| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0656/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/691 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/691
2024 09 05 2024/ШЦТ/691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч “***” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт “***”, урьд ял шийтгэлгүй, “***”, /ПИ 78112401/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “***”нь 2024 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Баялагт Од” нэртэй дэлгүүрийн В1 давхарт “...цалин буруу тооцсон..” гэх шалтгаанаар дэлгүүрийн зохион байгуулагч “***” хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч “***” бичлэг хийлээ гэж түүний эзэмшлийн самсунг клип 4 маркийн гар утсыг нь булаан авч, газарт шидэж хууль бусаар гэмтээж дэлгэцийг нь ашиглах боломжгүй болгож 1.210.000 төгрөг, дэлгэцийн наалт 20.000 төгрөг, нийт 1.230.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр цалингаа авах гэж очсон чинь миний цалинг буруу бодсон байхаар маргалдсан. Гэтэл “***” нь утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь боль гэтэл утас нь гараас нь газарт уначихсан. Миний бие яг утсыг нь газарт авч шидсэн зүйл байхгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч “***”:
“...Миний бие Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй дэлгүүрт зохион байгуулагч ажилтай. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зарын дагуу “***”гэх эмэгтэй үйлчлэгчээр ажилд орсон. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Тэгээд 06 дугаар сарын сүүлээр над руу яриад цалингаа авмаар байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд энэ талаар нь менежерт хэлсэн. Тэгээд би менежер ажилласан хоногийн 260.000 төгрөг бодож өгсөн ирэхээр нь гарын үсэг зуруулж өгөөрэй гэхээр нь би Одонцэцэгийг дуудсан. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “***”дэлгүүр дээр ирээд 260.000 төгрөг авахгүй 400.000 төгрөг авах байсан гэж хэлээд дэлгүүрээс эд зүйлийг авч гараад мөнгөө гүйцэд өгөөд энийгээ аваарай гээд орилоод байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан болохоор нь би баримт болгож авах гэж гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд, миний самсунг клип 4 маркийн гар утсыг аваад шидсэн. Тухайн үед миний гар утасны дэлгэц мэдрэхгүй болсон. Тэгээд би цагдаа дуудсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Гэрч “***”:
“...”***” нь ажилласан хоногийн цалин дутуу байна та хоёр дундаас нь идсэн биз дээ гэж хэлээд хэрүүл хийгээд уурлаад дэлгүүрийн хаалга өшиглөж, зарж байсан эд зүйлийг авч гарсан. “***” чи ингэж болохгүй гэж хэлсэн чинь “***”уурлаад гар утсыг нь булааж аваад газарт шидсэн. Мөн “***”хөл руу өшиглөсөн. Тэр хоёр подвал дотор маргалдаад гар утсыг нь плита шалан дээр шидсэн. “***”нь цайвар өнгийн нимгэн өмд цамцтай байсан. “***”ийн гар утас өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Манай дэлгүүр нь доод давхартаа хяналтын камергүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Гэрч “***”
“...Эргүүлийн офицер ажилтай .. дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн 2 эмэгтэй дэлгүүр дотор, 1 эмэгтэй дэлгүүрийн үүдэнд байсан. Дэлгүүрийн үүдэнд зогсож байсан эмэгтэй “..энэ хүмүүс миний цалинг өгөхгүй байна..” гэж хэлсэн. Цалин авах гэж ирсэн эмэгтэй нь тухайн дэлгүүрээс 2 ширхэг бараа авч гартаа барьсан зогсож байсныг дэлгүүрийн ажилтанд хүлээлгэж өгсөн. Дуудлага өгсөн эмэгтэй “...цалин өгөхгүй байна гэж над руу дайраад байхаар нь бичлэг хийж байхад уг эмэгтэй миний гар утсыг булааж аваад газарт шидсэн...” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
“... “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 924/10365 дугаартай “..самсунг клип 4 загварын гар утасны дэлгэц 1.210.000 төгрөгийн, дэлгэцийн наалт 20.000 төгрөгөөр үнэлэв...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 38-41 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***” нь хохирогчийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “***”нь:
2024 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Баялагт Од” нэртэй дэлгүүрийн В1 давхарт “цалин буруу тооцсон” гэх шалтгаанаар дэлгүүрийн зохион байгуулагч “***”хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч “***” бичлэг хийлээ” гэж түүний эзэмшлийн самсунг клип 4 маркийн гар утсыг нь булаан авч, газарт шидэж хууль бусаар гэмтээж дэлгэцийг нь ашиглах боломжгүй болгож 1.210.000 төгрөг, дэлгэцийн наалт 20.000 төгрөг, нийт 1.230.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч “***”, гэрч Г.Амарсанаа, Н.Нямдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 924/10365 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь “***” хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “***” баримтаар тогтоогдсон болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***” “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.”***”т 1.210.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч “***”нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “***” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч “***” цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405000001115 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одонцэцэгт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Одонцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ