Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Г.Золзаяа,

насанд хүрээгүй хохирогч П.Маралмаа, түүний хууль ёсны төлөөлөгч Ю.Энхзаяа, тэдний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0294/,

шүүгдэгч Н.Пүрэвтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1118/ нарыг оролцуулан тус шүүхийн А-1 хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Алаг адууч овогт Нямаагийн Пүрэвтуяад холбогдох эрүүгийн 2017 2601 0162 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Алаг адууч овгийн Нямаагийн Пүрэвтуяа Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Билгүүн Трейд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 03-23 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 7 дугаар гудамжны 43 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:НБ71072912).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Н.Пүрэвтуяа нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 7 дугаар гудамжны 43 тоотод байх өөрийн гэртээ төрсөн охин П.Маралмааг “өгсөн мөнгөөр ундаа авч уулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь “хүзүүний урд хэсэгт төвөнхийн баруун талд цус хуралт, дээд уруулын баруун хэсэгт дотор салст язарсан, баруун хацар завжны зөөлөн эдийн няцрал, баруун дээд соёо хөдөлгөөнд орсон” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Пүрэвтуяа мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой би найзынхаа гэрт хоносон. Маргааш нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө охин П.Маралмаа над руу утсаар яриад “галаа түлж чадахгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “одоо очлоо” гэж хэлээд, гэртээ 2 цагийн дараа очсон. Галаа түлчихээд найзынхаа гэрт хонох үедээ архи уусан байсан болохоор шартаад манай гэрийн хойно байдаг дэлгүүрийн эзэн Идэр рүү утсаар ярьж, нэг пиво, тамхи өгөөд явуулчих гэж хэлсэн. Тэгээд охин П.Маралмааг яваад аваад ир гэж хэлээд  өөрийнхөө виза картыг өгөөд явуулсан. Гэтэл охин П.Маралмаа дэлгүүрээс ундаа, пиво тамхи аваад, ундаагаа уучихаад ирсэн. Мөн ирэх замдаа авсан пиво сэгсрээд ирсэн байсан. Би пивийг задалж уух үед тал нь асгарсан. Тэгэхээр нь би охин П.Маралмааг пиво аятайхан аваад ирэхгүй, хөөсрүүлээд хаячихлаа гэж загнасан. Тухайн үед манай эхнэр хөдөө байсан. Гэтэл П.Маралмаа уйлах гээд байхаар нь ээж рүүгээ залга гэж хэлсэн чинь П.Маралмаа уйлсан. Тэгэхээр нь би Маралмааг зүүн гараараа нэг удаа алгадсан. П.Маралмааг алгадах үед орны урд унасан. Тэгэхээр нь Маралмааг татаж босгож ирээд заамдаж барьж байгаад ор руу нь шидсэн. Тэгээд хойноос нь нэг удаа бөгс рүү нь өшиглөсөн.  Тэгтэл хажуу айлын хүн болох Оюунбилэг манай гэрт орж ирээд П.Маралмааг аваад гарсан. Охин П.Маралмаа ундаа авч ууна гэж надад хэлээгүй. Би хүний машин засварлах гээд урьдчилаад мөнгийг нь авсан байсан, тэр мөнгөнөөс 1000 төгрөгөөр ундаа авч уусан байсан. Тэгээд ундаа авч уулаа гэж бас загнасан юм. Зөвшөөрөлгүй мөнгө хэрэглэлээ гэж охиноо загнаж уурласан. П.Маралмаа миний төрсөн охин юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагаас: Аавынхаа эсрэг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхзаяа гаргасан тайлбартаа:

Охин П.Маралмаад үрэвсэл дарах эм 2000-3000 төгрөгөөр авч өгч уулгасан. Өрхийн эмнэлэгт үзүүлээгүй. Шүд нь хөдөлсөн байсан боловч зураг авахуулаагүй, одоо шүд нь хөдлөхөө больсон байна лээ. Нөхөр Н.Пүрэвтуяагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Н.Пүрэвтуяа охиноо зодсон нь буруу юм. Тухайн үед маш их ууртай байсан болохоор Н.Пүрэвтуяаг хашраах гэж би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлоо буцааж авъя гэхэд байцаагч миний ажлыг үр дүнгүй болгох гэлээ гээд намайг буцааж байсан. Би энэ хэргийг шүүхэд иртэл нь явах бодолгүй байсан. Одоо Н.Пүрэвтуяагийн эрүүл мэндэд доголдол гарсан. Мөн манай гэрт ажил хийдэг нь Н.Пүрэвтуяа юм. Н.Пүрэвтуяа нь хоригдоод гарч ирснээс хойш архи уугаагүй, манай гэр их сайхан байгаа. Н.Пүрэвтуяа хүүхүүдтэйгээ сайхан харилцаатай байгаа. Н.Пүрэвтуяад хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0162 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө миний хоёр эгчийн нэг нь хичээлдээ нөгөө нь ажилдаа гараад явчихсан байсан. Би өөрийн өвлийн байшиндаа ганцаараа үлдсэн байж байгаад галаа түлэх гэсэн боловч би галаа асааж чадахгүй байсан. Тэгээд аав руу залгаад “гал асахгүй уугиад байна, та хүрээд ирээч” гэсэн чинь “удахгүй очлоо” гэсэн. Тухайн үед 09-10 цаг орчим болж байсан байх, би цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд аавыг ирэхгүй болохоор нь би 7-8 удаа утас руу нь залгаж асуухад явж байна очлоо гээд байсан. Тэгээд аав өдөр 12, 13 цагийн үед гэртээ халамцуу 1 лааз нийслэл пиво барьж орж ирээд тэр пивоо уучихаад намайг пиво, тамхи аваад ир гээд надад банкны карт өгч явуулсан. ...Тэгэхээр нь би дэлгүүр ороод 1 хайрцаг “Вест” нэртэй тамхи, 1 лааз “Нийслэл пиво”, 1 жижиг шилтэй “MCS” ундаа авсан. Би авсан ундаагаа дэлгүүрт өөрөө уучихаад тамхи, пиво хоёрыг нь аавдаа авчирч өгсөн. Тэгээд аавдаа би 1 шил “MCS” ундаа аваад уучихсан шүү гэж хэлсэн чинь “чи юу солиороод байгаа юм” гээд уурлаад над руу дэр шидээд, ойртож ирээд зүүн гараараа миний уруулын баруун хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд миний уруулаас цус гарч байхад, намайг заамдаад шалан дээр шидсэн. Тэгснээ хүрч ирээд гуталгүй хөлөөрөө миний толгойны баруун тал дээр 3 удаа дэвссэн. Тэгээд намайг “чи явж наад шүд амаа угаа” гээд загнахаар нь би шүдээ угаачихаад бие засаад байж байхад аав намайг ор гээд загнаад “ээжтэйгээ зайлахгүй яасан юм” гээд загнаад байсан. Дахиж намайг зодоогүй. Ингээд аав бид хоёр гэртээ байж байхад аав намайг ээж рүүгээ залга гээд байхаар нь би ээж рүү залга гээд мессеж бичсэн чинь ээж эргүүлээд залгасан. Би уйлаад ээжтэй ярьж чадахгүй байхад аав бас чанга, чанга дуугараад загнаад байсан. Тэгээд манай хажуу талын айлын Оюунбилэг эгч орж ирээд миний хувцасыг өмсүүлээд намайг авч гараад Хулан эгчийндээ оч гээд явуулсан. Би эгчийнд өөрөө гүйгээд ирсэн юм. Би шүүх эмнэлгээс өөр ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй. Надад шүүх эмнэлгийн баримтаас өөр баримт байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй. Тухайн үед хичээл амарчихсан байсан учраас ээжтэй хамт байгаад байсан. Сургуулиас чөлөө зөвшөөрөл аваагүй. Хичээлдээ ороход миний уруулын хавдар нь буугаад зүгээр болчихсон байсан. Тухайн үед миний дээд уруул жаахан хавдартай, 2 шүд хөдөлсөн, толгой өвдөж байсан, хоолой орчмоор улайсан байсан. Урьд нь аав намайг зодож байгаагүй боловч аав гэртээ архи уухаараа агсам тавиад эгч, ээж нарыг зодож байсан удаа байгаа. Миний биед учирсан гэмтэл одоо зүгээр болсон. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Ю.Энхзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн:

“...Н.Пүрэвтуяатай би 1993 онд гэр бүл болоод 1994 онд бидний дундаас анхны охин маань төрсөн. Тэгээд 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би Пүрэвтуяатай албан ёсоор гэр бүлийн баталгаагаа хийлгэж гэрчилгээ авсан, миний албан ёсны нөхөр байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 цаг 30 минутын үед миний дунд охин Маралмаа над руу залга гээд мессеж бичсэн байхаар нь би Маралмаа руу залгасан чинь охин уйлаад ярьж чадахгүй байсан. Цаана нь аав Пүрэвтуяа нь эхийгээ дагаад зайлахгүй юу чи гээд хашгираад миний охиныг загнаад байсан. Тэгээд би хажуу айлын залуу болох Баттулгын 99282628 гэсэн дугаар руу залгахад эхнэр Оюунбилэг нь утсаа авахаар нь Маралмаа уйлаад байна, аав нь согтуу байх шиг байна, чи ороод Маралмааг гаргаад аниа руу нь явуулаад өгөөч гэсэн. Тэгээд хэсэг байж байсан чинь эгч Хулан нь над руу залгаад Маралмаа манай гэрт хүрээд ирлээ уруул нь хавдчихсан байна, аав зодчихсон гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн Батсүмбэр суманд ээжийндээ байсан учраас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө унаанд суугаад Хулангийн гэрт ирэхэд миний охин Маралмаа байсан. Маралмаагийн хоолой нь улайсан, дээд уруул нь хавдчихсан, баруун хацар нь хавдсан байдалтай толгой нь өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Пүрэвтуяа Маралмаа хоёр гэртээ байсан юм билээ, өөр хүн байгаагүй. Маралмааг урьд нь Пүрэвтуяа зодож цохиж байгаагүй. Харин намайг бол 1997 оноос хойш архи уух бүртээ зодож цохидог байсан. Би тэвчээд байгаад байдаг байсан. Сүүлийн үед үнэхээр тэвчхийн аргагүй болсон. 1998 онд архи  ууж согтуурсан үедээ миний баруун гарны тохойны доод хэсэгт 1 удаа хутгалж байсан. 2003-2004 оны үед мөн архи ууж согтуурсан үедээ бас намайг зодоод миний зүүн гарын бугалганы гадна хэсэгт 1 удаа хутгалж байсан. Би цагдаагийн байгууллагад урьд нь өргөдөл өгч хандаж байгаагүй. Маралмааг зодсон болохоор нь сая өргөдөл өгсөн. Мөн Хуланг 10 жилд сурч байхад нь нэг удаа архи ууж согтуурсан үедээ зодсон байсан. Тухайн үед цагдаад бас хандаагүй. Одоо би Маралмааг зодсон асуудал дээр гомдол гаргаж байна, бусад нь тухайн үедээ мэдэгдээгүй өнгөрсөн бөгөөд одоо энэ талаар гомдол гаргахгүй. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр архи уугаад агсам тавиад байхаар нь нөхрийн дүү Баасанг дуудаад салгуулаад би 4 охиноо аваад зугтаагаад Маралмаа, Номин-Эрдэнэ хоёрыг Хулан гээд эгчийнд нь үлдээгээд, Солонгоог Уянга гээд эгчийнд нь үлдээгээд би өөрөө Алтанчимэгийг аваад Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг ээжийндээ очсон байхад 2016 оны 12 дугаар сарын 07-08-ны үед аав нь Хулангийн гэрт ирээд Номин-Эрдэнэ, Маралмаа нараас аавтайгаа одоо хамт амьдаръя гээд хөнжил гудсыг нь ачаад хоёр охиноо гэрт нь аваачсан байсан. Гэтэл сая архи уугаад миний 10 настай охин Маралмааг зодсон байна. Би охиныгоо эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлэгт хандаагүй, охины биеийн байдал гайгүй байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчид өргөдөл өгснөөс хойш Пүрэвтуяа утсаар залгаад муу янхан, гичий намайг цагдаад өгсөн байна, орвонгоор чинь сүйрүүлнэ, голомтыг чинь самарна гэх зэргээр муу үгээр дарамтлаад байхаар нь би айгаад хэсгийн байцаагчид өргөдөл өгсөн. Тэгээд харин хэсгийн байцаагч 10 хоног баривчлаад би хүүхдүүдтэйгээ гэртээ тайван байлаа. Одоо баривчилгаа нь дуусахаар хаана амьдрахаа мэдэхгүй байна. Би жилд 1, 2 удаа Пүрэвтуяаг найзуудаа дагуулаад ирсэн үед гэртээ хамт архи уусан удаа бий. Би архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй. Уусан газраа унтаад өгдөг. Н.Пүрэвтуяа их түргэн ууртай, омогтой, эрүүл байсан ч гэсэн уурлахаараа зодчих гээд байдаг, зодож байсан удаа ч байгаа. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч П.Хулангийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн:

“...Н.Пүрэвтуяа гэдэг хүн миний төрсөн эцэг байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж Энхзаяа нь миний 2 дүү болох Маралмаа, Номин-Эрдэнэ нарыг хувцас хөнжилтэй нь манай гэрт аваад ирсэн. Манай хоёр дүү уйлсан байдалтай, ээж өөрөө сандарчихсан байдалтай аав чинь агсам тавиад байна гэж байсан. Тэгээд ээж миний хоёр дүүг манай гэрт үлдээгээд өөрөө Алтанчимэг, Солонгоо нарыг аваад Төв аймгийн Батсүмбэр рүү явна гэж байсан. Тэгээд Маралмаа, Номин-Эрдэнэ нар манайд 7-8 хонож байхад аав ирээд хоёр дүүг нь аваад явъя гэртээ байвал зүгээр гээд Номин-Эрдэнэ, Маралмаа нарыг аваад явсан. Явснаас нь хойш би дүү нартайгаа утсаар холбогдоод байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө би Маралмаатай ярихад би гэртээ ганцаараа хичээлээ хийж байна гэж байсан. Тэгээд удалгүй би дахин залгахад Маралмаа аав халамцуу ирсэн хашгираад байна гээд жаахан уйлчихсан ярьсан. Дахин хэсэг байж байгаад Маралмаа руу залгасан чинь бүүр эхэр татаж уйлаад ярьж чадахгүй байхаар нь миний дүү хувцасаа өмсөөд аниа дээрээ хүрээд ир гэсэн чинь аав гаргахгүй загнаад байна, гарах гэхээр араас хашгираад байна гээд уйлаад байсан. Тэгээд ээж хажуу айлын эгч рүү залгаад Маралмааг манай гэр рүү явуулсан байсан. Маралмаа манай гэрт ирэхдээ хоолой нь улайчихсан, уруул нь хавдаад цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад аав намайг гараараа цохисон, мөн багалзуурдаж байгаад доошоо шидээд, толгой дээр гуталгүй хөлөөрөө 2, 3 удаа дэвссэн гэсэн. Маралмааг аав эхийгээ дагаад явахгүй яасан юм гээд загнаад зодсон гэсэн. Би хамт байгаагүй болохоор яг юунаас болж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Манай аав Н.Пүрэвтуяа архи уух бүртээ ээж, бид нарыг загнаж, айлган сүрдүүлдэг. Архи уухаараа агсам тавиад зүгээр унтаж чаддаггүй. Хэрвээ гэртээ согтуу орж ирвэл эрүүл болтлоо унтахгүй хашгичаад бид нарыг загнадаг, зүгээр унтаж чаддаггүй хүн байгаа юм. Намайг 6 дугаар ангид байхад архи ууж согтуурсан үедээ нэг удаа зодож байсан, ээжийг байсгээд л зоддог, архи уух бүртээ  хэрүүл хийхгүй ээжийг зодохгүй унтдаггүй байсан. ...Маралмааг сая л зодсон урьд нь жаахан болохоор зодож байгаагүй...” гэх мэдүүлэг [3],

 

4.Гэрч Н.Сарантуяагийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

“...Н.Пүрэвтуяа нь миний төрсөн дүү байгаа юм. ...Би дүү нараасаа Пүрэвтуяаг охин Маралмааг зодсон гэж сонссон. ...Пүрэвтуяа, Энхзаяа нар хоёулаа ааштай хүмүүс асуудал аль алинд нь байгаа. Хүүхдүүдээ зодсон гэж би урьд нь сонсож байгаагүй. Сая л Маралмааг зодсон гэж сонслоо. ...Миний дүү Пүрэвтуяа нь архи байнга уугаад байдаггүй ч хаяа ажилгүй амарсан үедээ уучихаад байдаг юм. Амьдралаа Пүрэвтуяа авч явдаг эхнэр нь ажил хийж байгаагүй, хүүхдүүдээ хараад сууж байдаг. ...Пүрэвтуяагийн олсон мөнгөөр гэр бүл нь амьдардаг учраас одоо хэрэгт холбогдоод явах юм бол эхнэр хүүхэд нь орлогогүй болох гээд байна...” гэх мэдүүлэг [4] ,

 

5.Гэрч Н.Баттуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...Н.Пүрэвтуяа нь миний төрсөн ах байгаа юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагаас манай ах Пүрэвтуяаг асууж залгахад цагдаагийн байгууллагад асуудалтай болсон юм байна гэж мэдсэн. ...Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ах Пүрэвтуяа охин Маралмааг зодсон талаар цагдаагаас сонссон. ...Урьд нь 2016 онд нэг удаа Пүрэвтуяа ах агсам тавиад эхнэр нь дуудаад байхаар гэрт нь очсон чинь хоёулаа хоорондоо хэрэлдэж байсан болохоос өөр зодож цохисон үйлдэл гаргаагүй. ...Хамт байдаггүй болохоор хүүхдүүдээ зоддог эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [5],

 

6.Гэрч Ц.Идэрийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би хувиараа Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗБУ-ын 8-26 тоотод “Агнистын оч” ХХК-ний Лүн нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Тухайн өдөр манай дэлгүүрийн ойролцоо байдаг Пүрэвтуяагийн охин Маралмаа орж ирээд 1 пиво өгөөч аав явуулсан юм гэсэн. Тэгэхээр нь би өгөхгүй ээ гээд байж байхад Пүрэвтуяа миний дугаар руу залгаад хүүхэд пивонд явуулчихлаа, та пиво өгөөд явуулчихаач гэхээр нь би Маралмаад нэг лааз Нийслэл нэртэй пиво, 1 шил MCS ундаа авсан. Тэгээд Хаан банкны байсан байхаа карт уншуулж авсан. ... MCS ундаагаа уучихаад гарсан, өөр юм аваагүй байх. Манай дэлгүүрт Маралмаа орж ирэхэд биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Нүүр ам нь зүгээр байсан. ...Пүрэвтуяаг би таньдаг. Пүрэвтуяа шартаж үхлээ чи 1 лааз пиво манай охинд өгөөд явуулчихаач гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулчихсан. Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл зарж борлуулсан гээд хэсгийн байцаагч торгуулийн арга хэмжээ авсан. ...” гэх мэдүүлэг [6],

 

7.Гэрч Ц.Оюунбилэгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад манай дээд талын айлын цаана байдаг Пүрэвтуяа ахын эхнэр Энхзаяа эгч над руу утасдаад “эгч нь хөдөө Батсүмбэр суманд байна, Пүүжээ ах чинь Маралмааг загнаад хөөгөөд байна гэх юм. Ороод Маралмааг хувцаслаад Хулан гээд эгчийх рүү нь явуулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Пүрэвтуяа ахын гэрт нь ороход Пүрэвтуяа ах халамцуу орон дээр хэвтчихсэн ширээн дээрээ 1 лааз пиво тавьчихсан, Маралмаа эхэр татаад уйлчихсан, мөн Маралмаагийн уруулын баруун талд бомбойгоод хавдчихсан байдалтай нилээн уйлсан шинжтэй байж байсан. Тухайн үед яг цус гарсан зүйл харагдаагүй. Би ороод Пүрэвтуяа ахыг яах гэж хүүхэддээ агсам тавиад байгаа юм гэж загнаад Маралмааг хувцаслаад гэрээс нь авч гараад гэрийн үүднээс эгч Хулангийнх нь гэр рүү ганцааранг нь явуулсан. Пүрэвтуяа ах гэртээ ганцаараа үлдсэн. Намайг Пүрэвтуяа ахынд ороход Пүрэвтуяа загнасан чинь уйлаад байх юм гэж хэлж байсан. Маралмаа ямар нэгэн юм яриагүй. Уруул нь бомбойгоод хавдчихсан байсан. Пүрэвтуяа ахынх манай тэнд нилээн хэдэн жил амьдарсан хашаа нь ойрхон байдаг болохоор бие биенийгээ танидаг болсон. Пүрэвтуяа ах архи ууж согтохоороо гэр бүлийнхэндээ агсам тавиад байдаг гэж нилээн хэдэн удаа сонсож байсан. ...Пүрэвтуяа ах юугаар охиноо зодсон талаар би мэдэхгүй байна. Маргааш нь Энхзаяа эгч ирчихсэн цагдаа дуудчихсан байж байсан...” гэх мэдүүлэг [7],

 

8.Н.Пүрэвтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө би гэртээ хоноогүй. ...Би найзтайгаа уулзаад найзындаа 0,75 граммын нэг шил Ерөөл архи, 0,5 граммын нэг шил мөн Ерөөл архи хувааж уусан. Нэг шил архи нь арай дуусаагүй байсан учраас өглөө босоод би 2 рүнк уучихаад байж байхад Маралмаа над руу залгаад “аав ирэх болж байна уу, би гэртээ ганцаараа байна, эгч нар гараад явчихсан” гэсэн. Тэгэхээр нь би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд Маралмаа ганцаараа гэртээ байсан. Би гэртээ галаа сэргээж нүүрс хийчихээд хэвтэж байгаад Маралмааг пиво аваад ир гээд 4000-5000 мянган төгрөг өгөөд явуулсан. Тэгээд Маралмаа дэлгүүр ороод надад Нийслэл нэртэй пиво нэг лаазыг авчирч өгсөн. Би пиво уугаад байж байхад Маралмаа ээжтэйгээ утсаар яриад уйлаад байсан. Тэгэхээр нь би “чи юундаа уйлаад байгаа юм” гээд загнаж байх үед ээж нь дахин залгасан. Тэгэхэд Маралмаа бүүр уйлаад байхаар нь би зүүн гараараа уруул орчимд нь нэг удаа алгадсан. Маралмаа газарт унасан, амнаас нь бага зэрэг цус гарч байсан. Маралмааг заамдаж аваад ор руу түлхсэн. Тэгээд гуталгүй хөлөөрөө бөгс орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Маралмаа орон дээр уйлаад байхаар нь босож амаа угаа наад цусаа арилга гэж хэлэхэд Маралмаа амны цусаа угаачихаад буцаад эргэж байх үед хажуу айлын Оюунбилэг орж ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм, Заяа эгч Маралмааг аваад Хулангийнд хүргэж өг гэж байна гэсэн. Тэгэхээр нь аваад яв гэхэд Оюунбилэг Маралмааг аваад гарсан. Маралмаа ээжтэйгээ утсаар яриад уйлаад байсан. Тэгэхээр нь би яагаад уйлаад байгаа юм гээд алгадсан. ...Маралмааг би урьд нь зодож цохиж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг [8],

- 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын  06-ны өглөө миний охин Маралмаа над руу залгаад ирэх болж байгаа юм уу, би гэртээ ганцаараа байна. Хоёр эгч хичээлдээ явсан гэхээр нь би 11 цагийн үед гэртээ ирэхэд Маралмаа гэртээ байж байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд би галаа түлчихээд хэвтэж байгаад Маралмааг пиво аваад ир гээд 4000-5000 төгрөг өгөөд дэлгүүр явуулсан. Маралмаа дэлгүүрээс надад нийслэл нэртэй пиво 1 лааз, тамхи авч ирсэн. Би пиво уугаад байж байхад ...Маралмаа уйлаад байсан. Тэгэхээр нь би “чи юундаа уйлаад байгаа юм” гээд загнаж байхад дахин ээж нь залгасан чинь бүүр уйлаад байхаар нь би Маралмаагийн уруул орчимд нь зүүн гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд Маралмаа газарт унасан амнаас нь мөн цус гарч байсан. Тэгэхээр нь Маралмааг заамдаж аваад ор руу түлхээд гуталгүй хөлөөрөө Маралмаагийн бөгс орчимд нь нэг удаа өшиглөсөн. Маралмаа орон дээрээ уйлаад байхаар нь наад амныхаа цусыг арилга гэж хэлсэн. Маралмаа амны цусаа арилгачихаад эргэж байх үед гаднаас Оюунбилэг орж ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм Заяа эгч Маралмааг Хулангийнд хүргэж өг гэж байна гээд Маралмааг аваад явсан. Маралмааг урьд нь цохиж зодож байсан удаа байхгүй. ...” гэх мэдүүлэг [9],

 

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1318 дугаартай актын:

“...1.П.Маралмаагийн биед хүзүүний урд хэсэгт төвөнхийн баруун талд цус хуралт, дээд уруулын баруун дээд хэсэгт дотор салст язарсан, баруун хацар завжны зөөлөн эдийн няцрал, баруун дээд соёо хөдөлгөөнд орсон гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Ариунзул/...” гэсэн дүгнэлт [10]

 

10.Насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн нас тоолсон тухай тэмдэглэл [11], Насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн төрсөний бүртгэлийн лавлагаа [12], Насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар [13], Насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн төрсөний гэрчилгээний хуулбар [14],

 

11.Шүүгдэгч Н.Пүрэвтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа [15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16], “Билгүүн Трейд” ХХК-ийн тодорхойлолт [17] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Шүүх дээрх нотлох баримтуудыг дүгнээд:

Нэг. Шүүгдэгч Н.Пүрэвтуяа нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 7 дугаар гудамжны 43 тоотод байх өөрийн гэртээ төрсөн охин П.Маралмааг “өгсөн мөнгөөр ундаа авч уулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь “хүзүүний урд хэсэгт төвөнхийн баруун талд цус хуралт, дээд уруулын баруун хэсэгт дотор салст язарсан, баруун хацар завжны зөөлөн эдийн няцрал, баруун дээд соёо хөдөлгөөнд орсон” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад:

-насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...би дэлгүүр ороод 1 хайрцаг “Вест” нэртэй тамхи, 1 лааз “Нийслэл пиво”, 1 жижиг шилтэй “MCS” ундаа авсан. Би авсан ундаагаа дэлгүүрт өөрөө уучихаад тамхи, пиво хоёрыг нь аавдаа авчирч өгсөн. Тэгээд аавдаа би 1 шил “MCS” ундаа аваад уучихсан шүү гэж хэлсэн чинь “чи юу солиороод байгаа юм” гээд уурлаад над руу дэр шидээд, ойртож ирээд зүүн гараараа миний уруулын баруун хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд миний уруулаас цус гарч байхад, намайг заамдаад шалан дээр шидсэн. Тэгснээ хүрч ирээд гуталгүй хөлөөрөө миний толгойны баруун тал дээр 3 удаа дэвссэн. ...” гэх мэдүүлэг [18],

-гэрч Ю.Энхзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 цаг 30 минутын үед миний дунд охин Маралмаа над руу залга гээд мессеж бичсэн байхаар нь би Маралмаа руу залгасан чинь охин уйлаад ярьж чадахгүй байсан. Цаана нь аав Пүрэвтуяа нь эхийгээ дагаад зайлахгүй юу чи гээд хашгираад миний охиныг загнаад байсан. Тэгээд би хажуу айлын залуу болох Баттулгын 99282628 гэсэн дугаар руу залгахад эхнэр Оюунбилэг нь утсаа авахаар нь Маралмаа уйлаад байна, аав нь согтуу байх шиг байна, чи ороод Маралмааг гаргаад аниа руу нь явуулаад өгөөч гэсэн. Тэгээд хэсэг байж байсан чинь эгч Хулан нь над руу залгаад “Маралмаа манай гэрт хүрээд ирлээ уруул нь хавдчихсан байна, аав зодчихсон гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн Батсүмбэр сумаас  ...2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө унаанд суугаад Хулангийн гэрт ирэхэд Маралмаагийн хоолой нь улайсан, дээд уруул нь хавдчихсан, баруун хацар нь хавдсан байдалтай толгой нь өвдөж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [19],

-гэрч П.Хулангийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн:  “...Маралмаа манай гэрт ирэхдээ хоолой нь улайчихсан, уруул нь хавдаад цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад аав намайг гараараа цохисон мөн багалзуурдаж байгаад доошоо шидээд, толгой дээр гуталгүй хөлөөрөө 2, 3 удаа дэвссэн гэсэн. Маралмааг аав эхийгээ дагаад явахгүй яасан юм гээд загнаад зодсон гэсэн...” гэх мэдүүлэг [20],

-гэрч Ц.Идэрийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Манай дэлгүүрт Маралмаа орж ирэхэд биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Нүүр ам нь зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг [21],

-гэрч Ц.Оюунбилэгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...би Пүрэвтуяа ахын гэрт нь ороход Пүрэвтуяа ах халамцуу орон дээр хэвтчихсэн ширээн дээрээ 1 лааз пиво тавьчихсан, Маралмаа эхэр татаад уйлчихсан, Маралмаагийн уруулын баруун талд бомбойгоод хавдчихсан байдалтай нилээн уйлсан шинжтэй байж байсан. ...” гэх мэдүүлэг [22],

-Н.Пүрэвтуяагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...Маралмааг пиво аваад ир гээд 4000-5000 мянган төгрөг өгөөд явуулсан. Тэгээд Маралмаа дэлгүүр ороод надад Нийслэл нэртэй пиво нэг лаазыг авчирч өгсөн. Тэгээд би пиво уугаад байж байхад Маралмаа ээжтэйгээ утсаар яриад уйлаад байсан. ...Маралмаа бүүр уйлаад байхаар нь би зүүн гараараа уруул орчимд нь нэг удаа алгадсан. Маралмаа газарт унасан, амнаас нь бага зэрэг цус гарч байсан. Маралмааг заамдаж аваад ор руу түлхсэн. Тэгээд гуталгүй хөлөөрөө бөгс орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Маралмаа орон дээр уйлаад байхаар нь босож амаа угаа наад цусаа арилга гэж хэлэхэд Маралмаа амны цусаа угаачихаад буцаад эргэж байх үед хажуу айлын Оюунбилэг орж ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм Заяа эгч Маралмааг аваад Хулангийнд хүргэж өг гэж байна гэсэн. Тэгэхээр нь аваад яв гэхэд Оюунбилэг Маралмааг аваад гарсан...” гэх мэдүүлэг [23], [24], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1318 дугаартай акт дүгнэлт [25] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч П.Маралмаа нь шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхээ эдлэнэ, төрсөн эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн саналыг өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарын туслалцаатайгаар гаргасан.

Харин мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч П.Маралмаад хохирогчийн эрх, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлаж, танилцуулсан байх ба тус эрхтэйгээ танилцсаны дараа мэдүүлэг гаргасан байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Ю.Энхзаяа, шүүгдэгч Н.Пүрэвтуяагийн төрсөн охин П.Хулан нарт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг танилцуулсан байх бөгөөд энэхүү эрхтэйгээ танилцсаны дараа Ю.Энхзаяа, П.Хулан нар нь гэрчээр тус тус мэдүүлэг өгсөн байх тул шүүх эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хууль зөрчөөгүй нотлох баримт гэж дүгнэж, нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “хүүхдээ ээждээ хов зөөлөө “ гэж загнахдаа хүүхэдтэйгээ буруу харьцсан нь танхайн гэмт хэрэг биш гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.Пүрэвтуяа нь гэртээ охиноо зодсон нь олон нийтийн дунд үйлдээгүй, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, танхайрсан гэж үзэх үндэслэлгүй гэж мэтгэлцэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай саналыг тус тус гаргасан.

 

Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, ичгүүр сонжуургүй, догшин зан авир гаргах, хүч хэрэглэх үйлдлээр илрэх бөгөөд танхайрах үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр үйлдэгддэг.

Тухайн өдөр насанд хүрээгүй буюу 10 нас 5 сар 20 хоногтой байсан хохирогч П.Маралмааг түүний төрсөн эцэг болох шүүгдэгч Н.Пүрэвтуяа нь “өгсөн мөнгөөр ундаа авч уулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, үл хүндэтгэж, насанд хүрээгүй хохирогч П.Маралмаа руу дэр шидэж, зүүн гараараа уруулын баруун хэсэгт нь 1 удаа цохиж уруулаас нь цус гаргах, дараа нь хохирогчийг заамдаж шалан дээр шидэх, хөлөөрөө толгойны баруун талд нь 3 удаа дэвсэх зэргээр бүдүүлэг, хэрцгий аргаар харьцаж догшин авирлаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрчээ.

Мөн тус гэмт хэрэг нь хэдийгээр гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байх боловч насанд хүрээгүй хүүхэддээ гаргаж байгаа үйлдэл нь насанд хүрээгүй хүүхэддээ зааж, сургаж байгаа зүй ёсны үйлдэл бус бөгөөд догшин авирласан шинжтэй, үл хүндэтгэсэн, хүч хэрэглэсэн үйлдэл байна.

Мөн өмгөөлөгч нараас тус хэрэг нь хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж маргаж байх бөгөөд хувийн сэдэлт нь хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон зэргийг ойлгох бөгөөд тус хэргийн тухайд насанд хүрээгүй хохирогч нь төрсөн эцэг шүүгдэгч Н.Пүрэвтуяатай хувийн  таарамжгүй харьцаа үүссэн гэж үзэх боломжгүй буюу 10 настай насанд хүрээгүй хүүхэд төрсөн эцэгтэйгээ хувийн таарамжгүй харьцаанаас болж маргасан гэх боломжгүй, нөгөө талаас насанд хүрээгүй хохирогчийн ундаа авч уусан явдлыг хохирогчийн зүй бус ажиллагаа гэж үзэхгүй.

 

Иймээс шүүгдэгчийн болон насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүгдэгч Н.Пүрэвтуяад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Пүрэвтуяад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Н.Пүрэвтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Шүүгдэгч Н.Пүрэвтуяагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба насанд хүрээгүй хохирогч П.Маралмаа, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтад болон шүүхэд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч П.Маралмаагийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхзаяагаас “охин П.Маралмааг эмнэлэгт үзүүлээгүй, тухайн үед өвчин намдаах эм авч өгч байсан, өөр эмчилгээ хийлгээгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Пүрэвтуяаг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Н.Пүрэвтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Пүрэвтуяад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Энхзаяагаас бичгээр гаргасан хүсэлтдээ “... Миний нөхөр Н.Пүрэвтуяа нь охиноо алгадсан буруутай. Н.Пүрэвтуяа бид хоёр 24 жил хамт амьдарсан бөгөөд амьдралаа залгуулдаг хүн нь Н.Пүрэвтуяа юм. Нөхрөө ял шийтгүүлэхгүй байхыг хүсэж байна ...” гэжээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Пүрэвтуяагийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргийг  харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримтгүй зэргийг дурдаж, Н.Пүрэвтуяагийн  2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Алаг адууч овгийн Нямаагийн Пүрэвтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нямаагийн Пүрэвтуяаг 3 (гурав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвтуяагийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 (дөчин дөрөв) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Н.Пүрэвтуяа нь насанд хүрээгүй хохирогч П.Маралмаад төлөх төлбөргүй, хууль ёсны төлөөлөгч Ю.Энхзаягаас нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Пүрэвтуяад оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Пүрэвтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Пүрэвтуяад авсан бусдын батлан даалтад өгсөн  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 30 дугаар тал.