Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 125

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч М.Отгончимэг,

шүүгдэгч П.Оюунбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  А-1 танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Лхам овгийн Пүрэвдагвын Оюунбилэгт холбогдох эрүүгийн 2016 2601 2702 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Лхам овгийн Пүрэвдагвын Оюунбилэг Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, худалдагч, кассчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 13-22 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 12 дугаар гудамжны 15-б тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, ВК77091103 дугаарын регистртэй. 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч П.Оюунбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 12 дугаар гудамжны 15-б тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баянмөнхийн гэрт архи уулаа гэх шалтгаанаар иргэн Н.Булган, М.Отгончимэг нарыг зодож, бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Оюунбилэг мэдүүлэхдээ:

Д.Баянмөнх нь миний төрсөн ах юм. Д.Баянмөнх ах бидний гэр нэг хашаанд зэргэлдээ байдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед манай ах П.Баянмөнхийн гэрт хүмүүс архи уугаад орилолдоод, дуулаад байсан. П.Баянмөнх ахын амьдарч байгаа гэр бол миний гэр байгаа юм. Тухайн гэрийг би өөрийн хүүхэддээ өгөх гэж өнөөдрийг хүртэл хадгалж байгаа. Тэгээд миний гэр оронд П.Баянмөнх ах янз бүрийн архичин хүмүүсийг цуглуулж архидаж байсан болохоор гэрт нь орсон юм. Булган, М.Отгончимэг, П.Баянмөнх ах нар өдөржин дуулалдаад байсан. Тэгээд орой 22 цагийн үед Н.Булган, М.Отгончимэг хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би өөрөө хорт хавдартай, зүрхний судас томорсон учраас нойргүйдэлд ордог. Тэгэхээр нь би П.Баянмөнх ахын гэрт ороод та нар өдөржин архидаж дуулалдлаа, 2 хоногийн өмнө ирээд шөнөжин архидаж дуулалдсан, би унтаж амарч чадахгүй байна, та нар болиоч манай ахын гэрт удаа дараа ирж архидан согтуурч байна. Та нараас болоод унтаж чадахгүй, 2-3 хоног нойргүй хонож байна гэж хэлсэн. Гэтэл М.Отгончимэг чи манай найзын гэрт орж ирээд намайг гэрээс нь хөөдөг хэн бэ, чи миний найзыг дарамталж байна гээд намайг барьж авсан. Би бас барьцалдаж авахад Н.Булган гэрийн зүүн талд сандал дээр сууж байгаад босож ирээд бас барьж авсан. Тэгээд Н.Булган, М.Отгончимэг бид гурав барьцалдаад газарт унахдаа зуухны хажууд байсан тогоотой хоолыг асгасан. Би архи дарс уудаггүй, эрүүл байсан. Харин Н.Булган, М.Отгончимэг хоёр их согтоогүй гайгүй байсан. Тухайн үед бид нар асгарсан хоол дээр хальтирч унасан. Тухайн үед манай ах П.Баянмөнх тасраад унасан байсан. Тэгээд бид нарыг маргалдаж байхад П.Баянмөнх ах босч ирээд М.Отгончимэг, Н.Булган бид гуравыг түлхээд гэрээсээ гаргасан. Тухайн үед М.Отгончимэг, Н.Булган хоёрыг зодож нүдээд хөхрөлт учруулаагүй. Харин ч миний бие хөх няц болоод хэд хоног хэвтсэн. Хэвтэрт байхдаа үзүүлж харуулж байсан. Хохирогч Н.Булган, М.Отгончимэг хоёрыг шүүх эмнэлэгт үзүүлж байсныг мэдээгүй. Тэгээд хэрэг болсноос нилээн хэд хоногийн дараа цагдаагаас намайг дуудаж байна гэсэн. Цагдаагийн газар очиж Цолмон байцаагчтай уулзсан. Тэгэхэд Цолмон байцаагч надад М.Отгончимэг, Н.Булган хоёр гомдол гаргаад ирсэн байна. Та Н.Булган, М.Отгончимэг хоёрын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Булган, М.Отгончимэг гэдэг хоёр хүнийг зодоогүй. Харин өөрөө зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед миний нүүр хавантай, дусал тариа хийлгэсэн байдалтай байсан. Цолмон байцаагч өргөдөл гаргаж ирсэн хүмүүсийн зөв байгаа. Харин таны хөхрөлт няцрал чинь эдгэсэн байна. Та хохирогч нартайгаа зохицоод хохирол мөнгииг нь төлөөд хэргээ хаалга гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогч М.Отгончимэг, Н.Булган нартай уулзаж, бид гурав хамт бааранд орсон. Тэгээд гарсан бүх тооцоог нь би төлөөд хохирогч М.Отгончимэгтэй ярилцаж хэн хэнийхээ буруу зөвийг ойлголцож, гомдолгүй гэж яриад тохиролцоод эвлэрсэн гэдэг үндэслэлээр хэргээ хаалгахаар болсон. Тэгээд өглөө нь Цолмон байцаагчтай уулзахад байцаагч та хохирлын мөнгөө хохирогч М.Отгончимэгт өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Отгончимэгт 75,000 төгрөг өгсөн. Цолмон байцаагч одоо таньд холбогдох хэргийг хаана, та өөрийнхөө гэм бурууг хүлээж байна гэсэн утгатай зүйлийг бичүүлж авсан.  Тэгээд шинэ жилийн дараа цагдаагаас дахин дуудаж байна гэж хэлэхээр нь яваад очсон чинь Цэвэгсүрэн гэдэг байцаагч намайг дуудуулсан байсан. Тэгээд хэргийн зүйлчлэлийн талаар надад хэлэхэд би өмгөөлөгч авсан. Тухайн үед Н.Булган, М.Отгончимэг хоёрыг зодоогүй. Харин Н.Булган надад хэлэхдээ чи бид хоёрыг зодож нүдсэн зүйл байхгүй. Бид хоёр танай хашаанаас гарч явж байхдаа хальтирч унаад байсан болохоор бид хоёрын бие хөхөрсөн гэж хэлсэн. Мөн Н.Булган надаас мөнгө авахгүй гэдгээ мессежээр бичсэн байсан. Мөн М.Отгончимэгт мөнгө өгч болохгүй, өгөх шаардлагагүй гэж хэлсэн. Гэтэл М.Отгончимэг би мөнгө авахгүй бол болохгүй би өөрөө цагдаа, шүүхээр тоглосон хэрэгт орно гэхээр нь би М.Отгончимэгт нийт 150.000 төгрөг өгсөн. Миний ах П.Баянмөнх намайг зодоогүй, түүнд гомдолгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Отгончимэг мэдүүлэхдээ:

Шүүгдэгч П.Оюунбилэгийн ах П.Баянмөнх гэдэг залуу Дундговь аймагт байдаг манай найз болох Гантуяатай суугаад 3 жил хамт амьдарсан юм. П.Баянмөнх манай найзтай хамт амьдарч байсан болохоор бид найзууд гэж бодож явдаг.

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай найзууд гэрт ирээд төрсөн өдөр тэмдэглэж байсан. Тэгэхэд 14 цагийн үед П.Баянмөнх над руу ярихаар нь манай гэрт хүрээд ир гэж дуудсан. П.Баянмөнх манай гэрт ирээд хоол унд идсэн. Мөн гурван шил архи хувааж уусан. Тухайн үед П.Баянмөнх хөл муутай, зүрх өвдөөд байна гээд Н.Булган бид хоёрыг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь Н.Булган бид хоёр П.Баянмөнхийг хөл муутай юм чинь хүргээд өгье гэж хэлээд П.Баянмөнхийг хоёр талаас нь сугадаад гэрийнх нь гадна хүргэж өгсөн. П.Баянмөнхийн гэрт очиход 17 цаг болж байсан. Тэгээд Н.Булган бид хоёрыг гэрийнх нь гаднаас буцах гэсэн чинь П.Баянмөнх манай гэрт орчихоод гар гэж хэлэхээр нь  хэрэггүй. Танай дүү чинь ааштай юм байна лээ, хэрүүл гарна гээд явах гэсэн чинь П.Баянмөнх манай дүү байхгүй байгаа. Би дэлгүүрээс нэг шил архи авъя гэж хэлсэн. Тэгээд П.Баянмөнх нэг шил архи аваад гэртээ ороод Н.Булганыг хоол хийгээд өг гэж гуйсан. Тухайн үед бид жаахан унтах санаатай хэвтэж байхад Н.Булган будаатай шөлтэй хоол хийсэн. Тухайн үед П.Баянмөнхийн авсан архинаас нэг, нэг хундага архи уусан. Тэгээд миний дотор муухайраад байхаар нь жаахан хэвтээдхий гээд хэвтэж байхад П.Баянмөнхийн гэрийн хаалгыг цохиж П.Оюунбилэг дугарсан. Тэгэхээр нь би дүү чинь байх, битгий хаалгаа тайлаарай, дүү чинь айхтар хэл амтай юм байна лээ, битгий оруулаарай гэж хэлсэн чинь Баянмөнх манай дүү өчигдөр найзуудаа авч ирээд архидаж байхад нь би юу ч хэлээгүй. Намайг найзуудаа авч ирсэн байхад юу ч хэлэхгүй байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй буруу хараад танигдахгүйг хичээгээд орон дээр хэвтэж байсан. Гэтэл П.Оюунбилэг орж ирээд шууд миний куртикнээс татаж унагаад цохиж эхэлсэн. Тэгээд халуун будаатай шөлтэй хоолыг авч над руу цацахад миний өмсөж явсан куртик хоолны будаа болж, түлэгдсэн байгаа. Халуун будаатай шөл цацах үед цаашаа харж байсан болохоор ар нуруу руугаа цацуулсан. Тэгээд П.Оюунбилэг намайг чи муу яахаараа миний ахын орон дээр хэвтэж байдаг юм гээд цохиод авахаар нь П.Баянмөнх чи яагаад зүгээр байгаа хүнийг цохидог юм гээд Оюунбилэгтэй зодолдоод гараад явсан. Тухайн үед П.Баянмөнхийн гэрт зодоон болоогүй. Харин П.Баянмөнхийн гэрийн гадаа хоёр гэрийн дунд П.Оюунбилэг ахтайгаа зодолдоод байсан. Н.Булган нилээн байж байгаад энэ П.Баянмөнх дүүгээ зодоод алах нь байна гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа харсан чинь П.Оюунбилэг Н.Булганыг унагасан зодож байсан. Тэгэхээр нь би айгаад П.Оюунбилэг чинь улаан галзуу хүүхэн байна гэж бодоод П.Баянмөнхийн гэрийн хаалгыг нь түгжээд нилээн суусан. Тэгээд Н.Булган гадаа орилоод байхаар гэрээс гарсан. Гэтэл П.Оюунбилэг хог хийдэг савны хажууд ахтайгаа хамт зогсож байсан. Тэгэхээр нь би салгах санаатай татсан чинь П.Оюунбилэг намайг түлхээд унагасан. Би унасан хойноо нилээн ухаан балартаж ухаан алдсан байсан. Ухаан алдсан байхад П.Оюунбилэг намайг өшиглөсөн байсан. Намайг өшиглөж байхыг Н.Булган харсан байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа сэргээд Н.Булганыг дагуулаад шууд гүйгээд П.Баянмөнхийн хашаанаас гарсан. Н.Булган бид хоёрыг гараад явж байхад П.Баянмөнх, П.Оюунбилэг хоёр зодолдоод үлдсэн. П.Баянмөнх, П.Оюунбилэг нар 2 цаг орчим зодолдсон. Харин би нэг цаг П.Баянмөнхийн гэрт нуугдаж суусан. Намайг түлхэж унагаж байхад ах дүү нар нь бүгдээрээ хараад зогсож байсан. Шүүгдэгч П.Оюунбилэг худлаа яриад байгаад нь гомдолтой байна. Булган бид хоёр П.Баянмөнхийн хашаанаас гараад явахдаа хальтирч унасан зүйл байхгүй. Би өөрөө архийг тасарч унтлаа ууж үзээгүй. Тухайн үед би өндөр өсгийтэй гутал ч өмсөж яваагүй. Харин намхан ултай гутал өмсөж явсан. Баянмөнхийн гэрээс гарахдаа унаж туссан зүйл байхгүй. Намайг гэртээ ирэхэд манай нөхөр гэрт сууж байсан. Шүүгдэгч П.Оюунбилэг хорт хавдартай, амьдрал хэцүү байна гээд байхаар нь би адилхан эмэгтэй хүн юм чинь гэж бодоод өргөдлөө буцааж авна гэж хэлсэн. П.Оюунбилэг, П.Баянмөнх хоёрыг салгах гэж байгаад би энэ П.Оюунбилэг гэдэг хүнд өөрөө зодуулсан. Мөн П.Оюунбилэг Н.Булганыг газар унагаж байгаад зөндөө өшиглөж зодож  байсан. Гэтэл П.Оюунбилэг болсон асуудлын талаар худлаа яриад байх юм. П.Баянмөнхийн гэрт бид дуулалдаагүй, дуу, чимээ гаргаагүй. Н.Булган бид хоёр П.Оюунбилэгийн биед огт хүрээгүй. Энэ хүнд би зодуулсан нь үнэн. Н.Булган бол П.Оюунбилэгт нилээн зодуулсан. Би П.Оюунбилэгээс 500,000 төгрөг хохиролд нэхэмжилсэн. П.Оюунбилэг надад эхлээд 75,000 төгрөг, дараа нь 70,000 төгрөг, нийт 145,000 төгрөг өгснийг хүлээн авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2601 2702 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Хохирогч Н.Булганы 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн:

...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед найз Отгончимэгийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-22 тоотод байх гэрт нь очиж хоносон. 05-ны өглөө 10 цагийн үед Отгончимэгийн гэрт танихгүй Дорж гэх залуу ирээд миний төрсөн өдөр болж байна гээд тэмдэглэхээр болсон. Дорж, Отгончимэгийн нөхөр Түвшин хоёр дэлгүүр явахаар гарсан. Удалгүй нэг шил Сархад нэртэй архи аваад ороод ирсэн. Бид дөрөв уг архийг хувааж ууж байхдаа Отгончимэг Баянмөнхийг утсаар дуудахад Баянмөнх Отгончимэгийн гэрт 14 цагийн үед ирсэн. Баянмөнх, Дорж нар гараад гаднаас нэг шил архи бариад ороод ирсэн. Уг авчирсан архийг тавуулаа хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад хэсэг ярилцаж байгаад Баянмөнх гэртээ харихаар болоод явах гэхээр нь хөл муутай болохоор нь Отгончимэг бид хоёр Баянмөнхийг гэрт нь хүргэж өгөх үү гэхэд тэг гэж зөвшөөрсөн. Баянмөнх Отгончимэг бид гурав алхаж байгаад Баянмөнхийн гэрийн гадаа очсон. Баянмөнх нэгэнт ойр ирсэн юм чинь манай гэрт ороод хоол хийж идье гэж ярилцаад замаараа дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй архи Баянмөнх авсан. Гэрт нь ороод хоол хийгээд архиа задлан нэг татаад байж байтал гэрийн хаалга нүдсэн. Хаалга тайлахад Баянмөнхийн охин дүү байсан. Баянмөнх бид хоёрын хажуугаар зөрж гүйн гэрийн зүүн талд байх орон дээр хэвтэж байсан Отгончимэгийг орноос татаж унаган зуухны урд талд тавьсан байсан хоолыг цацсан. Тэгэхэд Баянмөнх чи зүгээр байсан хүмүүсийг яаж байгаа юм бэ гээд гэрийн урд хэсэгт байсан угаалтуурын хажууд байх шал угаагчаар толгойд  нь цохиход Баянмөнхийн дүү охин нь яаж байнаа гээд гэрт байсан эд зүйлийг шидэж байгаад гэрээс нь гарсан. Баянмөнх дүүгийнхээ араас гарсан. Гадаа гараад баруун талд байх дүү эмэгтэйгийнхээ гэрт ороод хэрэлдээд байхаар нь би Баянмөнхийн араас гарч Баянмөнхийн баруун талд байх гэрийн хаалгаар шагайхад Баянмөнх гэрийнх нь үүдэнд хэрэлдсэн, дундуур нь Баянмөнхийн дүү болох эрэгтэй ороод салгасан байдалтай байхаар нь би Баянмөнхийн араас хувцаснаас татаад нааш ир гэж татахад дүү эмэгтэй нь хоолны сав шидэхэд би оногдсон. Би Баянмөнхийн дүү эмэгтэйн гэрээс ганцаараа гараад Баянмөнхийн гэр рүү алхаж байтал араас Баянмөнхийн дүү охин гүйцэж ирээд түлхэж унаган хоёр удаа зүүн талын цээж хэсэгт өшиглөсөн. Намайг газар хэвтэж байхад Баянмөнхийн дүү гэр рүүгээ явтал Баянмөнх өөдөөс нь гарч ирж таараад хэрэлдэн хамт хашааны үүд рүү нь явсан. Хашааны үүдэнд хоорондоо хэрэлдэж байгаад хогны сав аваад Баянмөнх рүү шидэхэд Отгончимэг Баянмөнхийг нааш ир явъя гээд татахад Баянмөнхийн дүү эмэгтэй нь Отгончимэгийг түлхэж унагаад өшиглөж байсан. Би гэрт ороод архи, цүнхээ аваад куртикээ өмсөөд гэрээс гарахад Отгончимэг толгойгоо дарчихсан байдалтай эндээс явъя гээд хамт хашаанаас гарсан. Хашааны хаалгаар гарах үед хашаанд нь байх халуун усны газарт хэрүүл маргаан болж байсан. Би Отгончимэгийн хамт гудамжинд зайтай зогсож байтал Баянмөнх нүцгэн гэрээсээ гарч ирээд зогсож байсан цагаан машин дээр очиход уг машин хөдлөөд явсан. Баянмөнх буцаад гэр рүүгээ орох гээд алхаж байхаар нь би дуудахад харахгүй гэртээ орсон. Хэсэг тэндээ Отгончимэгийн хамт байж байгаад явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

-Мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Би Оюунбилэгийг зүгээр зүс танина. Баянмөнхийг танина, найзууд байгаа юм. Хамаатан төрөл садан, гэр бүлийн харилцаа байхгүй. Отгончимэг, Баянмөнх бид гурав, Баянмөнхийн гэрт хоол хийж идээд архи уугаад сууж байсан. Гаднаас Баянмөнхийн дүү Оюунбилэг хаалга нүдэхэд ах нь тайлж өгсөн. Тэгсэн чинь Оюунбилэг Отгончимэгийг хараад Отгончимэгийг орон дээр хэвтэж байхад орноос татаж унагаад тогоотой хоол цацаад зодоон эхэлсэн. Отгончимэг урьд нь Баянмөнхийнд очиж архи ууж Оюунбилэгтэй маргалдаж байсан гэсэн. Тэгээд тэрнээс болоод Отгончимэгийг Оюунбилэг чи муу архичин авгай ахынд ирж архи уулаа, битгий энд ирж архидаж бай, би унтаж амарч чадахгүй байна гээд зодоон эхэлсэн. Гэрийн гадна хашаан дотор Оюунбилэг Отгончимэгийг түлхэж унагаасан. Отгончимэг гэдрэг саваж арагш дагзаараа унасан. ...Намайг Оюунбилэг түлхэж унагаад хавирга руу өшиглөсөн. Надад учирсан гэмтлийг Оюунбилэг хөлөөрөө өшиглөж учруулсан. ...Оюунбилэг, Отгончимэг бид хоёрыг дайлж, цайлж хоолонд оруулж, караокед оруулж архи, дарс авч өгч нилээн мөнгө зарлагадсан. Намайг дайлж цайлахдаа таксидаад харь гээд 9,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би ч мөнгө нэхэмжлээгүй. Би 9,000 төгрөгийг нь авахгүй гэхэд надад хүчээр өгсөн. ...Оюунбилэгийг анх гэрт орж ирээд хоол цацахад ах Баянмөнх нь чи зүгээр байсан хүмүүсийг яагаад байгаа юм гээд шал угаадаг иштэй хогийн шүүр шиг юмаар цохих шиг болсон. ...Оюунбилэг толгойгоо барьж гүйгээд гэр нэг тойроод төмпөн авч шидээд гарсан. ... гэх мэдүүлэг  ,

2.Хохирогч М.Отгончимэгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Дорж Төв аймгийн Баянчандмань сумаас ирээд Доржийн төрсөн өдрийг гэртээ хоол унд хийн ганц нэг шил архи задлан ууж идэн тэмдэглэсэн. Би Баянмөнхийг утсаар дуудан хүрээд ир гэхэд 12 цагийн үед манай гэрт ирсэн. Баянмөнхийн хамт тавуулаа архи уун хоол ундаа идээд байж байтал 14 цагийн үед Баянмөнх гэртээ харихаар болоод хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрч Булганы хамт хүргэж өгөхөөр гэрээс гарсан. Баянмөнхийн гэрийн гадна очиход Баянмөнх манай гэрт ороод гараач гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Замдаа Баянмөнхийн гэрийн хажуу талд байх дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй архи Баянмөнх авч гэрт нь бид гурав орсон. Гэрт нь ороод архинаасаа задлаад нэг уугаад байж байтал гэрийн хаалга нүдэхээр нь би битгий тайл танай дүү чинь ааштай юм байна лээ гэхэд Баянмөнх өнөөдөр манай дүү уурлахгүй оруул гээд өөрөө хаалга тайлж өгөөд оруулсан. Баянмөнхийн дүү болох эмэгтэй гэрт нь орж ирээд тогоотой хоол над руу цацаад намайг татан газар унагахад Баянмөнх дүү рүүгээ дайрч чи зүгээр байгаа хүнийг зодлоо гээд барьж аваад дүүгээ цохих шиг болсон. Дүү нь дахин тогоотой хоолоо цацаад Баянмөнхтэй зууралдан маргалдаж байгаад дүү нь зугтан гэртээ орсон. Гадаа орилох чимээ гараад байхаар нь Булган цаадах чинь дүүгээ алах гэж байна, гаръя гээд гэрээс гарсан. Би хэсэг гэрт нь байж байгаад гараад харахад Булганыг Баянмөнхийн дүү болох эмэгтэй газар унагачихсан дэвсэн зодоод байж байсан. Би Баянмөнхийн гэрт эргэн ороод хаалга түгжээд хэсэг суусан. Булган гадаа аллаа гээд орилоод байхаар нь би гараад хартал Баянмөнх цаанаас гарч ирээд дүүгээ барьж аваад хоорондоо дахиад зодолдсон. Би Баянмөнхийг дүүгээ алах гэж байна гэж бодоод гарч очоод салгах гээд татахад Баянмөнхийн дүү болох эмэгтэй намайг түлхэн газар унаган 3 удаа өшиглөж эхэлсэн. Баянмөнх салгахаар нь би зугтаан хашаанаас нь гарсан. Булган гэрээс нь цүнхээ, ууж байсан архиа бариад гараад ирсэн. Би Баянмөнхийг авч явах санаатай хараад хэсэг зогсож байгаад Булган бид хоёр явсан. Миний мэдэж байгаагаар гэрт байхдаа 2 удаа цохисон. ... гэх мэдүүлэг  ,

-Мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Тухайн өдөр Булган бид хоёр, Баянмөнх, Оюунбилэгийн охин, Оюунбилэг болон нэг эрэгтэй хүн байсан. Нийтдээ 6 хүн байсан. Дүү нь гэх эрэгтэй зодоон болоод дууссан хойно ирж байгаа харагдсан. Би Оюунбилэгийн биед нь ч хүрч амжаагүй. Булганыг Оюунбилэг доороо хийсэн дэвсэж байсан. Намайг байхгүй гэрт байхад яасан эсэхийг мэдэхгүй байна. Би архи тодорхой хэмжээгээр хэрэглэсэн тул согтсон байсан. Гэхдээ тийм ч их согтоогүй, болсон явдлыг бүрэн санаж байна. Хөл дээрээ зүгээр явж байсан. Би хэрэг гарсан газар байхдаа унаагүй. Мөн тэндээс явахдаа ч би унаагүй. Оюунбилэг надад эм тарианы мөнгө гэж 150,000 төгрөгийг хоёр хувааж өгсөн. Хэзээ гэдгийг санахгүй байна. Эхнийхийг нь хэрэг хэрэгсэхгүй боллоо гэж байхад өгсөн. Сүүлийнхийг нь 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны үеэр надад өгсөн. Хохирлын мөнгө авсан талаар баримт үйлдээгүй. Өгсөн авсанаа Оюунбилэг өөрөө мэдэж байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Анх Оюунбилэгийг гэрт орж ирээд тогоотой хоол цацахаар ах нь уурлаад толгой руу нь үүдэнд байсан шалны мод юм уу, хогийн шүүрээр цохисон. Гадаа гараад тэр хоёр хоорондоо зодолдоод байх шиг чимээ гарсан. Би нүдээр хараагүй. Би Оюунбилэгийг танихгүй. Ах Баянмөнхтэй нь олон жил найзалж байгаа. Хэрэг болсоноос хойш таних болсон. Ахынд орж ирж архидлаа гээд орж ирээд агсарч дайрсан.... гэх мэдүүлэг  ,

3.Гэрч А.Алтаншагайн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

…Би тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Ихнарангийн 12-15в тоот хашаандаа байх халуун усанд орой болсон байхад сууж байсан. Тэгтэл манай хашаан дотор хүмүүс хэрэлдээд байхаар нь би гарч харсан чинь манай ээж Оюунбилэг танихгүй тарган, туранхай хоёр хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд би шууд ээжийгээ аваад халуун ус руу орсон. Би ээжтэй маргалдаж байсан тэр хоёр хүүхнийг яасан байсаныг сайн хараагүй, анзаараагүй. Манай ээжийн толгой нь хавдсан байсан. Тэр оройдоо эм ууж хоноод маргааш нь билүү нөгөөдөр нь ээжийн толгой нь өвдөөд байхаар Цамбын эмнэлэг явж үзүүлсэн. Ээжтэй маргалддаг хоёр хүүхний тарган нь тэр үед цааш явж байгаад өсгийтэй гуталтай байсан тул хальтараад газар унасан. Би тэднийг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тухайн үед манай 13 настай дүү Билгүүн надтай цуг халуун усанд байсан. Билгүүн халуун уснаас гарч юу болсон талаар хараагүй. Манай ах Баянмөнх гэртээ байсан. Ээжтэй маргалддаг хоёр эмэгтэй Баянмөнх ахын найз. Намайг гарч ээжийг авахад Баянмөнх ах харагдаагүй гэртээ байсан байх. Манай ээж тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ...  гэх мэдүүлэг  ,

4.Гэрч П.Баянмөнхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

…2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хоёр хоногийн өмнө манайд Булган, Отгончимэг, Отгончимэгийн нөхөр Түвшээ нар ирж архи ууцгаасан. Тэр өдрөө тэд нар архи ууж байгаад шөнө явцгаасан. Тэгээд маргааш нь бас манайд ирж архи ууж байгаад бас шөнө явсан. Ингээд хоёр хоног архи уучихаад би маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө гэртээ ганцаараа хэвтэж байтал Булган, Отгончимэг хоёр утсаар яриад Отгончимэгийнд хүрээд ир, шарыг чинь тайлаад өгье гэхээр нь би Отгончимэгийнд очсон.  Отгончимэгийнд очиход Отгончимэгийн нөхөр нь тасраад унасан байсан. Тэгээд тэнд 2-3 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд би нилээн согтсон байсан учир Булган, Отгончимэг хоёр намайг манай гэрт хүргэж өгөхөөр хамт явсан. Замаасаа дэлгүүрээс 1 шил архи Булган, Отгончимэг хоёрт би авч өгсөн. Тэгээд манай гэрт Булган, Отгончимэг бид гурав архи ууж байгаад би тасарсан байсан. Нэг сэрсэн чинь манай дүү Оюунбилэг орж ирсэн, Булган, Отгончимэг хоёртой барьцалдсан байсан. Оюунбилэгийн хоёр талаас Булган, Отгончимэг нар барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би тэр гуравыг гурвууланг нь гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд би буцаад унтсан. Би тухайн үед их согтсон байсан. Гэхдээ Оюунбилэг манайд орж ирээд Булган, Отгончимэг нартай барьцалдсан зогсож байснаас хойшихыг бүгдийг санаж байна. Тэгээд тэр гуравыг гэрээс хөөж гаргаад буцаад унтсан. Хэзээ нь Булган, Отгончимэг нар явсаныг мэдэхгүй. Намайг сэрэхэд тэр гурав зодолдоогүй байсан. Оюунбилэгийн хоёр талаас Булган, Отгончимэг хоёр барьсан зогсож байсан. Гарах гэж байгаад хоол татаад асгасан гэж байсан. Тэр гурав гурвуулаа зүгээр байсан. Бэртэж гэмтсэн хүн байгаагүй. Манай гэрт тэр гурав хоорондоо зодолдоогүй. Манай гэрт Булган, Отгончимэг бид гурав архи ууж байсан. Нэг мэдэхэд гаднаас Оюунбилэг ороод ирсэн байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Би Булган, Отгончимэг хоёртой танилын харьцаатай. ...Надад тэр гуравыг цохиж зодсон асуудал байхгүй. ...  гэх мэдүүлэг  ,

5.Гэрч П.Эрдэнэдалайн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

…Би тэр өдөр 21 худалдааны төвийн ард байх дугуй засварын газар байж байсан чинь орой 21 цагийн үед манай эгч Оюунбилэгийн том охин Алтаншагай над руу утсаар залгаад та хүрээд ирээч Баянмөнх ахынд байгаа хүмүүс ээжтэй муудалцаад гэсэн утгатай юм хэлсэн. Би ойролцоогоор 30 минутын дараа очиход манай эгч Оюунбилэг халуун усны газартаа Алтаншагай гэх охинтойгоо хамт сууж байсан. Яасан талаар асуухад Баянмөнх ахынд байсан хоёр эмэгтэй согтуурхаад орилж чарлаад байхаар нь Оюунбилэг эгч орж шаардлага тавьсанаас болж маргалдсан гэж байсан. Миний бодлоор барьцалдаж авсан бололтой манай эгчийн толгой хавдсан байсан. Манай эгчийг тэнд байсан хүмүүс хэл амаар доромжилсон юм шиг байна лээ. ...Тэр хоёр маргалдсан гэх хүүхэн нь намайг очиход байхгүй явсан байсан. Баянмөнх ах гэртээ архи уугаад тасраад унтсан байсан. Би гэрт нь орж хараагүй. Баянмөнх ах ч гэрээсээ гарч ирээгүй. ...  гэх мэдүүлэг  ,

6.П.Оюунбилэгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

...Миний төрсөн ах Баянмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз хүүхнүүдээ гэртээ авчраад өдөржингөө архи уугаад чарлалдаад байсан. 23 цаг өнгөрч байх үед байх, архи уухаа боль явцгаа гэхэд Отгончимэг гэх хамт архи ууж байсан эмэгтэй чи миний найзыг хөөдөг хэн юм бэ, гар гэхэд архи ууж байсан хоёр эмэгтэй түлхээд толгой руу цохиод авахаар нь би зөрүүлээд гар гээд куртикнээс нь чирсэн. Ах босч ирээд гарцгаа гээд гэрээс хөөн гаргасан. Тэр хоёр эмэгтэй намайг газар унагаж байгаад өшиглөж зодсон. Маргаан болоход манай ах, би, тэр хоёр хүүхэн байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг,

-түүний яллагдагчаар дахин 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

...Хэрэг болоход манай ах Баянмөнхтэй хамт архи ууж байсан Отгончимэг, Булган нар байсан. Би тэд нарыг архи уугаад орилдоод хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь салгах гээр ахын гэр рүү орсон. Манай ахынх манайхтай нэг хашаанд байдаг. Ах Баянмөнхийн амьдарч байгаа гэр манай ээж Долгорсүрэнгийн гэр юм. Мөн би умайн хүзүү, өндгөвчний хорт хавдартай тул орой үдэш чимээ гарсан үед унтаж амарч чаддаггүй юм. Тийм учраас би ахын гэрт ахтай хамт архи уугаад байгаа хүмүүсийг явуулах гэж гэрт ороод больцгоо та нар, удаа дараа манай ахынд ирж архидсан. Энэ та нарын архи ууж, хэрүүл хийдэг газар биш явцгаа гэж хэлсэн чинь Отгончимэг гэх хүүхэн нь орон дээр хэвтэж байснаа босч ирээд чи дандаа бид нарыг хөөдөг, хэн юм гээд намайг гэрийн үүдэнд зогсож байхад ирээд барьж аваад барьцалдаж авсан чинь Булган сандал дээр сууж байснаа босч ирээд барьцалдаж авахад зуухан дээр байсан будаатай шөл цацагдаж асгараад бид гурав барьцалдаж аваад газар хамт унасан. Тэгтэл согтуу унтаж байсан ах Баянмөнх босч ирээд бид гуравыг гадаа гаргасан. Гадаа гараад хашаан дотор байхад ах намайг манай найзуудыг хөөлөө гээд загнаад байсан. Тэгээд манай ах тэр хоёр хүүхнийг та хоёр ч гэсэн одоо яв гэж хэлэхэд тэр хүүхнүүд явахгүй, ахын хоёр талаас барьж аваад хайраа, энэ тэр гээд барьцалдаж аваад газар унаад байгаа харагдсан. Тэгээд манай охин Алтаншагай гарч ирж намайг аваад хашаанд байдаг халуун ус руу орсон. Отгончимэг, Булган нарыг би зодоогүй. Булган надад чи зодоогүй гэж сүүлд хэлсэн. Би тэр хоёр хүүхнийг ганцаараа дийлэхгүй шүү дээ. Тэнд ах Баянмөнх болон Отгончимэг, Булган гэх хүүхнүүд байсан. Би ахынд ороод дөрвүүлээ болсон. Сүүлд гэрийн гадаа хашаанд байхад манай охин Алтаншагай гарч ирээд намайг аваад халуун ус руу орсон. Өөр хүн байгаагүй. Бүүр сүүлд манай төрсөн дүү Эрдэнэдалай ирсэн. Тухайн үед миний нуруу хөх няц эрээн болсон. Хацар хавантаж, хүзүүний ар хэсэг рүү хавдсан, тархи битүү хавагнасан байсан. Булган, Отгончимэг гэх хоёр хүний биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Та нар хоорондоо эвлэрээд гомдол саналгүй болбол энэ хэрэг хэрэгсэхгүй болно гэхээр нь би түргэн салахын тулд хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн. Би Отгончимэг гэх хүнд хохирлын мөнгө гэж 150,000 төгрөг өгсөн.  Булган, Отгончимэг болон Отгончимэгийн нөхөртэй нь хамт 200,000 төгрөгөөр дайлж архидуулсан. Булган бол би ичиж байна, би чамаас мөнгө авахгүй гэсэн. Отгончимэг нь 150,000 төгрөг авчихаад гомдолгүй гэсэн. Би мөнгийг нь хоёр хувааж өгсөн. Булган манай ахтай суух гээд яваад байдаг. Манай ахынд хэрэг болсон өдрөөс 3 хоногийн өмнө Отгончимэг, Булган хоёр бас ирж архи ууж байхад нь би хөөж байсан. ... гэх мэдүүлэг  ,

- 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг  ,

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15424 дугаартай актын

...1.М.Отгончимэгийн биед бүсэлхий, зүүн дал, баруун гарын тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2,3,4,5,6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

9.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Чимэд-Очир/... гэсэн дүгнэлт  ,

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15425 дугаартай актын:

...1.. Н.Булганы биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2.3.4.5.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

9.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Чимэд-Очир/... гэсэн дүгнэлт  ,

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1759 дугаартай актын:

.1.П.Оюунбилэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /Шинжээч Т.Номинцэцэг/... гэсэн дүгнэлт,

10.2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  , гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  , П.Оюунбилэгийн эзэмшлийн Нокиа 7360 маркийн гар утсыг хураан авах тухай тогтоол  , Нокиа 7360 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл  , Нокиа 7360 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  ,

11.Хохирогч М.Отгончимэгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримт 

12.Шүүгдэгч П.Оюунбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас   болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Шүүх дээрх нотлох баримтуудыг дүгнээд:

Нэг.Шүүгдэгч П.Оюунбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 12 дугаар гудамжны 15-б тоот хашаанд иргэн П.Баянмөнхийн гэрт болон гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баянмөнхийн гэрт архи уулаа гэх шалтгаанаар, давтан үйлдлээр иргэн Н.Булган, М.Отгончимэг нарыг зодож, Н.Булганы биед цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, М.Отгончимэгийн биед бүсэлхий, зүүн дал, баруун гарын тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад:

Хохирогч Н.Булганы 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн

...Баянмөнхийн гэрт нь ороод хоол хийгээд архиа задлан нэг татаад байж байтал гэрийн хаалга нүдсэн. Хаалга тайлахад Баянмөнхийн охин дүү байсан. Баянмөнх бид хоёрын хажуугаар зөрж гүйн гэрийн зүүн талд байх орон дээр хэвтэж байсан Отгончимэгийг орноос татаж унаган зуухны урд талд тавьсан байсан хоолыг цацсан. Тэгэхэд Баянмөнх чи зүгээр байсан хүмүүсийг яаж байгаа юм бэ гээд гэрийн урд хэсэгт байсан угаалтуурын хажууд байх шал угаагчаар толгойд  нь цохиход Баянмөнхийн дүү охин нь яаж байнаа гээд гэрт байсан эд зүйлийг шидэж байгаад гэрээс нь гарсан. Баянмөнх дүүгийнхээ араас гарсан. ...би Баянмөнхийн араас гарч Баянмөнхийн баруун талд байх гэрийн хаалгаар шагайхад Баянмөнх гэрийнх нь үүдэнд хэрэлдэж байсан. ...би Баянмөнхийн араас хувцаснаас татаад нааш ир гэж татахад дүү эмэгтэй нь хоолны сав шидэхэд би оногдсон. ...Би Баянмөнхийн дүү эмэгтэйн гэрээс ганцаараа гараад Баянмөнхийн гэр рүү алхаж байтал араас Баянмөнхийн дүү охин гүйцэж ирээд түлхэж унаган хоёр удаа зүүн талын цээж хэсэгт өшиглөсөн. ...Баянмөнхийн дүү эмэгтэй нь Отгончимэгийг түлхэж унагаад өшиглөж байсан. ... гэх мэдүүлэг  ,

-Мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн ... Оюунбилэг Отгончимэгийг хараад Отгончимэгийг орон дээр хэвтэж байхад орноос татаж унагаад тогоотой хоол цацаад зодоон эхэлсэн. ...Отгончимэгийг Оюунбилэг чи муу архичин авгай ахынд ирж архи уулаа, битгий энд ирж архидаж бай, би унтаж амарч чадахгүй байна гээд зодоон эхэлсэн. Гэрийн гадна хашаан дотор Оюунбилэг Отгончимэгийг түлхэж унагаасан. Отгончимэг гэдрэг саваж арагш дагзаараа унасан. ...Намайг Оюунбилэг түлхэж унагаад хавирга руу өшиглөсөн. ... гэх мэдүүлэг  ,

-хохирогч М.Отгончимэгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн ...14 цагийн үед Баянмөнх гэртээ харихаар болоод хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрч Булганы хамт хүргэж өгөхөөр гэрээс гарсан. Баянмөнхийн гэрийн гадна очиход Баянмөнх манай гэрт ороод гараач гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Замдаа ...0,75 литрийн Хараа нэртэй архи Баянмөнх авч гэрт нь бид гурав орсон. Гэрт нь ороод архинаасаа задлаад нэг уугаад байж байтал гэрийн хаалга нүдэхээр нь би битгий тайл танай дүү чинь ааштай юм байна лээ гэхэд Баянмөнх өнөөдөр манай дүү уурлахгүй оруул гээд өөрөө хаалга тайлж өгөөд оруулсан. Баянмөнхийн дүү болох эмэгтэй гэрт нь орж ирээд тогоотой хоол над руу цацаад намайг татан газар унагахад Баянмөнх дүү рүүгээ дайрч чи зүгээр байгаа хүнийг зодлоо гээд барьж аваад дүүгээ цохих шиг болсон. Дүү нь дахин тогоотой хоолоо цацаад Баянмөнхтэй зууралдан маргалдаж байгаад зугтан гэртээ орсон. Би хэсэг гэрт нь байж байгаад гараад харахад Булганыг Баянмөнхийн дүү болох эмэгтэй газар унагачихсан дэвсэн зодоод байж байсан. Би Баянмөнхийн гэрт эргэн ороод хаалга түгжээд хэсэг суусан. Булган гадаа аллаа гээд орилоод байхаар нь би гараад хартал Баянмөнх цаанаас гарч ирээд дүүгээ барьж аваад хоорондоо дахиад зодолдсон. Би Баянмөнхийг дүүгээ алах гэж байна гэж бодоод гарч очоод салгах гээд татахад Баянмөнхийн дүү болох эмэгтэй намайг түлхэн газар унаган 3 удаа өшиглөж эхэлсэн. ...Миний мэдэж байгаагаар гэрт байхдаа 2 удаа цохисон. ... гэх мэдүүлэг  ,

-Мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Тухайн өдөр Булганыг Оюунбилэг доороо хийсэн дэвсэж байсан. ...Ахынд орж ирж архидлаа гээд орж ирээд агсарч дайрсан.... гэх мэдүүлэг  , түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-шүүгдэгч П.Оюунбилэгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: ...Миний төрсөн ах Баянмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз хүүхнүүдээ гэртээ авчираад өдөржингөө архи уугаад чарлалдаад байсан. 23 цаг өнгөрч байх үед байх, архи уухаа боль явцгаа гэхэд Отгончимэг гэх хамт архи ууж байсан эмэгтэй чи миний найзыг хөөдөг хэн юм бэ, гар гэхэд архи ууж байсан хоёр эмэгтэй түлхээд толгой руу цохиод авахаар нь би зөрүүлээд гар гээд куртикнээс нь чирсэн. ... гэх мэдүүлэг   ,

-яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...би ахын гэрт ахтай хамт архи уугаад байгаа хүмүүсийг явуулах гэж гэрт ороод больцгоо та нар, удаа дараа манай ахынд ирж архидсан. Энэ та нарын архи ууж, хэрүүл хийдэг газар биш явцгаа гэж хэлсэн чинь Отгончимэг гэх хүүхэн нь орон дээр хэвтэж байснаа босч ирээд чи дандаа бид нарыг хөөдөг, хэн юм гээд намайг гэрийн үүдэнд зогсож байхад ирээд барьж аваад барьцалдаж авсан. Булган сандал дээр сууж байснаа босч ирээд барьцалдаж авсан. ... гэх мэдүүлэг  ,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15425 дугаартай акт дүгнэлт  , шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15424 дугаартай акт дүгнэлт   болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч П.Оюунбилэг нь өөрийн төрсөн ах П.Баянмөнхийн хамт нэг хашаанд тус тусдаа амьдардаг байна. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Н.Булган, М.Отгончимэг нар нь шүүгдэгч П.Оюунбилэгийн ах П.Баянмөнхийн гэрт архи уусан байх ба шүүгдэгч П.Оюунбилэг нь ахын гэрт архидлаа, амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгаанаар хохирогч нарыг зодсон, мөн хохирогч М.Отгончимэгийг ахын орон дээр хэвтлээ гэх шалтгаанаар татаж унагаан, тогоотой хоол түүн рүү авч шиджээ. Түүнчлэн П.Баянмөнхийн гэрийн гадаа гарч хохирогч Н.Булган руу сав шидэх, түлхэж унаган цээж хэсэгт нь өшиглөх зэргээр биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн хохирогч М.Отгончимэгийг орноос татаж унагаах, гадаа түлхэж унагах, өшиглөх зэргээр биед нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан байна.

Тухайн хэрэг маргаан гарахад П.Баянмөнхийн гэрт хохирогч нар архидсан,  хохирогч нарын зүй бус ажиллагаа нөлөөлсөн байх боловч нөгөө талаас шүүгдэгч П.Оюунбилэг нь П.Баянмөнхийн гэрт орж хэрүүл маргаан үүсгэсэн, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг гарчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Оюунбилэг нь хохирогч Н.Булган, М.Отгончимэг нарт би гэмтэл учруулаагүй, харин энэ хүмүүс намайг зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нь гарцаагүй  байдалд орсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хохирогч Н.Булган, М.Отгончимэг нарын биед П.Оюунбилэг нь ахын гэрт архидлаа гэх шалтгаанаар хэрүүл маргааныг анх үүсгэж, тэдний биед тус тус хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Харин шүүгдэгч П.Оюунбилэгийн биед хохирогч Н.Булган, М.Отгончимэг нар нь гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй, хэрэгт авагдсан бусад баримтаас үзвэл гэрч А.Алтаншагай нь хэрэг үйл явдал болсоны дараа өөрийн эх болох П.Оюунбилэгийг авч явсан байх ба гэрчээр мэдүүлэхдээ манай ээж тарган, туранхай хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд би шууд ээжийгээ аваад орсон. Сайн хараагүй, анзаараагүй .. гэж мэдүүлсэн ба болсон хэрэг үйл явдлыг  хараагүй байна.

Мөн гэрч П.Баянмөнх ...намайг сэрэхэд тэр гурав зодолдоогүй байсан ... тэр гурав гурвуулаа зүгээр байсан ... гэж хэргийн үйл баримтаас өөр зүйл мэдүүлсэн, гэрч П.Эрдэнэдалай нь тухайн гэмт хэрэг төгссөний дараа ирсэн буюу хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэхгүй этгээд байна. Иймд эдгээр гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой биш байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч П.Оюунбилэгийн хүсэлтээр мөрдөн байцаалтад шинжээч томилсон байх бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1759 дугаартай дүгнэлтээр П.Оюунбилэгийн биед гэмтэл тогтоогдоогүй байна.

Хохирогч нараас шүүгдэгч П.Оюунбилэгийг өөрийн төрсөн ах П.Баянмөнхтэй зодолдож байсан гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд шүүгдэгч П.Оюунбилэг нь өөрийн ах П.Баянмөнхөд санал, гомдол байхгүй гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд заасан Гарцаагүй байдал гэдэгт энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөл байдалд өөр аргаар зайлуулах боломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан.

Тулгарсан болон заналхийлсэн аюул нь илт, бодитой, ямар ч эргэлзээ төрүүлэхээргүй байх ба аюул тулгарсан гэдэг нь аюул бодитойгоор үүссэн, шууд заналхийлсэн байхыг ойлгоно. Гарцаагүй байдлын нөхцөл болон тулгарч буй, тулгарсан аюулын эх үүсвэр нь тухайлбал гамшигт байдлууд буюу гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчин, бусад золгүй явдал, ган, зуд, хүний гэмт үйл ажиллагаа гэх мэт олон зүйлийг хамааруулж ойлгоно.

Дээрх гэмт хэргийн тухайд хохирогч Н.Булган, М.Отгончимэг нар нь шүүгдэгч Б.Оюунбилэгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан, түүнийг заналхийлсэн, зайлшгүй эрүүгийн хуульд заасан үйлдэл, гэмт хэрэг хийх нөхцлийг бүрдүүлсэн аюул, заналхийлсэн нөхцөл байхгүй бөгөөд шүүгдэгч П.Оюунбилэг өөрөө иргэн П.Баянмөнхийн гэрт орж эд хөрөнгийг нь авч шидэж, хохирогч нартай хэрүүл маргаан үүсгэж, гадаа гарсан үед нь зодох зэргээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн гарцаагүй байдалд орсон гэсэн үндэслэлээр цагаатгах тухай санал тус тус хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан бөгөөд гэмт хэрэг давтан үйлдэх нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг, нөгөө талаас субъект нь хоёр ба түүнээс дээш тооны нэг буюу нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг онцлогтой.

Шүүгдэгч П.Оюунбилэг нь хувийн сэдэлттэй үүссэн маргааны улмаас М.Отгончимэгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн Н.Булганы эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, хохирогч нарын бие, эрүүл мэнд нь өөр өөр объект төдийгүй, тухайн гэмт хэргүүдийг үйлдэх санаа зорилго тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч П.Оюунбилэгийг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Оюунбилэгийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Оюунбилэгийг хохирогч М.Отгончимэг, Н.Булган нарт тус тус хөнгөн гэмтэл учруулсан ... гэсэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлсэн давтан гэсэн шинжийг бичээгүй орхигдуулсан, харин үйлдэл тус бүрээр нь тус тус хөнгөн гэмтэл учруулсан гэж ялалж бичсэн байх бөгөөд шүүхээс П.Оюунбилэгт холбогдох хэргийн зүйлчлэл нь өөрчлөгдөхгүй буюу хүндрүүлэх нөхцөл байхгүй гэж үзэж, яллах дүгнэлтэд гаргасан алдааг зөвтгөн хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тухай.

Шүүгдэгч П.Оюунбилэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Отгончимэг, Н.Булган нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч М.Отгончимэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэт авиан оношилгоо хийлгэсэн тухай баримт, үзлэг хийлгэсэн баримт болон 20,000 төгрөгийн шатахууны баримт зэргийг хэрэгт ирүүлсэн, хохирогч Н.Булган гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүгдэгч П.Оюунбилэг нь мөрдөн байцаалтад хохирогч М.Отгончимэгийн эмчилгээний зардалд 145,000 төгрөг нөхөн төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар нь мэдүүлсэн. Хохирогч Н.Булган нь мөрдөн байцаалтад хохирлын төлбөр нэхэмжлэхгүй, цаашид гомдол саналгүй гэсэн байна.

Иймд шүүгдэгч П.Оюунбилэгийг хохирогч М.Отгончимэг, Н.Булган нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч П.Оюунбилэг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч П.Оюунбилэгт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч М.Отгончимэгт хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нь шүүгдэгч П.Оюунбилэгт албадан ажил хийлгэх ял шийтгэх тухай саналыг өмгөөллийн саналдаа гаргасан.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар шүүгдэгч П.Оюунбилэгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 70 хувиар тогтоож, шийдвэрлэсэн   байна.

Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т хөдөлмөрийн чадваргүй этгээд...-д албадан ажил хийлгэх ял оногдуулахгүй гэж заасан.

Хөдөлмөрийн чадваргүй этгээд гэдэгт хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан буюу групп тогтоолгосон этгээд хөдөлмөрийн чадваргүйд тооцогдоно.

Иймд хуульд зааснаар шүүгдэгч П.Оюунбилэгт албадан ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм. Нөгөө талаас шүүгдэгчийн биеийн байцаалтыг шинэчлэн авахад эрхэлсэн ажилгүй байх ба, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсан этгээд нь ажил эрхлэх нь хуулиар боломжгүй юм. Иймд түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй.

Иймээс шүүх шүүгдэгч П.Оюунбилэгийн хувийн байдлыг харгалзан, хуульд зааснаар түүнийг баривчлах ялаар шийтгэсэн ба өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч П.Оюунбилэг нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Лхам овгийн Пүрэвдагвын Оюунбилэгийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвдагвын Оюунбилэгийг 3 /гурав/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оюунбилэгт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч П.Оюунбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлээгүй болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч П.Оюунбилэг нь хохирогч М.Отгончимэгт төлөх төлбөргүй,  хохирогч Н.Булган нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Оюунбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан П.Оюунбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА