээ ярьсан. Гэтэл эхнэр тэр үед үхрээ зарсан асуудал байдаг. Зарсан гэх малыг нь үзлэг хийж үзсэн. Тэр үед хохирогч хүртэл хамт очиж үзээд манай алдсан малтай зүс нь таарахгүй байна гэдэг. Хохирогч үүнийгээ шүүх хуралдаанд хэлдэг.  Хохирогч малаа алдаад өөрөө түүнийгээ хөөцөлдөж явсан. Харин цагдаагийн байгууллага хайхрахгүй орхисон. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөдөл өгөөд энэ асуудал шалгагдсан байдаг. Үүнд шүүх Э.Б нарыг яллах байр суурьтай хандаж байгаад харамсалтай байна. Нотлох баримтын хүрээнд шүүх холбогдох үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэх хэрэгтэй. Би  анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна. Прокурор шүүгчийн захирамжид дурдсан сидиг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авах журамтай. Эд мөрийн баримтаар тооцож хураан авах зөвшөөрлийг прокуророос авах ёстой байсан. Энэ сиди хураан авч байгаа ажиллагаа нь хойшлуулшгүй ажиллагаа биш байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй ажиллагааг зааж өгсөн. Прокурорын тайлбарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах тохиолдолд  гэдэг асуудлыг хөндлөө. Гэтэл тэр даруйдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажиллагаа биш юм. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэрэг гарсан. Гэтэл үүнээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч өргөдөл гомдол гаргасан. Үүний дараа ажиллагаа хийгдсэн. Цаг хугацааны хувьд авч үзэхэд ийм нөхцөл байдал байна. Эд мөрийн баримтаар тооцож, энэ эд мөрийн баримт нь яллах нотлох баримт байна гэж оруулсан нь хууль зөрчсөн. Энэ прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааг шүүх зөвтгүүлэх гэж буцаах асуудал байж болохгүй. Прокурор нь яллаж чадахгүй бол цагаатгах гэсэн хуулийн зарчмаа зөрчиж байна. Шүүх хуралдаанд улсын яллагч яллах байр суурьтай оролцдог. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурьтай орж байгаа. Мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулах эрх бүхий субъект мөрдөгч, харин хяналт тавих байгууллага нь прокурор байдаг. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч санал хүсэлтээ гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох эрх хэмжээтэй. Шүүгдэгч нар нь ямар ч хууль эрх зүйн мэдээлэлгүй байдаг. Өөрсдөө хэргийн материалтай танилцаж хүсэлтээ удаа дараа гаргасан боловч тоодоггүй. Гэтэл чи сэжигтэй гэж бурууг нь хүлээлгэх гээд байдаг. Өөрөө гэм буруугүй гэдгээ нотлох үүрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байхгүй. Шүүх заавал үүнийг нотлох гэсэн байр суурьтай байж болохгүй. Захирамжийн гаргасан хууль зүйн үндэслэлийг үзэхээр шүүгдэгч яллагдагчийн эрх ашгийг хохироож болохгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Б.Н нарыг 2019 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Байц гэх газраас хохирогч Ч.Бийн 1 тооны сарлагийн эр үхрийг бүлэглэн хулгайлж, хохирогч Ч.Бт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Дыг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б, Б.Н нарын бүлэглэж хулгайлсан 1 тооны үхрийн махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, иргэн Ш.Ц-д 500.000 төгрөгөөр худалдаж ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч С.Б 1 тооны үхрээ алдсан талаар дуудлага мэдээллийг анх хэзээ хүлээж авсан, уг мэдээллийн дагуу ямар ажиллагаа хийсэн талаар тодруулах, Э.Б, Б.Н нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан эсэх, мөн хэрэгт эд мөрийн баримтаар сиди хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, прокурорын зөвшөөрөл аваагүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх нотлох баримтууд ач холбогдолтой байна.

           Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 738 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                     ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 738 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                             Д.БЯМБАСҮРЭН

                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ