| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0658/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/689 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/689
2024 09 05 2024/ШЦТ/689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч “***” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор боржигон овогт “***”“***”т холбогдох эрүүгийн 2405000001085 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “***” оны 10 дугаар сарын 05-ны өдөр “***” төрсөн, “***”, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт “***” оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бор боржигон овогт “***”“***” /АС98100518/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “***”“***” нь 2024 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз “***”тэй маргалдаж, улмаар хохирогч “***”гийн толгойн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.”***” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч “***”:
“...2024 оны 06 дугаар сарын 20-ны шөнө манай найз болох “***” хөдөөнөөс ирчихлээ гараад ир гэсэн, за гарлаа гэж хэлээд удаагүй байхад гэрийн гадаа “***”, О.Эрдэнэбаатар нар намайг авахаар ирсэн. Бид нар “***” хажууд байрлах “011” дэлгүүрээс “Сэнгүүр” нэртэй 0,5 лаазтай пиво 12 ширхгийг авч “***” бид 2 ууж явсан, О.Эрдэнэбаатар машин барьж яваад бид хоёрыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын эсрэг талд байрлах нэрийг нь мэдэхгүй караоке руу орж “Сэнгүр” нэртэй 0,5 лаазтай пиво 2,2 ширхгийг уусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд “Бичил” хорооллын эсрэг талын ““***”” төвийн гадаа найз “***”т зодуулж байсан. Миний баруун нүд хөхөрч урд талын үүдэн шүд хугарсан, толгой өвдөж байна. ...2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 цагт найз “***” манай гэрийн гадаанаас ирж намайг авсан, бид нар уулзаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэрийн мэдэхгүй бааранд орж “Эдэн” нэртэй архи “Сэнгүүр” пиво авч уусан тухайн баарнаас гараад буудал орж унтах зорилгоор буудал хайж яваад “247” нэртэй буудлын урд талд хэрүүл маргаан хийж эхэлсэн. “***” манай дүү Пүрэвсүрэнг муулаад байхаар нь уур хүрээд бид 2 хэрүүл, маргаан хийж хоорондоо зодолдсон. “***” миний нүүр хэсэгт баруун гараараа 20-30 удаа цохисон байх, миний шүд хугарч, нүд хөхөрсөн байсан. ...”***” миний нүүр хэсэгт цохиж зодсон, миний шүд хугарсан, нүд хөхөрсөн, уруул сэтэрсэн байсан. Би “***”тай барьцалдаж авсан, нүүр хэсэгт нь 2 удаа цохисон гэсэн боловч оноогүй. ...эмнэлэгт үзүүлээгүй, эм тариа авсан баримт байгаа. ...гомдолтой хохирлоо барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг, /хавтас хэргийн 13-14, 17-18-р хуудас/,
“...Хохирогч “***”гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт...” /хавтаст хэргийн 25-26-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Бадралын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8673 дугаартай шинжээчийн:
“...”***”гийн биед баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний цөгцний хугарал, эмтрэл, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***” нь хохирогч “***”гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “***” нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “***” нь:
2024 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ““***”” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз “***”тэй маргалдаж, улмаар хохирогч “***” гийн толгойн тус газар нь гараараа цохиж халдсаны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний цөгцний хугарал, эмтрэл, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь “***” нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Харин хохирогч “***” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “***”ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405000001085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор боржигон овогт “***” “***”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 / таван зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “***” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ