Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2199

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02689 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.П д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Энхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А  нь Б.П тэй 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг түүнд зээлсэн. Уг мөнгийг хариуцагч Б.П гийн Хаан банкны дансанд мөнгийг тэр өдөр нь шилжүүлсэн. Мөн Б.П гийн мөнгө зээлэх шаардлагатай байна гэснийх нь дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг н.Мягмарсүрэнгийн Хаан банк дахь 5029440433 тоот данснаас Б.П гийн мөн банк дахь 5024379288 тоот данс руу шилжүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөн Б.П гийн Хаан банк дахь 5029433639 тоот данс руу Б.Отгонбилэгийн данснаас 800 000 төгрөг шилжүүлсэн. Б.П гийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь 2908000885 тоот данс руу 2017 оны 05 дугаар сард 130 000 төгрөгийг Тайжийн гүнж компанийн захирлын хувиар Н.А  нь зээл гэж шилжүүлсэн байгаа. Эдгээр зээлийг нэгтгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу алданги тооцсон бөгөөд 3 430 000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч Б.П гээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П гээс 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 550 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П гээс 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Б.П гийн хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг Хаан банкны 5029440433 тоот данснаас Б.П гийн мөн банк дахь 5024379288 тоот данс руу шилжүүлсэн. Мөн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.П гийн Хаан банк дахь 5029433639 тоот данс руу Б.Отгонбилэгийн данснаас 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.П гийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь 2908000885 тоот данс руу 2017 оны 05 дугаар сард 130 000 төгрөгийг Тайжийн гүнж компанийн захирлын хувиар Н.А  нь зээл гэж шилжүүлсэн байгаа болно. Хариуцагчид шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 430 000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч Б.П д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 430 000 төгрөг, алдангид 1 120 000 төгрөг, нийт 4 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна.  

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 11 сарын хугацаатай, 4 550 000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэх гэрээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан байх ба үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохирч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч Б.П гийн урьд нь зээлж авсан мөнгийг нэгтгэж нөхөн байгуулсан гэрээ, уг гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан байна. 

            Шүүх зохигчдын байгуулсан дээрх зээлийн гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн боловч Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан “зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байх” хуулийн шаардлагыг хангасан гэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн төлбөр болон алданги шаардах эрхгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгч хариуцагч Б.П гийн хүсэлтээр түүний Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь 2908000885 тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 130 000 төгрөг, мөн Хаан банк дахь 5024379288 тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800 000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн дансан дахь дээрх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх 47-48, 59, 83/

Харин хэргийн 8 дугаар талд авагдсан “Мөнгө зээлдүүлсэн баримт” гэсэн нэртэй “Н.А  нь Б.П д 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5024379288 тоот дансаар 2 000 000 төгрөгийг шилжүүлж, 45 хоногийн хугацаатай зээлдүүлсэн болно” гэх баримтыг үйлдэж, уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П гээс зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Б.П д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Хариуцагч Б.П  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02689 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очироос төлсөн 38 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН