Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/182

 

 

 

 

 

 

2024        09            09                                    2024/ШЦТ/182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Н******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н*******т холбогдох эрүүгийн 2415000000173 дугаартай, 163/2024/0184/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* Н*******, ******* аймгийн ******* суманд ... оны 09 дүгээр сарын .....-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хороо 9 дүгээр хэсэг******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, бариач мэргэжилтэй, “Хос артын хийморь” гурилын үйлдвэрт гурил хэрчигч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н******* нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/249 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн цусан дахь спиртийн агууламж 0.6 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах аймгийн Цагдаагийн газрын үүдэнд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн  аймгийн сумын 5 дугаар багийн нутагт ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

              -Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/249 дугаартай “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Б******* овогт Б******* Н*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

              -Гэрч Б.Д “...2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 17 цаг 30 минутын үед ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл цагдаагийн газрын албаны тээврийн хэрэгсэл тавьдаг зогсоолд орж ирж зогсохоор нь очоод энд албаны тээврийн хэрэгсэл тавьдаг гаднын машин зогсоохыг хориглодог зогсоолд машинаа тавиараа гэж хэлэхэд тус машины жолооч эмэгтэй нөхрийгөө чи ухраагаад урд зогсоолд тавьчих гэхэд нөхөр нь чи өөрөө тавь гэхэд эхнэр нь би өргөдлөө өгчхөөд гараад ирье хүүхэд уйлаад байна гэж хэлээд эхнэр нь цагдаагийн газар руу ороод нөхөр нь тээврийн хэрэгслийг жолоодон ухрааж байхад нь би цагдаагийн газар руу орж ирсэн. Удалгүй замын цагдаагийн зохицуулагч ахлах дэслэгч Ц.Б, ахлах ахлагч Б нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд дагуулж орж ирээд замын цагдаагийн тасгийн өрөө рүү авч явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

              -Гэрч Г.Ө “...Өчигдөр орой галын наадмын үеэр найз нартайгаа архи уусан байх. Хэдэн шил архи уусан эсэхийг мэдэхгүй байна шөнө 3- 4 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэрнээс хойш архи уугаагүй. Цагдаагийн хашаан дотроос гадаа хаалга хүртэл ойролцоогоор 100 метр газар тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

              -Гэрч Ц.Бийн “...2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 17 цагийн үед цагдаагийн газрын урд талын зогсоол дээрээс ******* улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд явахаар нь тухайн жолоочийг зогс гээд дохиход зогсохгүй хөдлөөд явсан араас нь очоод тухайн жолоочийг шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үнэртээд байсан болохоор нь цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт орж согтуурал шалгах багажаар үлээлгэж үзэхэд 0,51 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

              - аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Н******* гэж хаягласан цуснаас 0.6 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

              -Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны №20 дугаартай “...******* улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Н******* /РД:/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэсэн магадалгаа, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

          -Яллагдагч Б.Н*******ын “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

          -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н******* “...Алтаргана наадам дээр архи уугаад маргааш өглөө нь эхнэр цагдаагийн газар орчхоод ирье гээд аймагт орж ирсэн. Цагдаагийн газрын зогсоол дээр машинаа таньсан чинь машинаа холдуул гэж хэлсэн. Эхнэр өргөдөл өгчхөөд ирье гээд би хашаанаас машинаа гаргаж байхад цагдаа зогсоож цагдаагийн газар луу авч орсон...” гэв.

                                                                                     зэрэг нотлох баримт болно.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Н******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай дүгнэлтээр Б.Н*******ын цусанд 0.6 хувь спиртийн агууламж илэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.

Б.Н*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/249 дугаартай шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.

Б.Н*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Н*******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул Б.Н*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэх саналтай байна...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 61 дэх тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 64 дэх тал зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Н*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Н*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Н*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Б.Н*******т сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно гэж” заасан тул  шүүгдэгч Б.Н*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.3.Бусад асуудал:

Шүүгдэгч Б.Н******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н*******т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Н******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ