Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2198

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01805 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК -д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан, Д.Ундрахтамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК -д ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн боловч гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 тоот тушаалаар үндэслэлгүйгээр халагдсан. Өөрөөр хэлбэл инженерийн суурь мэдлэгийг шалгах гэсэн нэртэй шалгалт аваад, үүнд нь хангалтгүй дүн авсныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж үзэж Б.Энхтуяаг ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК  шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, Д.Алтайсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК -д маркетинг, гэрээ хэлтсийн ажилтнаар туршилтын хугацаагаар томилогдон 2015 оны 10 дугаар сараас үндсэн ажилтнаар ажилласан. М ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаартай тушаалаар М ХХК -ийн ажилтны аттестатчиллах журмыг шинэчлэн баталж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр журамд заасны дагуу үндсэн ажилтнуудаас аттестатчиллын эхний шалгалтыг цахим сүлжээгээр авч хариуг нь тэр даруй шалгуулагчид танилцуулан гарын үсэг зуруулсан. Аттестатчиллын эхний шалгалтад үйл ажиллагааны газрын борлуулалтын хэлтсийн ажилтан Б.Э нь 53 хувь буюу 40 оноо авсан бөгөөд харьяалах газрын захирлын өгсөн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан хэрэгжилтийн оноо, мэргэжил ур чадварын түвшинг үнэлэх оноог нэмснээр нийт 55 оноогоор үнэлэгдэж журмын дагуу тэнцээгүй бөгөөд журмын 6.8 дахь заалтын дагуу эхний шалгалтанд тэнцээгүй ажилтнуудаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр давтан шалгалтыг зохион байгуулж авсан. Давтан шалгалтад Б.Э нь нийт 58 оноогоор тэнцээгүй. Давтан шалтгалтын дүнг Б.Энхтуяад танилцуулж уг журмын 5.7-д аттестатчиллын дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан гомдлоо дүнг танилцуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор аттестатчиллын комиссын даргад бичгээр гаргана гэж заасан. Давтан шалгалтын дүнг танилцуулснаас хойш Б.Э нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. М ХХК -ийн ажилтныг аттестатчиллах журмын 6.8-д Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу 60-аас доош оноо авсан ажилтнууд 1 сарын дотор бэлтгэж, дахин шалгалт өгөх ба дахин хангалтгүй үнэлгээ үзүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаалчилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу аттестатчиллын комисс давтан шалтгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн 3 ажилтны шалгалтын материалыг компанийн хүний нөөцийн зөвлөлд танилцуулж хэлэлцүүлсэн. Хүний нөөцийн зөвлөлийн хурлаас аттестатчиллын шалгалтанд давтан хангалтгүй үнэлгээ үзүүлсэн 3 ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Энхтуяад 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдлийг хүлээлгэн өгч, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/202 дугаар тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК -нд холбогдох Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 974 721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл  мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Э-ийн хувьд гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгэн, байгууллагын захирлын тушаалаар сар бүр урамшуулал цалин авсан байсан үйл баримт тогтоогдсон. Үүнийг хариуцагч тал шүүх хуралдааны явцад асуулт хариултын үе шатанд тайлбарлахдаа ажил үүргээ гүйцэтгэсэн хүнд олгодог цалин болохыг тодорхойлсон. Мөн шалгалт авсан баримт бичиг, түүний агуулга нь Б.Э-ийн ажилын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ур чадвартай огт холбоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил буюу Дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтан гэх албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод зааснаар дараах ур чадвар буюу албан хэрэг хөтлөлтийн зохих мэдлэгтэй, англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, багаар хамтран ажиллах, зөв хандлагатай, санаачлагатай байх, асуудалд тэвчээртэй хандах, дүн шинжилгээ хийх, маркетингийн төлөвлөгөө, судалгаа боловсруулах чадвартай байхаар тусгасан байна. Гэвч шүүх хуралд дээрх ур чадваруудын алийг нь хэрхэн шалгасан, ямар үзүүлэлтээр тухайн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон нь тодорхой, үүнийг хариуцагч байгууллага нотлоогүй. ...Б.Э-ийн ажлын байрны чиг үүрэгт тусгай мэргэжил эзэмшээгүй, ур чадвар дутмагаас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгааг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй. Инженерийн суурь шалгалтанд хангалтгүй үнэлгээ үзүүлсэн гэсэн тайлан л байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

                Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 974 721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/117 тоот тушаалаар маркетинг, гэрээ хэлтсийн ажилтнаар туршилтын хугацаагаар, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/340 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 дугаартай тушаалаар Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтнаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3, Ажилтныг  аттестатчиллах журмын 6 дугаар бүлгийн 6.8 дахь хэсгийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 3, 4-10,  22-32, 60, 158-167/

М ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 тоот тушаалаар М ХХК -ийн ажилтны аттестатчиллах журмыг 1 дүгээр хавсралтаар, гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/186 тоот тушаалаар ажилтнуудын мэргэжлээр ур чадварын түвшин тогтоох, арга зүй, удирдлага зохион байгуулалтыг хангах Аттестатчиллын байнгын комиссыг хавсралтаар тус тус баталж, уг журмаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол тэнцээгүй гэж дүгнэж, тэнцсэн ажилтны цалингийн шатлалыг ахиулан тогтоох, тэнцээгүй ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлахаар заасан байна. /хх 33-36/

М ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 тоот тушаалаар баталсан “Ажилтныг аттестатчиллах журам”-ын 6.8-д Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу 60-аас доош оноо авсан ажилтнууд нэг сарын дотор бэлтгэж, дахин шалгалт өгөх ба дахин хангалтгүй үнэлгээ үзүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

М ХХК -ийн аттестатчиллын комиссын зохион байгуулсан аттестатчиллын шалгалтанд нэхэмжлэгч Б.Э нь эхний шалгалтын нийт дүн 55 оноо, дахин шалгалтын нийт дүн 58 оноог тус тус авч мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь аттестатчиллын шалгалтын тайлангаар тогтоогдож байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 49, 63-78, 132-133, 134-138/

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн талаар талууд маргаагүй /хх 60/ байх тул шүүх ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлтэй гэж дүгнэн, Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 2 974 721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь аттестатчиллын шалгалтын тайлангын үнэлгээний талаар маргаагүй бөгөөд аттестатчиллын комисс тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэг, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд хамааралгүй асуудлаар шалгалтыг авсан гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аттестатчиллын байнгын комисс ажилтнуудын аттестатчиллын шалгалтыг зохион байгуулах ажлын удирдамжийг батлуулан, тус комиссын дарга, гишүүд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Инженерийн суурь мэдлэг бүхий ажилтнуудаас авах шалгалтын агуулга, ерөнхий сэдэв” баталж нийт ажилтнуудад дотоод сүлжээгээр хүргүүлж, мэдээлсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН