Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/962

 

 

 

 

 

 

 

 

  2024        09          05                                   2024/ШЦТ/962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Н.С-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

...... овогт Н.С /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.С нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ........... тоотод хувийн таарамжгүй харилцаа, хохирогчийн биеэ зохисгүй авч явсан үйлдлийн улмаас хохирогч М.Н-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа цохих, хумсаараа маажих, хөлөөрөө өшиглөх зэргээр хохирогчийг зодож, духны баруун хэсэгт 3x0.5см, баруун хацарт босоо байрлалтай 6x0.3см, 5x0.4 см, 2x0.5 см, 0.5x0.3см, уруулд 0.7x0.5см, эрүүний зүүн доод хэсэгт 2.5х0.5см, хүзүүний баруун хэсэгт 2.5х0.4 см, цээжинд гол хэсэгтээ 12x0.5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай маажсан, хүзүүний зүүн дунд хэсэгт 1x1 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 9x2см, ар дунд хэсэгт Зх2.5см, зүүн бугалганы дотор дунд 1x2 см, шилбэний урд дунд хэсэгт 8x6 хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн гарын 2 дугаар хуруу 2-р үенд хавдсан, хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

 

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Н.С-тэй найз нөхдийн холбоотой болоод 5 жил орчим болж байна. 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр С миний утас руу залгаад “ээж эмнэлэгт хэвтсэн ганцаараа байна, манай гэрт хүрээд ир” гээд байсан. Тэр үед би завгүй байсан учир С-ийн гэрт очиж чадаагүй. Тэгээд маргааш буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр С бас миний гар утас руу залгаад “хүрээд ир” гэхээр нь би тэдний гэрт буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “........” хотхонд очсон. Тухайн үед би тэдний гэрт орохдоо замаараа дэлгүүр ороод 0.33 литрийн шилтэй “Хараа” архинаас 1 шилийг авч орсон. Тэр архийг С бид хоёр хувааж уучихаад мөнгөө нийлүүлж байгаад дахиад 0.33 литрийн шилтэй архи авсан. Би тэр архинаас 2-3 шот уусан. Тэгээд бид хоёр юм ярьж суугаад орой болсон болохоор нь унтах гээд хэвтсэн чинь С-ийн найз залуу Б орж ирсэн. Тэр үед би шалан дээр хэвтэж байгаад 20 минут орчим унтаад сэрсэн. Тэгсэн чинь С учир зүггүй намайг “яв зайл” гээд хөөгөөд байхаар нь босоод явах гэтэл С найз залуутайгаа орон дээр хэвтэж байгаад босож ирээд намайг “ямар овоо муу гичий вэ” гэж хэлээд миний зүүн хацар, дух эрүүний доор, зүүн гарын шуу, цээж хэсгийг гараараа маажаад, баруун гарын бугалга, зүүн гарын долоовор хуруу руу гараараа 1 удаа цохиж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний үснээс зулгааж татаад намайг зодож байх үед С-ийн найз залуу Б босож ирээд болиулсан. Миний зүүн хацар, дух, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэ, баруун гарын булчин хэсэгт шалбарсан одоо сорви үлдсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,

 

- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би ажлаа тараад 19 цагийн үед найз охин С-ийн гэрт ирсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь гар утас руу нь залгасан. Гар утас нь дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Би залгаж байхдаа гэрийнх нь хаалганы гадна талд чагнахад С-ийн гар утас нь гэр дотор дуугараад байсан. Тэгээд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь би С-тэй цуг байгаа Н-ийн утас руу залгасан чинь мөн адил С-ийн гэрт дуугарч байгаад холбогдох боломжгүй болсон. Тухайн үед би С-ийн гэрийн гадаа 1-2 цаг орчим хүлээж байгаад хаалгаа тайлахгүй болохоор нь явж байсан чинь С өөрөө миний утас руу залгаад хаалгаа тайлж өгсөн. Намайг С-ийн гэрт орох үед Н согтуу зурагтын хажууд шалан дээр унтаж байсан. С нэлээд унтаад босоод ирсэн арай гайгүй байсан ба надад хоол хийж өгөх гээд боссон. С хоол хийж байхад Н босож ирээд С-ээс архи нэхээд “1 шил архи үлдсэн байх ёстой” гэж орилоод С, Н хоёр хоорондоо хэрэлдээд янхан, банзлаараа дуудалцаад эхэлсэн. Тэр үед би “одоо наад архи дарсаа боль” гэж хэлсэн. Тэгсэн чинь Н манай найз охин С-ийн урьд үерхдэг байсан хүмүүсийг хэлээд “чи одоо ч бас тэд нартайгаа явалддаг биз дээ” гээд тэр хоёр маргалдаж байгаад хоёр биеэ үсдээд маажилцаад байсан тул би гүйж очиж салгаад 2 тийшээ болгосон. Дахин муудалцаад хоёр биерүүгээ дайраад Н  гэрийн хаалга онгойлгоод “танай найз охин чинь янхан, гичий шүү дээ” гээд орилж байгаад цагдаа дуудсан. Хоёр талаасаа үсдэлцээд маажилцаад байсан. Хэн хэнийгээ хаана хэдэн удаа яаж цохисныг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

 

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: 1.Н.Н-ийн биед дух, баруун хацар, уруул, эрүү, хүзүү, цээж, 2 шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дахь тал/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.С нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ............. тоотод хувийн таарамжгүй харилцаа, хохирогчийн биеэ зохисгүй авч явсан үйлдлийн улмаас хохирогч М.Н-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа цохих, хумсаараа маажих, хөлөөрөө өшиглөх зэргээр хохирогчийг зодож, духны баруун хэсэгт 3x0.5см, баруун хацарт босоо байрлалтай 6x0.3см, 5x0.4 см, 2x0.5 см, 0.5x0.3см, уруулд 0.7x0.5см, эрүүний зүүн доод хэсэгт 2.5х0.5см, хүзүүний баруун хэсэгт 2.5х0.4 см, цээжинд гол хэсэгтээ 12x0.5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай маажсан, хүзүүний зүүн дунд хэсэгт 1x1 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 9x2см, ар дунд хэсэгт Зх2.5см, зүүн бугалганы дотор дунд 1x2 см, шилбэний урд дунд хэсэгт 8x6 хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн гарын 2 дугаар хуруу 2-р үенд хавдсан, хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: 1.Н.Н-ийн биед дух, баруун хацар, уруул, эрүү, хүзүү, цээж, 2 шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, тайлбар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуун би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.С нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ............. тоотод хувийн таарамжгүй харилцаа, хохирогчийн биеэ зохисгүй авч явсан үйлдлийн улмаас хохирогч М.Н-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа цохих, хумсаараа маажих, хөлөөрөө өшиглөх зэргээр хохирогчийг зодож, духны баруун хэсэгт 3x0.5см, баруун хацарт босоо байрлалтай 6x0.3см, 5x0.4 см, 2x0.5 см, 0.5x0.3см, уруулд 0.7x0.5см, эрүүний зүүн доод хэсэгт 2.5х0.5см, хүзүүний баруун хэсэгт 2.5х0.4 см, цээжинд гол хэсэгтээ 12x0.5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай маажсан, хүзүүний зүүн дунд хэсэгт 1x1 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 9x2см, ар дунд хэсэгт Зх2.5см, зүүн бугалганы дотор дунд 1x2 см, шилбэний урд дунд хэсэгт 8x6 хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн гарын 2 дугаар хуруу 2-р үенд хавдсан, хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул  шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Н.С нь хохирогч М.Н-ийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Н.С нь хохирогч М.Н-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.С-ийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.С-ийн үйлдсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхээс шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг түүний байнга оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч Н.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно” гэв.

Шүүх шүүгдэгч Н.С-д эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэх, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 1 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалт тогтоосон арга хэмжээг тухайн хугацаанд зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Н.С нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.С-д өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ....... овогт Н.С-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчийг 1 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалт тогтоосон арга хэмжээг тухайн хугацаанд зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

           

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.АЮУШЖАВ