Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/03418

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, тоотод байрлах, “Б С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Алтан ово тоотод оршин суух, М овогт Б.А/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,897,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б С ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Б С ББСБ” ХХК нь иргэн Б.Аийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А00229/2019 тоот зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг олгохдоо зээлдэгчийн санал болгосон Хаан банкин дахь 5030497259 тоот данс руу шилжүүлж буюу бэлэн бусаар олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд зээл болон зээлийн хүүд төлөх төлбөрийг зээл төлөх графикийг тасалдуулж, эрсдэлтэй зээлэнд хамрагдсан тул 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр графикийг тасалдуулж, эрсдэлтэй зээлэнд хамрагдсан тул 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А00229/2019 тоот “Нэмэлт барьцааны гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн дугаар хороо, Нарлаг хотхоны  тоот хаягт байрлах, Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд зээлийг төлөхгүйгээр зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж байгаа болно. Иймд манай байгууллагын зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхийг шаардаж байгаа боловч удахгүй зээлээ төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Бид дэлхий нийтэд тархаад буй ковид 19 тахлын улмаас үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгож аль болох зээлдэгч талдаа хүлээцтэй хандаж ирсэн. Харин зээлдэгчийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагад маш их хохирол учруулж байна. Иймд Б.Аээс үндсэн зээл 13,048,972 төгрөг, зээлийн хүү 9,800,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,678 төгрөг буюу нийт 22,897,355 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Зээлдэгч Б.Аийн хүсэлтийг үндэслэн түүний дансанд зээлийн гэрээгээр 14,0 сая төгрөгийг шилжүүлэн олгосон. Б.А уг мөнгийг хэнд дамжуулан ашиглуулсан нь манай байгууллагатай байгуулсан гэрээний үүргээс татгалзах эрх байхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн үеэс манай байгууллагын зүгээс барьцаа хөрөнгө шаардахар А.Нямжаргалын өмчлөлийн байрыг барьцаалсан. А.Нямжаргал нь мөн манай ББСБ-т дээрх хөрөнгийг тавьж зээл авсан байдаг, энэ зээлтэй холбоотой  нэхэмжлэлийг өөр шүүхэд өгсөн байгаа. Б.Аээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа. ББСБ-ын зүгээс төлөлтөө хийхийг шаардаж утсаар ярьдаг байсан. Хаяг нь олдохгүй байсан тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж олсон байгаа гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Б С ББСБ” ХХК-ийн гаргасан иргэн Б.А надаас үндсэн зээл 13,048,972 төгрөг, зээлийн хүү 9,800,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,678 төгрөг буюу нийт 22,897,355 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Б.А би төрсөн ахын эхнэр О.Мгийн хүсэлтээр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус ББСБ-аас 14,000,000 төгрөгийг зээлэхээр гэрээ байгуулаад О.Мгийн өгсөн 50 тоот дансанд ББСБ-ын данснаас мөнгө орж ирэнгүүт 2019 оны 5 дугаар сарын 20, 21, 23-ны өдрүүдэд орж ирсэн хэмжээгээр нь шилжүүлсэн. Энэ нь миний эзэмшлийн Хаан банкны 5030497259 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэлийн хариуцагч нь би биш. О.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ББСБ-тай харилцан тохиролцож зээлийн мөнгийг өөрөө бүрэн хариуцахаа батлан дааж төрсөн ахын охин А.Нямжаргалын өмчлөлийн Ү-22 дугаар бүхий Баянгол дүүргийн 7 дугаар хороо, нарлаг хотхон 104-28 тоот 43 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, уг зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. Би зээлийн мөнгийг авч хэрэглээгүй, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө нь О.Мгийнх тул энэ асуудал нь надад хамаагүй юм. О.М нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкнаас 8,000,000 төгрөгийн зээл авахуулсан бөгөөд одоогийн байдлаар би төлж байгаа. Иймд “Б С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн надаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 22,897,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь уг зээлийн иргэн О.Мд авч өгсөн байгаа. О.М өөрийн төрсөн охин Нямжаргалын нэр дээрх орон сууцыг барьцаалсан байгаа учир уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийтдээ 2,600,000 төгрөгийн төлөлтийг Б.А хийсэн байгаа. Үлдэх нэхэмжилж буй 22,897,355 төгрөгийг төлөх боломжгүй, төлөхгүй. А нь хөдөө уурхайд ажилладаг байсан учир тухайн үед төлөлтийг хийгээд явж байсан боловч ковидын улмаас ажил нь зогсож орлогогүй болж төлөлтийг үргэжлүүлэн хийх боломжгүй болсон. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан төлж чадаагүй. Энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг  зөвшөөрөхгүй байна. О.Мгийн залилангийн шинжтэй үйлдлээс болж А энд хохирч үлдэж болохгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б С ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,897,355 төгрөг гаргуулах буюу зээлийн үндсэн төлбөрт 13,048,972 төгрөг, зээлийн хүү 9,800,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 20ы өдөр А00229/2019 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэй, 14,000,000 төгрөгийг, хэрэглээний зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээний хавсралтад заагдсан хувиарийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 20ы өдрөөс 36 сарын хугацаанд зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Мөн талууд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А00229/2019 тоот “Нэмэлт барьцааны гэрээ”-г байгуулан А.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 000714602 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон АА өргөн чөлөө, -р байр  тоот хаягт байршилтай, Ү-22 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15-16-р хуудас/

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан ба барьцаа хөрөнгөтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй  тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч зээлийн гэрээ байгуулсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдлын талаар  маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 14,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Ад  олгож, уг мөнгийг хариуцагч хүлээн авсан, зээлийн төлбөрт нийт 1,971,249 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч “Б С ББСБ” ХХК нь  2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн , рд: дугаарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээг авч, Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч ТЗ101/639 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.  /хх-ийн 4-6-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан А00229/2019 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч “Б С ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээг би байгуулсан боловч зээлсэн 14,0 сая төгрөгийг дансанд орж ирсэн өдөрт нь О.Мгийн дансанд шилжүүлэн өгсөн учир би төлөхгүй..., ...барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулна...” гэж тайлбар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний дагуу хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн..., ...О.Мгийн данс руу шилжүүлсэн асуудал бол энэ хоёр хүмүүсийн хоорондох асуудал..., ... манайд зээлийн хүсэлт гаргахдаа О.Мгийн тухай яригдаагүй...” гэж тайлбарладаг.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр оролцсон гэрч О.М мэдүүлэхдээ “...Б.А манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. Түүнийг байртай болгох зорилгоор гэр бүлээрээ мөнгө цуглуулсан..., ...тухайн үед энэ “Б С ББСБ” ХХК гэдэг дээр зээлийн барьцаанд хугацаа хэтэрсэн байр байсныг 70,0 сая төгрөгөөр  худалдах худалдан авахаар тохиролцсон..., ... 5 сая төгрөгийг манайх хувиасаа өгсөн. Нийт 15 сая төгрөг цуглараад 14,0 сая төгрөгийг нь А зээл авч өгсөн, 50 сая төгрөгийг нь манайх А.Нямжаргал охиныхоо нэр дээр зээлээр гаргаж өгсөн. Уг байранд Б.А 2 жил амьдраад зээлээ төлж чадахгүй одоо А.Нямжаргалд холбогдох зээлийн маргаан шүүхэд хэрэг үүсгэн, барьцаа хөрөнгө хураагдах гээд явж байгаа..., ...Б.Аээс би өөрийн талийгаач ээжийн дансаар дамжуулан авч байрын үнэд өгсөн..., ... ББСБ-д зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг би хийсэн, одоо төлөх боломжгүй, би хариуцахгүй...” гэж мэдүүлсэн байна.

 

Хэдийгээр хариуцагч Б.А нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн авсан 14,0 сая төгрөгийг  О.Мд шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч энэ нь түүнийг Б С ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, түүний гэрээгээр хүлээсэн үүргийг О.Мгаар хариуцуулан төлүүлэх үндэслэл болохгүй юм. Харин Б.А нь уг этгээдэд холбогдуулан өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардах, шүүхэд хандах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Зээлдэгч Б.А нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн 13,048,972 төгрөг, зээлийн хүү 9,800,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,678 төгрөг буюу нийт 22,897,355 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 заасантай нийцжээ.  

 

Гэрээний хугацаанд хариуцагч Б.А нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлт 2019 оны 9 сараас эхлэн доголдож эхэлсэн байна. Нэхэмжлэгч тал Б.Аийг эрэн сурвалжлуулж түүний оршин суугаа хаягийг тодруулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлсэн болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлстийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 26ё2-3/2495 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч зээлдэгчийн эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь  өмнө шаардах зэрэг зээлийн гэрээний 5 дугаар зүйлд заасан эрх, үүргээ шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан хугацаанаас өмнөх 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй нь гэрээний талуудад хэн алиндаа төлбөр тооцооны хувьд алдагдал, эрсдэлтэй байдлыг бий болгосон гэж үзэхээр болжээ. Энэ нь зээлийн гэрээний үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй боловч нэмэгдүүлсэн хүүг тооцоход харгалзан үзэх нөхцөл мөн юм.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Ковид-19 цар тахлын улмаас уул уурхай хааж, цалин орлогогүй болсны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэсэн тайлбарыг гарган хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасуулах тухай агуулга бүхий хүсэлтийг шүүх хуралдаанд гаргадаг бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй. Гэвч хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй бөгөөд гэрчээр оролцсон О.М “...А Өмнөговийн Цагаанхаданд 1 жил гаруй ажиллаж байгаад Алтайн хүдэр компанид ажилд ороод 6 сар ажилласан...” гэх тайлбар болон нэхэмжлэгч талаас гарган ирүүлсэн зээлдэгчийн анкет гэсэн баримтад Б.А одоо эрхэлж байгаа ажил гэх хэсэгт Алтайн хүдэр ХХК гэж бичигдсэн зэрэг байдлаас хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нотлогдож байна гэж үзлээ.

 

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “банкны хүүг бууруулах” чиглэлийн Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Монгол банкнаас “...зээлийн эргэн төлөлтийн хугацааг ...үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч ...бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг  харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус зааж байжээ. Иймд нэмэгдүүлсэн хүүд 49,486.62 төгрөг тооцсон байгаагаас чөлөөлөн хариуцагчийн төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцон хассан 1,808.12 төгрөгийг үндсэн хүүгийн  төлбөрөөс хасч, үлдэх нэхэмжлэлээр шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн 47,678 төгрөгөөс хариуцагчийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байна.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр мөн талуудын байгуулсан зээлийн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 9,848,383 төгрөг төлөх үүргээс сүүлийн 6 сарын буюу 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх үндсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөн 2,166,128 төгрөгөөр багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчаас үндсэн зээл 13,048,972 төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 7,630,959 төгрөг, нийт 20,679,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,217,424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б С ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,437 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 261,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Б.Аээс  20,679,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б С ББСБ” ХХК-д олгож, үлдэх 2,217,424 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Б С ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,437 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 261,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.НЯМСҮРЭН