Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

2024         09            09                                   2024/ШЦТ/186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Г.Г*******д холбогдох эрүүгийн 2415000000168 дугаартай, 163/2024/0188/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* овогт Г******* Ган-Эрдэнэ, ******* аймгийн ******* суманд ...оны ...дугаар сарын ....-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ...дүүргийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, урьд нь:

-Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.Г******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг Гуртын 9-8 тоотод байрлах Б.Э******* гэрт У.Т******* маргалдан урдаа байсан шаазан аягыг авч шидсэний улмаас толгой хэсэгт нь онож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг Гуртын 9-8 тоотод байрлах Б.Э******* гэрт У.Т******* маргалдан түүний толгой тус газар шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

              -Хохирогч У.Т******* “...Тэгээд би Э ахынд Г*******, Э хоёртой хэрүүл хийж маргалдаад, Г******* нь намайг барьж байсан аягаараа цохиж толгойноос цус гарахаар нь би гараад Г*******тэй барилцаж аваад газар унаад ноцолдоход тэнд байсан Э болон эмэгтэй хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би эмнэлэг орж толгойдоо 9 удаа оёдол тавиулсан юм. Миний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа эм, тариаг Г.Г******* авч өгсөн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал/,

              -Гэрч Д.С “...Т******* толгой хэсгээс цус алдаад байхаар нь сумын төвийн эмнэлэг орж 9 оёдол тавиулаад цагдаад гомдол гаргасан... Манай нөхөр Түмэнбаяр руу Г******* эхлээд аяга шидсэн чинь зүүн хөмсөгний дээр цохиод цус гоожсон. Тэр үед Г******* нь чамайг муу пиздаг ингээд алчихъя, чамайг ална гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

              -Гэрч У.Н “...Э ахынд ирээд манай нөхөр Ган- Эрдэнэ, Э ах хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн Түмэнбаяр ахыг унтуулах гэсэн манай нөхөр Ган-Эрдэнийг цамцнаас нь барьж аваад татаад байхаар нь бид нар очоод салгахад Г******* уурлаад аяга аваад шидсэн чинь толгой руу цохисон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

              -Гэрч У.Б “...Тэгэхээр нь Г******* тэвчихгүй ундаа ууж байсан аягаар Т******* толгой руу нь цохичхоод гараад явсан чинь Түмэнбаяр араас нь гараад манай хашаан дотор хэрүүл маргаан хийж байтал манай нөхөр Э ирээд Түмэнбаярыг өшиглөөд тэгээд бид нар очиж салгасан, бас эмнэлэг болон цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

              -Гэрч Х.У “...Тухайн үед Т******* биеийн байдлыг үзэхэд толгой тус газраа хүнд аягаар цохиулсан гэсэн өгүүлэмжтэй толгойноос цус гараад тогтохгүй байсан чихний ард зүсэгдсэн шархтай, хөмсөгний голд хамрын дээл хэсэгт хоёр хэсэг зүсэгдсэн шарх хоёр гарын шуу хэсгээр шалбарсан шархтай байсан. Би тухайн хүнд 9 удаа оёдол тавиад толгойн хэсэгт нь цэвэрлэж боолт хийж өгөөд толгойн зураг авхуулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлээд зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

              -Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн......... дугаартай шинжээчийн:

              1.У.Т******* биед зүүн зулайгаас чихний ар хүртэл, духны зүүн тал, 2 хөмсөгний гол, хамрын нурууны гол, зүүн шуунд шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духны голоос хамрын нуруу хүртэл, 2 хацар, баруун эгэм, зүүн шуу, баруун тохой, нурууны баруун тал, хэвлийн баруун талд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ.

              3.Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

              4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

              5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

              6.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 39-43 дахь тал/,

              -Шинжээч эмч Э.Д “...У.Т******* биед зүүн зулайгаас чихний ар хүртэл, духны зүү тал, 2 хөмсөгний гол, хамрын нурууны гол, зүүн шуунд шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтооно. Харин духны голоос хамрын нуруу хүртэл, 2 хацар, баруун эгэм, зүүн шуу, баруун тохой, нурууны баруун тал, хэвлийн баруун талд зулгаралтууд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

              -Яллагдагч Г.Г “...Би Түмэнбаяр ахын эмчилгээнд шаардлагатай гэх эм тариаг авч өгсөн. Уучлалт гуйж учир зүйгээ олсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Э ахын гэрт Түмэнбаяр ахтай муудалцаад уураа барьж дийлэхгүй урд байсан аягаа авч шидсэн...” гэх мэдүүлэг.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г******* нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, Гуртын 9-8 тоотод байрлах Б.Э******* гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т******* маргалдаж, урд байсан шаазан аягыг авч шидэж, улмаар түүнийг толгой хэсэгт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна....” гэв.

Шүүгдэгч Г.Г үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн толгойн тус газар шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Г хохирогч У.Түмэнбаяр луу шаазан аяга шидсэн үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Д “...У.Т******* биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Г үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч У.Т******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг хохирогч У.Түмэнбаярт төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Г*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 65 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 66-68 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дахь тал/, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-93 дахь тал/, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-103 дахь тал/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 106-110 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Г хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ган-эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Г.Г*******д сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г******* овогт Г******* Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Г.Г*******д оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г*******д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ