Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2025/00084

 

 

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дүгээр шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 203/МА2025/00009 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Н д холбогдох

кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,146,683.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А  /цахимаар/, Д , П , Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Н д холбогдуулж кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,146,683.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н аас 10,953,910.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,192,773.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,297.99 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н аас 190,212.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 203/МА2025/00009 дүгээр магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “хариуцагч Н аас 10,953,910.03 төгрөгийг” гэснийг “хариуцагч Н аас 7,882,305 төгрөгийг” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 1,192,773.08 төгрөгийг” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас 4,264,378.11 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Н аас 190,212.5 төгрөгийг” гэснийг “хариуцагч Н аас 141,066.88 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.02.05-ны өдрийн 203/МА2025/00009 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

144/ШШ2024/00204 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч "Г” ХК-тай хариуцагч Н ын 2018.02.21-ний өдөр байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4,990,044.65 төгрөг, үндсэн хүү 5,963,865.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,715,658.91 төгрөг, нийт 17,669,568.94 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т нийцүүлэн Банк нэхэмжлэлийн шаардлагаа 5,522,885.83 төгрөгөөр багасгаж 12,146,683.11 төгрөг болгон нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас үндсэн зээл болон үндсэн хүүгийн төлбөрт 10,953,910.03 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Давж заалдах шатны шүүхийн 203/МА2025/00009 тоот магадлалд: “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зээл гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг "хүү" гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зааснаас дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх хуулиудийг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй талаар дүгнэсэн боловч хариуцагчийг зээлийн гэрээний хугацаа буюу зөвхөн 2 жилийн хугацаанд хариуцагчийг зээлийг ашигласан гэж үзэж үндсэн зээлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцсон нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч “Г" ХК-тай хариуцагч Н  нь 2018.02.21-ний өдөр кредит карт ашиглах гэрээ байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаа болох 2019.05.17-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн картыг ашиглаж зээл авч буцааж төлж ашигласан үйл баримт байдаг. Хэргийн материалд авагдсан Кредит картын тооцооллын хүснэгтэд хариуцагч Н ын 2019.01.19-ний өдрөөс 2019.05.17-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлэн болон бэлэн бусаар хэрэглэсэн үндсэн зээл болох 4,990,044,65 төгрөгийг 2019.01.19-ний өдрөөс 2024.05.22-ны өдрийг хүртэл уг зээлийг ашигласан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс зээлийг авснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар биш картын хугацаа буюу 2 жилээр үндсэн төлбөр болох 4,990,044.65 төгрөгийн 2 хувь 99,800 төгрөгийг 24 сараар тооцож 2 жилийн хугацаанд төлөх хүү 2,395,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 479,040 төгрөг, нийт 7,882,305 төгрөг гэж тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж заасан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагч талын гомдолд бэлэн мөнгөний хүү, бэлэн бус гүйлгээний хүү, эрх хэтрүүлсний хүү, хугацаа хэтрүүлсний хүү 4 төрлийн хүү бодсон нь хуульд нийцээгүй гэж үзжээ. 203/МА2025/00009 магадлалаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэхэмжлэлд дурдагдсан, гэрээнд тусгасан бэлэн мөнгөний хүү, бэлэн бус гүйлгээний хүү, эрх хэтрүүлсний хүү, хугацаа хэтрүүлсний хүү тусгагдаагүй. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүргийг хэдий хугацаанд хэдэн төгрөгөөс хэрхэн яаж тооцож тогтоосон талаар хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул хууль тогтоомжид заагаагүй хүүнүүдийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэрээ юм. Үүнд бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүг үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсний хүү нэмэгдүүлсэн хүү гэж үзэн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1-т картын хураамж, төлбөр тооцооны ерөнхий нөхцөл хэсэгт тусгасан билээ. Мөн хэргийн материалд Кредит картын тооцооллын хүснэгт авагдсан бөгөөд тухайн хүү тооцоололд гэрээ байгуулсан 2018 оноос анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцож гаргасан нь харагдаж байна. Гэтэл нотлох баримт гаргаж өгөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2025/00009 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 12,146,683.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

5. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.03-ны өдрийн 001/ШХТ2025/00385 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Н аас кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 17,669,568.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Н  нь “Г” ХК-тай 2018.02.21-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцсон. Тэрээр кредит картаас нийт 4,990,044.65 төгрөгийг бэлэн, бэлэн бусаар зарлагын гүйлгээ хийсэн. 2018.02.12-2024.05.22-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,990,044.65 төгрөг, хүү 5,963,865.38 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 5,166,995.11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 548,663.80 төгрөг, нийт 17,669,568.94 төгрөгийн төлбөртэй болсныг гаргуулна. Банкны зүгээс зээлээ төлөх талаар сануулж мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн” гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээг багасгаж, үндсэн төлбөрт 4,990,044.65 төгрөг, хүү 5,963,865.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,192,773,08 төгрөг, буюу нийт 12,146,683.11 төгрөг болгожээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хоёр үндэслэлээр маргахдаа “...нийт 5,000,000 төгрөгөөр зээлжих эрхтэй гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. ... 4 өөр хүү бодож гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл бий болж байна. Иймд нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүүг шаардах эрхгүй, ... мөн эрх хэтрүүлсний хүү 1,548,663 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг багасгаж байна гэж ойлгосон. Хоёр дахь үндэслэл нь гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба хугацаа нь 2020.02.21-ний өдөр дууссан. Хамгийн сүүлд 2019.05.17-ны өдөр 20,000 төгрөг ашигласан. Гэтэл нэхэмжлэлийг 2024.06.25-ны өдөр гаргадаг. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхад 4 жил 4 сарын хугацаа өнгөрсөн, шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10,953,910.03 төгрөгийг хангаж, үлдэх 1,192,773.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ”...хариуцагч нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй кредит картын зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, өөрийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг уг картаас бэлнээр төлөх тохиолдолд сарын 3.5 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын 2 хувийн хүүг ашигласан зээлийн хэмжээнээс тус тус тооцож төлөх үүргийг хүлээсэн. Харин гэрээнд “зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь” гэж, “Зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно.” гэж, “Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно.” гэж тус тус заасныг Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тус тус заагаагүй хүү авахаар тохиролцсон” гэж дүгнээд, зээл 4,990,044.65 төгрөг, үндсэн хүү 5,963,865.38 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэмэгдүүлсэн хүү гэж шаардсан 1,192,773.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2023.04.27-ны өдрийн 203/МА2023/00015 магадлалыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдож байгаа тухай дүгнэсэн байна.

8. Хариуцагч нь “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан ба шүүхийн магадлалд “...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнд тусгайлан заасан хүүнүүдийн талаарх нэр томьёог холбогдох хуулиудад тодорхойлсон тодорхойлолтууд тусгагдаагүй, нэхэмжлэгч нь үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүргийг хэдий хугацаанд хэдэн төгрөгөөс хэрхэн яаж тооцож тогтоосон талаарх хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хууль тогтоомжид заагаагүй дээрх хүүнүүдийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн гэрээний 2 жилийн хугацаанд хариуцагчийн ашигласан зээлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцох нь зүйтэй” гэж дүгнээд, үндсэн төлбөр 4,990,044.65 төгрөгийн 2 хувь 99,800 төгрөг /сард төлбөл зохих хүү/-ийг 24 сараар тооцон үндсэн хүү 2,395,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 479,040 төгрөг, үндсэн төлбөр 4,990,044 төгрөг, бүгд 7,882,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 4,264,378.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Н тай 2018.02.21-ний өдөр кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцсон, зээлдэгч нь кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа энэ хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлөх тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлэх эрхтэй байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх / нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

12. Кредит картыг банк болон банк бус байгууллагаас урьдчилан тогтоосон зээлийн эрхийн хүрээнд түр хэрэглэсэн мөнгөө дараа нь төлөх боломж бүхий эргэж нөхөгддөг, уян хатан нөхцөлтэй санхүүгийн хэрэгсэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, зээлдэгч буюу кредит карт эзэмшигч нь зээлдүүлэгчээс олгосон зээлийн эрхийн хэмжээгээр хүссэн үедээ мөнгөө зарцуулах, гэрээгээр тохирсон тодорхой хугацаанд эргэн төлөлт хийх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү тооцогдох ба хүү нь сар бүрийн үлдэгдэлд тооцогддог, төлөлт хийгдмэгц эрх нь сэргэх буюу эргэн төлсөн хэмжээний зээл нь дахин ашиглагдах боломжтой онцлог бүхий зээлийн харилцаа юм. 

13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно” гэсний дагуу нэхэмжлэгч банк нь зээлийн картын хэлбэрээр зээлийн бүтээгдэхүүн гаргах хууль зүйн боломжтой байна.

14. Зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд карт эзэмшигч нь зээлийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд сарын 3,5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол сарын 2 хувийн хүүтэй гэж талууд тохиролцсон, хариуцагч нь нэг удаа л 20,000 төгрөгийг бэлнээр гаргаснаас бусад нь бэлэн бусаар ашигласан тул зээлийн үндсэн хүүг 2 хувиар тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан байх бөгөөд энэ хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.” гэж заасантай нийцсэн байх бөгөөд хоёр шатны шүүх үндсэн хүүг энэ хувиар тооцсон нь зөв хэдий ч зээлийг ашигласан хугацааны хүүг тооцохдоо хуулийг зөрүүтэй хэрэглэж, хариуцагчаас гаргуулах төлбөрийг ялгаатай тогтоосон байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү гэж шаардсан 1,192,773.08 төгрөгийн шаардлагын тухайд хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийсэн буюу анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон шийдэлд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулжээ.

14.1. Анхан шатны шүүх зээл, үндсэн хүүг тооцохдоо зээлийн үлдэгдэл 4,990,044,65 төгрөгийг 2019.01.19-ний өдрөөс 2024.05.22-ны өдрийг хүртэл уг зээлийг ашигласан гэж үзэн, зээл 4,990,044.65 төгрөг, үндсэн хүү 5,963,865.38 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн зохицуулалтад нийцсэн, шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

14.2. Давж заалдах шатны шүүх зээлийг ашигласан бүх хугацаагаар бус зөвхөн картын гэрээний үндсэн хугацаа болох 2 жилээр үндсэн хүүг тооцож багасган анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж заасныг буруу хэрэглэсэн, улмаар мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зохицуулсныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.  

14.3. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зээлийн гэрээнд хэд хэдэн, өөр өөр нэршилтэй, ялгаатай хувь хэмжээ, хугацаа тогтоосон “нэмэгдүүлсэн хүү”-г тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч “Г” ХК-ийн хариуцагч Н аас нэмэгдүүлсэн хүү гэж шаардсан 1,192,773.08 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т  заасныг зөрчөөгүй, шийдвэр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн байна. Харин давж заалдах шатны шүүх картын зээлийн гэрээний 2 жилийн хугацаанд хариуцагчийн ашигласан зээлийн хэмжээнээс нэмэгдүүлсэн хүүг тооцож,  479,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т нийцсэн гэж үзэхгүй.

15. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

16. Банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн тухайд зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болохоор байна. Талууд үндсэн хүүг тохирохын зэрэгцээ гэрээний 2.1-д “зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь” гэж, мөн 3.5-д “Зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно.” гэж, 3.6-д “Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно.” гэж тус тус заасан байна.  

17. Нэхэмжлэгч нь гэрээний дээрх нөхцөлийг үндэслэн хугацаа хэтрүүлсний хүү 5,166,995.11 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 548,663.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн  шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан ба анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр “хүү”-г холбогдох хууль тогтоомжид заагаагүй, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийснийг Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т нийцсэн гэж үзэх бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. Тухайлбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина” гэсний дагуу батлагдсан аргачлалд кредит картын зээлийн гэрээнд хэрэглэх “хүү”-гийн талаар тусгайлан заагаагүй байна. Харин зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолохыг уг аргачлалд нарийвчлан тайлбарласан байна. Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “…хууль тогтоомжид заагаагүй хүүнүүдийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэрээ юм” гэсэн гомдлын энэ хэсгийг хангахгүй.

18. Давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, кредит картын зээлийн гэрээний 2 жилийн хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцсон нь хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно. Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, үндсэн хүүг гаргуулж, харин нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 203/МА2025/00009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 83,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                  П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН