| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0080/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
2023 01 15 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал
улсын яллагч Ж.Сувданчимэг
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *** овогт ***ийн ***д холбогдох эрүүгийн *** тоот 1 /нэг/ хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, эх, дүү, найз охин нарын хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /РД:***/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ээс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шене Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** бааранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч ***ын нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь "хоёр шүдний хугарал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 31-ээс 2023 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** бааранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч ***ын нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь "хоёр шүдний хугарал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна ...” гэв.
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар ***ийн өгсөн: “…2023 оны 10 дугаар сарын 31-нд 23 цагийн үед найз *** болон ***гийн эхнэр *** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** хүнсний дэлгүүрийн ойролцоо уулзаад "***" гэх нэртэй караоке ороод бид 3 юм ярьж сууж байгаад нийт 12 ширхэг шилтэй пиво уучхаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ны 02 цагийн үед бид 3 Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд ороод юм ярьж сууж байгаад 6 шил пиво уучхаад манай 2 найз түрүүлээд гараад явсан. би удалгүй араас нь гараад явсан. Ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн: “…2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** бааранд 22 цагийн үед ах ***тай хамт ороод бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд тайзан дээр бүжиглэж байтал танихгүй согтуу залуу над руу ойртож ирээд миний нүүр лүү шууд гараараа 1 удаа цохиод би гараараа нүүрээ дарсан чинь нүүр лүү 1 удаа хөлөөрөө өшиглөөд 2 шүд хугалсан. Тэгээд тэр танихгүй залуу гараад зугтсан би араас нь хөөж барьж аваад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа хүрээд ирсэн. Тэр танихгүй залуу нүүрлүү 1 удаа гараараа цохиод 1 удаа хөлөөрөс өшиглөөд миний 2 шүдийг хугалсан. Өөр гэмтэл, шарх учруулаагүй. Ямар ч шалтгаангүй цохисон, намайг зүв зүгээр бүжиглэж байхад ирээд цохиж эхэлсэн. Баарны бармен эгч харсан, тэнд бас олон хүмүүс бүжиглэж байсан. Бас камерт бичигдсэн байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “…2023 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн дүү ***ын хамт байж байгаад 22 цагийн үед ***ын хамт Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд орсон. Тэгээд би бааранд бүжиглэж байгаад тамхилах гээд баарнаас ганцаараа гараад явсан. Удалгүй манай төрсөн дүү *** баарнаас гарч ирээд намайг зодоод миний шүдийг хугалчихлаа гээд байсан. Би тухайн үед баарны гадна талд байсан болохоор тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13916 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...***ын биед хоёр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
6. гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч *** нь хохирогч ***ын биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэжээ.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрх”-д халдаж, хохирогч ***ын нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь "хоёр шүдний хугарал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд шүүгдэгч *** өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч ***ийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүх хуралд улсын яллагчаас: “...шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай ...” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгазан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч ***ийн хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Хохирогч *** нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ