Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

  2024           01          11                                       2024/ШЦТ/85

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн *** тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 3 дугаар сарын 22-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа нүүрс зөөх мах шулах зэрэг ажил олж хийдэг, ам бүл 2, ээжийн хамт *** дүүргийн *** хороо *** тоотод оршин суух хаягтай,

урьд: 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 242 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилээр хойшлуулж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг эцэг эхэд нь даалгаж шийдвэрлэсэн, *** овгийн ***ын *** /РД: ***/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоот хашааны гадна үүдэнд гаргаж тавьсан байсан хохирогч ***ийн эзэмшлийн 2 ширхэг хурган дотортой дээлийг гээгдэл эд зүйл гэж ойлгон бусдын эзэмшил ашиглалтад байгаа гэдгийг мэдсээр байж, хувьдаа завшиж бусдад 1.400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоот хашааны гадна үүдэнд гаргаж тавьсан байсан хохирогч ***ийн эзэмшлийн 2 ширхэг хурган дотортой дээлийг гээгдэл эд зүйл гэж ойлгон бусдын эзэмшил ашиглалтад байгаа гэдгийг мэдсээр байж, хувьдаа завшиж бусдад 1.400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ..” гэх мэдүүлэг,

 

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ийн өгсөн: “…2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөөний 07 цагийн орчим айл руу явах гээд гэрээсээ хоёр хурган дээл авч гараад хашааны гадаа үүдэндээ гаргаж тавьчхаад гэр рүүгээ ороод буцаад гараад ирсэн миний гаргаж тавьсан 2 дээл алга болсон байсан тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй учир нь би эмнэлгийн ажилтай байсан тэгээд өнөөдөр өглөө гэрийнхээ хажууд байх дэлгүүрийн камер шүүж хартал үл таних залуу манай хашааны гадна ирээд хоёр дээлийг аваад явсан байсан тэгээд дэлгүүрийн ах тэр залууг ***ын гадаа ажилладаг залуу байна гэхээр нь ***ын гадна байх хүмүүсээс тухайн залууг асуухад надад зааж өгсөн тэгээд ***ын гадна бараа зардаг үл таних эгчид миний 2 дээлийг 590.000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

3.Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч ***ын өгсөн: “…Би 2023 оны 10 дугаар сарын 13-ний өглөө эрт гэрээсээ гараад гудамж уруудаад явж байсан урагшаа зам руу харсан ногоон өнгийн дааман хаалгатай хашааны гадаа шар ууттай хоёр дээл газар байж байсан. Би ойр орчим хүн хараад байхгүй болохоор нь хаясан юм байх гээд авч яваад СХД-ийн ***ын гадаа хувцас зардаг эгчид 600,000 мянгад өгнө гэж яриад тухайн үедээ 550.000 мянган төгрөг бэлнээр аваад 50,000 мянган төгрөгийн дараа авахаар болоод ээжийгээ дуудаад ээждээ 500.000 мянган төгрөгийн өгөөд би өөрөө 50.000 мянган төгрөгийг аваад Ээжид хүний эд зүйл олоод зарсан гэж хэлээгүй бөгөөд тухайн дээл худалдаж авсан гэх хүнд ажил хийж өгөөд цалингаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд ээж бид 2 өөртөө хэрэгцээтэй зүйл болон ахуйн хэрэглээний зүйлс аваад гэртээ харьсан. Миний олж авсан дээл цэнхэр өнгийн хурган дотортой эрэгтэй, эмэгтэй том хүний дээлнүүд байсан. Би тухайн хоёр дээлийг гадаа хаячихсан юм байх гээд авч яваад СХД-ийн ***ын гадаа хувцас зардаг эгчид 600,000 мянгад өгнө гэж яриад тухайн үедээ тэр эгчээс 550.000 мянган төгрөг бэлнээр аваад 50,000 мянган төгрөгийн дараа авахаар болоод өөртөө хэрэгцээтэй хувцас болон ахуйн хэрэглээний зүйл авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас, 47-48 дугаар хуудас/

 

4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***гийн өгсөн: “…Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өглөө гэртээ байсан манай хүү *** над руу утасдаад СХД-ийн ***ын гадаа хүрээд ир ээжээ би цалингаа авах гэж байна та хүрээд ир гэхээр нь яваад очтол ***ын гадна наймаа хийдэг нэг эмэгтэйтэй хамт зогсож байсан тэгээд тэр эмэгтэй надад 500.000 төгрөгийг мянган төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тэр мөнгийг нь аваад хүү бид 2 зах ороод хувцас болон хүнсний зүйл авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

5.Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн: “…Би СХД-ийн нутаг дэвсгэрт байх ***ын гадаа жижиг худалдаа эрхэлдэг 2023 оны 10 дугаар сарын 13-ний өглөө наймаагаа хийгээд сууж байсан манай хажууд ногооны лангуу дээр ажилладаг зүс таних залуу ирээд дээл авах уу надад хурган дотортой хоёр дээл байна 600,000 мянгад өгнө гэж яриад байхаар нь би тэр залууд 550.000 мянган төгрөг бэлнээр өгөөд 50,000 мянган төгрөгийн дараа өгөхөөр болоод тэр залуу ээжийгээ дуудахаар нь ээжид нь 500.000 мянган төгрөгийн өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 21 дүгээр хуудас/

 

6.Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, эрэн сурвалжлалт зарлах тухай /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 47-51 дэх хуудас/, 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 242 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-61 дүгээр хуудас/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 64-дүгээр хуудас/, ***ийн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “ Шүүгдэгч *** нь бусдын өмчлөл, эзэмшилд байсан хоёр үстэй дээлийг авч, хувьдаа завшсан гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай...” гэжээ.

 

Дээрх нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших”  гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Завших гэж бусдын өмчлөл, эзэмшилд байгаа өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор заажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэрээр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоот хашааны гадна үүдэнд тортой гаргаж тавьсан байсан хохирогч ***ийн эзэмшлийн 2 ширхэг хурган дотортой дээлийг гээгдэл эд зүйл гэж ойлгон бусдын эзэмшил ашиглалтад байгаа гэдгийг мэдсээр байж, хувьдаа завшиж бусдад 1.400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***т 1.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд хохирогч ***т 2 ширхэг дээлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна. Харин иргэний нэхэмжлэгч ***т 550.000 төгрөгийг хохирол учирсан байх тул шүүгдэгч ***аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т олгохоор шийдвэрлэв.

Хоё.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

 

            Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас:“...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай ...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогосоос:”...Шүүгдэгч нийтэд тустай ажил хийхээр орлогогүй болно. Иймээс түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү...гэжээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 заалтад заасан учруулсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон, иргэний нэхэмжлэгчид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ***д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***аас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ